Олон Улсын эрдэмтэд "Уур амьсгалын өөрчлөлт"-ийн талаар хэлэлцэж байна
Хүн төрөлхтний хөгжил дээд төвшиндөө хүрч буй хэмээн тодорхойлж болох “хөгжлийн их эрин” нөмөрлөж байгаа манай гарагт байгаль цаг уурын асар их өөрчлөлтүүд гарч байгаа билээ. Энэ нь хүн төрөлхтний мөнөөх “дээд” хөгжлийн үр дагавартай шууд холбоотой бөгөөд дэлхий дахиныг түгшээх болсон асуудал юм. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтний оюун санаа хийгээд техник технологид гарч байгаа үй олон дэвшилт, хөгжил нь эргээд байгаль дэлхийдээ сөрөг үр нөлөөг үзүүлж байгааг эрдэмтэн мэргэд хэлж байна. Энэхүү айдастай тэмцэх, түүнийг шийдвэрлэх ар­га замыг дэлхийн улс орон бүрийн эрдэмтэн судлаачид эрэн хайсаар байгаа. Үүний гарцыг олохын тулд Турк улсын Ататуркийн нэрэмжит их сургуулийн дэргэдэх “Торгоны замын дагуух Евро-Азийн их сургуулиудын консерциум”, БОНХЯ, “Соёл Эрдэм” дээд сургуулийнхан хамтран “Уур амьсгалын өөрчлөлт” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг энэ сарын 24-26- ны өдрүүдэд зохион байгуулж байна. Хурлаар дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, түүний сөрөг үр дагаврыг даван туулах арга замыг тодорхойлохоор эрдэм шинжилгээний илтгэлүүдийг хэлэлцэж байгаа юм. “Торгоны замын дагуух Евро-Азийн их сургуулиудын консерциум” нь энэхүү хурлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд тав дахь удаагийн энэхүү хурлыг зохион байгуулах ээлж нь манай улсад таарчээ.
 
Хуралд дэлхийн нэртэй эрдэмтэд болох Туркийн “Билкент” их сургуулийн док­тор, профессор Орхан Гүвэнен, Италийн “Подава” их сургуу­лийн доктор, профессор Пьер- паоло Фагги болон БОНХЯ-ны Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан тусгай элч, доктор Д.Дагвадорж зэрэг орон орны төлөөллүүд  уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, эрсдэл, шийдлийн талаар илтгэл хэлэлцүүлсэн юм. “Торгоны замын дагуух Евро-Азийн их сургуулиудын консерциум” гэх энэ байгууллага нь өөртөө 30 гаруй орны 150 гаруй их, дээд сургуулийг нэгтгэсэн бөгөөд МонголУлсаас тус консерциумд өнгөрсөн жил “Соёл Эрдэм” дээд сургууль гишүүнээр элссэн байна. Дашрамд дурьдахад, “Соёл Эрдэм” сургуу­лийн захирал С.Төмөр-Очир тус консерциумын удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа аж. Манай орны хувьд уур амьсгалын өөрчлөлт дэлхийн дунджаас дээгүүрт тавигддаг бөгөөд түүнийг дагаад нөлөөлөл нь хүчтэй явагдаж байгаа хэмээн мэргэжлийн хүмүүс онцолж байна. Энэ нь манай улсын газарзүйн байршил болон эрс тэс уур амьсгалаас үүдэлтэй ч хүний үйл ажиллагаатай холбоотой бусад олон хүчин зүйлүүд нөлөөлж байгааг хэлж байлаа.
 
Уур амьсгалын өөрчлөлтөд зөвхөн дулаарлын асуудал бус байгалийн элдэв үзэгдлүүд хамрагддаг аж. Судлаачдын гаргасан дүгнэлтээр сүүлийн 20 жилийн дотор гамшигт үзэгдлийн учруулж буй хохирлын хэмжээ хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Манай улсын хувьд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авч хэрэгжүүлж байгаа бодлого, чиг хандлагын талаарБОНХЯ-ны Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан тусгай элч, доктор Д.Дагвадоржоос тодруулахад “уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөрийг УИХ 2011 онд баталсан. Энэхүү томоохон хөтөлбөр хэрэгжээд явж байгаа. Энэ хөтөлбөр нь зөвхөн БОНХЯ-ны хөтөлбөр биш улс орны хэмжээнд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн бодлогын хэрэгжилт юм. Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад чиглэсэн үйл ажиллагааг нэн тэргүүнд хийх хэрэгтэй. Тиймээс бид тэрхүү өөрчлөлтийг бий болгоод байгаа хүлэмжийн хийн ялгаруулалтыг анхаарч, зохицуулалт хийх, усны нөөц хомсдож, бэлчээр талхлагдаж байгаа зэрэг асуудлуудад зохицсон арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Үүний хүрээнд манай яамнаас хэд хэдэн төсөл арга хэмжээг хэрэгжүүлээд эхэлчихсэн байна” гэлээ.
 
Энэхүү хурлын зорилго ач холбогдол, онцлогийн талаар “Торгоны замын дагуух Евро-Азийн их сургуулиудын консерциум”-ын удирдах зөвлөлийн гишүүн, “Соёл эрдэм” дээд сургуулийн захирал С.Төмөр-Очир “Торгоны зам бол Европ-Азийг холбосон гол зам байсан. Тиймээс өнөөгийн нөхцөлд ч мөн  Торгоны зам дагуух улс орнууд нэгдэн үйл ажиллагаа явуулъя гэсэн зорилгоор энэхүү консерциумыг байгуулсан. Манай улсаас өнгөрсөн жил “Соёл Эрдэм” дээд сургууль гишүүнээр элссэн. Торгоны зам дагуу улс орнуудад уур амьсгал болоод соёлын өөрчлөлт хэрхэн явагдаж байна вэ гэдгийг анхаарч сөрөг үр дагавруудыг хэрхэн шийдэх талаар хамтарч ажиллах зорилготой юм. Хуучнаар бол их сургуулиуд “мэргэжилтэн” бэлтгэдэг байсан бол өнөө үед “судлаач” бэлтгэдэг судалгааны сургууль болж байгаа юм. Тиймээс гишүүн сургуулиуд дэлхий нийтэд тулгамдаж буй асуудлуудыг судлах, арга замыг олох ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэн гаргах том зорилготой гэж хэлж болно” хэмээн тайлбарлалаа.
 
Тус хуралд оролцохоор “Торгоны замын дагуух Евро-Азийн их сургуулиудын консерциум”- ын гишүүн 30 гаруй орноос 90 орчим зочид төлөөлөгчид манай улсад ирээд байгаа юм байна. Хурлын нээлт энэ сарын 24-ний өдөр Туушин зочид буудалд болсон бөгөөд гурван өдөр үргэлжлэх юм. Дашрамд дурьдахад, хуралд оролцсон зочид эрт цагт туркчууд амьдарч байсан Хархорин хот дахь Билэг хааны хөщөөнд очиж хүндэтгэл үзүүлэх юм байна.
Монголын мэдээ
Х.Болор
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.