"Ц.Мөнхбаяр нарыг суллан, цагаатгах ёстой"
Гал үндэстэн холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарын давж заалдах шатны шүүх хурал энэ сарын 27-нд Улсын Дээд шүүхэд болно. Галт зэвсэг, тэсрэх бөмбөгтэй жагсаал зохион байгуулсан “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярт долоон жил, Г.Болдбаатарт  зургаан жил 11 сар, Д.Төмөрбаатарт 10 жил, Ж.Ганболдод нэг  жил, н.Дашцэрэнд хоёр жилийн хорих ялыг Эрүүгийн хэргийн давж даалдах шатны 10 дугаар шүүхээс оноосон билээ. Харин тэд уг шийдвэрийг эсэргүүцэж, Дээд шүүхэд хандсан бөгөөд шүүх хурал ирэх баасан гаригт болох юм.

Шүүх хуралтай холбогдуулан Гал үндэстэн, Хохирогчдын нэгдсэн холбоо,“Нэгдсэн Монгол” хөдөлгөөн,  “Иргэдийн шударга шүүх” ТББ зэрэг иргэний нийгмийн байгууллагууд мэдээлэл хийлээ.

Шүүх хурлын товтой холбогдуулан эдгээр ТББ-ууд хууль хэрэгжүүлэхийг шаардаж, байгаль орчноо хамгаалах иргэн бүрийн журамт үүргээ биелүүлсний төлөө яллагдах ёсгүй хэмээн үзсэн учраас хэвлэлийнхэнд ханджээ. Цаашлаад ял сонссон нөхдийг нь суллаж, бүрэн цагаатгах ёстой хэмээн үзэж буйгаа дуулгав. "Ган үндэстэн" холбооны дэд тэргүүн Я.Хундаганаа "Ц.Мөнхбаяр нарын газар шорооны төлөө гэсэн үйл хэргийг дэмждэггүй юм гэхэд ядаж ойлгох хэрэгтэй. Тиймээс Улсын дээд шүүх Монголын ард түмний язгуур эрх ашигт нийцсэн шийдвэр гаргаж, тэднийг суллан, цагаатгах ёстой гэж үзэж байна" хэмээн мэдэгдэв. Мөн өнгөрсөн оны есдүгээр сарын 16-нд Төрийн ордны гадна буу зэвсэгтэй ирсэн нь байгаль орчинд халтай, хуулийн бүлэг өөрчлөлт хийхийг эсэргүүцсэн шаардлагыг төрийн сайд нарт хүргүүлж, хариу өгөхгүй байсан тул бухимдан, хэрэв ийнхүү ард түмний эрх ашигт үл ойшоосон байдлаар хандсаар байх ахул зэвсэг хэрэглэн тэмцэхэд бэлэн байна гэдгээ илэрхийлэх гэж ийм алхам гэдгийг тэд хэллээ. Тиймээс Ц.Мөнхбаяр нарын хүмүүс нь зандалчлал буюу терроризмын хэрэг үйлдэгч биш, мөн урьдын адилаар байгаль орчныг хамгаалах иргэнийхээ үүргийг гүйцэтгэгч нэгэн гэлээ.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine