Хөдөлмөр амралтын зусланг сэргээе
Социалист нийгмийн үеийн соёл хүмүүжлийн бодлого шинэ цагийн Монгол Улсад үгүйлэгдэх л юм. Тухайлбал, хөдөлмөр амралтын зуслан байна. Ерөнхий боловсролын сургуулийн тавдугаар ангиас сургууль төгстлөө зуны улиралд багштайгаа хөдөлмөр зусланд явж амардаг байв. Бага ангийнхан ч найман настай гээд зуныхаа амралтаар зүгээр суухгүй, анги ангиараа ээлжлэн сургуулийн туршилтын талбайд багш, ажилчдын тарьсан хунсний нарийн ногооны зэрлэг зулгааж услах үүрэгтэй. Ийн ажиллахдаа жаал жуулхан хүнсний зүйлээ бөндийтөл боож авч яваад бага үдийн алдад хэсэг амрахдаа модны сүүдэрт тойрч суугаад идэцгээнэ. Тэр үед айл бүхэн хагас бүтэн сайн өдрөөр боорцог хайрдаг байсан тул хүүхдийн өдрийн хүнс ерөнхийдөө адилхан гэж хэлж болно.
 
Харин анги ахиж дунд бүлгийн сурагч болоход 7-14 хоног сум, нэгдэл, САА-г түшиглэн байгуулсан хөдөлмөр амралтын зусланд амарна. Газар тариалангийн бүс нутгийнхан нь ихэвчлэн САА-н аль нэг бригадад хуваарилагдан байцаа, сонгино, луувангийн зэрлэг зулгаадаг бол МАА голлон эрхэлдэг аймгуудынх охид нь саалинд гарч, хөвгүүд нь эмнэг сургах жишээний. Хүүхдүүд өглөө эртлэн саалиндаа гарч, цагаан идээгээ боловсруулчихаад бага үдээс оройн сааль хүртэл амарч, тоглож наадаж, ном уншиж, өдрийн тэмдэглэл хөтлөн өдрийг үр дүнтэй тавтай сайхан өнгөрүүлнэ. Хоол хийж сураагүй нь амттай сайхан хоол хийж сурна. Ахлах ангийнхны тухайд анхны хайрын захиа ч эзэндээ хүрч амжина.
Хамгийн гол хүүхдүүд зуны амралтын тэр хэдхэн өдөрт ижилдэн дасч, үерхэж нөхөрлөн бие биеийнхээ хэн нь хэн бэ гэдгийг мэдэж авах сайн талтайгаас гадна хар бор ажлын дөртэй болдог байлаа. Түүнчлэн сурлага тааруугаасаа болоод анги хамт олноосоо хөндийрч байсан ганц нэг сурагчдад хөдөлмөр, амралтын зуслан нь хөдөлмөрт сайн гэдгээ найз нартаа харуулах боломж нь ч болж өгнө гээч.
 
Манай ангиас сурлага тааруу хэмээн багш нарт чичлэгддэг байсан хоёр ч сурагч жил дарааллан сургуулийн хөдөлмөрийн аварга болж мандаж байсан юм. Тэд маань өдгөө ч сайн яваа. Энэ бүхнийг дурьдахын учир хөдөлмөр хүнийг хүмүүжүүлдэг байсан юм шүү гэх миний санаа. Тэгвэл өнөөдөр бүх зүйл өөрөөр болсон. Хөдөлмөр зусланд явахаар болсон гэвэл “Хүүхдийн хөдөлмөрийг шулах гэлээ” гэхчилэн хэл ам гарахыг ч үгүйсгэхгүй. Бараг л хүүхдээ наршчихна гээд явуулахгүй биз. Ингэж хүүхдийг хэт халамжилж, өөхөнд хучсан бөөр шиг өсгөх нь хувь болж төлөвшихөд нь сайн нөлөө үзүүлдэггүй байна. Тэгээд ч эдүгээ хүүхдүүдэд анги хамт олноороо эвлэлдэн нэгдэж, жаргал зовлонгоо хуваалцах, бие биеэ таньж мэдэх орчин үгүй болжээ. Очих газаргүй хүүхдүүд их сайндаа хаа нэг кино, хошин шог үзэхээс хэтрэхгүй. Хөвгүүд хэд гурваараа нийлэн тоглоомын газарт өдрийг бардаг бол охидод гудамжаар сэлгүүцэхээс өөр цаг нөхцөөх орчин үгүй. Тоглоом тоглоход мөнгө хэрэгтэйгээс улбаалаад гэрээсээ мөнгө, эд зүйл хулгайлах гэхчилэн хэрэг түвэгт холбогддог.

