Б.Насанбаяр: Би буддын шашинтай  хүн
Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэл болоод олон нийтийн цахим сүлжээгээр БШУЯ-ны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаярыг Мүүний шашинтай холбоотой, түүгээр ч үл барам уг шашны нөлөөг МУ-ын боловсролын салбарт оруулж байна гэх мэдээлэл гарах болсон. Уг асуудалтай холбогдуулан түүнтэй ярилцлаа. 

-Сүүлийн үед тантай холбоотой  хэвлэл мэдээлэл, цахим ертөнцөөр гарч байгаа мэдээллүүдэд тайлбар хэлээч?
-Нэгдүгээрт Гантөмөр сайдаар ахлуулсан Боловсролын чанарын шинэчлэлийг Монгол Улсад “Хүүхэд бүрийн хөгжил” гэдэг томьёоллыг эхлүүлсэн багийн хийсэн ажил, хүрсэн үр дүн гэж тодорхой байгаа. Тийм учраас энэ ажлыг аль ч талаасаа харсан няцааж үгүйсгэх боломжгүй юмаа. Энэ салбарт ажиллаж амьдарч байгаа нийт 40 гаруй мянган багш нар байна. Тэр хүмүүсийн хөдөлмөрт шашны нөлөө орсон мэтээр буруугаар сурталчлан таниулж байгаа явдалд тайлбар хийхээр ирлээ. 

Өнөөдрийн болж байгаа үйл явдал дээр намайг Мүүний шашинд байсан байж магадгүй, чи заавал тийм шашинтай байх ёстой гэсэн тулган шаардалт явагдаж байна.Би Мүүний төрийн бус байгууллагад бол байсан. Түүний үзэл онол сургаал номлолыг судалж байсан нь үнэн. Дээр нь уг ТББ-ын үйл ажиллагааг удирдаж байсан.Гэтэл энэ бүгдийг гуйвуулж буруу зөрүү ярьсан нь үнэнд нийцэхгүй байгаа юм. Дараа нь Монгол Улсын боловсролын салбар систем өөрөө зүгээр нэг газрын дарга хүрч ирээд бүх шийдвэрийг гаргаад тэр бүх салбарт шашны нөлөөг урвуулах боломжтой юу, үгүй юу гэдгийг хэнээр ч хэлүүлэхгүй, та нар сайн мэдэж байгаа. Мэдсэн хирнээ зохион байгуулалттай гүтгэн доромжлох үйлдлийг удаа дараа хийлээ. 

Тиймээс эл асуудлуудыг шалгуулахаар албан ёсоор хууль хяналтын байгууллагад хандаж байна. Мөн түүнчлэн манай багш нарын зүтгэлийг хүүхэд бүрийн хөгжил, боловсролын системийн бодлогыг харлуулах, нураах гэсэн оролдлого явуулаад байгаа үйлдлийг өнөөдрөөс эхлээд би зогсооё гэж хүсэж байна. Олон хүний хөдөлмөрийг үгүйсгэнэ гэдэг ирээдүйнхээ төлөө энэ аюултай зүйлийг хийнэ гэдэг аюултай. 

-Боловсролын салбарын багш нарыг Мүүнийн шашинд урвуулсан тэр ч бүү хэл сурах бичигт мүүний шашны тухай агуулгатай материал байна  хэмээн цахим ертөнцөөр бичих болсон энэ талаар?
-Боловсролын салбарын багш, эрдэмтэн судлаачдыг 21 аймаг, 9 дүүргийн Боловсрол хэлтсийн дарга мэргэжилтнүүд, сургуулийн захирал, цэцэрлэгийн багш нарыг уриалж байна. Энэ хүмүүсийн ярьж бичээд байгаа хиймлээр үүсгээд байгаа цахим сүлжээнд тараагаад байгаа мэдээлэлд тайлбар хийж, албан ёсоор мэдэгдээч гэж хүсэж байна. Сурах бичиг дээр байхгүй зүйлийг байгаа мэтээр хэлж ярьж бичиж байгаа нь асар том гэмт хэрэг юм шүү. “Хас”-ын Ч.Ганхуягийн өөрийн цахим хуудсандаа олон зүйл постолсон харагдана лээ. Тэр пост нь одоо хэрэглэгдэж байгаа сурах бичгийн хаана ч байхгүй пост юм. 

