Валютын ханш наадмын төсөв өсөхөд нөлөөлжээ

Улаанбаатарчууд энэ зун 2.2 тэрбум төгрөгөөр наадхаар төсөвлөжээ. Энэ нь өмнөх оныхоос 500 сая төгрөгөөр, 2010 оныхоос 1.5 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт юм. Тэгвэл наадмын төсөв яагаад өсөв. Энд цөөхөн хэдэн шалтгааныг дурьдаж болохоор байгаа юм. Жишээ нь валютын ханш/ам.доллар/2010 онд 1.375 төгрөг байснаа 2014 онд 1.825 төгрөг болж өссөн нь наадмын төсвийг нэмэгдүүлэхээс аргагүй болгосон нэг шалтгаан болжээ. Монголд ер нь валютаас шалтгаалахгүй зүйл гэж нэгээхэн төдийд ч байхгүй болсны тод илрэл юм уу даа.

Наадмын төсвийг нэмэгдүүлсэн өөр нэг шалтгаан нь Чингис хааны талбайд/Сүхбаатарын талбай асан/ зохион байгуулах 3D шоу. Яагаав нөгөө Чингис хааны хөшөө гэнэт амь ороод талбай дээр байсан хүмүүст сургааль айлдаад байгаагүй юу. Тэгвэл энэ жилийн наадмаар түүнтэй адил бас нэгэн үзүүлбэр байгаа аж. Үүнээс гадна төрийн дээдсүүдийн хуушууранд 10 сая төгрөг зарцуулахаар нэмэгдүүлсэн байгаа юм. Энэ ч нэмэгдэх нь зүй ёсны хэрэг. Учир нь 2010 онд 500 төгрөгөөр зарагдаж байсан хуушуур, 2013 онд 1000 төгрөг болж нэмэгдээ биз дээ. Хуушуурны үнэ хоёр дахин өсчихөөд байхад төрийн түшээдийн хуушууранд зарцуулах үнэ өсч л таараа.

Тэгвэл 2.2 тэрбум төгрөгийг юунд зарцуулах вэ гээд задлаад үзье. 921.2 сая төгрөгийг бай шагналд зарцуулах бол 946 сая төгрөгийн соёл урлагийн арга хэмжээнд зарцуулахаар тусгаж. Соёл урлагийн арга хэмжээ нь Д.Сосорбарам гавьяатын зохион байгуулдаг хэсэг л дээ. Тэрээр үүнээс бага мөнгө төсөвлөсөн ч би наадмаа зохион байгуулж чадна гэж бардамнасан байгаа юм. Гэхдээ өмнөх жилүүдтэй харьцуулахад наадмын соёл урлагийн арга хэмжээний зардал өсчээ гэж харагдаж байна. Мөн тохижилт үйлчилгээний ажилд 494 сая төгрөг/хэрвээ бид хогоо хаяхгүй халаасалж яваад хогийн савандаа хийчихвэл энэ зардал багасах магадлалтай/ хэв журамд 142.5 сая төгрөг /энд мөн л айргаа бага ууж агсам тавихгүй бол зардлыг багасгах боломжтой/ бусад зүйлд 333.9 сая төгрөг төсөвлөсөн байна.  

Мөн энэ зуны наадмыг гадны 12 мянга орчим хүн үзэж сонирхоно гэсэн таамаг байгаа аж. Тэгэхээр тэдний халаасыг нимэглэх бас бус зүйлийг нэмж зохион байгуулсан ч болохоор санагдаж байна. За тэгээд хурдан морьд нь Хүй долоон худагтдаа уралдаж, Төв цэнгэлдэх хүрээлэнд хүчит бөхийн барилдаан, сур харваа, шагайн харваа зэрэг уламжлалт наадгайнууд нь болдгоороо болно. Эртнээс бэлтгэсэн хуушуурын худалдаанаас гадна ганц нэг шарсан тахиа, шорлог мэтийн зүйл цэнгэлдэхийг бүчих биз.

Мэдээж наадмын өдрүүдэд автобус үйлчилгээнд гарах бол RAILBUS ч бас тээвэр үйлчилгээнд орно гэж албаныхан мэдэгдэж байна. Мөн тав хоног амарч магадгүй болчихлоо. Байнгын хороо ямартай ч тав хоног амрах асуудлыг дэмжсэн. Гэхдээ энэ амралт нь цагдаа, хэвлэл мэдээллийнхэн, цэрэг, ТҮК-ийн ажилчдад хамааралгүй л дээ. Мөн энэ жил Ардын хувьсгалын 93 жилийг тэмдэглэх нь үү, эсвэл Тулгар төр, Их Монгол Улс байгуулагдсны олон зуун жилээрээ явах нь мэдэхгүй юм. Энэ бүгдийн эцэст Монгол түмэн дэнж хотойтол нааддагаараа наадаж, баяр цэнгэл үргэлжилдэгээрээ үргэлжлэх болно.

Ами
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ганхүү 2014-06-26 06:54:17
    Пөөх ямар гоё юм бэ. Валютын ханш бараа, үйлчилгээний үнэд нөлөөлдөг гэдгийг мэддэг хүмүүс биднийг удирдаж байсан юм уу. Гүнээ талархаж байна