Б.Насанбаяр: Боловсролын салбарт шашны нөлөө ороогүй
Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэл болоод олон нийтийн цахим сүлжээгээр БШУЯ-ны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаярыг Мүүний шашинтай холбоотой, түүгээр ч үл барам уг шашны нөлөөг МУ-ын боловсролын салбарт оруулж байна гэх мэдээлэл гарах болсон. Уг асуудалтай холбогдуулан Б.Насанбаяр өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр хэвлэлийн хурлын эхэнд Монгол Улсын боловсролын салбарт ямар ч шашны нөлөө ороогүй гэдгийг албан ёсоор мэдэгдсэн. Ингээд өөрийгөө  1939 оны их хэлмэгдүүлэлт шиг нөхцөл байдалд ороод байгаа гэсэн юм. Түүний мэдээлснээр мүүний шашин нь  албан ёсны хоёр урсгалтай бөгөөд нэг нь нийгмийн сайн сайхны төлөө сайн дурын үйл ажиллагаа явуулдаг ТББ-ын хэлбэрээр нөгөө нь шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна.

Харин Б.Насанбаярын хувьд залуу насандаа мүүний шашинтай холбоотой  сайн дурын ТББ-д ажиллаж байсан хэдий ч шашны урсгал, чиглэлийн үйл ажиллагаанд огт оролцож байгаагүй аж. Энэ талаараа өмнөх олон удаагийн мэдэгдэлдээ хэлж байсан тул нууж, хаасан зүйл байхгүй гэлээ.  Тиймээс хэвлэл мэдээллийн болоод, цахим ертөнцөөр  өөрийнх нь нэр төрд халдаж, удаа дараа гүтгэлгийн чанартай мэдээлэл, пост, эвлүүлсэн зураг хийсэн бүх хүмүүсийг  хуулийн байгууллагад өгч, шалгуулах болсоноо албан ёсоор мэдэгдлээ.

Түүнчлэн хуулийн байгууллагад шалгагдах хугацаандаа албан тушаалаа өгөх болсоноо дуулгалаа. Тэрбээр өнөөдөр өргөдлөө өгөх юм байна. Харин ингэж албан тушаалаасаа буух болсон нь ямар нэгэн нам, улс төрийн шахалт байхгүй  бөгөөд  боловсролын салбарт ажилладаг олон мянган хүний нэр төрийг хамгаалахаар ийн  ажлаа өгч байгаа гэдгээ хэллээ.  

Б.Насанбаяр хэвлэлийн хурлын үеэр “МУ-ын боловсролын салбарын ажил ганцхан хүний үгээр явдаггүй.  Боловсролын салбарт шашны нөлөө орох  бололцоо байхгүй, цахим ертөнцөөр тараад байгаа шиг сурах бичигт шашны  агуулагатай материал ч байхгүй. Үүнийг Монголын боловсролын салбарт ажилладаг 40 гаруй мянган багш, сурган хүмүүжүүлэгч нар албан ёсоор мэдэгдээсэй хэмээн уриалж байна” гэлээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus