Сум, дүүргийн сонгуулийн хорооны эрх үүрэг
УИХ-ын чуулганы 2015 оны нэгдүгээр сарын 25-ны нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж, баталсан. Сонгуулийн хууль нь 18 бүлэг 166 зүйлтэй маш том хууль юм. УИХ болоод Ерөнхийлөгч, орон нутгийн сонгууль энэ жилийн зургаадугаар сард болох тул сонгох, сонгогдох эрхтэй бүх хүмүүст зориулан уг хуулийн таницуулгыг манай сайт цувралаар хүргэж байна. Сонгуулийн санал авах өдрийг зургаадугаар сарын 29-өөр тогтоосон бөгөөд эл өдрийг хүртэл танилцуулгаа хүргэнэ.  

Энэ удаа  тавдугаар бүлгийн Дөрөвдүгээр дэд бүлгийн Сум, дүүрэгт сонгууль зохион байгуулах, эрх зүйн байдал, эрх үүргийг хүргэж байна.


Сум, дүүргийн сонгуулийн хороо нь:
-Тухайн сум, дүүргийн хурал, түүний төлөөлөгчийн сонгуулийг шууд удирдан зохион байгуулна.

-УИХ, түүний гишүүний, Ерөнхийлөгчийн, аймаг, нийслэлийн хурал, түүний төлөөлөгчийн  сонгуулийг өөрийн нутаг дэвсгэрт сонгуулийн төв байгууллага, аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны шууд удирдлагын дагуу зохион байгуулна.   

-Аймаг, нийслэлийн сонгуулийн хорооноос  сум, дүүргийн сонгуулийн хороог дарга, нарийн бичгийн дарга, гишүүд, нийт таваас есөн хүний бүрэлдэхүүнтэйгээр санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө байгуулна.
- Үйл ажиллагааны зардал нь сонгууль зохион байгуулах төсвөөс санхүүжнэ.
- Шийдвэр нь тогтоол, зөвлөмж, албан бичгийн хэлбэртэй байх ба шийдвэрийг холбогдох этгээд биелүүлэх үүрэгтэй.
- Дарга нь, түүний эзгүйд нарийн бичгийн дарга нь төлөөлнө.
-Хорооны ажиллах нөхцөл, боломж, ажлын байрыг  тухайн сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар хариуцна.
-Сонгууль зохион байгуулах төсвийн хөрөнгийн хэмжээнд сонгуулийг зохион байгуулахтай холбогдуулан хувь хүн, хуулийн этгээдтэй сонгон шалгаруулалтгүйгээр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээ байгуулах ба энэхүү үйл ажиллагаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн зохицуулалтад хамаарахгүй.

-Сонгуулийн хэсэг дэх нэгжийн ажил үүргийн хуваарийг сум, дүүргийн сонгуулийн хорооны дарга тогтоон, мөрдүүлэхээр эрхзүйн зохицуулалтыг хийжээ.

Сум, дүүргийн хурлын нөхөн болон ээлжит бус сонгууль нь аймаг, нийслэлийн хурал, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэг явагдахаас бусад тохиолдолд сум, дүүргийн сонгуулийн хороог тухайн сум, дүүргийн хурлын Тэргүүлэгчид санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө энэ хуульд нийцүүлэн байгуулна.

Хоёр ба хэд хэдэн дүүрэг нь Улсын Их Хурлын олонхийн сонгуулийн нэг тойрогт багтаж байвал аль олон сонгогчтой дүүргийн сонгуулийн хороо нь тухайн тойрог дахь сонгуулийг зохион байгуулна.

Нэг дүүрэгт Улсын Их Хурлын олонхийн сонгуулийн хоёр буюу хэд хэдэн тойрог багтсан бол тухайн дүүрэг дэх сонгуулийн байгууллага нь уг тойргууд дахь сонгуулийг зохион байгуулна.

Харин дээрх сонгуулийн хорооноос гарсан шийдвэрийг тухайн этгээд, нам эвсэл биелүүлэхгүй бол торгох шийтгэл оноохоос гадна төрийн албан хаагч бол нэг жилийн хугацаатайгаар төрд ажиллахыг нь хориглох юм байна.

Сум дүүргийн сонгуулийн хороо нь дараах эрх үүргийг хүлээнэ.
Үүнд, сонгууль зохион байгуулах ажлыг төлөвлөх, түүнийг зохион байгуулах арга хэмжээг авах, хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгаж, сахин биелүүлэх явдлыг хангах, өөрийн эрх хэмжээнд хамаарах асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдол, албан бичгийг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх, улсын болон орон нутгийн төсвөөс хуваарилсан хөрөнгийг зориулалтын дагуу захиран зарцуулах, хуваарилах, зарцуулалтад нь хяналт тавих эрхтэй.

 Үүнээс гадна санал авах ажиллагаанд хэрэглэх техник, тоног төхөөрөмж, бусад зүйлийг хуваарилах, нэр дэвшигчийг бүртгэх, үнэмлэх олгох, сум, дүүргийн хурлын сонгуулийн нэгдсэн дүнг гаргаж, нийтэд мэдээлэх, сонгогдсон нэр дэвшигчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх шийдвэрийн төсөл боловсруулан сум, дүүргийн хуралд өргөн мэдүүлэх үүрэгтэй.

Дахин болон нэмэлт санал хураалт, дахин болон нөхөн сонгууль зохион байгуулж явуулах, сонгуулийн баримт бичгийг зохих журмын дагуу цэгцэлж, холбогдох этгээдэд хүлээлгэн өгөх, саналын хуудаст бичигдэх нам, нэр дэвшигчийн болон нэр дэвшигчийн эцэг /эх/-ийн нэрийг иргэний үнэмлэхийн мэдээлэлтэй тулган нягталж, үнэн зөвийг хариуцах гэсэн үүргүүдийг хүлээжээ.
 
Г.Уянга 
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.