Д.Орлох: Атомын станц ярихаас өмнө иргэдийг мэдээллээр хангах хэрэгтэй

Энэ удаагийн “Соён гэгээрлийн цуврал”-д Физикийн хүрээлэнгийн захирал, доктор  Д.Орлохыг урилаа. Тэрээр багаараа Нобелийн шагнал хүртсэн анхны монгол хүмүүсийн нэг юм.

 

ШИНЖЛЭХ УХААНЫГ ХӨГЖҮҮЛЭХЭД ОЛОН СААД БИЙ 

-Физикийн хүрээлэнгийн үйл ажиллагаа ямар төвшинд байна вэ. Та хүрээлэнгийн захирлаар томилогдоод удаагүй байгаа учраас таны цаашид хийх ажлын талаар яриагаа эхэлье?

-Шинжлэх ухааны хүрээлэнгүүдэд байдаг хөрөнгө, санхүүгийн бэрхшээл манайд ч бий. Хөрөнгө оруулалт байхгүй. Эрдэм шинжилгээний зардал нь өчүүхэн.  Эрдэм шинжилгээний ажил, улс орондоо эдийн засгийн үр өгөөж өгөхийн тулд ДНБ-ий хэдэн хувь байвал зүгээр вэ гэдгийг улс орон бүрт баталсан байдаг.

Тиймээс манайхан шинжлэх ухаан, технологио хөгжүүлэх стратеги төлөвлөгөөг 2006 онд гаргаж байсан. Түүнээс хойш энэ хувь 2-3 болох боломж байсан. Гэсэн ч өнгөрсөн жилийн БШУЯ-наас өгсөн албан бус мэдээгээр 0.12 хувь байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, ДНБ-ий 0.12 хувийг шинжлэх ухаанд зарцуулсан байна. Энэ бол эрдэмтдийг өлсгөхгүй байх л мөнгө. Эндээс эдийн засгийн ашиг гаргана гэдэг хэцүү. Гэхдээ манай эрдэмтэд бага нөөц бололцоогоо ашиглан их хөрөнгө оруулалт шаарддаггүй судалгаа шинжилгээний ажил эсвэл гадныхны сонирхож байгаа судалгаа зэргийг хийж байгаа. Физик технологийн хувьд технологийн судалгаа гэдэг үнэхээр хөрөнгө оруулалт сайтай байж дараа нь үр дүнгээ өгдөг. Түүнээс биш ямар ч хөрөнгө оруулаагүй байж үр дүн нэхнэ гэдэг учир дутагдалтай. Би 1998 онд энэ хүрээлэнгээсээ гадаадад суралцахаар яваад 2012 онд ирсэн. Энэ хугацаанд манай хүрээлэнд нэмэгдсэн багаж төхөөрөмж гарын 10 хуруунд багтахаар байна. Гэхдээ намайг явж байх үетэй харьцуулахад эрдэмтдийн цалин, хангамж дээрдсэн байна. Гэхдээ эдийн засагт үр өгөөжөө өгөх тэр хэмжээний мөнгийг манайд өгөхгүй л байна. Харин суурь судалгаанд нэг их хөрөнгө шаарддаггүй оюуны чадавхи байдаг учраас тодорхой хэмжээндээ явж байна. Нөгөө нэг зүйл нь манайхан гадны боломжийг ашиглаж нэлээд их зүйлийг хийж байна. Манайхан гадны байгууллагад очиж өөрсдийн судалгааны ажлаа хийж хэвлүүлдэг. Эрдэмтэд бор зүрхээрээ явж байна гэж хэлж болно.

-Шинжлэх ухааны салбарт хөрөнгө оруулалт бага байна гэлээ. Тэгвэл хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ. Тэр дундаа физикийн хүрээлэнгийн хувьд яах ёстой вэ?

