Т.Сэр-Од: Онол, практик хоёр хүйн холбоотой байж тухайн салбар хөгждөг жамтай
Энэ удаагийн “Уран бүтээлч” буландаа Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын Уран сайхны удирдаач, хөгжмийн зохиолч, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, дэд хурандаа Т.Сэр-Одыг урьж ярилцлаа.

-Сүүлийн үеийн тань уран бүтээлийн сонин сайх­наас ярилцлагаа эхлэх үү?

-Тэгье ээ. Одоогоор нэг том бүтээл дээр ажиллаж байна.

-Яг ямар бүтээл билээ?

-Төгөлдөр хуурт зо­риулсан цуврал бүтээл. Саяхан Европын холбооны орнуудаар уран бүтээлийн аялал хийгээд ирлээ. Энэхүү аялалаасаа сэдэвлэн хөгжмийн тэмдэглэл бичиж байна. Швейцари, Франц, Швед зэрэг зургаан орны 15 хотоор аялсан. Маш богино хугацаанд гурван удаагийн хамтарсан уулзалт, тоглолт зохион байгууллаа. Ингэж явахдаа төрсөн сэтгэгдлээ багцалж өрнө зүгт аялсан хөгжмийн тэмдэглэл бичиж байна. Нийт 21 аязаас бүтсэн цуврал бүтээл л дээ. Энэ бүтээл маань хуурцагтайгаа, төгөлдөр хуурийнхаа ноттой ном болж хэвлэгдэж гарах байх.

-Хэзээ бэлэн болох вэ?

-Энэ жилийн ажил байх болов уу гэж бодож байна.

-Өдрийн тэмдэглэл, аян замын тэмдэглэл гэж мэдэхээс хөгжмийн тэмдэглэл гэж сонсож байгаагүй юм байна шүү?

-Аргагүй л дээ. Урд өмнө нь сонсогдож байгаагүй жанр юм. Гэхдээ бид өөрийнхөө сэтгэлд буусан сонин хачин бодол, тэрхүү зүйлүүдээ тэмдэглэж авдаг биз дээ. Хөгжмийн хэл өөрөө бие даасан зүйл шүү дээ. Ямар ч улс оронд орчуулагагүй шууд хүрдэг онцлогтой. Бичгийн хэл нь хүртэл ямар ч саадгүй хүмүүст очдог. Тиймээс хөгжмийн уран бүтээлд ийм жанр байж болохгүй гэх газаргүй.
Цаашид уран зохиолын жанр болж орчин цагт нэлээд түгээмэл гарах болсон эссег өөрийнхөө хөгжмийн бүтээлд бас нэг жанр болгон оруулах бодолтой явна.

-Сонирхолтой л юм. Эрхгүй анхаарал татаж байх чинь?

-Хөгжмөөр илэрхийлж, бичиж болохгүй зүйл гэж байдаггүй. Дэлхийн хөгжмийн түүхээс харж байхад хүртэл урлагийн төрөл доторх уран бүтээлийн жанрууд нь хоорондоо ямагт уялдаатай байдаг. Тэр ч битгий хэл бие биедээ уусч, нэг нэгнээсээ дамжин орж ирсэн харагддаг. Тиймээс өөрийн авьяас, хүч, түүндээ цаг заваа зарцуулж, хөдөлмөрөө зориулж яваа хүний хувьд урлагийн салбар, тэр дундаа хөгжмийн төрөлд бусад урлагийн жанрыг татаж оруулж ирэх хэрэгтэй юм. Миний санааг ойлгож байгаа биз дээ.

-Тэгэлгүй яах вэ?

-Ийм л бодол тээж явна. Гэхдээ цоо шинэ зүйл хийх гээд зүтгээд байгаа юм биш. Хэдийгээр тэмдэглэл гэх жанр хөгжимд байхгүй ч гэсэн байх боломжтой гэдгийг л харуулах гэсэн юм. Ихэнх хөгжмийн зохиолчид энд тэнд аялж явахдаа аяз зохиосон байдаг шүү дээ.

