Сонгуулийн ажилд оролцож буй иргэн ямар эрх үүрэг эдлэх, эдлэхгүй вэ
УИХ-ын чуулганы 2015 оны нэгдүгээр сарын 25-ны нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж, баталсан. Сонгуулийн хууль нь 18 бүлэг 166 зүйлтэй маш том хууль юм. УИХ болоод Ерөнхийлөгч, орон нутгийн сонгууль энэ жилийн зургаадугаар сард болох тул сонгох, сонгогдох эрхтэй бүх хүмүүст зориулан уг хуулийн таницуулгыг манай сайт цувралаар хүргэж байна. Сонгуулийн санал авах өдрийг зургаадугаар сарын 29-өөр тогтоосон бөгөөд эл өдрийг хүртэл танилцуулгаа хүргэнэ.  
 
Энэ удаа  тавдугаар бүлгийн Нэгдүгээр дэд бүлгийн 28, 29 дугаар зүйлийг танилцуулж байна.
 
28 дугаар зүйлд Сонгуулийн байгууллагын ажилтан, албан тушаалтны талаар оруулжээ.

Сонгуулийн төв байгууллагын ажилтан, албан тушаалтны эрх зүйн байдлыг энэ хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны хууль тогтоомжоор зохицуулна. Харин Байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагын ажилтан, албан тушаалтан нь төрийн үйлчилгээний болон захиргааны албан хаагч байх бөгөөд тэдгээрийн эрх зүйн байдлыг энэ хуулиар зохицуулах ажээ. Байнгын бус гэдэг сонгууль болохоор байгуулагддаг хороод бөгөөд тэдгээрийн ажилтнуудыг хэлж буй.
 
Байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллах ажилтнууды үүргийг дараах байдлаар хангана. Үүнд:

-Түүнд өгөх мэдээллийн санг сонгуулийн төв байгууллага бүрдүүлнэ.
-Ажилтанг сонгуулийн боловсон хүчний мэдээллийн сангаас томилно.
-Мөн сонгуулийн хууль тогтоомжийн талаар сургалт явуулж, гэрчилгээ олгоно. Сургалтыг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж болох гэнэ
Тэгэхээр сонгуулийн төв байгууллага буюу өнөөгийн Есонгуулийн ерөнхий хороо нь мэдээллийн сан бүрдүүлэх, сургалт зохион байгуулах, гэрчилгээ олгох журмыг батлах юм байна.
 
Харин 29 дүгээр зүйлд Сонгуулийн байгууллагын ажилтан, албан тушаалтны   эдийн засаг, хууль зүйн баталгааг тусгажээ

 Сонгуулийн ажилтан ямар эрхтэй вэ
-Сонгуулийн төв байгууллагын ажилтан, албан тушаалтны эдийн засаг, хууль зүйн баталгааг Төрийн албаны тухай хуулиар хангана.
-Сонгуулийн хороодын ажилтан, албан тушаалтныг  сонгуулийн холбогдолтой чиг үүргээ хэрэгжүүлж байх хугацаанд үндсэн ажлаас нь чөлөөлөх, огцруулах, түүнчлэн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр ажил, албан тушаалд шилжүүлэхийг хориглоно.
-Сонгуулийн хороодод ажиллаж байгаа төрийн албан хаагчид ажиллаж байгаа төрийн байгууллага цалинтай чөлөө олгоно.
-Сонгуулийн байгууллага, түүний ажилтан, албан тушаалтнаас сонгуулийн хууль тогтоомжид заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх, биелэлтийг хянан шалгахад нэр дэвшигч, сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, тэдгээрийн  сонгуулийн штаб, түүний ажилтан, менежер, шадар туслагч, ухуулагч, төрийн албан хаагч болон аливаа бусад этгээд хөндлөнгөөс хууль бусаар оролцох, саад учруулахыг хориглоно.
 
Сонгуульт ажилд оролцож буй ажилтан юу хийх хориотой вэ
Сонгуулийн байгууллагын ажилтан, албан тушаалтан дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
-Сонгуульд оролцож байгаа аль нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар сурталчилгаа явуулах;
-Сонгуульд оролцож байгаа аль нэг нам, эвсэл, нэр дэвшигчийг  дэмжсэн болон эсэргүүцсэн агуулга бүхий үйлдэл хийх, үйл ажиллагаа явуулах;
-Сонгогчоос сонгуулийн эрхээ эдлэхэд нөлөөлөх, нөлөөлөхөөр оролдох;
-Санал хураах, тоолох ажилд саад хийх;
-Бусдыг төлөөлж санал өгөх;
-Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцаг, санал тоолох төхөөрөмжийн лац, битүүмжлэлийг гэмтээх;
 -Гарын үсэг хуурамчаар үйлдэх;
-Саналын хуудас солих;
-Хүчингүй саналын хуудсаар санал авах;
-Хуулиар хориглосон бусад аливаа үйлдэл гаргах, зохион байгуулах, оролцохыг хоригложээ.
 
Харин дээрх хориотой үйлдлийг сонгуулийн ажилтан хийсэн тохиолдолд ямар шийтгэл ногдуулах вэ

Торгууль ногдуулна. Ингэхдээ,
-Иргэнд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгийн;
-Хуулийн этгээдэд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арван нэгээс арван зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн;
-Нам, эвсэл, нэр дэвшигчид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хорин нэгээс хорин зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн;
-Нам эвслийн сонгуулийн менежер, шадар туслагч, ухуулагч, ажиглагч, сонгуулийн штабын удирдлагад нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгуулийг ноогдуулах ажээ.
                                                
Мөн дээрх зөрлийн гаргасан төрийн албан хаагчийг төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах хүртэл арга хэмжээ авах юм байна.
 
Дараагийн удаа тус хуулийн тавдугаар бүлгийн хоёрджгаар дэд хэсгийн зүйл заалтаас эхлэн танилцуулах болно.
 Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.