Б.Энхмандах: Дундчууд давамгайлсан нийгэм байгуулъя
Судлаач, доктор Б.Энхмандахтай хөгжлийн бодлогын асуудлаар ярилцлаа. Тэрбээр 2030 он хүртэл баримтлах Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын төсөл боловсруулсан дэд ажлын хэсэгт ажилласан юм.

-Уг баримт бичгийн ач холбогдол, онцлогийг хэлэхгүй юү?

-Монгол Улсын хөгжлийн бодлогыг урт хугацаанд төлөвлөх гэсэн оролдлого хийж ирснийг үгүйсгэхгүй. Мянганы хөгжлийн бодлогод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого бол чанарын өндөр хэмжээнд боловсруулсан баримт бичиг мөн. Гэвч хэрэгжих механизмыг нь бүрдүүлж чадаагүйгээс амжилттай үр дүн авчраагүй. Мянганы хөгжлийн бодлогод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын хэрэгжилтэд Үндэсний хөгжлийн хүрээлэн 2014 оноос үнэлгээ хийсэн байдаг. Үүгээр уг баримт бичгийн хэрэгжилтийг хангалтгүй гэж дүгнэсэн. Харин Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг батлахын өмнө Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хуультай болсноор бид хөгжлийн бодлогоо шинэ түвшинд авч үзэх шаардлага бий болгосон. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хууль бол Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал хэрэгжих эрх зүйн үндэс, баталгаа юм. Тийм ч учраас УИХ-ын даргын захирамжаар, хамгийн гол нь парламентад суудалтай улс төрийн бүх нам, эвслийн зөвшилцөх боломжийг хангасан ажлын хэсэг байгуулан, уг бодлогын баримт бичгийн төслийг боловсруулсан. Ажлын хэсэн болон дэд хэсгүүд үндсэндээ хоёр жил ажилласан. Цаашид улс төрийн аль ч  хүчин төрийн эрхэнд гарснаас үл хамааран урт хугацаанд баримтлах бодлогын чиглэлтэй болсонд уг баримт бичгийн гол ач холбогдол оршиж буй.

Үнэндээ бид өнөөдрийг хүртэл сонгуулиас сонгуулийн хооронд хөгжлийн бодлогоо өөрчилж ирсэн. Тэр байтугай нэг сонгуульт хугацаанд Засгийн газар солигдох бүрт бодлого нь өөрчлөгдөж ирлээ шүү дээ. Одоо энэ баримт бичигт шингэсэн үзэл санааг аль ч нам баримталж, хэрэгжүүлэх үүрэгтэй болсон. Тогтвортой хөгжлийн бодлогод тусгаснаас давуулж, хоосон амлах боломж үгүй болсон. Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд тусгасанчлан 2030 онд эдийн засгийн дундаж өсөлт 6.6 хувь байна, нэг хүнд ногдох үндэсний орлогын хэмжээг 17500 ам.долларт хүрнэ гэх мэт тодорхой зорилтуудын хүрээ, хязгаарт улс төрийн нам сонгуулийн мөрийн хөтөлбөрөө боловсруулна гэсэн үг. Цаашлаад салбарын яам, аймаг орон нутаг хөгжлийн бодлогоо төлөвлөх суурь нь урт хугацааны бодлогын баримт бичиг байх юм.

-Бодлогыг хэрэгжүүлэх механизм бий болгосон байг. Тэгвэл бодлого дотроо салбар хоорондын хөгжлийн уялдаа, холбоог хэр хангасан гэж хэлэх вэ. Магадгүй энэ нь Монгол Улс 2030 он гэхэд цэцэглэн хөгжих хамгийн гол хүчин зүйл байх?

-Энд бас нэг онцлог зүйлийг хэлмээр байна. Уг баримт бичгийн төслийг боловсруулах явцад НҮБ-аас дэлхий нийтээр ирэх 15 жилд ямар хөгжлийн бодлого, чиглэл баримтлах вэ гэдгийг заасан “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” гэсэн баримт бичиг баталсан. Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал энэхүү баримтын хүрээнд маш сайн тохирч буй. Тэр дундаа нийгмийн хүрээний асуудлууд хамгийн сайн уялдсан гэж хэлмээр байна. Өөрөөр хэлбэл, өмнөх баримт бичгүүдэд юуны өмнө эдийн засгийн өсөлтөд тулгуурлаж, бусад салбараа хөгжүүлэн, хүний болон нийгмийн хөгжлийг дараа нь ярья гэх байдлаар хандаж ирснийг халсан. Товчхондоо энэ удаа хүнийг нийгмийн бодлогын төвд аваачсан. Энэ хүрээнд ядуурлыг эцэс болгох зорилт анхлан тавьж буй.

