Ц.Цолмон: Эдийн засгийн биш “Тансаглалын хямрал” гэж ойлгох хэрэгтэй
УИХ-ын гишүүн Ц.Цолмонтой уулзаж ярилцлаа. Өмнө нь УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байсан Ц.Цолмон гишүүний хувьд Монгол Улсын Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар 1996-2000 онд ажиллаж байсан манай туршлагатай, тулхтай улстөрчдийн нэг билээ. 1990-1992 онд Хөдөлмөрийн сайд, 2006-2008 онд Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан гээд түүнд төр, засгийн ажлын арвин туршлага бий. Ийм ч учраас Монголын улстөрд үүсээд байгаа хүндрэлтэй асуудлуудын талаар түүний бодлыг сонссон юм.

-Таны хувьд сүүлийн үед сонин хэвлэлд тэгтлээ олон ярилцлага өгч, байр сууриа илэрхийлээгүй бо­лов уу. Улстөрд үүсээд байгаа нөхцөл байдлыг жаа­хан харзнаж, дүн шинжилгээ хийж сууна уу?

-Яг ямар асуудлын тухай асууж байна. Би дуугүй суугаагүй, байр сууриа бо­ломжийн хэм­жээнд илэр­хийлээд л явж байгаа шүү дээ.-Сүүлийн долоо хоногт Газар өмчлөлийн хуулийн талаар ард иргэдийн дунд багагүй маргаан, эсэргүүцэл өрнөж, үүний үр дүнд ч Засгийн газар хуулийн төслөө эргүүлэн татлаа. Энэ асуудлын талаар та ямар байр суурьтай явна?-Газар өмчлөлийн тухай хуулийн төсөл Засгийн газраас оруулж ирсний дагуу УИХ дээр ажлын хэсэг байгуулагдсан.Бидний хувьд Засгийн газраас оруулж ирсэн төслийг аль болох засч, сайжруулан хэлэлцэж ярилцаад ажил цаашаа явж байсан л даа. Засгийн газрын зүгээс хуулийн төслийг татаж авсныг ард иргэдийнхээ санал бодлыг сонсож, дахин нэлээд чамбай бэлдэхээр татаж авсан юм болов уу л гэж бодож байна. Эцсийн дүндээ энэ хууль Засгийн газраас өргөн барьсан хэлбэрээрээ ч юм уу, ажлын хэсгийн засч янзалснаар шууд батлагдаад гарчихгүй шүү дээ. Ер нь газрынхаа тухай хуулийг өнөөгийн нөхцөлд тохируулан шинэчлэн найруулж, ард иргэдийнхээ санаа бодлыг тусгаад батлан гаргах л хэрэгтэй байгаа юм. Өнөөдрийнх шиг янз бүрийн маргаан, мэтгэлцээнээс болоод хойшлуулаад байх нь уг нь дэмий л байгаа юм. Уг нь энэ чинь аль түрүүчийн Засгийн газрын үед л оруулж ирж байсан төсөл л дөө. Яах вэ зүгээр, Засгийн газар эргүүлэн татаж авч байгаа нь ямар нэгэн шинэ хандлага, чиглэл оруулж ирж хэлэлцүүлэх гэсэн санаа юм болов уу л гэж бодож байна.

-Газар, бэлчээрийг өмчлүүлэх цаг нь болсон уу. Ард иргэдийн зүгээс Засгийн газрын Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хо­ногийн ажлын хүрээнд энэ хуу­лийн төслийг яарч, сандран оруулж ирлээ гэх хардлага байгаа юм л даа?

-Манай хүмүүсийн дунд тийм нэг жаахан буруу ойлголт яваад байх шиг байгаа юм. Уг нь энэ чинь олон жилийн өмнөөс яваад байгаа хуулийн төсөл юм шүү дээ. Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн ажилтай энэ хуулийн төсөл ямар ч хамаагүй. Сая бидний хэлэлцэж байсан Газрын тухай хуульд өмчлөлийн тухай юу ч байхгүй. Харин Үндсэн хуульд “Зөвхөн Мон­гол Улсын иргэн газар өмчилнө” гээд заачихсан байгаа. Түүнээс гадна Газар өмчлөлийн тухай хууль бий. Бидний сая ярилцаж байсан хууль бол Газрыг эзэмших, ашиглах гэсэн хоёр хэлбэрийг л илүү тусгасан хуулийн төсөл байсан юм. Ер нь бол зах зээлд шилжсэн ихэнх оронд газрыг өмчилнө, эсвэл ашиглана, түрээслэнэ гэсэн л зарчим үйлчилдэг юм билээ. Миний хувьд эзэмших гэсэн нэр томьёо хаанаас гараад ирэв ээ гэж жаахан судалж үзсэн юм. Ингэхэд социализмын үед газар улсын мэдэлд байж, харин иргэд эзэмшиж, ашигтай чанарыг нь гаргадаг байсан байгаа юм. Тухайн үед иргэд газар дээр хувийн байшин саваа барин амьдарч байсан нь эзэмшиж байгаа хэлбэр юм л даа.

Харин одоогийн хуулиар бол төр, иргэн хоёулаа өмчлөх эрхтэй. Харин аж ахуйн нэгж, гадны иргэд өмчилж болохгүй гээд тодорхой заачихсан байгаа. Тэгэхээр цаана нь үлдэж байгаа эзэмших, ашиглах хоёроо тодотгосон хууль эрхзүйн орчин зайлшгүй хэрэгтэй болно оо доо. Зүгээр бэлчээрийг эзэмших тухай хуулийн төсөлд тусгагдсан байсныг ажлын хэсэг дээр ярил­цаад “Бэлчээрийг эзэмшүүлэх арай болоогүй, одоогийнхоо байд­­лаар нэлээд хугацаанд явах шаардлагатай” гэж үзсэн. Хуучин хуулиа улам сайжруулж, илүү Монгол орчин нөхцөлд таарсан, өнөөдрийн амьдралд хэрэгтэй хууль гаргах шаардлагатай гэж ярилцаад явж байтал Засгийн газар татаад авчихлаа. Гэхдээ энэ ажил удахгүй үргэлжлээд явах байлгүй дээ.

-Энэ сарын дундуур гаргасан судалгааны дүнгээр ард иргэдийн зүгээс УИХ-ын гишүүдэд итгэх итгэл 64 хувийн сөрөг үзүү­лэлттэй гарсан байна. Зарим ажиглагчид улстөрийн тогтворгүй байдал эдийн засаг руу шилших хөдөлгөөн алгуурхан эрчимжиж байна гээд байгаа. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Монголын улстөр тэгтлээ тогтворгүй болчихсон юм байхгүй. Улстөрийн тогтворгүй байдлаас эдийн засгийн хямрал үүсчихсэн ч юм биш. Харин зүгээр эдийн засгийн хүндрэл нь улстөрд нөлөөлөх үү, үгүй юу гэдэг асуудал бол байгаа. Зарим хүмүүсийн жаахан дэвэргэж, хөөргөөд байгаа шиг улстөр хямраад байгаа зүйлийг би л хувьдаа олж харахгүй байна. Сонгуулийн үр дүнгээр дөрвөн нам нийлээд хамтарсан Засгийн газар байгуулаад өнөөдрийн байдлаар хэвийн хэмжээнд ажиллаад л явж байгаа. Засагт хамтарсан дөрвөн нам зарим нэг хүмүүсийн дөвийлгөөд байгаа шиг буруу тийш харж суучихаад, хэл амаа ололцохгүй байгаа зүйл өнөөдөртөө алга. Гэхдээ өнөөдрийн байдлыг шүүмжилж байгаа УИХ дахь албан ёсны сөрөг хүчин МАН, АН-ын доторх зарим нэг гишүүн, Иргэний хөдөлгөөнүүд, чөлөөт иргэд гээд тодорхой хүчин, хувь хүмүүс Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжилж байгаа нь зүй ёсны л үзэгдэл.

-Сүүлийн үед “Мөнгө олж ир­сэн ганц сайдаа золигт гаргах гэж байна. Н.Батбаярын оронд мөн­гөний бодлогыг алдагдуулсан Монголбанкны ерөнхийлөгч Н.Зол­жаргал хариуцлага хүлээх ёстой” гэх хүмүүс олширч байна. Та энэ асуудалд ямар байр суурьтай байна?

-Олж ирсэн мөнгөө хамаагүй үрсэн ч гэдэг юм уу, яг мөнгөнөөс болж Н.Батбаярын асуудлыг та­виагүй байх гэж бодож байна. Миний хувьд эхлээд төсөл хөтөл­бөрүүдээ сайн боловсруулж, яг юунд, чухам хэдий хэрийн мөнгө зарах гэж байгаа арга, ухаанаа олчихоод тэгээд зарцуулалтандаа орох ёстой байсан гэж л бодож явдаг. Урьдчилж тооцоололгүй баахан мөнгө оруулж ирчихээд тэгээд дараа нь “Одоо яах вэ” гэж ярилцаж эхэлсэн асуудалд нь би шүүмжлэлтэй хандаж явдаг. Ерөнхий утгаараа Засгийн газрын хэрэгжүүлж байгаа зам, барилгын бүтээн байгуулалтын ажлууд Монголын эрх ашигт харшлаад байгаа юм байхгүй. Бид нарт зам хэрэгтэй юу, хэрэгтэй. Ард иргэдээ орон сууцаар зайлшгүй хан­гах л ёстой.