-Үүнд хамгийн эхэнд хийх ажил бол Засгийн газар энд чиглэсэн бодлого тодорхойлох ёстой. Шинжлэх ухаан бол хоёр талтай. Нэг нь танин мэдэхүй нөгөө нь улс ардын аж ахуйд хэрэгтэй юу гэдэг. Танин мэдэхүйн чанарыг бүрэн ойлгож танин мэдэхүйд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийж ингэснээрээ Монгол Улсын шинжлэх ухааны  ерөнхий төвшин дээшлэх, энэ хэмжээнд байх ёстой гэдэг төрийн бодлого гаргах хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар ойр зуурын асуудалд мөнгө зарахаас биш холыг харсан ажил хийхгүй байна.

-Төр засгийн зүгээс хөрөнгө оруулалтыг нэмэгдүүллээ гэхэд эрдэмтдийн зүгээс хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлд яаж ажиллах ёстой юм бол?

-Энэ мөн л бодлого боловсруулагчдын хурдан шийдэх асуудлын нэг. Технологийн тухай хуульд гарааны компани байж болно гэж заасан байдаг. Гэтэл гарааны компанийг хэрхэн байгуулах, ямар ч  дүрэм журам гаргаж чадаагүй өдий хүрлээ. Тэгэхээр эрдэмтэд гарааны компаниа байгуулж чадахгүй бүх мөнгө нь шинжлэх ухаан технологийн сангийн хараат байна. Бүх зүйл баригдмал байгаа учраас бид өөрсдийн оюуны чадварыг ашиглаж мөнгө босгох ажил хийж болохгүй байна. Тухайлбал, физикийн технологийн салбарт оюуны чадвараа ашиглаж чадвал тодорхой хэмжээний хөрөнгө босгож түүгээрээ суурь судалгаа хийх боломжтой. Жишээ нь, Бид оо-ын өрөөгөө цэвэрлэх цэвэрлэгээний материал авахад доод тал нь 3-4 гарын үсэг зуруулах шаардлагатай байна. Ийм нөхцөлд гарааны компанийн тухай яриад ч хэрэггүй. Хууль дүрэмдээ боогдоод байна. Манай уул уурхайн компаниуд гадаадад дээжээ шинжлүүлж байна. Үүнд их мөнгө зарж байгаа. Гэтэл манайд үүнийг хийх боломж бий. Гэтэл тоног төхөөрөмж дутагдалтай байна. Үүнийг хийж болно гэвэл дотоодын томоохон компанитай гэрээ байгуулж хөрөнгө оруулалт хийлгүүлж багаж авч болно. Энэ тохиолдолд зардлыг буцаагаад нөхөх асуудал биш. Гэтэл энэ механизмаар ажиллах гэхээр эдийн засаг хаалттай байна.

-Манай эрдэмтдийг гадныхан өндрөөр үнэлдэг. Хөрөнгө, тоног төхөөрөмж байхгүй ч оюуны өдөр чадавхи бий гэдэг. Та олон жил гадаадад ажилласан хүний нүдээр манай эрдэмтэн, гадны эрдэмтний хооронд ямар ялгаа байна вэ?

-Ер нь манайхтай төстэй. Гэхдээ манайд байдаг шиг энэ олон саад нь байдаггүй. Тэд бидэн шиг биш. Захирал нь санхүүгээ зарцуулах эрх мэдэлгүй байх асуудал тэнд байдаггүй. Оюуны чадварын хувьд манай эрдэмтэд үнэхээр сайн. Техник технологийн талд бэрхшээлтэй зүйл бий. Яагаад гэхээр гараараа барьж хийх багаж хэрэгсэл нь байхгүй тохиолдолд сурах боломжгүй. Гадаадад сураад ирдэг. Гэтэл энд ирээд хийх юмгүй болох жишээтэй.

 

БИДНИЙ ҮЕИЙНХ ШИГ ХАТУУ БЭЛТГЭГДЭХГҮЙ БАЙНА

-Эрдэмтэд манай хүрээлэнгүүдийн бүтэц буруу, дээр үеийн Оросын зохион байгуулалтаар яваад байна гэж шүүмжилдэг. Үүнд та ямар байр суурьтай байдаг вэ?

-Хүрээлэнгүүдийн бүтцийг өөрчлөх талаар ярьж байгаа. Манай хүрээлэнгийн хувьд зөвхөн дотроо ярих бус нийт физикчдийн саналыг сонсох үүднээс онлайн хэлэлцүүлэг эхлүүлсэн. Энэ асуудалд манай эрдэмтэд нэг их идэвхтэй оролцохгүй байна. Харин Монголын шинжлэх ухаанд олон анхаарах асуудал бий. Тухайлбал, таны түрүүний хэлдэг Оросын бүтэцтэй, академийн хүрээлэнгүүд.

Японд сураад ирсэн хүмүүс Японы их сургууль түшсэн бүтцийг зөв гэж үздэг байх жишээтэй. Ерөнхийдөө нэг талруу нь туйлшрах бус аль альных нь сайн чанарыг авсан байх нь зүгээр болов уу. Их сургуульд бүх зүйлийг төвлөрүүлье гэж туйлширдаг. Нэг бодит жишээ бол математикын хүрээлэнг их сургуультай нэгтгэснээр одоо ямар байдалд байгаа нь маргаантай л байна. Академийн хүрээлэн байхаар зөвхөн судалгаа шинжилгээ хийж сургалтаасаа тасрах гээд байдаг талтай. Энэ асуудал манайд харагдаж л байгаа. Манайд ирж байгаа оюутнуудыг бид өөрсдөө сонгож авч чадахгүй байна.

-Энэ чиглэлийн боловсон хүчнийг хэр бэлддэг вэ. Хүртээмжтэй, чадварлаг байж чаддаг уу?

-Сүүлийн 20-30 жил ямар явж ирснийг сайн хэлж мэдэхгүй байна. Хүмүүсийн ярьж байгаагаар боловсролын систем зах зээлээс үүдэлтэй нэлээд доройтсон үе байж. Одоо буцаад арай гайгүй болж эхэлж байгаа гэх. Манай хүрээлэнд миний үед ирж байсан залуучууд шиг хатуу бэлтгэгдсэн залуус ирэхгүй л байна.

-Манай эрдэмтдэд оюуны чадавхи байна. Гэвч цалин бага. Тоног төхөөрөмж алга. Гадныхан шиг орчин нөхцөл сайтай, өндөр цалин авдаг үе хэзээ ирэх бол?

-Олон хүчин зүйлээс шалтгаална. Хамгийн нэгдүгээрт улсын эдийн засаг дээшлэхэд дагаад хэзээ нэгэн цагт дээшилж таарна. Одоо байгааг нь боломжийн болгож болохоор харагдаж байхад түүний төвшинд цалинжуулахгүй байна. Би шинжлэх ухааны салбарт 32 жил ажилласан. Миний хүү АНУ-д боловсрол эзэмшсэн хувийн компанид ажилладаг. Манай эхнэр төрийн бус байгууллагад ажилладаг. Гэтэл би Монголын толгой хүрээлэнгийн захирал хэрнээ тэднээс бага цалин авдаг. Харьцуулалтыг ингэж л хийх байна. Манай эрдэмтэд ажилдаа үнэхээр сэтгэл зүрхээрээ явж байгаа гэж хэлж болно.

       

ГАДНЫХНЫ НЭГ САРЫН ЦАЛИН МАНАЙХНЫ ЖИЛИЙН ЦАЛИНТАЙ ТЭНЦЭНЭ

-Таныг Эрхүүд сурч байсан гэж сонссон. Сүүлд Америкт сурсан гэсэн үү?

-1988 онд Эрхүүд физикчээр төгссөн. Доктороо Америкийн Сиракузын их сур­гуульд хамгаалсан. Мөн Корнелын их сур­гуульд байдаг электрон позитроны хурдасгуурт түшиглэсэн Клео кол­лабрацид орж ажилласан.   

-Та Америк, Австрид шинжээчээр олон жил ажилласан. Тийм орчинд ажиллаж байгаад энд ирэхэд орчин нөхцлөө голох, чамлах асуудал гарав уу?

-Надад харин эсрэгээрээ байсан. Намайг эндээс явах үед эдийн засаг ямар байв. Лангуунд юу байсан билээ гээд бодохоор одоо өөр болсон. Түүнтэй харьцуулахад манай улс хөгжиж байна. Тэртээ тэргүй өндөр хөгжилтэй улсуудтай өөрсдийгөө харьцуулах утгагүй биз.

-Манай эрдэмтдийг шинжлэх ухаан нь өндөр хөгжсөн орны эрдэмтэдтэй харьцуулахад ямар төвшинд очих бол?

-Мэдлэгийн төвшинг ярихад тийм их хол зөрүүтэй биш. Бусад төвшин нь мэдээж асар зөрүүтэй. Тухайлбал, цалин байна. Европын дундаж профессорын нэг сарын цалин манай профессорын жил хагасын цалинтай тэнцэх хэмжээтэй.

-Ард түмэнд уран аюултай юу, үгүй юү гэдэг эргэлзээ үүсээд байгаа. Ихэвчлэн аюултай гэдэг. Тэгэхээр бид ураныг ашиглах ёстой юу, үгүй юү. Та мэргэжлийн хүний хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байдаг вэ?

-Миний хувьд үүнийг зүгээр л нэг цацраг идэвхт металл гэж үзнэ. Ашиглахад хэрэгтэй. Үүнийгээ дагаад технологиуд орж ирнэ. Тиймээс ашиглах нь зүйтэй. Олон нийт эсэргүүцээд байгаа нэг шалтгаан бол мэдээлэл хомс байгаа хэрэг. Тиймээс олон нийтийг энэ талын мэдээлэл, боловсролтой болгох тухай ярих хэрэгтэй. Хүн мэдэхгүй зүйлээ амархан “мангаа” болгож хардаг.

-Уранаас болж мал үхсэн гэж яриад байгаа. Тэгэхээр аюултай юм биш үү?

-Уранаас болж мал үхэж байгаа ямар ч баталгаагүй гэж хэлнэ. Яагаад ч тэгж хэлэх үндэслэл байхгүй. Чернобылийн осол, Хирошима, Нагасакигийн бөмбөг­дөлт гээд дэлхийд түмэн туршлага бий. Тэнд хоёр толгойтой амьтан ажиглагдаагүй. Тэгэхэд түүний хажууд энэ бол зүгээр л газар ухаж өрөмдөж эхэлж байхад ийм зүйл боллоо гээд байх юм. Энэ хэт нэг талыг барьж туйлширсан явдал.   

-Тэгвэл атомын цахилгаан станц байгуулах талд та ямар байр суурьтай байна вэ? 

-Энэ их нүүрс шатааж, энэ их газрыг ухаж төнхөж утаа униар, хог хаягдал гаргаж байхаар атомын цахилгаан станц байсан нь амар. Гэхдээ энэ асуудлыг шийдэхдээ ард түмнийг энэ талын мэдээлэл боловсролтой болгосны дараа хийх нь дээр.

-Та олон улсын цөмийн энергийн агентлагт Мухамед Барадей гэдэг хүний багт ажиллаж Нобе­лийн шагнал авч байсан юм билээ. Тэр үеэ дурсаач?