Нөгөө талаас өнгөрсөн 25 жилийн хугацаанд нийгмийг хамгийн их бухимдуулж ирсэн асуудал бол нийгмийн тэгш бус байдал болоод байгаа. Энэ нь өдгөө бид 1992 онд баталсан, ардчилсан Үндсэн хуулийн үзэл санаанаас маш их холдсоны шинж юм. Уг нь “Хүнлэг, энэрэнгүй, ардчилсан нийгэм байгуулна” гэж Үндсэн хуульдаа тунхагласан шүү дээ. Энэхүү нийгмийн эдийн засгийн үндэс нь төрийн зохицуулалттай зах зээлийн эдийн засаг байна гэдгийг ч заагаад өгчихсөн. Харамсалтай нь нийгмийн тэгш байдал дээр тогтох ёстой хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийн зарчим алдагдсан. Тийм учраас урт хугацааны бодлогын төвд дундчуудын нийгмийн асуудал тавигдаж байгаа юм. Баримт бичигт тусгаснаар 2030 он гэхэд Монголын нийгмийн 80 хувь нь дундаж болон чинээлэг дундаж давхаргад хамаарах учиртай. Дундчууд бол аливаа нийгмийг авч явдаг, ирээдүй рүү тэмүүлж амьдардаг хүмүүс. Товчхондоо дундчууд давамгайлсан нийгэм байгуулъя гэж байгаа юм.

-Үүнд яаж хүрэх вэ?

-Энэхүү баримт бичгийг боловсруулан баталсан үе эрдэс баялаг, уул уурхайн хямралтай давхацсан. Тиймээс ч манай эдийн засагчид, эрдэмтэд Монгол Улс мал аж ахуйдаа түшиглэн хөгжих ёстой юм байна гэж үзсэн. Малчид бол нийгмийн дундаж давхаргыг бүрдүүлэх том бүлэг. Одоо тэдэнд юу дутагдаж байна гэхээр орлогыг нь тогтвортой, аж ахуй эрхлэлтийг бизнесийн шинж чанартай болгоход анхаарч, дэмжмээр байгаа юм. Нөгөө талаас мал аж ахуйн үйлдвэрлэлийг яаж эрчим хүчээр хангах, хэрхэн нүүдлийн болон суурьшмал соёл иргэншил хослуулсан эрчимжсэн аж ахуй бий болгох, таваарлаг шинж чанарыг нь яаж нэмэгдүүлэх вэ гэдгийг тодорхойлж байж малчдаар дундаж давхаргаа бүрдүүлэх ёстой.

Хоёрдугаарт, жижиг, дунд бизнесийг хэзээ ч орхигдуулж болохгүй. Орхигдуулах нь битгий хэл тэргүүн эгнээнд авч үзэх ёстой. Тэгш нийгэм байгуулахыг зорьж байгаа л бол ажлын байрыг байнга нэмэгдүүлэх бодлого баримтлах ёстой. Ажлын байр бол орлого нэмэгдүүлэх гол арга зам. Ажлын байрыг нэмэгдүүлэхийн тулд жижиг, дунд бизнесийг бүх талаар дэмжиж, хөгжүүлэх ёстой. Тэгж байж нийгмийн дундаж давхаргыг байнгын тогтвортой орлоготой байлгана.

Гуравдугаарт, төрийн албан хаагчид буюу төрөөс цалинждаг багш, эмч нарын цалингийн тогтвортой өсөлт нийгмийн дундаж давхаргыг нэмэгдүүлэх гол арга зам болох учиртай. Эдгээрийг хэрэгжүүлэн хүн амынхаа 80 хувийг дундчуудаар бүрдүүлсэн цагт тэгш нийгэм бий болно. Үүнд тохирсон татварын, хөрөнгө оруулалтын, хөдөлмөр эрхлэлтийн, нийгмийн халамжийн зэрэг бодлоготой байж, уялдаа холбоог хангахаар тусгасан. Нийгмийн халамжийн бодлогыг хүртэл нарийн авч үзэх ёстой. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн хөшүүргийг улам их болгох ёстой гэж тусгасан. Нөгөө талаас тухайн хүн өөрөө орлого олж, хөгжиж дэвших механизмыг яаж бий болгох вэ гэдгийг холбогдох хуулиудад шингээж өгсөн. Өөрөөр хэлбэл, нийгмийн бодлогын асуудлыг бодитой, өнөөгийн эдийн засгийн чадавхитай уялдуулан 2030 он хүртэл гурван үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн учраас уг бодлогын баримт бичиг бодитой хэрэгжих боломжтой. Тэгээд ч манай эдийн засагчид, Сангийн яамныхан математик загварчлалын арга хэрэглэж, 2021 он хүртэлх өрийн дарамтыг хүртэл тооцсон юм билээ.

-Гэхдээ бодлогыг хэрэгжүүлж эхлэх гарааны нөхцөл бүхий л талаараа тун тааруу байна. Тэгэхээр эхний таван жилд хэрэгжүүлэх бодлого бүр чамбай, бодитой байх ёстой юм шиг ээ.

-Баримт бичгийг үе шат, зорилт бүрээр тооцож, боловсруулсан. Тиймээс ч эхний шатны зорилтууд маш даруухан болсон. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн чадавхи, өнөөгийн бодит бололцоондоо тулгуурласан зорилтуудыг дэвшүүлсэн. Жишээ нь, 2030 он гэхэд ядуурлын бүх төрлийг эцэс болгохоор зорилт тавьсан ч эхний таван жилд өнөөдөр 21.6 хувьтай буй ядуурлын түвшинг 18, дараа нь нэг оронтой тоонд, сүүлийн таван жилд тэглэх зорилт тавьсан. Шат болгонд эдийн засгийн чадвар,  өсөлтийг тооцож үзсэн.

Ер нь өнгөрсөн хугацаанд төр засаг иргэдээ өрсөлдөөн дунд сул тавиад орхичихсон. Үндсэн хуульдаа хүмүүнлэг, энэрэнгүй, ардчилсан нийгэм байгуулна гэж тунхаглачихаад зэрлэг капитализмын замаар явж ирсэн шүү дээ. Нөгөө талаас сайн сайхан нийгмийн үлгэр жишээ болсон Швед, Норвеги, Финланд, Дани зэрэг Умардын хөгжингүй улс орнууд эхлээд мөнгөтэй болчихоод дараа нь хүнээ, нийгмийн тэгш байдалдаа анхаарсан юм биш. Тэд нийгэм, хүний хөгжлийн асуудлаа анхнаасаа орхигдуулалгүй авч явсанд тэдний нийгмийн хөгжлийн амжилтын нууц нь оршдог.

Энэ ч үүднээс тогтвортой хөгжлийн баримт бичгийн эдийн засгийн загварчлалыг боловсруулахдаа Монгол Улс жилд хэдэн төгрөг олох юм, түүний хэдийг нь нийгмийн суурь дэд бүтэцдээ зарцуулах вэ гэдгээ нэлээд нарийн тооцож, тусгасан гэж үзэж байна. Энэ баримт бичиг бол салбар, салбарын яам, судалгааны байгууллагууд, мэргэжил бүрийн эрдэмтэн, судлаачдаар хэлэлцүүлсэн, олон хүний хүч, хөдөлмөр шингэсэн хамтын бүтээл болсон гэдгийг хэлэх нь зүйтэй.
 
Б.Номин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-03-30 04:30:28
    Баян хоосны ялгаа их болсон үед хөгжлийн гарц нь дундчуудын нийгэм байгуулах гэдэг нь зөв санаа байхаа. Хувь хүнрүү нь дайрахаасаа өмнө юу хэлж буйг нь уншаач.
    202.131.233.187
    Мэдэгдсэн Хариулах
  • Casinochin 2016-03-29 21:27:47
    Ene odoo casino-tai xolbogdood avilgal avaad tegsnee arga xemjee avxuulaxgyi bultdag noxor mon byz dee. Icheech chi
    128.233.13.53
    Мэдэгдсэн Хариулах
  • даваа 2016-03-29 11:22:28
    соцлизмиин үед бүгдээрээ дунд баисан, ядуу баихгүи баян баихгүи,
    103.9.88.18
    Мэдэгдсэн Хариулах
  • БИ 2016-03-29 08:51:28
    ТА ИДДЭГЭЭ ИДСЭН ТУЛ ДУУГҮЙ СУУЖ БАЙ. ХАНГАЛТТАЙ БИЗ ДЭЭ
    202.179.25.104
    Мэдэгдсэн Хариулах
  • эмч 2016-03-29 06:10:08
    хэрэгждэг бол сайхан санаа байна, даанч маниус дийлэх биш дээ, бид хулгана шиг
    119.40.103.130
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2016-03-29 03:14:55
    ene luivarchin haanaas garaad irev ee. Songuuli duheheer chutger, shulam8 aluurchid uurneesee garaad ireh yum aa.
    202.72.243.146
    Мэдэгдсэн Хариулах