Эх хэлээ мэддэггүй элсэгчдээс шалгалт авах нь зөв
Улаанбаатар хотын өнцөг булан бүрт байх үйлчилгээний төв, албан байгууллагууд, аж ахуйн нэгжүүдийн хаяг, реклам хазгай мурий гадаад хэлээр сараачсан байхаас гадна эх хэлээрээ ч зөв бичээгүй байх нь олонтаа харагддаг. Үүнээс гадна хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр алдаатай үгс мэр сэр гарч, түүнийг нь залуус дэвэргэж, олон нийтийн цахим сүлжээгээр цацаж, онигоонд оруулах гэж хэрэндээ л хичээх болж.
 
 Нэгэнтээ аймаг, орон нутгийн сониноос эхлүүлээд өдөр тутмын сонин, МҮОНТВ гээд чамгүй олон газар ажилласан чадварлаг нэгэн сэтгүүлч “Өнөө цагт монгол хэлний утга найруулга, үг үсгийн алдаа тоймоо алдлаа” хэмээн ярьж байсныг санаж байна. Тэрбээр “Манайхан орос хэлний нэр үгээр бичдэг. Мөн мессэж бичдэг шигээ галиглаж бичих нь элбэг байна” хэмээж байсан юм. Үйл үгээр баян монгол хэлээрээ бол үнэндээ “Японд газар хөдөллөө” гэж ярьж, бичих ёстой байтал манайхан “Японд газар хөдлөлт болов” хэмээн шууд бичдэг нь утга найруулгын алдаанд орж байгааг тэр онцолж байсан сан. Мөн “Гутлыг өмслөө”, “Буузыг идлээ” гэж ярьдаггүй, “гутал өмслөө”, “бууз идэв” гэдэг биз дээ” хэмээн бичжээ.
 
Үүнийгээ тэрбээр эдүгээ монгол хэлэнд халдварлаад буй буруу бичлэгийн тод жишээ хэмээн тодотгосон байсан. Түүнчлэн манайхан зар сурталчилгаандаа “Манай пиццаг захиалаарай, хүргэлт үнэгүй” хэмээх нь элбэг. Уг нь бол “Манай пиццаг захиалаарай, үнэгүй хүргэж өгнө шүү” хэмээн бичих ёстой гэх мэтчилэн олон жил эх хэлээрээ бүтээл туурвисан хүний хувьд нэлээд ихийг сургаж байсан санагдана. Үнэндээ ч монголчууд бид хэлний ядууралд орчихсон гэдэгтэй олон хүн санал нийлэх биз. Үүнийг хүмүүс хүүхэд, залуус ном уншихаа байсантай холбох нь бий. Энэ нь бодит үнэн боловч одоогийн залуус олон нийтийн цахим сүлжээнд үг үсгийн алдаагаар дүүрэн, хараалын үгээр байлдаж цагийг өнгөрөөж байна. Эсвэл хайраа илэрхийлэх гэж хазгай мурий мессэж сараачиж байгаа хүмүүс юун монгол хэлээр зөв бичих. Үүний гор нь гарч ажлын гараагаа эхлүүлэхээр төрийн болон хувийн байгууллагад ажиллахаар очиж буй залуу боловсон хүчнүүдийн дийлэнх нь мессэжний англи хэлтэй байх нь элбэг байна. Яагаад ингэж хэлэх болов гэхээр тэд монгол хэлээр бичих гэж “элгийг нь авдаг” болохоор ингэж хэлсэн хэрэг. Тиймээс ч одоогоос хоёр жилийн өмнө Элсэлтийн ерөнхий шалгалтын журамд нэмэлт өөрчлөлт оруулж, их, дээд сургууль, коллежид элсэх хүсэлтэй бүхий л ерөнхий боловсролын сургууль
төгсөгчид монгол хэл, бичгийн хичээлээр шалгалт өгч байх болсон. Учир нь жил ирэх тутам өсөн нэмэгдэж буй их, дээд сургуулийн сургалтын чанар элсэгчдийн сурлагын амжилтыг сайжруулах мөн үндэсний хэл, бичгийн соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгын хүрээнд энэ ажлыг эхлүүлсэн. Тиймээс инженер, техникийн мэргэжил эзэмших надад монгол хэлийг бүрэн төгс мэддэг байх хэрэг үгүй гэсэн ойлголт хэдийнэ ард үлдсэн гэсэн үг.
 
