Гэр хорооллын гамшиг эхэллээ
Хүйтний ам цаашилж, урин дулаан цаг ирлээ. Утааны асуудал намжиж, ханиад томуу багасах сайн талтай ч хөрсний бохирдол, халдварт өвчний эхлэл тавигдаж байгаа нь муу талтай. Учир нь өвөлжин асгаж, дов шиг болсон элдэв хөлдүүс, угаадас гэсч, үнс нурам нь пургилж, гэр хорооллын гудамж замуудаар үерийн ус шиг урсч, явахад хүртэл бэрхшээлтэй болж, үнэр танар нь өмхий самхай, амьсгалахад хүртэл хэцүү болж байна. Өвөл нь Улаанбаатарын утаа хэцүүдлээ, хүний эрүүл мэндэд хортой гэж амтай болгон ярих боловч утаанаас ч илүү хортой нөхцөл байдал дулааны улиралд үүсдэг нь үнэн. Энэ бол хүн болгоны, тэр дундаа гэр хорооллынхны үүсгэж буй хөрсний бохирдол. Улаанбаатар хотын өнгө үзэмжийг гутааж байгаа хүмүүс хэмээн адлагддаг гэр хорооллынхон үнэндээ “манай хашаа цэвэрхэн бол бусдынх ямар байх нь хамаагүй” гэх сэтгэлгээгээр хандах нь элбэг. Тиймээс ч хүний нүд хариулан байж угаадас, үнсээ гаргаж асган, хаяхын зэрэгцээ гудамжиндаа бие засч, нус шүлсээ хаях нь элбэг.

Түүнчлэн бүгд модон жорлонтой болохоор хөрсийг хамгийн их бохирдуулж буй хэсэгт тооцогдох нь дамжиггүй. Эргээд гүний худгаас усаа зөөж, угаадас, үнс, нус шулсэн дээрээ гишгэсэн гуталтайгаа гэртээ орж, хүүхдүүд нь тэр бохир шалан дээгүүр нь мөлхөж, халдварт өвчнөөр өвчлөх нь элбэг. Ийм л дүр зураг яг одоо гэр хороололд үүсээд байна.
 
Манай улс жилд нийт 780-800 мянган тонн хог хаягдал гаргадаг. Үүнийх нь 50 орчим хувийг нийслэлчүүд хаядаг бөгөөд манай орны нийт нутгийн бэлчээрийн 90 хувь нь доройтолд орж эргэж сэргэх магадлал тааруу, нийт хөрсний таван хувь огт сэргэхгүй бол 26 хувь дунд зэрэг, 20 хувь нь сул зэрэглэлийн цөлжилттэй байгаа нь судалгаагаар тогтоосон байдаг. 2014 оны байдлаар Улаанбаатар хотын хөрсний хүнд металлын бохирдолтын ерөнхий төвшин дундаж хэмжээнд байгаа бөгөөд алаг цоог байдлаар тархсан хар тугалга, хром, цайрын бохирдолт ажиглагдсан хэмээн эрдэмтэд хэлж байв. Түүнчлэн арьс ширний үйлдвэр орчим хром зонхилсон хар тугалга, кадми, цайрын бохирдолт багагүй талбайг хамарч байна. Мөн хотын хун амын төвлөрөл ихтэй худалдаа үйлчилгээ явуулдаг томоохон төвүүдийн орчимд аммонийн бохирдолт их байна. Улаанбаатар хотын хөрсөнд органик гаралтай бохирдол их байгаа бөгөөд энэ нь гэр хороолол, олон нийтийн газрын ахуйн хог хаягдал, шингэн бохирдолтой шууд холбоотой аж. Бохирдлыг багасгахын тулд хог хаягдлын менежментийг сайжруулах, гэр хорооллыг багасгах, хог хаягдалтай холбоотой хууль тогтоомжийг амьдралд хэрэгжүүлэх, иргэд олон нийтийн ухамсрыг дээшлүүлэх зэрэг удаан хугацааны цогцолбор арга хэмжээ шаардлагатай байгааг саяхан болсон “Улаанбаатар хотын хөрсний бохирдлын эргэн тойронд” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр онцолж байсан. Мөн нийтийн эзэмшлийн гудамж талбайд хог, нус цэрээ хаях, эрээ цээргүй биеэ засах, угаадсаа асгадгийг арилгах, албан байгууллага аж ахуйн нэгжүүд хогоо ил задгай хаях, орчноо цэвэрлэхгүй байх зэрэг байдлыг арилгахад хуулийн зохицуулалт хэрэгтэй гэдгийг ч тэд онцолж байсан.
 
Үнэндээ манайд нийтийн эзэмшлийг хамгаалдаг, түүнийгээ цэвэрлэдэг, хяналт тавьдаг хуулийн тогтолцоо байдаггүй юм байна. 1998 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх журамтай Ариун цэврийн тухай хууль байдаг хэдий ч түүнийг эдүгээ мөрддөг хүн байхгүй гэхэд хилсдэхгүй. Бараг ийм хууль байдаг эсэхийг ч мэддэггүй биз. Уг хуулийн долдугаар зүйлд хүн амын суурьшлын орчны эдэлбэр газрын хөрс нь стандарт, эруул ахуйн хэм хэмжээнд тохирсон, бохирдолгүй байна. Оршуулгын газар, хог хаягдлын цэг, бие засах газар, бохир ус цэвэрлэх байгууламж цооногийг стандарт, эрүүл ахуйн хэм хэмжээний дагуу байгуулж ашиглана. Хог хаягдлын тогтоосон цэгээс өөр газарт хог хаягдал хаяж, орчныг бохирдуулахыг хориглоно гэх мэтчилэн заасан байх бөгөөд энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр заасан байгаа юм. Мөн цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан, хууль тогтоомжоор тусгайлан эрх олгогдсон улсын байцаагч нь иргэнийг 5000-10000, байгууллага, аж ахуйн нэгжийг 100000-250000 төгрөгөөр торгож, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах буюу түүнтэй холбогдон гарсан зардлыг нөхөн төлүүлнэ хэмээн заасан байна. Гэвч үнэндээ гэр хороололд үнс нурам, угаадас асгасан хүнд хариуцлага тооцдог бил үү. Тиймгүй болоод л өнөөдөр нөхцөл байдал хүндэрч байгаа шүү дээ.
Монголын мэдээ
Э.Туул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bataa 2016-03-13 23:51:48
    Ãàìøèã íü ÷ îíîíñîí íýð ìºí ¿¿
    112.72.12.8
    Мэдэгдсэн Хариулах