Хүүхэд бол бурхны бэлэг, гэхдээ асуудал байна
Хүүхэд бол бурхны бэлэг. Тэр утгаараа хэний гэрийн хойморт нялхсын тавхай гялалзах эсэхийг бурхан мэддэг бизээ. Ахуй амьдрал нь тун дажгүй, нэг байтугай дөрөв тавыг түүртэлгүй өсгөчих бэл чадалтай нэгэнд нэг, хоёроос илүү заяахгүй атлаа шөнийн хоолоо арай ядан залгуулгах нөгөөд жил дарааллан хайрлах нь бий. Бүр заримд нь хүсэхэд хясна гэгчээр хүсч мөрөөдөн тэнгэр бурханд өвдгөө цоортол мөргөөд ч ирдэггүй. Нөгөөтэйгүүр, Монгол Улсын хүн амын өсөлтийн оргил үе 1962- 1985 оны хооронд байдаг. Тэр үед гурваас дөрвөн хүүхэдтэй айл л цөөн хүүхэдтэйд тооцогдож, хүүхдийн тоо зургаагаас дээш л байлаа. Хамгийн олон хүүхэдтэй айл 1978 онд Аохангай аймагт, тодруулбал Хайрхан сумын IV багийн малчин  Ж.Мижиддоржийнх ам бүл 23 гэж тоологдсон нь эдүгээ статистик мэдээнд түүх болон үлдэж.
 
Жил дараалан төрсөн найман хүүхэдтэй айл захаас аван таарна. Эцэг, эх нь ч олон хүүхэдтэй гэж түүртэлгүй, том нь жижгээ чирсээр хүн болцгоодогсон. Идэж уухын тухайд ч нэрлэх чадах олон нэр төрлийн зүйл байгаагүй. Хагас сард 70 кг нэг шуудай хоёрдугаар гурил, гэдэс цувдай, толгой шийр, жаахан мах, төмс, сонгино төдийхөн худалдаад авчихсан байхад л болоод явчихна. Гэрийн эзэгтэй том охин эсвэл хүүтэйгээ элбээд амралтын өдрөөр боорцгоо хайраад уутлаад орхисон байхад долоо хоногийн турш хүнсэндээ санаа зовохгүйгээр ажлаа хийж болно гэсэн үг. Оройдоо тогоо дүүрэн гурилтай шөлөө эргэлдүүлсэн байхад л хэдэн хүүхэд нь гэдэс цатгалан. Хувцас хунарын тухайд дээрээсээ доошоо дамждаг бичигдээгүй хуультай. Иймэрхүү дүр зураг бүхий амьдрал саяхныг хүртэл үргэлжиллээ шүү дээ. Эмэгтэйчүүд ч хөл хүнд болж л байдаг, төрж л байдаг, төрөөд л 45 хоноод л ажилдаа орж явчихна. Ямар сайндаа эмэгтэй хүн олон төрөхөөреө ямаа шиг ганцхан л хүүхдээ төрүүлдэг болдог юм гэнэ лээ гэх яриа гарч байхав дээ. Үнэндээ тэр үед ямбалж суух эрх эмэгтэйчүудэд байгаагүй. Үйлдвэрийн төлөвлөгөө норм тасарвал намын хорооны хурлаар орж сүйд болох тул хүүхдээ өсгөх ажлыг том хүүхдүүддээ эсвэл ясль цэцэрлэгийн багшид даатгаж орхидог байсан гэхэд буруудахгүй. Азтай нь эцэг, эхээрээ хүүхдээ харуулдаг, хөдөө явуулчихдаг байсан гэнэ лээ. Оюутан эсвэл анхны амьдрал нь бүтэлгүйтсэн охид бүсгүйчүүд хусээгүй жирэмсэлтээ зогсоох гэж арга үйлээ бардаг байсан тухай үлгэр домог шиг зүйлийг сонсдог байв. Оросуудыг дууриан халуун горчищиктой усанд суух, мөөг уух, байшингийн ордон дээрээс үсрэх гэхчилэн элдэв аргыг мянгантаа хэрэглэвч нэмэр болдоггүй байж. Тэгсээр нэг юм төрөх цаг ойртоход “Бүү хэвт. Хүүхэд тань гэдсэндээ томорчихоод чамайг зовооно. Бос гэрийн ажил сайн хий. Явган суугаад шалаа угаа” гэхчилэн нэг өдөр зүгээр суулгахгүй. Үнэхээр ч үхэх төрөх нь байгалийн жам ёсоор үргэлжилж, нэгэн сайхан үр хорвоод дуугаа хадаан мэндэлнэ. Харин төрөхгүй хэмээн өөрийн бие мах бодийн үйлийг үзэж байсан нь хожим “ Би муу хүүгээ төрүүлэхгүй гэж элдэв арга хэрэглэн зовоосон доо. Миний хүү хүн болох ерөөлтэй байсан юм билээ. Одоо хар ийм сайхан хүү болчихоод эцэг эхээ асарч энэрч явна “гээд л гэмээ хүлээдэг юм билээ.
 
Эдүгээ цаг өөр болжээ. Өнөө ах дүү өнөр олуул бужигнаж өссөн 1966-1978 оныхны ид нас нийгэм солигдсон бужигнаантай зэрэгцэн юун хүүхэд төрүүлж гэрт суух манатай гахай чирэн урд хойд хөрш рүү давхилдан шуудхан хэлэхэд, галт тэргэнд өнгөрсөн юм шиг байгаа юм. Үгүй гээд зүтгэх үндэс алга. Дөч гарч яваа гэр бүлийн хоёроос "Танайх хэдэн хүүхэдтэй вэ “ хэмээхэд бүгд л нэг гэх вий. Цөөн гэр бүл хоёр гэж дуугарах байх. Гурав бас түүнээс дээш хүүхэдтэй айлыг төв суурин газраас хайгаад бол нэмэргүй. Харин хөдөө орон нутагт, тэр дундаа малчдын дунд өдрийн од шиг цөөн байж мэднэ. Харин тэд өнөөдөр эхнээсээ эмээ, өвөө болцгоон ам бүл олуул байхын жаргалаа санагалзан /тэгээд ч амьдрал ахуйгаа боломжийн хэрээр өөд татсан/ охин, хүүгээ өөрсдийн байгаа дээр хэд хэдэн хүүхэд төрүүлээд ав. Бид хамжиж, дэмжээд өсгөлцөөд өгөе гэцгээн бараг л өмнөөс нь төрөх шахуу юм болцгоох. Гэвч дээр дурдсанчлан хүсэхэд хясах гээч нь болох аж. Хөл хүнд болсон эхний сараасаа л охин нь, бэр нь хордлого өгөн хэвтэрт орох шахна. Тэгээд болоогүй байсхийгээд л тонус өгөөд дутуу төрөх гээд хоёр талын эцэг эхээ сандаргаж сүйд болно. Эмчийн зөвлөснөөр бол хөл хүнд бүсгүйчүүд тонус өгөх нь дутуу төрөхийн эхний шинж тэмдэг аж. Тиймээс төрөн төртлөө хэвтрийн дэглэм барих учиртай юм байна. Ингэж хэлэхээр бусдын зовлонгоор зугаа хийлээ хэмээн бүү зэмлээрэй. Гагцхүү монгол эмэгтэйн бие организмын чадавхи хүүхэд тээж төрүүлж чадахгүй болоо юу даа гэх эмзэглэл. Эл дүгнэлтээ лавшруулах аваас юу ийм байдалд хүргээд байна вэ. Хүрээлэн буй байгаль орчин эсвэл бидний идэж ууж байгаа хүнсний бүтээгдэхүүнээс болоод байгаа юм биш үү гэсэн эргэлзээ, таамаглал өөрийн эрхгүй энэ сэдвийг хөндөхөд хүргэлээ. Өнөөдөр төрж буй арван эхийн дөрөв нь жам ёсоор хүүхдээ төрүүлж чадахгүй мэс заслын аргаар хүүхдээ төрүүлж байгаа. Мөн жирэмсэн 10 эх тутмын найм нь дутуу төрөх, зулбах гээд байдаг болсон тухай эмэгтэйчүүдийн эмч бүхэн ярих болж. Учир иймээс эхчүүд дахин хүүхэд төрүүлэхээс эрс татгалзах болсон байна. Үүнд байгаль цаг агаарын орчны нөлөөллөөс гадна олон зүйл нөлөөлж байгааг та бид бусдаар хэлүүлэлтгүй мэдэж буй. Архи, тамхшаас гадна үс, хумсаа будах, компьютер дээр өдөржин фэйсбүүк ухаж суух зэрэг ч багагүй нөлөөлж байгаа шүү дээ.
