Ж.Эрдэнэбат: Аливаа улс өрийн хэт их дарамтад ороод эхлэхээр гадаад харилцаанд ч сэв суудаг
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Өрийн удирдлагын ту­хай хуулийн төслөөр МАН-ын бүлгийнхэн шаардлага нэрээр шантааж хийх гэж байна гэх хардлага байна. Яагаад заавал ингэвэл дэмжинэ, үгүй бол дэмжихгүй гэдэг асуудал ярьж эхэлсэн юм бэ?

-МАН-ын бүлгийн тухайд улсынхаа ирээдүйг л харж байна. Ирээдүй, үр хойчдоо их хэмжээний өр үлдээж болохгүй. Тиймээс ч бид өөрсдийн нөөц бололцоог ашиглаж, хөгжих нь зүйтэй гэдэг байр суурийг барьж байгаа.

Монголчууд эрт дээр үеэсээ өрөнд орох дургүй, үүнийгээ ардын зүйр үгэндээ ч хэлж ирсэн шүү дээ. Бид өвөг дээдсийнхээ хэлж, сургаж ирсэн зөвлөгөө, зөвлөмжийг хэрэгжүүлэх ёстой.

Гадаад өр хэдий чинээ нэмэгдэнэ тэр хэрээр улс орны дотоод нөхцөл байдал, аюулгүй байдал гээд олон зүйлд сөрөг нөлөө үзүүлнэ. Тухайлбал дотооддоо ту­хайн өрийг төлөхийн тулд байгалийн баялаг, газар нутгаа барьцаалах болно. Тэгэхгүйгээр ямар ч барьцаагүйгээр зээллэг өгдөг улс, байгууллага гэж байдаггүй.

Аливаа улс өрийн хэт их дарамтад ороод эхлэхээр гадаад харилцаанд ч сэв сууж, бусдын дарамтад ордог. Иргэдийн амьдралд ч байдаг шүү дээ. Цалингийн болон бизнесээ өргөжүүлэх зээл авахад тэр нь эргээд өөрт нь багагүй дарамт болдог. Ажлаасаа халагдчихвал яах вэ, бизнесийн орлогогүй бол барьцаа хөрөнгөө хураалгана гэх зэргээр хэнд ч тохиолддог асуудал.

Тиймээс МАН-ын хувьд өрийн хэмжээ хэрээс хэтэрлээ, цаашид нэмэгдүүлэхгүй байх ёстой гэдэг зарчмыг барьж байна.

-Заалтаар нь ярьж байхаар бүр дэмжихгүй байвал яасан юм бол?

-Өрийн удирдлагын тухай хуулийг гаргах нь зүйтэй юу гэвэл хэрэгтэй. Өрөө цэгцэлж, хяналтаа тогтоон, хариуцах эзэнтэй болгох ёстой. Гэхдээ үүгээрээ далимдуулаад гадаад өр, төлбөрийн асуудлыг нэмэгдүүлж болохгүй.

Өөрөөр хэлбэл ДНБ-ий эзэлж байгаа 70 гэдэг босго Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиараа 40 хувь байх ёстой, 4.1.8-д заасан өрийн тодорхойлолтыг хэвээр хадгал гэдэг шаардлагыг л тавьсан.

-Энэ хуулиар бол өрийн тодорхойлолтыг өөрчилж, Засгийн газрын гэж тусад нь авч үзвэл өрийн хэмжээ хэрээс хэтэрнэ гэж үзээд байгаа биз дээ?

-Өмнө нь бол улсын өр гэдэг байсан. Гэтэл одоо тодорхойлолтоо өөрчилж, Засгийн газрын өр гэж оруулж ирж байна. Ингэснээр орон нутгийн болон төрийн өмчит аж ахуйн нэгжүүдээр дамжуулан зээл авах, тэр нь Монгол Улсын өрөнд хамааралгүй мэт бололцоо бүрдүүлэх гээд байгаа юм.

Төрийн болон орон нутгийн өмчит гэдэг чинь өөрөө төр, ард түмний хөрөнгөөр бий болсон аж ахуйн нэгж. Ийм хөрөнгийг өөр байдлаар үрэн таран хийхийг бид хүлээн зөвшөөрөхгүй.

-Өр тавих арга барилаа өөрчлөхөөр зүтгэж байгаа хууль чангарахаар хулгайчийн арга нарийсна гэдэг болж байна уу. Эсвэл нэгэнт өмчлөх гэж байгаа төрийн өмчит аж ахуйн нэгжүүд өр тавьж, зээл авах нь хэнд ч хамаагүй гэж үзэж байгаагийн дохио юу?

-Төрийн болон орон нутгийн өмчийг хувьчилчихсан тохиолдолд бол өөр. Харин хувьчлаагүй тохиолдолд тэр бол төрийн л өмч. Төр эзэн нь учраас өмч, хөрөнгөө алдахгүйн тулд тодорхой хэмжээний бодлого боловсруулж, үйл ажиллагаа явуулах учиртай. Тухайн байгууллага нь ашигтай ч, ашиггүй ч ард түмний л хөрөнгө.

-Төр өмчөө хувьчилна гээд байна. Эдийн засаг хүндэрчихсэн энэ үед тэдгээрийг худалдаж авах хүн олдох болов уу?

-Статистик судалгаагаар дотоодын аж ахуйн нэгжүүдийн хувьд маш олноороо үйл ажиллагаагаа зогсоосон, үүд хаалгаа барьсан, ажилчдаа цомхотгосон тухай мэдээлэл өдөр алгасахгүй гарч байгаа.
Эндээс харахад эдийн засаг хүндэрсэн нь илт мэдрэгдэж байна. Өмч хувьчлалын асуудлыг байнга сөхөж, гаргаад байгаа нь Засгийн газар мөнгөгүй болчихоод хөрөнгөө зарж, мөнгөтэй болох нөхцөл бололцоог эрэлхийлж байна уу гэж бодож байна.

Улс, орон гэдэг бол ердөө л айл, өрх л гэсэн үг. Өөрөө үйл ажиллагаагаа явуулж, орлогоо олдог, өмч, хөрөнгөтэй байдаг. Түүнтэй адил нэг өрхийн тэргүүн ажлаасаа халагдлаа гэхэд үр хүүхдээ тэжээхийн тулд эд хөрөнгөө зардаг. Гэхдээ улс тийм байдалд шилжинэ гэдэг нэлээд хүнд байдалд орсны шинж. Эрх баригч нар ийм байдал руу шилжээд байгаа нь буруу.

Дотоодын аж ахуйн нэгжүүд өөрсдөө хүндрэлд орчихсон учраас худалдан авах чадвар нь муудчихсан. Тэгэхээр гадныхан л орж ирж таарна.

Уг нь бид өөрсдөө бий болгож, бүтээчихсэн, бэлэн болгочихсон зүйлээ гадныханд худалдана гэдэг таатай юм биш. Тэрний оронд монголчууд маань хийж бүтээж чадахгүй, хөрөнгө мөнгө нь хүрэхгүй байгаа зүйлүүддээ гадны хөрөнгө оруулалт авах ёстой.

-УИХ-ын чуулганаар 2013 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэж байгаа. Эдийн засагч хүний хувьд хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Анх 2013 оны төсвийг бат­лахаас эхлээд шүүмжлэлтэй хандаж байсан. Энэ төсөв чинь хийж бүтээхэд тань боломжгүй юм байна, эдийн засгийн нөхцөл байдалдаа бодит үнэлэлт, дүгнэлт хийж байгаад төсвийн төлөвлөлтөө хийх ёстой гэдэг шаардлагыг удаа дараа тавьж байсан. Харамсалтай нь МАН-ын бүлгээс гаргасан санал, шаардлагыг хүлээж аваагүй. Тэр эрчээрээ төсвөө баталсан. Дараа нь хасах тодотгол хийсэн. Тэгсэн хэр нь л төсөв тасарсан.

Одоо оруулж ирсэн тайлангаар бол төсвийн гүйцэтгэл тасарсан, орлого 90 хувьтай буюу 400 гаруй тэрбумаар, зарлага 85 хувь буюу 700 гаруй тэрбумаар санхүүжиж чадаагүй гэсэн гүйцэтгэл байна. Магадгүй төсөв анх батлагдсан хэвээрээ, хасах тодотгол хийхгүйгээр явсан бол бүр хүнд байдалд орох байсан.

Төсвийн гүйцэтгэлийг харж байхад Аудитын дүгнэлтээр зөрчилтэй асуудал нэлээд бий.

-Тухайлбал?

-Уг нь авлага гэдэг зүйл байж болохгүй. Яагаад гэхээр төр татвар төлөгчдийн мөнгөөр үйлчилгээгээ хэрэгжүүлж, явуулдаг. Гэтэл тэр мөнгөөрөө үйлчилгээг нь үзүүлээгүй хэрнээ хэн нэгэнд өгчихсөн асуудал л харагдаад байгаа юм.

