Газрын тос боловсруулах үйлдвэртэй болох асуудал юу болов
Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат одоогоос 18 жилийн өмнө буюу 1996 онд Дорнод аймгаас гарсан газрын тосоор дээлээ мялааж байсан. Харин өнгөрсөн жил Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааныхаа нээлтийг Монгол нутгийн газ­рын тос шингэсэн бензи­нээр банкаа дүүргэсэн машин хөлөглөн эхлүүлсэн. Энэ нь Монгол орны газрын хөрснөөс оргилон гарсан газрын тос “Монгол-93” нэртэй шатахуун юм. Гэхдээ энэ бүхний эцэст монголчууд бид хэзээ өөрсдийн гэсэн нефть боловсруулах үйлдвэртэй болох вэ? гэх асуудал хариулт нэхсээр байна.  Мон­голчууд хориод жил өмнөд хөрш рүү сар бүр 40 мянган тонноор нь түүхий нефть зөөсөөр ирсэн. Өнөөдөр бид газрын тосны бүтээгдэхүүний бүх хэрэглээгээ гаднаас авч байгаа. Энэ хэрэглээ 2015 он гэхэд 1,7 сая тн-д хүрэх тооцоог мэргэжилтнүүд гаргасан байдаг.

Уг нь манай улс 1951 оноос эхлэн Зүүн-баянгийн ордоос газрын тос олборлож эхэлсэн түүх бий. 20-иод жилийн хугацаанд 6.2 сая тонн нөөц бүхий хоёр орд нээж, боловсруулах үйлдвэр барьж байгуулсан түүхтэй. Жилд 50-60 мянган тонн түүхий тос боловсруулах хүчин чадалтай Зүүнбаянгийн нефть боловсруулах үйлдвэр ашиглалтын 200 гаруй цооногоос жилд 55 хүртэл мянган тонн түүхий тос олборлож байсан билээ. Тус үйлдвэр ажиллаж байсан 20 жилийн хугацаанд 3.8 сая баррель тос олборлож боловсруулсан. Гэвч 1960-аад оны сүүлчээр газрын тосны хайгуул, судалгаа бүрмөсөн зогсч, бүтээгдэхүүний үйлдвэр хаягдсан нь харамсалтай. Харин 20 гаруй жил бүрмөсөн зогссон газрын тосны судалгааг 1990-ээд оноос сэргээсэн төдийгүй УИХ-аас Газрын тосны тухай хууль, Засгийн газраас "Газрын тос" хөтөлбөр батлан гаргасан нь тус салбарын хөгжлийг урагшлуулах хөшүүрэг болсон нь  гэдэг.

Монгол Улс 332.6 сая тонн газрын тосны таамаг нөөцтэйгөөс 43.2 сая тонн нь ашиглаж болох баталгаат нөөцөөр тогтоогдоод байгаа. Тэгэхээр эдгээрийг урд хөрш рүү зөөхийг урьтал болголгүй монголдоо боловсруулах үйлдвэр байгуулах нь нэн тэргүүний хүлээгдэж байгаа ажлын нэг юм.
Энэ ажлыг урагшлуулахад УИХ дээр дахин хэлэлцэхээр өргөн баригдаад байгаа Газрын тосны хууль чухал түлхэц болох нь дамжиггүй. Газрын тосны тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хууль батлагдахаас нэг жилийн өмнө батлагдсан. Гэсэн ч хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа 20 гаруй жилийн туршид дорвитой өөрчлөлт ороогүй гээд хэлчихэд буруудахгүй.

Тэгвэл Газрын тосны шинэ хууль батлагдсанаар ямар эерэг үр дүн гарах талаар салбарын сайд хэлэхдээ “Ирээдүйд эрчим хүчний шинэ эх үүсвэр болох боломж бүхий уламжлалт бус газрын тосны салбарын эрхзүйн орчин өнөөг хүртэл тодорхойгүй байсан. Энэ хууль батлагдсанаар уламжлалт бус газрын тосны эрхзүйн харилцаа тодорхой болно. Өмнө нь ямар ч зохицуулалт байгаагүй. Уламжлалт бус газрын тосны хувьд найман компанитай гэрээ хийсэн байгаа. Хууль батлагдвал үйл ажиллагаагаа явуулах боломж нь бүрдэнэ. Өнөөдрийн байдлаар Сулинхээр болон Дорнодын Тамсагт газрын тос олборлож байна. Зургаан аж ахуйн нэгж газрын тос боловсруулах үйлдвэр барих эрх авсан байгаа” гэсэн гэсэн юм.

Ямартай ч “Дархан газрын тос боловсруулах үйлдвэр” ХХК жилд 2.5 сая тонн түүхий газрын тос боловсруулах үйлдвэр барьж, 2015-2016 онд ашиглалтад өгөх асуудал яригдаж эхэлсэн. “Дархан газрын тос боловсруулах үйлдвэр” компанийн ерөнхий захирал Д.Намжим хэлснээр бол энэ үйлдвэр Монгол Улсын ирээдүйн авто бензин, дизелийн түлш нисэх онгоцны түлш, түлшний мазотын хэрэгцээг бүрэн хангах хүчин чадалтай гэх. Ийнхүү өвгөн хуулиа шинэчлээд газрын тосны үйлдвэрээ байгуулчихвал ч....

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.