Яг өнөөдрийн хувьд эдийн засгийн болоод, бүтээн бай­гуулалтын хамгийн илүү нөхцөл бүрдсэн нь замын ажил л байсан. Тэр ч үүднээс өнгөрсөн хоёр жилд замаа нэлээд явуучихлаа. Энэ жил ч гайгүй явуулах нь тодорхой. Харин дараа дараагийнхаа зээлийг үйлдвэр рүү оруулаад явуулах бололцоотой. Яг өнөөдрийнх шиг өндөр хүүтэй мөнгө олж ирсэн тохиолдолд үйлдвэр рүү оруулж, үйлдвэрлэл явуулах нөхцөл бүр­дэхгүй байгаа л даа. Жишээ нь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд баахан зээл олгосон шүү дээ. Тэд зээлээ аваад яг үйлдвэрлэлээ явуулах гэсэн чинь тийм өндөр хүүтэй зээлээр үйлдвэрлэлээ удаан хугацаанд, тогтвортой ажиллуулах ямар ч нөхцөл бололцоогүй нь мэд­рэгдэж, харагдаад эхэлсэн л дээ.

Зээлээ авчихаад үйлдвэрлэлээ эхлэх гэсэн чинь удахгүй ихээхэн алдагдалд орохоо мэдэрсэн олон хүний тухай би мэднэ. Тэгэхээр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгож байгаа зээлийн хүүг ихээхэн буулгаж байж л сая энэ ажил гайгүй шиг хэрэгжих боломжтой юм. Тэр утгаар нь би Монголбанкны өнөөдрийн үйл ажиллагаанд бүхэлд нь ихээхэн шүүмжлэлтэй ханддаг. Өнөөдөр манайд байгаа арилжааны банкууд зөвхөн мөнгө хүүлэх арга замаар л амьдарч байгаа нь нууц биш. Хоорондоо нэгдэж том­роод захиргааныхаа үргүй зард­лыг бууруулах ч гэдэг юм уу, тэр чинээгээрээ зээлийнхээ хүүг багас­гах талаар ерөөсөө ажиллахгүй байгаа. Тийм эхлэл санаачлага гар­гаж байгаа ганц ч банк харагдахгүй байна. Харин түүний оронд улам л бутарч хуваагдан олон хүн нийлээд ажиллуулж байсан банкинд ганц нэг эзэн тодрох байдлаар л нэг тийм далд эдийн засаг үүсгээд байгаа. Манайхныг ингэж гэдсэндээ хөлөө жийлцэж байх хойгуур гадны банкны салбар, нэгжүүд үүд хаалгаа нээж эхэлж ч байх шиг. Монголбанкны хувьд хэтэрхий их цаасан мөнгө гаргасан нь бас л нэг бодлогын алдаа мөн. Түүнийгээ ч өнөөдрийг хүртэл оновчтой тайлбарлаж чадахгүй л байгаа.

-Тэгвэл өөрийн тань хувьд мөн­гөний бодлого алдагдсан, валю­тын ханш чангарсан, эдийн засаг хүндэрсэн бурууг Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал ха­риуцах ёстой гэж дүгнэж байгаа юм байна гэж ойлгож болох уу?

-Ер нь нийгмийн иймэрхүү хүндрэл, бэрхшээлийг ганц нэг хүнтэй холбох нь зовлонтой л доо.
Эцсийн дүндээ Монголбанк ч алдаа гаргаж, Засгийн газар ч тэр алдааг нь засаж, нийлээд оновчтой ажиллаж чадсангүй. Ерөнхийдөө Монголын эдийн засгийн салбарт ажиллаж байгаа бүх тоглогчид л их, багагүй алдаа гаргаснаас эцэстээ иймэрхүү хүндрэлд орж байгаа шүү дээ. Би нэг үг хэлэх дуртай. Тэр нь юу вэ гэвэл зам дээр хоёр машин шүргэлцчихээд жолооч нар нь нэг нэгнийгээ бу­руутган, зодолдож, цохилцох нь холгүй юм болдог. Эцсийн дүнд хоёулаа л буруутай үйлдэл хийснээс мөргөлдөж байгаа шүү дээ. Нэг нь сэрэмж алдсан бол нөгөөх нь түүнийг урьдчилж хараад зугтаад л гараад явчих хэрэгтэй юм л даа. Тэгэхээр өнөөдрийн эдийн засгийн хүндрэлд хатуухан хэлэхэд монголчууд бүгдээрээ буруутай гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл хүн болгонд л нэг эдийн засаг байгаа. Тэр болгоноо зөв авч чадаагүйтэй өнөөдрийн хүндрэл тойруу замаар холбогдох л учиртай.

Өнөөдрийн тухайд эдийн засгийн хүндрэлийн гол буруутныг хайхаас илүүтэй бүгдээрээ урагшаа хараад айл өрх, иргэн болгон энэ хямралыг яаж давж гарах вэ, улс эх орондоо яаж тус нэмэр болох тухай л бодох цаг болчихоод байна. Сэтгэлзүйн хямрал эдийн засгийн өнөөдрийн хүндрэлд багагүй нөлөө үзүүлж байгаа гэдгийг хаа хаанаа анхаарах цаг болсон. Гадаадын хөрөнгө оруу­лалт 10-17 хувь өсч байх үед бид дэндүү их тансаглаж бү­тээх, үйлдвэрлэх талаа ор тас хая­сан. Тэгэхээр өнөөдрийн энэ хүндрэлийг “Эдийн засгийн хям­рал гэхээсээ тансаглалын хямрал” гээд ойлгочиход буруудах зүйлгүй. Одоо бол хүссэн хүсээгүй хэсэг бүлэг хүн орилж, хашхичаад олиг­той үр дүнд хүрэхгүй. Зөв арга замаа олоод явлаа гэхэд багагүй хугацаа шаардлагатай нь тодорхой. Ингэхээр Монголчууд илүү хөрсөн дээрээ бууж, хэмнэлтийн, оновчтой амьдралын дэглэм рүү шилжээд явбал илүү хурдан одоогийн хүнд­рэлээс гарах байх. Яг Ерөнхий сайд, Монголбанкны ерөнхийлөгч, салбар хариуцсан сайд нар зөв арга ухаанаа олж, ажиллаж чадаж байгаа эсэхийг амьдрал харуулаад л явна.

-УИХ-ын чуулган, Байнгын хорооны хуралдааны үеэр ажиг­лаж байхад та ер нь л намуухан, аядуухнаар асуудалд хандаж ха­рагддаг. Зарим үед арай жаа­хан чангахан дуугаръя гэж бодог­дохгүй юм уу?

-Чанга дуугарсаны сайн гэж бараг байхгүй дээ. Ер нь аливаа асуудлын учир шалтгаан, цаг хуга­цаа, орон зайд нь тохируулсан ийм л үйл ажиллагаа бодлого явуулах нь илүү үр дүнд хүрдэг. УИХ дээр бол миний хувьд голдуу олон ажлын хэсэгт орж ажилладаг. Байнгын хороон дээр хэлэх юмаа хэлчихдэг. Тийм учраас чуулган дээр нэг их олон юм яриад байх шаардлага бага гардаг. Ер нь сүүлийн үед УИХ-ын чуулганы үйл ажиллагаа нэг жаахан шоу тал руугаа хэлбийгээд байгаа тал бий. Та бүхэн мэдэж л байгаа.

Өнөөдрийн УИХ-д телевизийн ду­рангийн өмнө шоу үзүүлдэг 20 орчим гишүүн бий. Өнөөдөр УИХ-ын дэгээр нэг гишүүн таван минут асуулт асуух эрхтэй юм билээ. Миний хувьд энэ минутыг гурав юмуу хоёр ч болгох боломжтой гэж бодож явдаг. Энэ саналаа за­рим байнгын хорооны даргатай ч зөвлөлдөж үзсэн. Жишээ нь Японы парламентын гишүүд асуултаа цаа­сан дээр бичиж ирээд бушуухан уншиж асуудаг байх жишээтэй. Энэ нь цаад утгаараа парламентад улстөрийн популизмыг үгүй болгож жинхэнэ ажил хэрэгч, хууль тогтоох дээд байгууллагын ажил явагдах бололцоог бүрдүүлэх сайн талтай. Би ингэж л бодож явдаг.
Өглөөний сонин
Д.Энхтүвшин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.