Ц.Ганзориг: Хошин урлаг ухаарал, инээдийг зэрэг өгдөг учраас танхим дүүрэн үзэгчидтэй байгаа
Өнөөдөр тохиож буй Олон улсын инээдмийн баярын өдөрт зориулан “Овжин охид” киноны гол дүр Сампилын дүрээрээ үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээж чадсан “Маск продакшин”-ы жүжигчин Ц.Ганзоригийг “Уран бүтээлч” ярилцлагын буландаа урьж ярилцлаа.

-Уран бүтээлч хүнтэй уулзаж байгаа юм чинь уран бүтээлийн сонин сайхнаас ярилцлагаа эхлэх үү?

-Юуны өмнө уншигчиддаа Олон улсын инээдмийн баярын мэнд хүргэе. “Маск продакшин” маань "Амьдрал өөрөө аз жаргал" инээдмийн шоу тоглолтоо маш амжилттай тоглож дууслаа. Одоо орон нутгаар явж тоглохоор бэлтгэл ажлаа базааж байна. Дөрөвдүгээр сарын 04-нөөс Дархан, Сэлэнгэ, Зүүнхараа, Эрдэнэт, Хөвсгөл, Булган аймгуудаар аялан тоглолт хийнэ гэсэн төлөвлөгөө гарчихсан байгаа.

-Саяхан үзэгчдийн хүртээл болсон “Би ээж болмоор байна” уран сайхны киноны продюссерээр нь ажилласан байсан. Таны анхны продюссерлэсэн кино байх?

-“Twins film”-тэй хамтраад “Би ээж болмоор байна” уран сайхны кино хийлээ. Кино маш амжилтай үзэгчдийн хүртээл болж, кино театруудын үзвэрийн цагаас буух гэж байна. Үргэлжлүүлээд хөдөө орон нутгуудад гаргана. Энэ киног хийх саналыг 2011 онд хоёр ихэр найруулагч тавьж байсан юм. Тухайн үедээ бидний бололцоо бүрдээгүй, хойшилсоор байгаад таван жилийн дараа буюу 2016 онд цаг үеэ олоод хийлээ. Кино зохиолоо найруулагч Г.Дарханбат, Г.Дарханбаяр нар биччихсэн байсан юм. Сэдвийн хувьд шинээр гэрлэсэн хосуудад өгдөг байсан 500 мянган төгрөгтэй холбоотой байсан юм. Харин сүүлдээ зохиол өөрчлөгдөөд хэчнээн сайхан хайр, эд хөрөнгө байлаа гээд үр хүүхэдгүй бол гэр бүлийн амьдрал ямар хэцүү, бас зовлонтой байдаг вэ гэдгийг харуулахыг зорьсон.

-Өнөөдөр олон улсын инээдмийн баярын өдөр шүү дээ. Энэ өдөр хүмүүс бие биеэ хуурч, бас тоглоом шоглоом хийдэг. Таны хувьд мартагдахааргүй чадуулсан дурсамж бий юу?

-Энэ өдөр хүмүүст хууртаж, хүмүүсийг хуурч, тоглоом шоглоом хийж байсан тохиолдол зөндөө л байдаг. Хууртаж байсан олон л тохиолдол байгаа учраас яг одоо тулгамдаад санахгүй байна.

-Тоглолтын үеэр хөгжилтэй зүйл их болдог байх. Ялангуяа орон нутгаар аялан тоглолт хийгээд явж байхад хөгжилтэй, хөгтэй зүйл болдог биз. Манай уншигчдад инээд бэлэглэх үүднээс тэр дурсамжаасаа хуваалцаач?

-Тоглолтын үеэр хөгтэй зүйл олон болдог юм. Нэг удаагийн тоглолт дээр миний эрүү мултарчихсан. Тэрнийг одоо бодохоор инээд хүрдэг л юм. Бэр гуйдаг нэг номер дээр Ангараг, Гэрэлцэцэг, Баярмагнай бид хэд ордог юм. Баярмагнай буруу юм яриад л бид шоолоод инээдэг хэсэг л дээ. Тэр хэсэг дээр би маш том амаа ангайгаад л инээсэн чинь эрүү мултарчихсан. Ер нь миний эрүү эвгүй ангайх, том ангайж эвшээхээр мултраад байдаг юм. Гэтэл миний текстээ хэлэх хэсэг болох гээд байдаг Ангараг, Гэрэлцэцэг хоёр над руу хараад л байдаг.

