Дэлхийн аварга дуустал чуулганаа завсарлуулаач
Бразильд болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ид дундаа үргэлжилж байна. Нэр хүнд, цар хүрээгээрээ Олимпийн наадмын дараа орох хөлбөмбөгийн дэлхийн аварга эхэлснээс хойш янз бүрийн л юм болж байх шиг байна. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үзэж яваад осолд орлоо л гэнэ. Шалтгаан нь нойр дутуу явсанаас болсон гээд байгаа. Нойр дутуугийн дээрээс бага сага согтууруулах ундаа, түүний хамаатан, садантай “найзалсан” гэдэг нь тодорхой байх. Мөн хөлбөмбөг эхэлсэнтэй холбоотойгоор олон хүн нэг дор бөөгнөрч, тэр ч битгий хэл дунд сургуулийн хүүхдүүд бусдын амийг хохироосон. Буруутан нь хөлбөмбөг болж таарсан. Хэрвээ хөлбөмбөгийн дэлхийн аварга эхлээгүй байсан бол дунд сургуулийн хүүхдүүд олуулаа нийлж, архи уухгүй байсан. Тэгэхээр хүн амины хэрэгт орооцолдохгүй шүү дээ. Тэгэхээр хөлбөмбөгийн спортыг буруутгах үндэслэл байна.
 
Түүнээс гадна хөл­бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлсэнээс хойш улс орны ажил урагшлахаа болилоо. Монгол Улсад хэрэгтэй, нэн шаардлагатай олон хуулийг энэ зун УИХ-ын чуулганаар хэлэлцэх ёстой. Гэтэл хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлснээс хойш эрхэм гишүүд нойроо дийлэхээ больж, Төрийн ордонд болж байгаа бүх хурал 1-2 цагаар хойшилдог болчихлоо. Тэр дундаа УИХ-ын чуулган өглөө 09:00 цагт эхлэх ёстой ч хамгийн багадаа нэг цагаар хойшлох нь энүүхэнд байна. Аргагүй л дээ, хэдий гишүүн ч гэсэн тэд чинь бас хүн.
 
Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлт болоход төр засгийн томчууд бөөн бөөнөөрөө очиж, дэмждэг багийнхаа тухай яриад л сүрхий байсан. Тэгээд ч манай гишүүдийн ихэнх нь гадаадад сургууль төгссөн, галуу шувууны махны амт мэддэг нөхдүүд. Тийм болохоор дэмждэг баг, тоглогчид нь олон ч байх. Ядаж байхад энэ жилийн дэлхийн аваргад хүчтэй багууд оролцож, “Үхлийн” тодотголтой хэсэг хэд хэд гарсаныг ч хэлэх үү. Үзэхгүй байж чадахгүй байгаа биз. Эрхэм гишүүд болсон хойно хамгийн тансаг газар, том дэлгэцээр шөнөжин үзэж, үнэтэй дарс, виски шимж байгаа байх. Ингээд л шөнөдөө нойргүй хонож, дээрээс нь жаахан шартангатай бол яаж өглөө 09:00 цагт чуулганд ирж амжаа аж. Ядаж байхад Их хурлын гишүүдийн ихэнх нь эрэгтэйчүүд болохоор З.Энхболд даргын ангийнхан бөөнөөрөө “хичээл таслах”- ыг ч нэг үзүүлж өгч байгаа бололтой. Ер нь ингэж хоёрын хооронд, гурвын дунд чуулсан ч биш, чуулаагүй ч биш байхын оронд хөлбөмбөг дуустал түр завсарлачихвал яасан юм.
 
За тэр, байнгын хорооны хурал энэ тэр бол үлгэр болж дууслаа. Нэг ажлын хэсэг байгуулаад, хуулийн төсөл хэлэлцүүлэгт бэлтгэх гэхээр ирц хүрэхгүй байна л гэх. Аргагүй шүү дээ, дэлхий нийтээрээ хөлбөмбөгөөр амьсгалж байхад ганц хууль хэлэлцэхийн төлөө сууж байдаг хүн ч гэж юу байх билээ. Тэгсэнд орвол шөнөжин том дэлгэцийнхээ өмнө сууж, наргичихаад, өдөр нь унтаж амарч, бага сага зав гарвал фэйсбүүкээр хэсч, твиттерээр жиргэхээ бодно биз дээ, энэ чинь. Хуулийг бол наадам дуусаад дэлхийн аварга өндөрлөхөөр ганц өдөрт хэлэлцээд, баталчихад ядаад байх юмгүй. Тэгэхгүй хөлбөмбөг үзэлгүй хоцорчихвол ярих ч юмгүй хэцүүдэж л таарна. Өнөөх тэр гоол оруулж гэнэ, энэ улсын баг хожиж гээд л хүмүүс ярихаар “Өө тийм үү, чуулган эрт эхэлж байгаа болохоор шөнө нойр авах гээд үзэж чадсангүй” гээд сууж байх нь гишүүн хүнд жаахан муухай шүү дээ.
 
Аягүй бол цахим ертөнцөөр “Тэр гишүүн хөлбөмбөг мэддэггүй” гээд л шуугивал нэр хүнд нь унаад, хэцүүхэн юм болно. Наад захын энэ мэт асуудлыг З.Энхболд дарга ойлгох хэрэгтэй. Тэгж ярьвал удахгүй хасагдах шатны тоглолт эхлэхээр уур амьсгал бүр ч илүү болно. Тэр үед байнгын хороо, чуулган хуралдуулах ч хэцүү дээ. Арай гэж сонгож гаргасан хэдэн гишүүнээ ядаргаанд оруулчихвал хэн бидний төлөө хэрүүл хийх болж байна. Тийм учраас дэлхийн аварга дуустал амраах хэрэгтэй байгаа юм.
 
 Гишүүд  ч гэсэн ийм санал оруулах хэрэгтэй. Тэр дундаа хөлбөмбөгт хорхойсч, өглөө чуулгандаа ирж чадахгүй байгаа гишүүд өөрсдийнхөө эрх ашгийн төлөө одоо л ажилламаар байна. Бусад нь, тэр дундаа эмэгтэй гишүүд бас дэмжих хэрэгтэй. Амьддаа бие бие хайрла гэдэг биз дээ, ер нь.

Монголын мэдээ
Н.Пунцагболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2014-06-25 02:59:14
    за за болъё оо ганц уих-ын гишүүд л хөл бөмбөг үздэг тэд л хүн биш ш дээ бид ч бас хүн. тийм болохоор улс даяараа хөл бөмбөг дуустал амръя. би ч бас шөнөжин хөл бөмбөг үзээд маргааш нь ажлаа хийх гэж хэцүү байна.
  • ИРГЭН 2014-06-25 02:43:46
    НЭГ МУУ БӨӨРХИЙ ШИР ӨШИГЛӨЖ, ХӨӨРЦӨГЛӨН ХӨӨЦӨЛДСӨН МАНГАР ЭРСИЙН ТӨЛӨӨ ТӨР ЗАСГИЙН АЖЛЫГ ЗОХИЦУУЛЖ ӨГӨӨЧ ГЭЖ БУЙ ЭНЭ ТЭНЭГҮҮДИЙГ ЭЭ... АРД ТҮМЭН ЭНЭ ТЭНЭГҮҮДИЙН ХЭН НЬ ЮУ ХЭЛЖ, ЯМАР ЗАН ГАРГАЖ, ЯМАР ҮЙЛ ЭРХЭЛЖ БУЙГ ТАСРАЛТГҮЙ ХАРЖ, ИХ ТҮҮХ ЭНЭ БҮХНИЙГ БИЧ