Тэгтэл орон нутагт 46 тэрбум төгрөгийн авлага нэмэгдчихсэн байна. Ямар цамаан хүмүүс гэхээрээ энэ их хэмжээний мөнгийг хүнд өгч явуулчихаад, авна даа гээд бодоод сууж байдаг юм бэ. Ард түмний өмчийг хэн нэгэн нөхөр, аль ч юм бэ хуулийн этгээдэд өгөөд явуулчихаж. Түүнчлэн БШУЯам 15, Уул уурхайн яам 15 тэрбум гээд авлагатай байх жишээтэй.

Өглөг буюу өр Монгол Улсын хэмжээнд урьд, хожид бай­гаагүйгээр буюу 5.7 их наяд төгрөгөөр өссөн. Мэдээж санхүүгийн тайланд төрийн болон орон нутгийн оролцоотой аж ахуйн нэгжийн өр, Хүний хөгжил сан, Засгийн газар, орон нутгийн гээд бүх өрийг тооцож гаргадаг. Түүнд нийтдээ 17 их наяд төгрөг давчихсан. Энэ нь Монгол Улсын ДНБ-ий 102 хувьтай тэнцэж байгаа юм. Эндээс Засгийн газрынхыг салгавал 10 их наяд төгрөг буюу ДНБ-ий 40 гаруй хувьтай байна.

Өөрөөр хэлбэл өрхийн болон хувийн бүх аж ахуйн нэгж нийлээд жилд үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний хэмжээнээс давсан өртэй, аюулын харанга дэлдчихээд байна шүү дээ. Ийм байхад дахиж өр нэмэх асуудлыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг дахин хэлье.

-Сүр дуулиантайгаар олж, “залж” ирсэн “Чингис” бондын зарцуулалт ч багагүй маргаан дагуулсан байх аа?

-Эргэн төлөгдөх нөхцөлтэй зээл хэлбэрээр гаргасан хө­рөнгийн хувьд төсвийн зарлага тал дээр санхүүгийн тайланд тусгах шаардлагагүй. Гэхдээ улсын шинж чанартай хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийсэн тохиолдолд зарлагад заавал тусгасан байх ёстой.

Тэгэхээр зам зассан, төмөр зам, эрчим хүчний болон бусад үйлдвэрлэл үйлчилгээ бий болгосон зэрэг чиглэлээр хийсэн ажлуудыг тухайн холбогдох төсвийн ерөнхийлөн захирагчийн тайланд туссан байна. Гэтэл “Гудамж” төслийн 46.9 тэрбум төгрөгийг санхүүгийн ямар ч тайланд тусгаагүй. Энэ мөнгө хэний халааснаас гарч ямар ажилд зарцуулагдсан гэх зэрэг нь огт тодорхойгүй үлдчихсэн.

Энэ мэтчилэн төрийн алба­ны орон тоог нэмэгдүүлж, хан­гамжийг нь хэтрүүлсэн гэх зэрэг маш их зөрчил дутагдал бий.

-Нэгэнт Аудитын тайлангаар нотлогдчихсон тохиолдолд ха­риуцлага тооцох боломж байна уу?

-Бид хууль зөрчсөн, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн гэх зэрэг янз бүрийн үзүүлэлтээр Засгийн газрын болохгүй, бүтэхгүй байгаа хүмүүстэй хариуцлага тооцохыг удаа дараа шаардаж, албан тоотыг УИХ-д хүргүүлсэн. Та чадахгүй байгаа бол бид асуудлыг тавиад өгье гэсэн.

Цаашид ийм байдлаар яваад байвал Монгол Улсын эдийн засаг улам бүр хүндрэх нөхцөл байдал руугаа орчихсон. Хэн нэгэнтэй нь хариуцлага тооцож чадахгүй бол Засгийн газартай хариуцлага тооцох, төсвийн ерөнхийлөн захирагч нар өөрсдийн шат шатны төсвийн захирагч нартай хариуцлага тооцох асуудлыг хөндөж, шаардлага хүргүүлнэ.

-Энэ удаагийн төсвийн гүйцэтгэл ийм хүнд байгаа юм чинь 2014 оных бүр хэцүүдэх нь ээ?

-2014 он дундаа орчихлоо. 2013 оны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайландаа үндэслэж, зөрчил гаргаад байгаа албан хаагч, албан тушаалтнууддаа хариуцлага тооцохгүй бол энэ алдаа 2014 онд дахин давтагдах нөхцөл бүрдэнэ.
Өглөөний сонин
Ж.Нарангэрэл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ммм 2014-10-17 10:38:03
    энэ хужаагийн хүүхэд гадаад харилцаа гэж юу гэж донгосоод бна