Даварсан барилгынхныг дарахын тулд тусгай зөвшөөрлийг нь цуцалъя
Орон сууцны М2-ийн зөрүүгээр иргэдийн мөнгийг шулдаг барилгын компаниудын үйлдэл хэрээс хэтэрлээ. Сүүлийн үед ашиглалтанд орж буй орон сууцны хорооллуудын байрнаас м2-ийн зөрүүгүй байр гэж байхгүй боллоо. Гэвч барилгын компаниудын хууль бус энэ үйлдлийг таслан зогсоож, арга хэмжээ авч чадах яам агентлаг, албан тушаалтан алга бололтой. Иргэд өөрсдийн бор зүрхээрээ яаж ч зүтгээд м2-ийн зөрүү төлбөрөө авч чадахгүйд хүрээд байна.Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын мэдээлж буйгаар 60 гаруй компанид хаяглагдсан 540 гаруй хүний өргөдөл ирсэн хэмээх мэдээлэл өгөөд байсан. Тэгвэл бодит байдал дээр энэ тоо хэд дахин илүү байгааг “М2-ийн зөрүүгээр хохирсон иргэдийн холбоо”-ны хүмүүс хэлж байгаа юм. Эдгээр хүмүүс  бүтэн жил хөөцөлдөөд зөрүү мөнгөө олж авч чадаагүй бөгөөд хуулийн байгууллагад хүртэл хандаад тусыг эс олсон гэдгээ хэлж байсан.

Иймээс барилгын салбарыг хариуцсан яам агентлаг тэр ч бүү хэл хууль цагдаагийнхан нь ч дийлэхээ байсан барилгын компаниудын тусгай зөвшөөрлийг хураан авбал яасан юм бэ гэдэг саналыг М2-ийн зөрүүгээр хохирсон иргэд гаргаж байна. Өдий төдий иргэдийг залилж, хуурч мэхлэх аргаар хэдэн сая төгрөгний хохирол учруулсан барилгын компаниуд өнөөдөр ч дахин өөр шинэ хотхон, хорооллыг барьж ашиглалтанд оруулахаар ажиллаж байгаа. Харин тэд өнөөх л башир аргаа хэрэглэж иргэдийн мөнгөнөөс хулгай хийж байна. Тэгэхээр дахин хэдэн хохирогч нэмэгдэхийг хэн ч мэдэхгүй. Тиймээс л М2-ийн зөрүүгээр олон тооны иргэдийг хохироосон бол тэдний тусгай зөвшөөрөлтэй ярьдаг болох тогтолцоонд шилжих нь том толгойлсон эдгээр барилгын компаниудын хууль бус үйлдлийг таслан зогсоох боломжийг бүрдүүлнэ.

Нэг айлын байрнаас  дутсан бол тэр хотхоны бүх айлаас дутах тохиолдлууд сүүлийн үеийн бүх орон сууцны хорооллуудад тохиолдож байна. Тэгэхээр энэ нь ганц хоёр сая  төгрөгний асуудал биш. Нэг М2 нь хоёр сая давсан байранд бол энэ нь хэдэн зуун саяар тоологдох мөнгө. Тиймээс М2-ийн зөрүүгээр иргэдийг хохироож буй барилгын компаниудын энэ үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэхэд ч болох юм.

Барилгынхны балгаас өндрөө авсан нь л метр квадратын асуудал. Хугацаандаа ашиглалтад ордоггүй, нар салхи үзэх эрхгүй, хүүхэд тоглуулах газаргүй, машин тавих зайгүй гээд тоочоод байвал мундахгүй олон зөрчилтэй. Хот байгуулалтын тухай хуулиар бол авсан газрынхаа 70 хувийг барилгажуулж, 30 хувийг нь оршин суугчдад зориулах ёстой. Автомашины зогсоол, цэцэрлэг, ногоон байгууламж барих хуулийн заалттай гэсэн үг. Харин үүнийг мөрддөг барилгын компани тоотой цөөхөн. Иргэдээс мөнгө идэх, газар хулгайлахдаа гаргууд барилгынхны башир ажлыг баримжаатай болгож хариуцлага тооцох цаг нэгэнт болжээ. Гэхдээ 10 хүртэлх сая төгрөгөөр торгоод өнгөрвөл энэ нь нэг их үр дүнд хүрэхгүй л болов уу. Тэд чинь иргэдийн  мөнгөнөөс зуу зуун саяар нь хулгайлчихсан шүү дээ. Тэгэхээр даварсан барилгынхныг дарахын тулд тусгай зөвшөөрөлтэй нь ярих нь зөв болов уу.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.