Түүнчлэн Монгол хэлний тухай хуулийн 7.4-д “Их, дээд сургуульд элсэгчдээс авах элсэлтийн ерөнхий шалгалт болон төрийн албанд анх орох иргэнээс авах монгол хэлний шалгалтын агуулгын дөрөвний нэгээс доошгүй хувь нь үндэсний бичгийн мэдлэгийг үнэлэхэд чиглэнэ” гэж заасан байдаг. Тэгвэл өнгөрсөн жилийн хувьд ерөнхий боловсролын сургууль төгссөн 19293 сурагч дээр өмнөх оны төгсөгчид нэмэгдээд 25 мянга орчим залуус ЭЕШ өгөх ёстой байснаас монгол хэл бичгийн шалгалтаас авах ёстой 400 онооны босгоо 500 гаруй хүүхэд давж чадаагүй гэнэ билээ.
 
Тэгэхээр хувь хүн өөрийнхөө ирээдүйн төлөө монгол хэлний хичээлээ сайн судлах хэрэгтэйг сануулж байгаа юм. Монгол хэлний тухай хууль батлагдсантай холбогдуулан ЭЕШ-ын даалгаврын дөрөвны нэг буюу 25 хувь нь Монгол бичгийн даалгавар байхаар заажээ. Угтаа бол монгол хэлний хичээлийг бага ангиас, харин монгол бичгийн хичээлийг зургадугаар ангиас нь эхэлж ордог. Гэвч учир дутагдалтай байсаар байгаа болохоор л төр, засгаас ийм шийдвэр гаргасан нь мэдээж. Ямартай ч өнгөрсөн удаагийнх шиг монгол хэл, бичгийн шалгалтад унасан элсэгчдийг эрхлүүлж, удаа дараа шалгалт авахгүй, унасан л бол дараагийн шалгалтад оруулахгүй байх талаар салбар яамныхан анхаараад эхэлсэн байна. Үүнээс гадна монгол хэл, бичгийн шалгалтад 400-аас доош оноо авсан хүүхдийг их, дээд сургуульд элсүүлэхгүй юм гэнэ билээ. Аштай юу, ингэж шүүсийг нь шахаад байвал наанадаж тав, цаанадаж 10 жилийн дараа бүгдээрээ баялаг сайхан эх хэлээрээ бүрэн төгс харилцаж, ярьж, бичдэг болох байлгүй. Тиймээс энэ бол хамгийн зөв шийдвэрийн нэг хэмээн бүрэн дэмжиж байна.
Монголын мэдээ
Э.Туул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бичиж чаддаггүй гэвэл дээр дээ 2016-02-20 02:41:54
    ЭХ ХЭЛЭЭ МЭДДЭГГҮЙ ГЭНЭ ҮҮ. Уг нь "аав, ээж" гэж дуудаж эх хэлтэй болсон юмсан.
    202.179.28.119
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-02-19 08:20:22
    Төрийн албанд ч зөв бичиж чаддагүй хүмүүс дүүрэн шүү, одоо ч гэсэн нэг нь миний хажууд сууж байна
    202.131.235.74
    Мэдэгдсэн Хариулах
  • МАШ ЗӨВ БАЙНА 2016-02-19 07:42:17
    МОНГОЛ ХЭЛЭЭ МЭДЭХГҮЙ "МОНГОЛЧУУД"-ЫГ ЦЭГЦЛЭХ ЦАГ БОЛСОН.
    27.123.215.222
    Мэдэгдсэн Хариулах
  • Сонсогч, үзэгч. 2016-02-19 05:18:44
    Одоо гэдэг үгийг их хэрэглэдэг сэтгүүлч, сурвалжлагч, телевизийн хөтлөгч нарыг ажилаас нь халвал таарна. Маш муухай сонсогдох юм.
    162.236.10.95
    Мэдэгдсэн Хариулах
  • жирийн иргэн 2016-02-19 03:50:45
    маш зөв зүйл хийж байна.Хил, Хэл, Мал гуравтайгаа байвал хэн баян бэ??? гэж ...Тэгэхлээр монгол хэл, бичгийн асуудал санаа сэтгэлийг зовоож эхэлсэн нь үнэн....
    202.170.84.231
    Мэдэгдсэн Хариулах
  • Би л байна 2016-02-19 01:24:22
    Элсэгчид л эх хэлээ мэддэггүй гэж хэн хэлээв ??? Сонин, ТВ, радио бүхэлдээ ш д. Өөрсдийгөө мэдэхгүй байж, хүүхдүүдийг тэгж хэлэх нь зөв үү?
    103.26.195.140
    Мэдэгдсэн Хариулах
  • Ганбаа 2016-02-19 01:02:20
    Их зөв санаа байна.Сургуульд үзэж байсан дүрэм өөрчлөгдсөнөөс хойш би Монгол хэлээр бичиж чадахаа байжээ. Би одооны дүрэмийг хаанаас олж үзэх вэ яаж судлах вэ? ...
    122.254.126.2
    Мэдэгдсэн Хариулах