Би амаа ангайчихаад л эрүүгээ оруулчих санаатай цохиод л байсан. Цохиод байхад ордоггүй ээ. Сүүлдээ бүр тайзны араар гүйж ороод нэлээн том ангайж байгаад пад хийтэл нь дуугаргаад л чанга гэгч нь цохиод оуулчихсан. Тэгээд буцаад гүйгээд гараад ирсэн чинь миний үг хэлэх хэсэг өнгөрчихсөн байсан юмдаг. Тэгсэн намайг тайзны ард эрүүгээ оруулж байх хооронд Ангараг миний үгийг бүгдийг нь сайхан нөхөөд хэлчихсэн байж билээ. Би хажууд нь аанхаан, аанхаан гэсээр байгаад л тэр хэсгийг өнгөрүүлсэн.

Ер нь тоглолтын дундуур санаатай болон санамсаргүй байдлаар олон хөгтэй үйл явдал тохиолддог. Бид баруун аймгуудад тоглолтоор явж байтал Ховд аймагт Жавхлан өрөөсөн гуталгүй дуулсан бас нэг хөгтэй үйл явдал байна. Орон нутгийн театруудын шал нь нэлээд муудчихсан байдаг. Гэтэл Жавхлан нээх сүрхий дуулаад л гараад ирсэн чинь шалны завсар өндөр өсгийтийнх нь өсгий зоогдчихдог байгаа. Гутлаа авах ч хэцүү, байх ч хэцүү байдалд орсон. Тэгээд гутлаа зоогдоостой нь орхиод, хөл нүцгэн дуулчихаад орж байсан гээд хөгжилтэй зүйл олон тохиолддог юм.

-Ж.Мөнхсайхан, П.Эрдэнэ­заан гээд монголын хошин урлагийн мөнгөн үе гэж хэлж болохуйц мундаг жүжигчид продакшнуудад олон байгаа. Ер нь продакшнууд залгамж халаагаа буюу шинэ үеэ бэлтгэхэд талаар хэр анхаарч байна вэ?

-Бид залгамж халаагаа бэлтгэх асуудалд сайн анхаардаг шүү. Тухайлбал, манай продакшны залуу жүжигчид үеийнхээ жүжигчдийг бодвол бараг бүгдээрээ кинонд тоглоод дүр бүтээчихсэн. Манайд “Энэ мөн үү” хамтлагийн дөрвөн залуугаас эхлээд чадварлаг жүжигчид олон байгаа. Харин ч манай ах нар чинь залуучуудаа сайн дэмждэг. Сүүлийн  "Амьдрал өөрөө аз жаргал" шоу тоглолтод залуу жүжигчид түлхүү тоглосон байгаа.

-Хошин шогийн тоглолтыг үзэх зүйлгүй боллоо гэх шүүмжлэл бий. 30 хувийн жүжиглэлт үлдсэн 70 хувьд нь дуулж, бүжиглээд байна гэх шүүмжлэл яваад байгаа. Та санал нэгдэх үү?

-Энэ бол өрөөсгөл ойлголт. Яахав үзэгчид бусад үзсэн хамтлагуудтайгаа харьцуулаад, ерөнхийдөө хошин урлагийнхан гэж ярьдаг болов уу гэж бодож байна. Хамтлаг бүрийн жанр өөр, өөр байгаа. Манай продакшны хувьд байнга дуутай номер байхгүй. Харин ч хий хоосон инээлгэх бус тоглолтыг маань үзээд гарч байгаа үзэгчдэд инээд бэлэглэхийн зэрэгцээ бага ч гэсэн ухаарал өгөхийг зорьдог. Бусад хамтлагийн хувьд дуугаараа, бүжгээрээ дагнадаг асуудал байгаа л байх. Гэхдээ дуулж, бүжиглэж байгаа номерт дургүй нэгэн байхад дуртай хүмүүс ч бас байдаг. Хошин урлагийн жүжигчид үнэхээр авьяастай юм, сайхан дуулдаг, бүжиглэж чаддаг юм байна гээд үнэлэх нэгэн байлгүй яахав. Ер нь бид өөрт байгаа бүхэл авьяасаа ард түмэндээ хүргэхээр хичээж ажилладаг юм шүү дээ.

-Хошин урлагийнхан сүүлийн үед онигоог дүрсжүүлээд байна уу, үгүй юу?

-Бусад хамтлагуудыг шүүмжлэх­ийг хүсэхгүй байна. Би өөрийнхөө хамтлагийн талаар л ярина. Манай хамтлагийн хувьд цаг үеэ олсон сэдвүүдийг хөнддөг. Өөрөөр хэлбэл, тухайн цаг үедээ болохгүй, бүтэхгүй байгаа зүйлийг егөөдөж харуулдаг. Хамгийн ойрын жишээ авъя л даа. Бүр хөгширсөн хойноо байрны лизингээ төлж дууссаны найр хийгээд сууж байгаа нь нэг талдаа инээдтэй болов ч нөгөө талдаа эмгэнэл шүү дээ. Энэ мэт сэдвүүдийг үзэгчиддээ хүргэхийг эрмэлздэг. Түүнээс онигоог дүрсжүүлээд байгаа зүйл манай хамтлагийн хувьд лав байхгүй. Ер нь ганцхан онигоогоор хошин урлагийг төсөөлж болохгүй. Олон хүний хүч хөдөлмөр, оюун ухаанаар ард түмэндээ хэлэх гэсэн санаагаа инээдтэй цуг хүргэж байгаа. Тиймээс ч хошин урлагийн тоглолтыг хүмүүс байнга үздэг. Түүнээс уянгын драм үзээд түүнээсээ ухаарал аваад сүйд болоод байгаа зүйл байхгүй гэхэд хэтийдэхгүй. Хошин урлаг үзэгчиддээ ухаарал, инээдийг өгч чадаж байгаа учир өнөөдөр хошин урлагийн тоглолт танхим дүүрэн үзэгчидтэй байсаар байгаа.

-Жилээс жил үзэгчдийн цензур нэмэгдээд тэр хэрээр хошин урлагийнхан нэлээд сайн хөдөлмөрлөх шаардлагатай болж байна гэж боддог юм. Сэдвийн эрэл хайгуул, бусдаасаа ялгарах гээд л?

-Тэгэлгүй яахав. Жил ирэх тусам бид илүү хөдөлмөрлөж, сурч мэдэж, хөгжихгүй бол үзэгчдийн цензур улам дээшилж байгаа. Тухайлбал, биднээс барууны янз бүрийн зүйлийг нэхэж байна. Өмнөхөөсөө одоо тоглож байгаа өнгө аяс шал өөр болсон. Урьд нь хэтрүүлэгтэй тоглодог байсан. Тэгвэл одоо хэтрүүлэгтэй тоглолтыг үзэгчид хүлээж авахаа больчихож. Яг амьдралтай жүжиглэлтийг шаардаж байна. Одоо харин гэрэл техник, тайз дэлгэц нь хамгийн сүүлийн үеийн болох хэрэгтэй. Манай хошин урлагийн уран бүтээлчид хаана ч, ямар ч дүрд тоглоод явах чадварлаг хүмүүс гэж боддог юм.

-Ихэнхдээ эмэгтэйчүүдийн дүрийг эрэгтэй жүжигчид хэтрүүлэгтэйгээр хүргэдэг. Өнөөх гоо сайхны үнэлэмж алдагдаад байх шиг. Яагаад заавал эрэгтэй хүнийг эмэгтэй дүрд тоглуулаад байдаг юм бол?

-Үзэгчид үзэх дуртай дүр гэж байдаг. Тухайлбал, Баярмагнайг эмэгтэй хүний дүр бүтээхийг үзэгчид үзэх дуртай. Гэтэл намайг эмэгтэй болохоор хүлээж авахдаа тааруухан байх жишээний. Тэгээд ч архи уудаг эмэгтэй хүний дүрийг эмэгтэй жүжигчид буюу А.Гэрэлцэцэг, Ш.Жавхлан хоёрын хэн нэгэн бүтээхээр инээлгэх гэхээсээ эмгэнэлтэй харагддаг. Үзэгчдэд эмзэг тусах болно. Эсрэгээрээ Баярмагнай архичин эмэгтэйн дүр бүтээхээр үзэгчид маш хөнгөн хүлээж авах жишээтэй. Тийм учраас эрэгтэй жүжигчинг эмэгтэй дүрд тоглуулдаг юм.

-Нээрээ та эмэгтэй хүний дүрд тоглоогүй байх. Ихэвчлэн бүтэлгүй буюу эерэг талын дүрд тоглодог. Одоо ч таныг “Овжин охид” киноны гол дүр Сампилын нэрээр дууддаг. Та дүрийн сонголтоо яаж хийдэг юм бэ?

-Тоглолтын хувьд дүрийн сонголтыг бүгд ярилцаж байгаад л сонгодог. Нээрээ тоглолт болгон дээр миний дүр аав, ах, өвөөгийн дүр их байдаг юм билээ. Киноны хувьд дандаа цоглог, бүтэлгүй, нэг тиймэрхүү дүрүүд байгаа. Эдгээр дүрийн сонголтыг найруулагч нар өөрсдөө хараад л сонголт хийдэг. Тийм дүрд л би илүү наалдаж харагддаг байх.

-Жүжигчин хүний хувьд тийм дүрд тоглох юмсан гэж боддог биз. Ямар дүрд тоглохыг хүсч байна?

-Уран бүтээлч хүн байнга шуналтай, хүсэл мөрөөдөлтэй байж амжилтад хүрдэг. Би кино хийж үзье гэж зориод сая кино хийж үзлээ. Алдаж, оносон ч кино бүтээл хийх сайхан юм. Цаашдаа түүхэн дүрд дүрээ мөнхлөх юмсан, эсрэг талын дүрд тоглочих юмсан гэсэн бодол байгаа. Бодоод байсан чинь би эсрэг талын дүрд ерөөсөө тоглож байгаагүй юм билээ. “Хайрлаж болох уу” гэж кинонд дүүгийнхээ мөнгийг хуурч авдаг ахын дүр л жаахан эсрэг талын юм болов уу даа. Хүмүүс ёстой муухай ах гээд л байдаг юм. Эсрэг дүр бүтээх бодлоо биелүүлнэ ээ. Ер нь өөрөө сайхан сэтгэлтэй учраас дандаа сайхан дүрд тоглодог байхгүй юу. /инээв/ 

-Сонирхолтой ярилцлага өрнүүлсэнд баярлалаа. Монголын хошин урлагийг хөгжүүлж яваа та бүхэнд олон улсын инээдмийн баярын мэнд хүргэж, амьдралд тань аз жаргал, инээд хөөрийг уншигчдынхаа өмнөөс хүсье.

-Баярлалаа.
 
Монголын мэдээ
Ж.Отгон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Co 2016-04-03 07:55:23
    Abiyasgui khun Ziegler l marzan iiimerkhuu khumuus mongoloop firemen Bauhaus sh dee
  • Ganzorigt 2016-04-01 09:35:57
    Zawhai ehneriin duriig chi mash sn buteesen.ene durd chamaig guitsehgui gej bodogddog
  • John 2016-04-01 08:38:49
    Mongoloor duuren jujigchin,duuchin ner zuusen alia salbadainuud bolloo.Suis mungu hiij ene olon sta nar toruulehee bolimoor yum.Elseltee jil algasaj avldaa.
  • jervis 2016-04-01 07:33:51
    Uguidee ugui niigem zolbirson bolohoor ta nar uzegchidtei baigaa yumshuudee!!!Hoshin shogoor uhaaral hairlana gej baidaggui yumaa SOTS niigem bish dee!!!
  • зочин 2016-04-01 05:35:00
    тэнэг балайчууд энэ хошин шог үздэг юм. ухаантай ажилтай хүмүүс хэзээ ч үзэхгүй
  • сайхан 2016-04-01 05:22:10
    гое жүжигчин шүү амжилт
  • КОШИН ШОГТ 2016-04-01 01:57:06
    бусдыг баясгах ухааруулах яах вээ. ӨӨРСДӨӨ Л ХИЧЭЭЖ ЯВ. ӨӨРСДӨӨ Л ЭХЛЭЭД УХААРААД ЭГЭЭРЭЭД ГЭГЭЭРЭЭДЭХ. БӨӨН ШУНАЛ ДЭВНҮҮД.