Барак Обамагийн түүхэн айлчлал
2014 оны арванхоёрдугаар сард АНУ-ын Төрийн тэргүүн Барак обама хагас зуун жилийн турш дайсагнасан харилцаатай байсан Куба улстай дипломат харилцаагаа сэргээх яриа хэлэлцээр эхлүүлснээ зарласан байдаг. Түүнээс хойш хоёр улсын түүхэнд шинэ хуудас нээгдсэн юм. Улмаар Кубын Гавана хотноо АНУ-ын Элчин сайдын яам дахин нээгдэж, хоёр улсын хооронд зорчигч тээврийн онгоц нисэх болсон гэх зэргээр харилцаа  өнгөрсөн жил гаруйн хугацаанд шат дараатайгаар сайжирсаар байв.
 
Мөн АНУ-ын төрийн өндөр дээд албан тушаалтнууд Кубад айлчилж, албан ёсны яриа хэлэлцээр өрнүүлсөн байдаг. Гэхдээ Ерөнхийлөгч хараахан Кубад айлчлаагүй байсан юм. Тэгвэл бүрэн эрхийнх нь хугацаа дуусгавар болж буй Ерөнхийлөгч Барак Обама энэ сарын 20-ноос Куба улсад албан ёсны айлчлалаа эхлүүллээ.
 
Энэ удаагийн айлчлалыг Куба дахь Элчин сайдын яам “түүхэн” хэмээн тодотгосон бөгөөд хоёр улсын харилцаа шинэ щатанд гарсны бодит нотолгоо болж байна. Б.Обамаг тэргүүн хатагтай Мишаль Обама болон хоёр охин нь дагалдан очжээ. 1959 оны Кубын хувьсгалаас хойш буюу нийтдээ 88 жилийн дараа АНУ-ын төрийн тэргүүн анх удаагаа тус улсад айлчилж буй нь энэ юм. Төрийн тэргүүний хувийн хэрэглээний “Air Force One” онгоц Гаванад газардахад бороо орж байжээ. Түүнийг Кубын Гадаад хэргийн сайд Бруно Родригиз угтан авсан байна. Тэрбээр Кубын нийслэлд газардсанаасаа хоёр цагийн дараа Элчин сайдын яаманд зочилж, ажилтан албан хаагчдынхаа нөхцөл байдалтай биечлэн танилцсаньгхаа дараа тэдэнд хандан “Энд байх сайхан байна” гэж өгүүлсэн байна.
 
Мөн тэрбээр “1928 оны сүүлчээр Ерөнхийлөгч Калвин Кулидж агсан дайны талбарт ирж байсан. Тэр энд гурван өдөр байсан. Харин би ирээд ердөө гурван цаг л болж байна. “Air Force One” онгоц анх удаагаа Кубад газарддаа. Бидний өнгөрсөн түүх ирээдүйд улам гэрэл гэгээтэй болох болно” гэж онцолсон ажээ. Барак Обамаг ирэхээс хэдэн цагийн өмнө Гаванад эсэргүүцлийн жагсаал болж, улстөрийн шалтгаанаар ялласан ялтангуудыг суллахыг шаардсан байна. Айлчлалын үеэр АНУ-ын Элчин сайдын яамдад ажилласнаас гадна өчигдөр Кубын гэргүүн Рауль Кастротой уулзсан бөгөөд өнөөдөр нутаг буцах юм байна.
 
Куба, АНУ-ын харилцааны түүхэн замнал
 
-Үндсэндээ АНУ, Куба улсын харилцаа 1960 оноос хойш царцжээ. Кубын хувьсгалын толгойлогч Фидель Кастрогийн авч хэрэгжүүлсэн бодлогоор АНУ-ын иргэдийн эзэмшиж байсан чихрийн нишингийн талбай, газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг хураан авч, үндэсний баялаг болгон зарласны улмаас 1961 онд дипломат харилцаагаа тасалж, здийн засгийн хориг тавьж байсан түүхтэй
 
-50 гаруй жил үргэлжилсэн хоригийн улмаас Куба улсын эдийн засагт 1.1 триллион ам.доллар, Америкийн эдийн засаг жилд 1.2 тэрбум ам.долларын хохирол амсч байжээ.
 
-2014 оны арванхоёрдугаар сард Барак Обама хоёр улсын харилцаа сэргэж буйг зарласан.
 
-АНУ, Куба улсын хоорондын харилцааг эргэн сэргээх талаарх нууц уулзалт Канад болон Ватиканд болж, Ромын пап Францис шууд оролцож байжээ.
 
-2015 оны наймдугаар сард Гаванад АНУ-ын Элчнн сайдын яам дахин нээгдсэн. Үүнээс нэг сарын дараа Вашингтон хотноо Кубын Элчнн сайдын яам үүдээ нээжээ.

Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.