-Ингэхэд таныг цэргийн байгууллагад ажиллаж байгааг сонсоод их гайхлаа. Хөгжмийн зохиолч Г.Сэр-Од яагаад хилийн цэрэгт орж ажиллах болов?

-Хэд хэдэн шалтгаантай. Миний хувьд 2001 оноос хойш тасралтгүй мэргэжлийн боловсролын байгууллагад ажилласан.

-СУИС-д багшилдаг байх аа?

-Тийм ээ.

-Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгатай ажил, амьдралаа холбох ямар шалтгаан байсан гэж?

-Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга бол том лаборатори юм. Нэгдүгээрт надад уран бүтээлийн байгууллагад ажиллах хүсэл эрмэлзэл байсан.

-Гэхдээ өмнө нь та Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгад ажиллаж байсан санагдана?

-Тийм ээ, 2001-2004 онд Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгад Хөгжмийн зохиолч, удирдаачаар ажиллаж байсан. Огт уран бүтээлийн байгууллагад ажиллаж байгаагүй ч биш л дээ.

Одоо бол Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгад уран бүтээлийн асуудал эрхлээд явж байна.
Бидний хэлж заншснаар уран сайхны удирдаач гэх үү дээ. Энэ байгууллагад орж ажиллах болсон хамгийн том шалтгаанаа чамд хэлье.

Би гадагш харалгүй ганцхан багшлаад өөрийгөө үйлдвэрлэгч гэж бодоод явахаас илүү миний гар­гаж байгаа бүтээгдэхүүн өнөө­гийн зах зээлдээ таарч, тохирч байгаа эсэх нь чухал юм. Гадагш харж чадахгүй болчихвол их хэцүү л дээ. Тэр тусмаа боловсролын байгууллага.

Цөөн хүн амтай Монгол Улсын хувьд маш олон соёл урлагийн мэргэжилтэн бэлтгэж байна. Дуртай нь дуучин болж байна шүү дээ. Ганцхан жишээ хэлье л дээ.

Манайд дуулаачаар боловсон хүчин бэлтгэдэг хэд хэдэн их, дээд сургууль бий. 2011 онд санагдана. Зөвхөн дуулаачийн мэргэжлээр 502 хүүхэд төгссөн. Энэ бол аймар тоо. Нөгөөтэйгүүр хэрэв чи багшилж байгаа л бол боловсон хүчний асуудалд зайлшгүй анхаарах ёстой. Багш хүнд тийм хэмжээний сэтгэл, ёс зүй байх хэрэгтэй.

-Янз нь аль аль нь уялдаа холбоотой ажиллах ёстой л гэж хэлээд байна аа даа?

-Яг тийм. Өнөөдөр би өөрийнхөө шавь нартай ажиллаж байна. Миний төгсгөсөн хүүхдүүд энэ байгууллагын шаардлагыг хангаж чадаж байна уу, үгүй юу.

Бид сургалтдаа юуг анхаарах ёстой гэдгийг судалж байна. Олон ч судалгаа хийгдэж байгаа. Нэг үгээр уран бүтээлийн байгууллагад хэн хэрэгтэй байна, тэр боловсон хүчнийг бид яаж бэлтгэх ёстой вэ гэдгийг л харахын тулд энд ирсэн.

Ийм уялдааг бий болгохгүй бол боловсон хүчин бэлтгэдэг сургууль ч, тэднийг авч ажиллуулдаг байгууллагын аль аль нь явахгүй. Онол, практик хоёр хүйн холбоотой байж тухайн салбар хөгждөг жамтай.

-Тэр ч тийм шүү, тан­тай санал нэг байна. Нөгөө­тэйгүүр онол, практик хоё­рыг хүйн холбоотой бол­гочихоод хилийн цэргийн хаалгыг хаагаад гарч одох нь ээ дээ?

-Тийм ээ. /Инээв/ Багш бол миний үндсэн мэргэ­жил. Өнөөдөр цэргийн байгууллагад намайг дэд хурандаа Сэр-Од гэж дуудахаасаа илүү Сэр-Од багшаа гэдэг. Настай хүмүүс хүртэл багшаа гэж дууддаг. Үүнээс том алдар гэж надад байхгүй. Тийм ч учраас цаг ямагт би багш гэдгээ ухаарч, ойлгож явдаг.
Харин цэргийн алба бол тодорхой заасан цаг хугацаатай.

Тангарагыг нь өргөж, мөрдөс зүүсэн учраас ямар ч зүйлийг цэргийн дүрэм журамд заасан дагуу л гүйцэтгэнэ. Үүргээ гүйцэтгэх болно. Цаг нь ирэхээр энэ байгууллагаас гарч багшилна даа.

-Үүргээ гүйцэтгэж явна гэснээс та мөрөөдлөө биелүүлжээ дээ?

-Ямар мөрөөдөл билээ.

-Хилийн цэргийн офицер болох?

-Тийм ээ. /Инээв/

-Надад нэг зүйл ажиглагддаг л даа. Сүүлийн үед манай дуучид гадаадын том тэмцээн уралдаанд амжилттай оролцож байна. Тэд тодорхой хэмжээнд Монгол Улсынхаа нэрийг гаргаж явна. Харин манай хөгжмийн зохиолчдод тийм боломж, дэлхийд алдарших гарц байгаа болов уу?

-Байлгүй яах вэ. Энэ гарц, замнал аль эрт гарсан. Харамсалтай нь өнөөдөр харьяаллын дээд байгууллагаас огт олж харсангүй.

Тэртээх онуудад хөгжмийн урлагийн тулгын гурван чулууг тавилцаж явсан ахмад уран бүтээлчид маань энэ гарцыг гаргаж л байсан. Үе үеийн уран бүтээлч­дийн сор болсон бүтээл нь дэлхийд данслагдаж, ЮНЕСКО-д бүртгэгдэж байлаа. Тэр бүхнийг дээд байгууллага нь олж харахгүй байна.

Гэхдээ бид энэ тал дээр анхаарч ажиллана. Монголын хөгжмийн зохиолчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүний хувьд хэлэхэд гадна тийш хандсан олон ажил хийх болно. Энд нэг л хүндрэл бий.

-Хөрөнгө, мөнгөний юу?

-Яг зөв. Заавал хөрөнгө, мөнгөний хөшүүрэг хэрэг болдог.

-Хөгжмийн зохиолчид гэж бусдыг нэрд гаргаж од болгодог хүмүүс. Нэг чанартай, сайхан уран бүтээлийн ард нэр нь л дурсагдах төдий байдаг. Гэхдээ төр засгаас хөрөнгө мөнгөний хөшүүрэг авах тал дээр өөрсдийнх нь үг, хэл нь дутууддаг талтай?

-Үг, хэл нь дутдаг гэж үнэн байх. Наад зах нь хөгжмийн зохиолчид бага ярьдаг. Бараг л ярьж чаддаггүй гэхэд болно. Ер нь дуучид, бүжигчдээс хөдөлгөөн удаан л даа. Их боддог, суудаг ажил шүү дээ. Хөгжим бичих чинь суухгүй, бодохгүй гүйгээд бүтдэг хялбар зүйл биш. Өөрөөр хэлбэл маш их бодол чилээж, боловсруулж суудаг хүмүүсийн үг, хэллэг их цөөн байдаг байх. Энэ нь алдаа биш юм. Хийж байгаа зүйл нь тэр хүнийг хүмүүжүүлж байдаг шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа.

Өглөөний сонин
Б.Төрбат
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • шүрээ 2014-06-26 01:12:43
    Сайхан шүрэн толгойтой хөөрөг шиг хамар байна даа...