-Үүнээс гадна тантай холбоотой олон пост болоод эвлүүлэг  зурагнууд цахим сүлжээнд тарсан байгаа. Үүнд тайлбар хийвэл?
-Тэр постуудын тухайд гэвэл байшин дээрээс үсрэх гэж байгаа хүний дүр төрхийг надаар хийгээд  МАН-ын бүлгийн хуулийн зөвлөх Б.Энхбаяр гэж хүн хийсэн байна лээ. Тэр хүн үр хүүхэдгүй юмуу, залуучуудад тийм зүйлийг уриалж байгаа хэрэг үү. Насанд хүрэгчид ямар аймшигтай болчихсон юмбэ. Тиймээс эцэг эхчүүд үр хүүхдүүдээ цахим ертөнцөөс хол байлгаач ээ. Хүүхдүүдийг юу рүү түлхэж магадгүй асар их аймшигтай зүйл хийдэг болжээ. Тиймээс би энэ эвлүүлэг хийсэн, буруу зөрүү мэдээлэл тараасан хүмүүсийг ЭЦГ-т шалгуулахаар, цаад эздийг олуулахаар өгч байна. Хоёрдугаарт би Боловсролын салбарыг төлөөлж ирсэн. 

Энэ бүхэнд Цэрэндолгор гэгч эмэгтэй намайг шалгуулахаар хуулийн байгууллагад өглөө гэж олон нийтэд мэдээлсэн. Түүний гаргасан арван зүйл заалт бол намайг гүтгэсэн байсан учир би шүүхэд хандаж байгаа. Тэр хүн намайг гүтгэсэн бүх зүйлийг нь тодорхой болгож өгөөч гэж хүссэн. Бүх зүйлийг шүүхийн байгууллагаар тогтоолгоно. Танхай эмээгийн эвлүүлсэн тэр зургийг миний хүүхдүүд харвал яах бэ. Та бүхэн үүнийг бодолцож үзээч. Ямар ч ухамсаргүй хийж байгаа зүйлийнхээ төлөө тэр ирээдүйд хийлгэж байгаа хүмүүсээ эргээд ямар нэгэн байдалд оруулбал яах уу. ТЕГ-т тавьж байгаа шаардлагад зохион байгуулалттай, санхүүжилтэй тэр хүнийг олж өгөхийг хүсэж байна. Намайг үндэсний дайсан эмэгтэй мэт болгож байна, та бүхэнд өөрт тулгараагүй болохоор мэдэхгүй байх.

-Таны ажилладаг байсан төрийн бус байгууллага монгол эмэгтэйчүүдийг Солонгос улсын иргэнтэй гэр бүл болгосон тухай мэдээлэл бий. Энэ тал дээр ямар тайлбар хийх вэ?
-Тэр бүх зүйлийг холбогдох хүмүүс нь шүүх цагдаадаа өгөөд шийдүүлэх байх. Ямар нэгэн төрийн бус байгууллага хүн худалдаалж байгаа бол хуулийн хүрээнд шийдэх ёстой. Ямар ч байсан намайг “Оюуны эрэл” оюутны холбоог хариуцаж байхад тийм зүйл нэг ч удаа болж байгаагүй гэдгийг албан ёсоор хэлмээр байна.

- Мүүнтэй холбоотой мэдээлэл гарч эхлэхэд хуулийн байгууллагаас мэдэгдэл ирсэн үү?
-Нэг сарын хугацаанд ямар ч мэдэгдэл ирээгүй.

- Мүүнийн шашны тухайн нэвтрүүлгийг С1 телевизээр гаргахгүй гээд байгаа нь ямар учиртай юм бэ? Таныг гаргуулаагүй гэж  олон хүн хардаж байгаа.
-Тэр телевизийн нэвтрүүлгийг гараасай гэж хүлээж байсан. Зохион байгуулалттайгаар гаргахгүй байна аа гэдэг нь хүмүүст хүлээлт үүсгэж байна. Миний хувьд нэвтрүүлгийн зохиогчид өөрсдөө зохион байгуулалттайгаар гаргахгүй байна гэж хардаж байгаа.

2016 он бол сонгуулийн жил, үүнтэй холбоотойгоор хүнийг ашигтайгаар гүтгэн доромжилж байна. Тэгэхээр миний амьд явах эрх, өдөрт миний гар утас руу бичсэн мессэж, сошиал ертөнцөд тавигдсан мэдээллээр дайрч байгаа бүх зүйлээс  болж миний гэр бүл, үр хүүхэд тайван амьдрах ямар ч боломжгүй боллоо. Тиймээс би ЭЦГ-т хандахаас гадна ТЕГ-т энэ зохион байгуулалттай үйл ажиллагааны захиалагч нь хэн бэ гэдгийг олж өгөөч гэсэн хүсэлт гаргаж байгаа.

-Та хувь хүнийхээ тухайд Мүүнийн шашны талаар ямар бодолтой явдаг вэ?
-Миний байгуулсан хөдөлгөөн бол нийгмийн сайн сайхны төлөө явдаг ТББ, шашны чиглэлийн хоёр урсгал салсан байдаг. Миний гарын үсэгтэй баримт бичгийг гаргаж ирдэг юм билээ. Тэр 2009 онд би “Энэ үйл ажиллагаа Монгол Улсад шашны үйл ажиллагаа байдлаар явахгүй гэдгийг эсэргүүцэж зурсан гарын үсэг. Тэгэхээр миний өмнөөс тайлбаргүйгээр тайлбар хийдэг харгис дарангуйллаа болиоч ээ.