 
Гэхдээ ийм байдалд хүрэхгүй байх алхмыг захын хүн интернет ашиглан мэдэж болохоор болжээ, цаана чинь. Цахим ертөнцөд хөл хүнд бүсгүйчүүдийн хийж болохгүй зүйлс гээд жагсаалт гарч.Тухайлбал, жирэмсэн хүн хэзээ ч бөхийж сууж болохгүй. Мөн газраас тонгойж юм авахыг хориглоно. Явах үедээ ч нурууг ямагт тэгш байрлалд авч явах нь зүйтэй. Жирэмсэн эмэгтэй нэг байрлалд удаан сууж болохгүй. Өөрөөр хэлбэл, суулт удааширснаар эмэгтэйн цусны эргэлт удааширч, урагт очих хүчилтөрөгч болон бусад шим тэжээлийн бодис сааталд орж, тонус өгөх, хөлд хаван үүсэх, ууц нуруу чилэх асуудал бнй болдог гэхчилэн. Эцсийн дүнд охид бүсгүйчүүддээ хандаж өөрийн байр суурийг илэрхийлэхэд, бөөрөнхий хорвоо чиний гарт байна. Бүх зүйл өөрөөс тань шалтгаапах аж. Бүсгүй та хорвоогийн жамаар эх болох, эр хүн та эцэг болох нь үнэн тул үр удмаа үлдээхдээ өөрийгөө хэдэн сарын өмнөөс бус хэдэн жилийн өмнөөс бэлдэх ёстой гэнэ. Энэ нь мэдээж юун түрүүнд архи, тамхи гэх мэтийн хорт зуршлаасаа салах явдал. Мөн эрүүл мэндээ онцгой анхаарч, өвчтэй бол эрүүлжих асуудал гэнэ. Бүх зүйл “ок” болсон тохиолдолд танаас эрүүл чийрэг хүүхэд төрөх болно. Монголын хүн ам эрүүл саруул хүүхдээр өсөх болтугай.
Монголын мэдээ
Ч.Чулуун
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bataa 2016-03-18 23:43:32
    òýíýã¿¿äèéí áîäëîîð ýð ýì õîåð óíòàæ õ¿¿õýäòýé áîëäîã÷ ¿¿íèé öààíà ¿éëèéí ¿ð ãýæ áèé
    112.72.12.6
    Мэдэгдсэн Хариулах
  • эр+эм 2016-03-01 06:39:49
    юун бурхан бэ эр эм хоёр сексдээд хүүхэдтэй болдог юм ш дээ, чулуун гуай хүүхдийг байцаан дотроос, өрөв тас авчирч өгдөг бурхан бэлэглэдэг арай л болоогүй байна...
    202.5.196.40
    Мэдэгдсэн Хариулах
  •  2016-03-01 01:42:16
    Yu nurshaad bgaa yum be
    202.9.40.111
    Мэдэгдсэн Хариулах