Сүр дуулиантай хүүхэд хамгаалал хаачив
Хүүхэд хамгааллын асуудлыг сур дуулиан, шуугиан болгодог байгууллагууд ажлаа ер нь хийж байна уу гэж асуумаар байна. Насанд хүрээгүй хүүхдээ хурдан морь унуулахгүй байх хууль, журам гаргана. Аав, ээж чинь загнаж, бөгсөн дээр чинь алгадвал утасдаарай гэж нэг дугаар нээснээс өөр юу хийв. Өнөөдөр тэр дугаарыг нь мэддэг хүн хэд байна. Тун цөөн шүү дээ. Тэр дундаа хүүхдүүд мэдэхгүй. Ямар сургалт, сурталчилгаа байхгүй. Таниулах ажил хийхгүй байна. Хүүхдийн эрх гээд л яриад байгаа, түүнийгээ олигтой ойлгуулж чадахгүй байгаа шүү дээ. Аав, ээждээ туслаад, зуны амралтаараа бага сага ажил хийж байгаа хүүхдүүдийн хөдөлмөрийг тэвчишгүй гэсэн хэлбэр рүү аваачиж хийгээд. Хүүхдийн эрх гэхээр дураараа дургих ёстой мэтээр яриад л байж байна. Яг л барууны системийг дууриах гэж оролдоод, тэр нь Монголын хөрсөнд буухгүй байгаа юм. Уг нь бид монгол хүний, хүүхдийн онцлог байдалд тохируулсан хууль, журмыг боловсруулах ёстой. Тэгээд хүүхэд рүү чиглэсэн, урьдчилсан сэргийлсэн ажлыг хийж гэмээнэ хүүхэд хамгаалал бодитоор бий болно.
 
Хөл дээрээ босно. Өнөөдөр балчир хүүхдийг нохой барьчихлаа. Энэ асуудалд хүүхдийн төлөө гэгдэх байгууллагууд дуугарсан уу. Дуугарахгүй л байна шүу дээ. Эрх баригчид өнөөдөр золбин нохой устгалын тал дээр дорвитой ажил хийхгүй байгаа. Саяхан л нохой устгах төсвийг багахан нэмэв. Ийм л байдалтай байна. Өнөөдөр Г.Маралмаа гэх эмэгтэй бяцхан охиныг өргөөд авчих, харж хандах, асрах нинжин сэтгэлтэн хэд байгаа билээ. Эх нь мэдээж хийсэн хэргийнхээ ялыг үүрэх л ёстой. Гэтэл тэр бяцхан үрд ямар буруу байгаа билээ. Одоохондоо бол бүгдэд гологдоод байж байна. Нөгөө хүүхэд хамгаалал хаачив. Хүүхдийн эрхийн байгууллагууд яагаад дуугарахгүй байгаа юм бэ. Уг нь хамгийн түрүүнд гарч ирээд, асран хамгаалагч хайгаад, аятайхан хүмүүст өргүүлэх, эсвэл улсын асрамжид өгөх талаар хөөцөлдөөд явж байх ёстой биш бил үү. Нөгөө хүүхдийн эрхийн байгууллагууд нь хүчин мөхөстөө юу. Хэдхэн жишээ татахад л ийм байна шүү дээ.
 
Хүүхэд хамгаалал гэдэг чинь нэг их сүртэй малгайлж орчихоод дараа нь хайлаад урсчихдаг хаврын цас шиг л байна. Гэтэл өнөөдөр хүүхдийн эрх янз бүрээр зөрчигдсөөр. Ядаж л хүүхэд гэмт хэрэг холбогдож, элдэв янзаар мансуурах хэрэг жил ирэх тусам нэмэгдсээр байгаа.
 
Энэ асуудалд хүүхдийн эрхийн байгууллагууд, төр засаг анхаарлаа хандуулах цаг болсон. Буруу гажуу зүйлсийн сөрөг үр дагавар, хор хөнөөлийг суртачлан таниулж, жигшүүлэх талын ажлыг цаг, минут тутамд хийх ёстой. Тэгж байж бид ирээдүй хойч үеээ аварч үлдэнэ. Түүнээс биш зөвхөн аав, ээждээ зодуулжбайгаа хүүхдийн эрхийг хамгаална гэж доголон юм яриад бүтэхгүй ээ. Хүүхэд хамгаалал гэдэг цогц байх ёстой. Тэр ч битгий хэл хүүхдийг буруу зам руу орохоос сэргийлэх талын ажлыг ч ямар нэг байдлаар хийх л хэрэгтэй. Боловсролын байгууллагатай хамтраад олон ажлыг хийж болно. Бүр боловсролын хөтөлбөрт оруулаад, хүүхдүүдийг багаас нь зөв чиглүүлж, хүүхэд хамгаалал гэдгийг утгаар нь ойлгуулж яагаад болохгүй гэж.
 
Үнэхээр хүүхдийн эрхийг зөрчөөд, хүчирхийллийн чанартай үйлдэл гаргаж байгаа эцэг, эхээ мэдээлж чаддаг. Хүүхдийн эрх ямар тохиолдолд зөрчигдөж байгааг ялгаж салгадаг бяцхан иргэдийг бид бэлтгэж чадвал энэ асуудал бага ч болов шийдэгдэнэ. Насанд хүрээгүй хүүхдээр морь унуулахгүй байх хууль ярьж байхаар өвөл уралдаан зохион байгуулахгүй байх талаас нь шийдэх гэж оролдвол арай дээр. Зөв гарц үргэлж байдаг. Харин тэрийг нь олох л хэрэгтэй байна, хүүхэд хамгаалагчдын дүр эсгэгчдээ.
 
Монголын мэдээ
Н.Пунцагболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.