-Та Мүүнист мөн ч биш ч бай төрийн албан хаагчийн хувьд ийм асуудалд нэр холбогдсон учир албан ёсоор ажлаа өгөх ёстой гэж үзэх хүмүүс олон байна. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?
-Би буддын шашинтай гэдгээ дахин хэлье. Би дөнгөж сая лам багштайгаа яриад орж ирлээ. Өнөөдөр Монгол Улс ардчиллыг сонгосныхоо төлөө хүний эрх, эрх чөлөө хаана очоод зогсож байна вэ. Энэ хэлмэгдүүлэлт хэрээс хэтэрлээ. Өнгөрсөн гурван жилийн үйл явдлыг харахад хэлмэгдүүлэлт яаж болдог, яаж олон нийтэд буруу ойлголт төрүүлчихээд, тэр зүйл дээр яаж тоглолт хийдгийг өөрийнхөө бие, сэтгэл, гэр бүлийн амьдрал, ажлаараа ойлголоо. Тиймээс би өнөөдөр ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгөөд тэмцэхээ мэдэгдэж байна.

-Хэзээнээс ажлаа өгөх вэ?
-Өнөөдөр/2016.03.14/  албан ёсоор өргөдлөө өгнө.Тэгээд цаашид Төрийн албаны тухай хуулийн дагуу шийдэгдэх байх.

-Ажлаа өгөхөд ямар нэгэн нам, улс төрийн шахалт ирсэн үү?
-Тийм зүйл байхгүй. Энэ бол Үндэсний аюулгүй байдлын асуудал учраас цэг тавих болсон. Цахим ертөнцөд хүмүүс өөр хоорондоо тэмцэж байгаа сөрөг үзэгдлээс санаа зовж байна.

-Таныг мүүнтэй холбогдож эхлэхэд үр хүүхэд, гэр бүлийнхэнд чинь ямар нэгэн шахалт, дарамт ирж байна уу?
-Үүнийг би яримааргүй байна. Уудлаад яривал дуусахгүй их яриа болно.

-Хүний эрхийн байгууллагуудад хандана гэсэн үү?
Олон улсын хүний эрхийн бүх шатны байгууллагад ч хандаж, тэдэнтэй хамтарч ажиллах болно. Монгол хүн яагаад залуу насандаа аль нэгэн байгууллагад элсээд ажиллаж болдоггүй юм бэ. Ямар нэг зүйлийг сурч, орж гарсан байж болдоггүй юм бэ. Цаанаасаа санхүүжилттай, зохион байгуулалттай хэргийн төлөө би энэ өдрөөс эхлээд тэмцэнэ. Намайг өнөөдөр үндэсний дайсан мэтээр харж байна. Энэ бол асар аймшигтай хэлмэгдүүлэлт.

-Та Э.Цэрэндолгор гэх эмэгтэйг хэзээнээс мэддэг болсон бэ?Та хоёрыг нэгэн үе хоёулаа мүүнийн шашинтай байсан гэх мэдээлэл байсан.
-Намайг Мүүнтэй холбон ярьж, гүтгэж эхэлснээс нь хойш мэддэг болсон. Саяхан надад тавьсан 10 шаардлага чинь үндэслэлгүй байна гэж биечлэн уулзсан. Түүнээс өөрөөр би мэдэхгүй. Тэр хүн тодорхой зорилго, зохион байгуулалттайгаар ажиллаж байгаа гэдгийг хууль хяналтын байгууллага тогтооно гэдэгт итгэж байгаа.

Би буддын шашинтай хүн. Энэ их яриа гарч эхлэхэд би лам багш дээрээ очиж зөвлөгөө авч ярилцсан. Одоо ч гадна хүлээж байгаа. Та бүхэн дугаарыг нь аваад ярьж болно. Харин Э.Цэрэндолгорыг ямар шашинтай гэдгийг мэдэхгүй. Би яагаад Эрүүгийн цагдаагийн газарт хандаж байгаа вэ гэхээр бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хөлсөөр сэтгэгдэл бичигсэд болон жиргээчдийг шалгуулна. Намайг гүтгэж байснаа одоо бүр яамны сайд руу орж байгаагаа болиоч ээ. Сайдын хувьд хүүхэд хөгжүүлэх тодорхой бодлого гаргаж ирсэн. Үүнийг нь би хэрэгжүүлж, ажлаа хийсэн. Бүх мэдээлэл, хөтөлбөр багш болгоны гар дээр бий.

Ярилцсанд баярлалаа
Б.Сансар
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus