Зах, супермаркет, гэр хорооллын дэлгүүрүүдийн жин хэмжүүрийг шалгасан нь
Зах, супер маркет, гэрийн­хээ хажуугийн хүнсний дэл­гүүрээс худалдаж ав­сан бараа нь жин дээр заасан хэм­жээ­нээс бага юм шиг санагдан эр­гэл­зэж үзээгүй хэрэглэгч үгүй болов уу. Бид энэ удаа яг энэ асуудлыг буюу Хэмжилийн нэгд­мэл байдлыг хангах тухай хуу­лийг гардан биелүүлдэг Зас­гийн газрын тохируулагч агент­лаг Стандартчилал, хэмжил­зүйн газрын хэмжилзүйн хэл­тэстэй хамт­ран, зах, дэлгүүр, супер­мар­кетуудын жинг шалгах ажлыг сур­валжиллаа.

Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарчилал хэмжилзүйн газар хоёр байртай. Нэг нь олны нэрлэж заншсанаар Жуковын музейн автобусны буудлын баруун талд байрлана. Хэмжилзүйн хэлтсийн нэг алба болох Эталоны алба энд байдаг аж. Албаны даргын үүрэг гүйцэтгэгч Д.Шаравдоржтой уулзан хэрэг зоригоо хэлэхэд уриалгахан хүлээн авч албаныхаа бүтэц болон хэрэгжүүлдэг чиг үүргээ танилцуулсан юм.
 
Монгол инженерүүдийн хүчээ үзэх ёстой салбар, бизнесийн том орон зай энд байна

Төрд чухалгүй ажил үүрэг, салбар нэгж гэж үгүй. Гэхдээ тэдэн дундаасаа бидний өдөр тутмын амьдралд шууд нөлөөлдөг онцгой чухал үүрэг гүйцэтгэдэг нь бас бий. Стандартчилал, хэмжилзүйн газрын Хэмжилзүйн хэлтэс чухам тийм онцгой үүрэгтэй ажээ. Монгол Улсад хэмжих хэрэгслийн худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж, хэмжих хэрэгслийн загварууд энэ хэлтсээр дамждаг юм. Хэмжилзүйн хэлтэс нь Хэмжилзүйн бодлого, эталоны, хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалтын алба гэсэн хоёр албатай.  Эталоны алба нь хэмжих хэрэгслийг шалгахад шаардагдах эталон жин туухайг бэлтгэхийн зэрэгцээ Монгол Улсад хэрэглэгдэх хэмжих хэрэгслийг загварын туршилтад оруулж гэрчилгээ олгох үүргийг хэрэгжүүлдэг. Харин Хэмжих хэрэгслийн шалгалт, баталгаажуулалтын алба нь ломбардуудад хэрэглэгддэг өндөр нарийвчлалтай электрон жингээс эхлээд уул уурхайд хэрэглэгддэг аварга том пүүнүүдийг загварын туршилтад орсон эсэхийг хянаж, шалгаж баталгаажуулдаг. Чухам энэ албаны улсын байцаагч, шалгагч нар Монгол хэрэглэгдэж буй бүх хэмжих хэрэгслийн найдвартай байдал, алдаа мадаггүй ажиллагааг хариуцан цаг наргүй хөдөлмөрлөж байдаг аж.  Хэмжих хэрэгсэл нь шингэн, хий, цахилгааны гээд учрыг нь олоход бэрх олон төрөл тул энэ удаа иргэдийн өдөр тутмын амьдралд шууд хамаатай, сонирхлыг нь их татдаг хүндийг хэмжих хэрэгслийг баталгаажуулалтын ажлыг сонгон авсан билээ. 

Монгол Улс жин, хэмжих хэрэгслээ үйлдвэрлэж чаддаггүй, шатахуунтай адил 100 хувь гаднаас импортолдог юм байна. Гэхдээ дандаа ийм байсан юм биш. Зах зээлээс өмнө Хэмжүүр засварын үйлдвэр гэж байхад жингээ засварладаг, Төмрийн үйлдвэртэй хамтраад мах, ногооны том жингүүдийг үйлдвэрлэдэг байжээ. Гэвч зах зээл гарснаар хэмжүүр засварын үйлдвэр нь байртайгаа хамт хувьчлагдсан байна. Энэхүү үйлдвэр нь Стандарт хэмжилзүйн газрын байрны нэг жигүүрийг эзлэн байдаг аж. Эхэндээ зориулалтаараа ажиллаж байсан бол одоо хэмжүүр засварын хоёр лаборатори л үлдэж, бусад өрөөгөө худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд түрээслүүлжээ. Ингээд жин хэмжүүрийг 100 хувь гаднаас импортлох болсон байна. Хэрвээ Монголд үйлдвэрлэвэл маш ирээдүйтэй том бизнес гэдгийг Д.Шаравдорж гуай онцолж байсан. Манайхан сүүлийн үед импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг дэмжинэ гэж ярьдаг болсон. Тэгвэл монгол инженерүүдийн хүч үзэх боломжтой бас нэгэн орон зай энд байна.
 
Шатахуун түгээгүүрийн шахуурга +,- 0.25 хувийн алдаатай заадаг

Эднийх УИХ-аас 1994 онд баталсан Хэмжилийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэн ажилладаг юм байна. Энэ хуулиар бол хэмжих хэрэгсэл буюу жинг хувь хүн оруулж ирэхийг хатуу хориглосон байдаг гэнэ. Заавал тусгай зөвшөөрөлтэй ААН гүйцэтгэдэг, тэр тусгай зөвшөөрлийг нь Хэмжилийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу эдний хэлтсээс өгдөг ажээ. Нөгөө нэг чиг үүрэг нь жинг ашигладаг өндөр нарийвчлалтай эталон туухайнуудыг хийж, баталгаажуулдаг аж. Бид зах, супермаркет, дэлгүүрүүдээр явж жинг шалгахад улсын шалгагч эдний хийсэн баталгаат эталоныг ашиглан шалгаж, баталгаажуулалт хийж байсан. 

Бидний гол зорилго жижиг дэлгүүр, супермаркет, захуудын жин хэмжүүрийг хэрхэн баталгаажуулдгийг сурвалжлах байсан ч хоёр хэлтэс тусдаа байдгийг нь мэдэлгүй шууд төв байр дээр нь оччихсон. Гэвч энд ирснээр олон сонирхолтой мэдээлэл сонссоноо уншигчиддаа хуваалцлаа. Биднийг Д.Шаравдорж гуайн өрөөнд байх үед нэгэн компанийн менежер залуу импортоор оруулж ирсэн жингээ загварын туршилтад оруулах хүсэлтэйгээ илэрхийлэн орж ирлээ. Уул уурхайн компаниудад тос нийлүүлдэг компани гэнэ. Нэг нийлүүлэхдээ л 20 мянган литр хүртэлх тос нийлүүлдэг учир өөрсдөө хэрэглэх зорилгоор жин оруулж ирснээ туршилтад оруулж баталгаажуулах гэж яваа нь энэ юм байна. Д.Шаравдорж гуай түүнд загварын туршилтад оруулахад бүрдүүлэх шаардлагатай баримтуудыг нэгд нэгэнгүй хэлж өгч, танилцуулгыг нь анхааралтай үзэж байв. Хэмжих хэрэгслийн танилцуулгад нарийвчлалаас гадна туухайг хурдан хурдан авч, тавихад зөв зааж байгаа эсэх, гадаа ашиглах бол +, - хичнээн хэмд ажиллах чадвартай вэ гэх мэт олон үзүүлэлтийг бичсэн байдаг аж.

Тэдний хооронд өрнөж байгаа яриаг сонсоод байхад хэмжих хэрэгсэл нь яс заахыг шаарддаггүй, зөвшөөрөгдсөн хэмжээнд бага зэрэг алдаа байхыг ч зөвшөөрдөг бололтой. Бидний өдөр тутам үйлчлүүлдэг шатахуун түгээх станцын шахуургууд л гэхэд +, - 0.25 хувийн алдаатай заахыг зөвшөөрдөг юм байна. Тэд үзүүлэлт тус бүрийг нягталсаар ажиллах орчны темпратур дээр ирэхэд асуудал үүссэн. Гадаа ашиглагдах уг тоолуурыг Австралид үйлдвэрлэсмэн учир хамгийн хүйтэндээ -20 хэмд ашиглах ёстой гэж танилцуулгад дурьдсан байсан. Харин Монголд өвөл 30 хэм хүрдэг учир нарийвчлан шалгах шаардлагатай гэдгийг хэн хэн нь хүлээн зөвшөөрч байв. Хууль журмаараа бол Монгол улсад гадаа ашиглах ижил төрлийн хэмжих хэрэгсэлд тавигддаг шаардлага нь -45 хэм байдаг гэнэ. Эдний хэлтэст эталон туухайнаас гадна хөргөгч гээд жин шалгахад шаардлагатай хэрэгслүүд нь бүгд байдаг учир асуудлыг шалгаж шийдэх боломжтой аж. Загварын туршилтад орох хүсэлтэй аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг Хэмжилзүйн зөвлөгөөнөөр хэлэлцдэг бөгөөд энэ сарын 27-нд ээлжит удаагийн хурал нь болох гэж байгаа юм байна. Тиймээс Д.Шаравдорж гуай нөгөө залууд даруйхан бичиг баримтаа бүрдүүлж өгөхийг зөвлөөд гаргав.  
 
Хүн бүр байцаагч байх ёстой буюу иргэд хэмжих хэрэгслийг шалгах эрхтэй

Жинг яг гардан шалгадаг байцаагч, шалгагчид нь байдаг Хэмжих хэрэгслийн шалгалт, баталгаажуулалтын алба нь Таван шард, “Ач” АУДС-ийн ард байрлах хоёрдугаар байрандаа байдаг юм байна. Энд бид Хүндийг хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын лабораторийн ахлах менежер, хэмжүүрийн улсын байцаагч П.Цэрэн-Очиртой уулзаж, ажлын онцлог, жаргал зовлонг нь хуваалцсан юм.

Тэрбээр “Ер нь, Монгол Улс 2.7 сая хүнтэй гэвэл жин хэмжүүр бүгдэд нь хүрдэг юм шүү. Бид хэрэгцээт бараагаа хэмжүүрээр л хэмжиж авдаг, тиймээс үнэн зөв байх нь иргэн бүрт шууд нөлөөлж байдаг юм” хэмээн яриагаа эхлэв. Дээр олонтаа дурьдагдсан Хэмжилийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн 7.2-т заасны дагуу жин хэмжих хэрэгслийг зургаан сар тутамд шалгуулж баталгаажуулах ажлыг эдний алба нугалдаг юм байна. Энэ журам сүүлд өөрчлөгдөж 60 кг-аас дээш хэмждэг 2000 гаруй жинг жилд нэг удаа шалгадаг болсон байна. Үлдсэн 3500 орчим жинг зургаан сар тутамд шалгаж баталгаажуулдаг ажээ.

“Нийслэлийн хэмжээнд 3000 гаруй хувь иргэд, аж ахуйн нэгжийн 5500 гаруй хэмжих хэрэгсэлд баталгаажуулалт хийж байгаа. Таван улсын шалгагч есөн дүүргийг хариуцаж ажилладаг. Манай алба хэмжих хэрэгслийг шалгаж, баталгаажуулалтыг тогтсон стандартын дагуу хийгээд гэрчилгээ олгодог. Тухайн ААН, иргэн гэрчилгээгээ жин дээрээ нүдэнд харагдахуйц газар байрлуулах ёстой. Хэрвээ хугацаандаа баталгаажуулалт хийгээгүй байвал хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авдаг” хэмээн П.Цэрэн-Очир байцаагч ярьсан. Дараа нь тэрбээр ярьсан дээрээ нэмээд “СХЗГ-ын даргын А19 тоот захирамжаар хувь хүний оруулж ирсэн хэмжих хэрэгсэлд баталгаажуулалт хийхгүй байгаа, иргэд болоод худалдагч аль алиных нь эрх ашгийн төлөө ийм шийдвэр гарсан” хэмээн тайлбар хийнэ билээ. 

Иргэд үйлчлүүлж байгаа жинг гэрчилгээтэй эсэхийг эздээс нь асууж, үзэх, хэрвээ батагажуулаагүй буюу хугацаа нь хэтэрсэн байвал мэдээлэл өгөх эрхтэй гэдгийг тэрбээр онцлон тэмдэглэж, “Иргэн бүр байцаагч байх ёстой” хэмээн “ММ”-ээр дамжуулан нийт уншигчдад хэлсэн юм. Уншигч та хажуу дэлгүүртээ ороод авсан бараа тань арай хөнгөн санагдаад байвал шууд баталгаажуулалтын гэрчилгээгээ үзүүлэхийг шаардах эрхтэй гэдгээ одоо мэдсэн биз ээ.       
 
Супермаркетууд онц, зах сайн, гэр хорооллын дэлгүүрүүд дунд дүн авлаа

Зах, супермаркет, захын хорооллын дэлгүүрүүдэд жингийн шалгалт оруулах үндсэн зорилго маань сая л нэг биелэх боломж олдлоо. Улсын шалгагч Б.Пүрэвтогтох манай сурвалжлах хэсгийг дагуулж явахыг зөвшөөрснөөр бид түүний хариуцаж ажилладаг Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн томоохон зах, худалдааны төв, гэрийн хорооллын дэлгүүрүүдийн жинг шалгахаар болов.

Улсын шалгагч нар долоо хоногийн хоёр өдөр нь албаныхаа байранд цугларч, бусад үед нь шууд ажлаа хийгээд явж болдог. Өмнө нь өдөр болгон контор дээрээ цуглардаг байх үед жишээ нь, Баянзүрх зэрэг хол дүүрэг хариуцсан шалгагч нар ажилдаа ирэх гэж өдрийн талыг авдаг, ажил амждаггүй байсан гэнэ. Харин цуглах өдрийг багасгасгаснаар ажлын бүтээмж нэмэгджээ. Гэхдээ шаардлагатай бол өглөө болгон цуглардаг гэнэ. Шалгагч нар жин шалгаж баталгаажуулахаас гадна загварын туршилт, тусгай зөвшөөрлийн ажилд явдаг. Тэр завсар дуудлагаар бас жин батагаажуулж явах зэргээр өндөр ачаалалтай ажилладаг ажээ.  

Улсын шалгагч хүн шалгах гэж байгаа хэмжих хэрэгслийнхээ том жижгээс болоод 100 кг-аас таван грамм хүртэлх янз бүрийн хэмжээ бүхий 100 гаруй кг туухайгаар “зэвсэглэж” аваад ажилдаа гардаг юм байна. Уул уурхайн салбарт бол бүр ч том пүү хэрэглэдэг, түүнийг шалгахын тулд хэдэн тонн жинтэй эталон ашигладаг ажээ. Энэ удаа бид жижиглэнгийн худалдаагаар л орох учир 10 гаруй кг эталон туухай аваад замдаа гарлаа.
 
Бид шалгалтаа Чингэлтэй дүүргийн “Нарантуул 2” захаас эхлэхээр замдаа ярьж тохиров
 
Нийслэлийн хойд хэсгийн хэрэглэгчид хэрэгцээгээ хан­га­даг худалдааны томоохон цэг болох энэ захад өнгөрсөн өвөл жингийн шалгалт орсон аж. Төвлөрсөн худалдааны төв, захуудад шалгалт хийхдээ ариун цэвэр, зохион байгуулалт хариуцсан байцаагчтэй нь ярьж байгаад засварчинтайгаа ирж нэгдсэн журмаар шалгаж баталгаажуулдаг юм байна. Харин жижиг дэлгүүрүүдээр бол явж шалгахаас аргагүй болдог аж. Мөн иргэд өөрсдөө хугацаа нь дуусах дөхөхөөр СХЗГ-ын байранд аваачиж шалгуулдаг гэнэ. Хэрвээ ирэх боломжгүй бол дуудлага өгсөн ч болох бөгөөд улсын шалгагч дуудлагын дагуу очиж баталгаажуулдаг хол ойроос шалтгаалаад 5-10 мянган төгрөгний нэмэгдэл авдаг ажээ. 

Бид хамгийн түрүүнд гадна хашаанд байрлах гурил будаа зардаг павильонуудад худалдаа эрхлэгчдийн жинг шалгав. Нэг дүгээр лангууг шалгахад л шууд эхний зөрчил илрэв. Жингийн баталгаат хугацаа дууссан байгааг хэлэхэд худалдагч эмэгтэй “Харин тийм ээ. Би наадхыг чинь засуулах гэж байгаа юм. Засуулж болохгүй бол шинийг авна. Дээр нь шуудайтай будаа алдчихсан юм” хэмээн дуржигнуулж гарлаа. Б.Пүрэвтогтох шалгагч түүнд  жингээ цаасан хайрцаг дээр тэгш бус байрлуулсан зөрчил гаргасныг хэлээд “Өчнөөн зарлуулж, хэлж ярьж байж хийж байхад өмнө явагдсан нэгдсэн баталгаажуулалтаас яагаад хоцорсныг нь асуусан. Цааш явж шалгахад дөрөвдүгээр павильоны жингийн хөлийг тохируулаагүйгээс догонцсон байдалтай байсан, тавдугаар павильоны жингийн баталгаа­жуу­лалтын хугацаа өнгөрсөн сард дууссан, 18 дугаар павильоны жингийн баталгаажуулалтын хугацаа бүр 2013 онд дууссан зөрчил илэрлээ. Зөрчил гаргасан хувь хүнийг 15-25 мянган төгрөгнийн торгуулийн арга хэмжээ авдаг аж. Гэхдээ улсын байцаагч л торгох эрхтэй байдаг учраас шалгагч хүн мэдэгдэл бичиж өгдөг аж.

20 дугаар павильоны жингийн доод талын суурь хагарсан байлаа. Энэ нь хамгийн их гардаг зөрчил гэнэ. Ийнхүү павильоны жингүүд бараг бүгд зөрчилтэй гарав. Гэхдээ туухай тавихад жингээ яг таг зааж байсан нь авууштай. 

Тольтой жин ашигладаг байх үед худалдааны байгууллагууд жингийн туухайг зорж хөнгөрүүлэх аргаар ашиг хонжоо олохыг эрмэлздэг байжээ. Одоо харин ихэнх газар электрон жин хэрэглэдэг болсноор энэ зөрчил үндсэндээ үгүй болсон байна. Ноос хэмжиж авдаг ченжүүд асуудал гаргах үе байдаг ч тушааж байгаа хүмүүс нь бас өөрийн баталгаажуулсан жинтэй болсон учир тэр бүрий хульхидуулахааргүй болжээ. Харин баталгаажуулалтын хуга­цаа хэт­рүү­лэх зөр­чил мэр сэр гар­даг байна. Да­раа нь бид “Наран­туул 2” худал­дааны тө­вийн жин­гүү­дийг шал­гав. 10 кг-ын туу­хайг тави­хад шууд 1 грамын ч зөрүү­гүй яс зааж байв. Худал­дагч нар нь ч их л уриал­га­хан “Шал­га шал­га” гэх юм. Б.Пүрэв­тог­тох “Төв­лөр­сөн ху­дал­даа­ны төвүү­дэд бид ха­риуц­сан бай­цаагч нар­тай нь ярьж бай­гаад нэгд­сэн журмаар шалгалт, батагаажуулалт хийчихдэг болохоор өөрсөддөө ийм итгэлтэй байгаа юм. Ер нь “Далай ээж” “Меркюри” гэх мэт томоохон захуудад жин “но”-той байна гэж байхгүй дээ.

Иргэд ч сүүлийн үед хариуцлагатайгаар жингээ шалгуулж баталгаажуулдаг болсон. Харин том дэлгүүрүүдийн жинг л баталгаажуулах гэж бөөн ажил болдог. Тэр ч дарга дээр орж гарын үсэг зур, энэ ч хүнээс зөвшөөрөл ав гээд том албан тушаалтнаас юм гуйж байгаа дайны л юм болно шүү” хэмээн ярив. Дараа нь олны нэрлэж заншсанаар “Гахайн байр” руу явж хүнсний жижиг дэлгүүрээр ороход Загварын туршилтад ороогүй жин хэрэглэж байв. Иймэрхүү зөрчил гэр хорооллын дэлгүүрүүдэд гардаг гэнэ. Гэхдээ хэдийгээр зөвшөөрөгдөөгүй загвар байсан ч туухай тавихад жингээ яс зааж байсан билээ. Ер нь энэ өдөр маш олон жин шалгасан ч илүү, дутуу зааж байсан тохиолдол нэг ч гараагүй. Тэгэхээр Хэмжилзүйн хэлтсийнхний уйгагүй хөдөлмөрийн үрээр бид харьцангүзй баталгаатай жин хэмжүүр хэрэглэдэг аж.

Монголын мэдээ
Х.Сайхан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.