Хэн, юу хэлэв
Баттулга: Эх орондоо элэггүй улстөрчдийг төрөөс таягдан хаяхыг уриалж байна
 
“Жудагт Монгол” холбооноос “Бүх ард түмний эв нэгдэл” цуглааныг Тусгаар тогтнолын талбайд зохион байгуулсан. Тэд салбар бүрийн төлөөллийг эгнээндээ нэгтгэж, иргэдийн дуу хоолойг сонсох зорилготойгоор бүх иргэний хөдөлгөөнийг хамруулсан хэмээсэн. Энэхүү үйл ажиллагааг дэмжиж, УИХ-ын гишүүн Х.Баттулга, Л.Эрдэнэчимэг, Г.Уянга нар ч хүрэлцэн ирж, “Эв нэгдэл” цуглааныг дэмжин оролцсон юм. Энэ үеэрээ УИХ-ын гишүүн, МоАХ-ны дарга Х.Баттулга хэлсэн үгэндээ “Өнөөдрөөс 26 жилийн өмнө та бүхний барьж жагсч байсан уриа лоозон үг үсэг нь ч солигдоогүй барьж байсан хүмүүс нь ч хэвээрээ байгааг одоо бид харж байна. Тэр үеийнхээс амьдрал өөрчлөгдсөн нь үгүй байна. Харин 20-иодхон гэр бүл л удаа дараа эрх мэдэлд хүрч хагартлаа баяжиж, харин гурван сая ард иргэд цалин тэтгэврийн зээлийн дарамтад байна. МАН-аас Сү.Батболд, Л.Энх-Амгалан, Я.Содбаатар, Ч.Хүрэлбаатар, Л.Элдэв-Очир, Д.Цогтбаатар, Д.Хаянхярваа, Д.Зоригт, АН-аас Ч.Сайханбилэг, Г.Батхүү, С.Баярцогт, МҮАН-аас М.Энхсайхан нарын цөөн тооны эх орондоо элэггүй улстөрчдийг төрөөс таягдан хаяхыг МоАХ-ны нийт гишүүд дэмжигчид Монгол орон даяар уриалж байна.
 
Та нар тогтоож аваарай. МҮАН-ын дарга М.Энхсайхан гэж хүн шүү” хэмээн онцлон тэмдэглэсэн юм. Мөн тэрбээр “Миний хувьд баг хамт олноороо том төсөл хийх гэж эхлүүлсэн боловч харамсалтай нь төсөл маань зогслоо. Манай улс маш их түүхий эдтэй баян улс орон. Бид энэ түүхий эдээ зөв боловсруулбал эдийн засагт сайнаар нөлөөлөх байлаа. Харамсалтай нь бидний төслийг Ерөнхий сайд ч ойлгосонгүй. Цаашид юу болох талаар мэдэхгүй байна” гэв.
 
Б.Бямбасайхан: Гүний уурхайн ТЭЗҮ-ийг хүлээгээд авчихсан
 
"Сургамж, сорилт, шийдэл" сэдэвт Монголын эдийн засгийн форум хоёр өдөр үргэлжиллээ.Тус чуулганд Олон улсын санхүүгийн корпорацийн Зүүн Азийн бүс нутгийг хариуцсан захирал Вивек Патхак, ОУВС-ын Монгол дахь суурин төлөөлөгч Нейл Саккэр, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал, Сангийн сайд Б.Болор, доктор, эдийн засагч Ч.Хашчулуун зэрэг эдийн засгийн салбарынхан оролцсон юм.
 
Энэ үеэр “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан “Оюутолгойн гүний уурхайн үйл ажиллагаа, ялангуяа төсвийг бид маш нарийн гаргаж байгаа. Ил уурхайн бүтээн байгуулалтын явцад зардлын хэтэрсэн асуудал зөндөө гарсан. Зардлын хэтрэлтийн нэг шалтгаан нь төсөв хийхдээ өнөөдрийнх нь маргааш өөр болоод байсантай холбоотой. Тиймээс ч зах зээлийн үнийн хөдөлгөөн үүссэн. Тэгэхээр бид зургаан сарын өмнө хийсэн төсөөллүүдээ ч дахин эргэн харж зөвшилцөж, өнөөдрийн зах зээлийн үнийг авч төсвөө баталж байна.
 
Ингэснээр төслийн менежментийг зардал хэтрүүлэхгүйгээр явуулах боломж бүрдэнэ гэж харж байна. Гүний уурхайн ТЭЗҮ- ийг хүлээгээд авчихсан байгаа. Одоо компанийн нарийн төсвийг батална. Дээрээс нь яг өнөөдөр /өчигдөр/ тендерийн сонгон шалгаруулалт явж байгаа. Гүний уурхайн бүтээн байгуулалтад маш олон компаниуд оролцоно. Нээлттэй тендерээр сонгон шалгаруулалтаа хийнэ.Тендерийн сонгон шалгаруулалт дууссаны дараа гэрээ зурагдана. Энэ мэтээр ажлууд шат дараатай өрнөх юм. Одоогоор бүтээн байгуулалтын ажил эхэлчихсэн явж байна. Зогссон байсан ажлуудыг өнгөрсөн жилээс эхлүүлсэн учраас ажил үргэлжлээд явж байна” хэмээн ярьсан.
 
Д.Нэмэхбаяр: Газрын тос боловсруулах үйлдвэр баригдах асуудал цэгцэндээ орсон

 
Засгийн газрын 2015 оны 113 дугаар тогтоолоор зүүн бүсэд 300 мянган тоннын, говийн бүсэд 2.3 сая тоннын хүчин чадалтай газрын тос боловсруулах үйлдвэр барихаар шийдвэрлэсэн билээ. Тэгвэл Аж үйлдвэрийн яамны Хүнд үйлдвэрийн бодлогын газрын дарга Д.Нэмэхбаяр энэ сэдвийг хөндөн, ярилцлага өгчээ.
 
Тэрбээр “Зүүн бүсэд барих жижиг үйлдвэрийг концессын гэрээгээр байгуулах бол говийн бүсэд баригдах том үйлдвэрийн Техник эдийн засгийн үндэслэл нь боловсруулагдаж дуусаад Аж үйлдвэрийн яам хүлээн аваад байна. Энэ Техник эдийн засгийн үндэслэлээр уг үйлдвэрийг барьж байгуулах хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах уралдаант шалгаруулалтыг зарлаад байна. Уралдаант шалгаруулалтад оролцох сонирхлоо илэрхийлэх хугацаа 14 хоногоор хязгаарлагдаж байгаа. Зарласнаас хойш хэд хоночихлоо. Төслийг сонирхож буй аж ахуйн нэгжид тавьсан гол шаардлага нь Монгол Улсын үндэсний компаниудын оролцоотой консерциум байх, консерциумын аль нэг гишүүн сүүлийн 10 жилд ижил төстэй газрын тос боловсруулах үйлдвэр байгуулж ажилласан туршлагатай байх. Консерциум нь газрын тос боловсруулах үйлдвэрт хэрэглэгдэх технологи эзэмшдэг, эсвэл технологийн лиценз авах боломжтой байх гэсэн шаардлага тавьсан. Сүүлийн 10-аад жилд Монголын 10 шахам компани газрын тос боловсруулах үйлдвэр барихаар ажилласан байдаг. Одоо ч зарим нь ажиллаж байна. Үндэсний компаниуд маш их сонирхож байна, ялангуяа нефть импортоор оруулж ирэн, түгээдэг компаниудын хувьд идэвхитэйгээр сонирхлоо илэрхийлж ирсэн байдаг.
 
Хоёр дахь асуудлын тухайд буюу өнгөрсөн жилүүдэд энэ төсөл яагаад амжилт олохгүй байсан бэ гэвэл хамгийн гол нь төрийн бодлого цэгцтэй болоогүй, зөв шийдэл гараагүй байсантай холбоотой. Одоо бол УИХ-аас Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодоого нь батлагдчихсан, түүнийгээ хэрэгжүүлэх стратеги нь гарчихлаа. Дээрээс нь төрийн оролцоотойгоор газрын тос боловсруулах үйлдвэрийн төлөвлөлтийг хийж байгаа учраас үйлдвэр баригдах асуудал цэгцэндээ орсон гэж ойлгож болно. 2011-2012 онд Монгол Улсын нефтийн хэрэглээ жилд 1.4 сая тоннд хүрч байсан бол өнгөрсөн онд 1.1 сая тонн болж буурсан. Уул уурхайн үйлдвэрлэл буурахаар нефтийн хэрэглээ дагаад буурч байгаа. Нийт хэрэглэж байгаа нефтийн бүтээгдэхүүний 60 орчим хувь нь дизель түлш бол 35 орчим хувь нь бензин, үлдсэн нь мазут болон бусад тослох материалын хэрэглээ эзэлдэг. Цаашдаа Монголын нефтийн хэрэглээ өснө. Хүн ам өснө, аж үйлдвэрийн салбар хөгжинө гэж тооцоод ирээдүйн нефтийн хэрэглээний прогнозыг 2030 он хүртэл гаргасан. Шатахууны хэрэглээ 2020 онд 1.8-2 сая тонн, 2025 он гэхэд 2.3 сая тонн, 2030 он гэхэд 2.5-2.8 сая тонн болж өсөхөөр байгаа. Боловсруулах үйлдвэр маань 2020 онд ашиглалтад орно. Тавхан жил болоод хүчин чадлын хэрэглээ нь гүйцэгдэх судалгаа харагдаж байгаа” хэмээжээ.
 
Ч.Сайханбилэг: Л.Энх- Амгалан, О.Содбилэг, Н.Номтойбаяр нар өрөө төлцгөө
 
Эдийн засгийн салбарын өнгөрсөн сургамж, өнөөдрийн сорилт, ирээдүйн шийдлийг эрсэн Эдийн засгийн форумд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хэлсэн үг яах аргагүй олны анхаарал татав. Тэр тусмаа Монгол Улсын өрийн асуудлаар түүний илэрхийлсэн байр суурь бодит үнэнийг илүү тод гаргаж өгсөн гэж хэлж болно.
 