-Тухайн үед тэр байгууллагад ажиллахад Засгийн газар, Цөмийн энергийн газраас тодорхойлж явдаг байсан юм. Сүүлийн үед хувь хүмүүс өөрсдөө өргөдөл бичиж шалгуулаад тэнцвэл ордог болсон. Миний хувьд 2004 онд доктороо хамгаалсны дараа олон газар ажил хайж байсны нэг нь энэ байгууллага. Тэр байгууллагын шалгуурт тэнцэж орсон. Олон улсын цөмийн энергийн агентлаг олон үүрэгтэй. Анх байгуулагдахдаа атомыг энх тайвны зорилгоор ашиглахад олон улсад туслах зорилгоор байгуулагдсан. АНУ-ын Ерөнхийлөгч Т.Рузвельт 1952 онд “Атомыг цэрэг дайны зорилгоор бус технологи, шинжлэх ухааны бүх салбарт ашиглах хэрэгтэй” гэж хэлж байсан. Үүний дараа олон улсын цөмийн энергийн агентлаг байгуулагдсан юм. Одоо энэ байгууллага таван департменттэй. Үүний нэг нь цөмийн баталгааны департмент юм. Энэ газар би ажиллаж байсан. Энд цөмийн зэвсэггүй улсуудын бүх цөмийн материалыг баталгаажуулж, цөмийн нягтлан бодох нярав, эрдэмтэн гэсэн гурван ажлын нийлбэрийг хийдэг газар. Өөрөөр хэлбэл, цөмийн зэвс­гийг граммын нарийвчлалтайгаар хянах юм. Мөн цөмийн металл мөн эсэх, тээвэрлэлт, хяналт зэргийг хийх нэгдсэн байгууллага.

-Танай багт хэдэн хүн ажилласан бэ. Танаас гадна өөр хэдэн монгол эрдэмтэн байсан бэ? 

-Ажилчдын зэрэглэл гэж бий. Үүнд професснол буюу “пи” зэрэглэлээс дээш зэрэгтэй хүмүүс оролцсон. Үүнд 800-1000 орчим хүн байсан байх. Энэ байгууллагад 2500 орчим хүн ажилладаг. Энэ багт надаас гадна дөрвөн монгол эрдэмтэн байсан. Манай хүрээлэнд ажиллаж байсан Ч.Жаргал гэдэг хүн бий. Одоо тэтгэвэртээ гарсан. Л.Энхжин нь мөн л манай хүрээлэнд ажиллаж байсан. Одоо тэр газраа ажиллаж байгаа. Д.Жаргалсайхан гэж  их сургуульд ажиллаж байсан хүн бас бий.

Э.ОРХОНСҮРЭН
ЗУУНЫ МЭДЭЭ

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Санхүүгийн туслалцаа хэрэгтэй юу? 2017-08-22 17:35:24
    Таныг мэндчилье !!! Хөрөнгийн бирж дээр хязгаарлагдмал, нэр хүндтэй, хууль ёсны, итгэмжлэгдсэн зээлийн компаниас. Бид энэ хэрэгслийг ашиглан найдвартай, үр а...
  • Iaea 2014-07-01 16:15:06
    ШУА хурээлэнд ажиллаж яадаг юм, буржн суйрсэн газар... Ажмл хийдэггуй харчууд, хов эив хэруул матаасчиюн авгай нар дуурсэн газар даа, туй черт
  • эрт байна 2014-06-26 08:37:35
    атомын цахилгаан станц руу орох болоогүй. Технологи сайн хөгжиг. Эхлээд нүүрсээ, дараа нь бусад эх булаг руугаа бүр болохоо байхдаа АЦС барих хэрэгтэй. Ер нь манай хүн ам бага, хэрэглээ ч бас бага байгаа. Энэ чиглэлийн мэргэжилтэнгүүд өөрсдөө ажил мэргэжл
  • Батхүү 2014-06-26 00:37:50
    Бид одоохондоо атомын станц гэж сэрүүн зүүдлэхээр удахгүй ярианд орж болох нүүрсний асар их нөцөө хэрэглэх буюу хөнжлийнхөө хирээр хөлөө жимээрээ ард түмэн тал талх авч бор хоног шар өдрүүдийг өнгөрөөж монгол хүний цалингийн дундач хойноосоо тэргүүлж Алта