Ер нь ЕБС-ийн сурагчдын 70 хүрэхгүй хувь нь урлаг, спортын чиглэлийн секц, дамжаанд хамрагддаг, үлдсэн нь өөр өөртэйгөө чөлөөт цагаа өнгөрүүлдэг гэх статистик баримт байдаг юм билээ. Секц дугуйланд хамрагдалгүй үлдсэн сурагчдын хувьд ар гэрийн боломж тааруугаас дугуйланд өгөх төлбөрийн мөнгөгүй гэсэн үг. Ийм тохиолдолд тухайн хүүхдийн хувь заяа, сурлага хүмүүжилд сургууль, хамт олон анги даасан багш нь анхаарал тавьж, араас нь хөөцөлдөхөөс өөр арга байхгүй. Эдүгээ тэгж сурагчийнхаа хойноос хөөцөлдөж явдаг ангийн багш хэд бол. Бараг л анхаарал тавихаа больсон гэж дуулдсан. Социалист нийгэмд ангийн багш сурагчдийнхаа хичээл сурлаганд анхаарал тавихаас гадна хүмүүжилд ч нөлөөлдөг байлаа. Хичээл тасалсан, сурлагаар хоцорч яваа нөхдуүдийн гэрээр явж, эцэг эхтэй нь уулзан харилцах дэвтэр хөтөлдөг байсан санагдана. Үүний үр дунд хүмүүжлийн доголдолтой сурагчид төд удалгүй л эрс өөрчлөгдцөг байсансан. Дээр нь хөдөлмөр тэднийг их бага хэмжээгээр хүмүүжүүлдэг байсан нь мэдээж. Тиймээс хөдөлмөр, амралтын зусланг сэргээж яагаад болохгүй гэж.
 
Монголын мэдээ
Ч.Чулуун
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ах хүү 2016-04-01 03:38:14
    хөдөлмөр зусланг орчин үеийн нөхцөлд тохируулан журмыг нь шинэчлэн сэргээх хэрэгтэй.Энэ бол үнэхээр хэрэгтэй зүйл байсан юм.Хөдөлмөр хүнийг хүмүүжүүлж, төвөлшүү...
  • үш%гнэ 2016-04-01 03:11:55
    Маш зөв, хөдөлдөггүй, хөдөөг мэддэггүй, хоорондоо найзалдаггүй, хөдөлмөрийн амтыг амсаагүй өсөж буй энэ олон хүүхдүүдийг зохион байгуулалттайгаар явуулж байя
  • ХН 2016-04-01 03:03:29
    ХҮҮХДИЙН КОЛОНИ ХИЙХИЙМ БИЗ ДЭЭ.
  • Ганбаа 2016-04-01 00:28:16
    Багийн амьдрал санагдлаа.Ийм амралтийг дахин сэргээвэл сурагч бүрд хожим ярих юм ихтэй байдаг юм.
  • sangantulga 2016-04-01 00:10:57
    ОК. Хөдөлмөр зусланд явна гээд нойр хүрдэггүйсэн. Шифийн харьцаатай байгууллагадаа очиж туслах, бас ч үгүй хүүхдүүдэд хөдөлмөрийн хөлс гээд хэдэн төгрөг өгчихнө...