Тэрбээр, “Өнөөдрийн байдлаар Засгийн газарт хамаарах нь 4.9 тэрбум ам.долларын зээл байна. Засгийн газарт хамаатай энэ мөнгөнөөс МАН-ын Засгийн үед 2.3 тэрбум орчим ам.долларыг нь улс төрийн зорилготой халамжид бэлнээр тараажээ. Идсэн уусан гээгүй шүү, битгий мушгиарай. Харин сүүлийн дөрвөн жилд АН-ын Засгийн үед ийм хэмжээний мөнгийг ард түмэндээ хувааж өгөөгүй боловч бүтээн байгуулалтад зарцуулж, зам барилга дэд бүтэц, үйлдвэр барьжээ. “Еэвэнгийн нөгөө тал нь хаана байна” гэдэг шиг Өрийн тал нь хаачив гэж асуух байх. Энэ өрийн үлэмж хэсэг нь нэг талаас Монгол Улсын өр мэт харагдах боловч нөгөө талаас Засгийн газарт огт хамаагүй юм. Эдгээр нь УИХ-ын гишүүн Энх-Амгалангийн Эм Си Эс компани, УИХ-ын гишүүн Номтойбаярын Мак компани, УИХ-ын гишүүн Содбилэгий НИК, Петровис компани зэрэг Монголын олон олон хувийн компанийн авсан зээл юм. Өрийн тухай яриагаар өөрсдийгөө өдөж явахын оронд өөрийнхөө тавьсан өрийн дороос өндийж авбал дээргүй юу, улстөрч нөхдөө. Та бүхний өөрсдийнхөө эрсдэлээр авсан өр зээлийг чинь жирийн иргэд харин төлөх ёсгүй гэдгийг энд хатуухан хэлчихье. Айлгах тактик гэдэг барууны телевизэд нэвтрүүлэг байдаг, харин Ардын нам ардаа айлгах тактикаар сонгуулийн компаниа хийх шаардлагагүй гэдгийг энд зориуд онцолъё. Сонгуулийн компани нэг өдөр л дуусна. Монгол Улсын нэр хүнд имиж дуусахгүй гэдгийг санацгаа. Айл гэр, аж ахуйн нэгж, засаг төр зээл авч л байдаг, ажлаа амжуулаад төлж л байдаг нь амьдралын жам. Саяхан манай Засгийн газар ОХУ-д төлөх их өрийн үлдэгдлийг төлж дуусган өрөө цайруулсныг энд сануулахад илүүдэхгүй буй заа. Ийм учраас харилцан бие биеэ нураадаг чөтгөрийн тойргийн гинжийг өнөөдрийн энэ гогцоон дээр л таслахыг уриалж байна. Өнөөдөр та нар биднийг нураана, маргааш бид нар та нарыг нураана, нөгөөдөр дараагийн ээлж ирнэ гэдэг чөтгөрийн энэ тойрог биднийг мөхөл рүү хөтөлж байна.Үүний үр дагаварт өнөөдөр сайн нэртэй эрх баригч ч алга, сайн рейтингтэй сөрөг хүчин ч алга, бусдыг орлох гурав дахь хүчин ч эвээ олохгүй нь, босоо Ганбаа нь ч хэвтээд өглөө. Ерөнхий сайдын хувьд хэлэхэд нэг өдөр л зэс, алт, нүүрс, төмрийн үнэ гэнэт өсдөггүй л юм бол байдал энэ хэвээр өнөө маргаашдаа үргэлжилнэ. Биднийг сонгоод өг, тэгвэл хямралаас гаргаад өгнө, өргүй болгоод өгнө гэж байгаа нь харин бүгд худал” хэмээн ярьсан юм.
 
Монголын мэдээ
Ч.Чулуун
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2016-04-01 10:23:36
    Эдийн засгийн форум дээр яаж эдийн засгаа босгохоо ярихгүй бусдаас боллоо гээд балайраад байх юм. Бусад нам ЭЗ-гийг босгоно гэхгүй улам хэвтүүлнэ гэх юм уу
  • zaya 2016-04-01 08:57:55
    saihanbileg uul in zov yum yarilaa baabaraar bichuulsen bh omno in helj bhgui yasan yum bas songuuliin show hiij bna. saihanbileg bayartsogtoos hol bai
  • иргэн 2016-04-01 03:12:48
    Ерөнхий сайд их зөв ярьсан бна шүү. Юм ойлгодог хүн бол ойлгохоор л хэлж дээ. Энэ зээл нэртэй авсан том улсуудаа зарлаад төлүүлэх талаас нь ард иргэд шахах хэрэ...
  • Зочин 2016-04-01 01:13:48
    Улс өртэй, ард түмэн өртэй гадуур Land200 унасан өртэй иргэд залуучуудыг өр тавиад тансаглах үлгэр жишээ,ах нь УИХ бол мэргэжил, боловсрол харгалзахгүй дарга.....