Дэлхий дээр 19 сая орчим хүн ХДХВ/ДОХ-ын халдвар авснаа мэдэхгүй явж байна
Дунд болон ядуу орлоготой орнуудын нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байгаа ХДХВ/ДОХ-ын халдварыг дэлхий дахинаа 37 сая орчим хүн тээж байгаагийн 19 сая нь халдвартайгаа “мэдээгүй явж байна” гэсэн тоо мэдээ байна.  

Одоогоос 25 жилийн өмнө Ази, Номхон далайн орнуудын ДОХ-ын асуудлаар анхны Олон улсын чуулган (ICAAP) зохион байгуулагдсан бөгөөд 12 дахь удаагийн чуулган Бангладеш Улсын Дака хотноо энэ сарын дундуур болж, манай улсаас төлөөлөгчид оролцоод иржээ. 

Ази, Номхон далайн бүс нутагт нийтдээ 56 улс багтдаг бөгөөд дэлхийн хүн амын 70 хувь нь энд амьдардаг байна. Энэ бүс нутагт  ХДХВ/ДОХ-ын халдвартай 5 сая орчим хүн амьдарч байгаагийн 160,000 орчим нь 15-аас доош насны хүүхэд байна. 

Монгол Улсад ХДХВ/ДОХ-ын халдварын тархалт насанд хүрэгчдийн дунд 0.1%-иас бага байгаа нь тархалт багатай орны тоонд ордог хэдий ч  хүн амын дундах бэлгийн замын халдварт өвчний тархалт өндөр, мансууруулах бодисын хэрэглээ, биеэ үнэлэлт, бэлгийн хүчирхийлэл, эрэгтэйтэй бэлгийн хавьталд ордог эрэгтэйчүүдийн тоо, трансжендерийн асуудал жил ирэх бүр нэмэгдэж байгаа нь ХДХВ/ДОХ-оор халдварлах эрсдэлийг нэмэгдүүлж  байгаа юм. 

Чуулганы үеэр дээрх асуудлыг хэлэлцэж, гарах арга замыг эрэлхийлэн тунхаг бичиг баталжээ. Тунхаглалд ХДХВ/ДОХ-ын халдвартай тэмцэхэд улс орон бүр үндэсний хэмжээний үр дүнтэй үйл ажиллагааг хэрэгжүүлэх зураглал гаргах, бага тархалттай орнуудын сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, анхан шатны тусламж үйлчилгээ, эрт илрүүлгийг сайжруулах, эхээс хүүхдэд халдвар дамжих эрсдэлийг бууруулах, лабораторийн оношилгоо, чанарын баталгаажилт, чанарын хяналтын тогтолцоог сайжруулах,  хандивлагчдын дэмжлэгийг нэмэгдүүлэх, салбар хоорондын болон хөрш орнуудын хамтын ажиллагааг сайжруулж, нийгмийг хамарсан тэмцэл өрнүүлэн 2030 он гэхэд Ази, Номхон далайн орнуудад ДОХ-ын халдварыг тэглэхээр тусгасан байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.