Монгол-Хятадын молекул биологийн хэрэглээний хамтарсан лабораторийн нээлт боллоо
"Монгол-Хятадын молекул биологийн хэрэглээний хамтарсан лаборатори"-ийн нээлт өнөөдөр боллоо. Тус лаборатори нь Монгол улсад шинжлэх ухааны парк байгуулах ажлын хүрээнд хийгдэж байгаа бөгөөд Шинжлэх ухааны паркийн үйл ажиллагааны эхлэл суурь нь болж, лабораториос гарсан үр дүнг паркаар дамжуулан эдийн засгийн эргэлтэд оруулах замаар эрдэмтэн судлаачид энтрепренёр сэтгэлгээг бий болгох, ШУ-ны үр дүнг олонд хүргэх, таниулахад чухал ач холбогдолтой юм. Лабораторийн нээлтэд БСШУ-ны сайд Л.Гантөмөр, БНХАУ-аас Монгол улсад суугаа бүрэн эрхт элчин сайд Шин Хай Мин нар оролцов.

Энэ үеэр БСШУ-ны сайд Л.Гантөмөр  “2013 онд Монгол Улсын БСШУЯ, БНХАУ-ын ШУТЯ хоорондын “Монгол Улсад Анхны Шинжлэх Ухааны Парк байгуулах талаар хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулагдсан. Санамж бичигт Шинжлэх Ухааны Парк /ШУП/-ийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах, лаборатори, инкубатор төвийг байгуулах, мэдээлэл, мэргэжилтэн солилцох, туршлага судлах, хамтарсан төслүүд хэрэгжүүлэхээр тусгасан. Энэхүү санамж бичгийн хүрээнд Бээжингийн ШУП-ийн стратеги судалгааны GEI хүрээлэн, Өвөрмонголын ШУ Мэргэжлийн тэнхимийн Технологи дамжуулах төв, Монгол Улсын ШУТСан хамтран ажиллаж ШУП байгуулах ерөнхий төлөвлөгөөг боловсруулснаар Паркийн үйл ажиллагааг эхлүүлэх орчин нөхцөл бүрдлээ” хэмээлээ.

Молекул биологийн хэрэглээний энэхүү хамтарсан лабораторид үндсэн үйл ажиллагааны багаж хэрэгсэл, туршилтын дагалдах материал хэрэгслээс гадна өндөр үзүүлэлттэй шингэн хроматограф, ELISA, полимеразын гинжин урвалын төхөөрөмж, гель электрофорезийн дүрслэлийн машин, сүүний найрлага тодорхойлогч машин, азот хэмжигч (azotometer), тослог тодорхойлогч төхөөрөмж зэрэг молекул биологийн туршилтанд шаардагдах нарийн багаж төхөөрөмжүүд болон боловсруулалтын зориулалттай капсулаар бүрэгч хагас автомат машин, хавтгай хэлбэрээр бүрэгч машин, үрэл хэлбэрээр шахагч машин зэрэг тоног төхөөрөмжүүд суурилагджээ. Тоног төхөөрөмжөөс гадна лабораторид шаардлагатай эм, урвалж бодисоор хангасан байна. Ийнхүү тоног төхөөрөмжтэй болсноор гарааны компаниудыг бойжуулах боломжууд нээгдлээ.

Дашрамд дуулгахад,  энэхүү лабораторийн нээлттэй хамт Эрдэм Шинжилгээний Байгууллага /ЭШБ/-уудын дэргэдэх гарааны компаниудад үйлчлэх инкубатор төвийн үйл ажиллагааг Хамтарсан лабораторийн дэргэд буюу Армоно нэгдлийн байранд эхлүүллээ. Энэхүү инкубатор төв нь их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, хувийн хэвшил, олон нийтийн байгууллагуудын үр ашигтай хамтын ажиллагаа, шинэ бүтээгдэхүүн, технологийг хөгжүүлэх үндсэн дээр оюуны ололт бүтээлийг зах зээлд гаргах, гарааны компаниудад хөгжих таатай орчинг бүрдүүлэн нийгэм, эдийн засгийн хөгжилд түлхэц үзүүлэн ажиллах юм.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ганаа 2016-02-23 06:09:31
    Үгийн алдаагүй сайхан мэдээ бичжээ. Онц :)
    202.5.196.170
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2016-02-23 00:17:44
    Ийм хүрээлэнг хятадтай хамтраад байхдаа ч яахав дээ.
    70.73.130.142
    Мэдэгдсэн Хариулах