Хууль сахиулах тухай хуулийн төслийг өргөн барив
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Хууль сахиулах тухай хуулийн төслийг Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав өчигдөр өргөн мэдүүллээ.
Манай улсад хууль сахиулах  буюу нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэх үндэслэл, журмыг Захиргааны хариуцлагын тухай, Төрийн хяналт шалгатын тухай, Гаалийн тухай, Өрсөлдөөний тухай, Цагдаагийн болон Тахарын албаны тухай зэрэг салбар тус бүрийн хуулиар зохицуулдаг.

Энэ байдал нь хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг бий болгож, хууль сахиулах ажиллагааг харилцан адилгүй хэрэгжүүлж, улмаар хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхагдахгүй байх Үндсэн хуулийн зарчмыг алдагдуулахад хүргэдэг байна. Иймд дээрх шаардлагыг харгалзан хууль сахиулах ажиллагааны явцад хүний халдашгүй эрхийг хангах, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудын эрх хэмжээг нэг стандарттай,  тодорхой хуульчлах зорилгоор Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын хүний эрхийн гэрээний  суурь зарчимд нийцүүлэн Хууль сахиулах тухай хуулийн төслийг боловсруулсан болохыг Улсын Их Хурлын даргад танилцуулав.

Хуулийн төсөл нь 13 бүлэгтэй бөгөөд зөрчилд хариуцлага хүлээлгэх эрх бүхий албан тушаалтны шийдвэрлэх зөрчлийн харьяаллыг шинээр тогтоож, хүчин төгөлдөр үйлчилж байгаа Захиргааны хариуцлагын тухай хуулиар бус салбарын хуулиар зохицуулагдаж байсан тагнуулын болон онцгой байдлын асуудал эрхлэх байгууллагын эрх бүхий албан тушаалтны эрх хэмжээг нэмж тусгасан байна. Түүнчлэн зөрчил шалгах ажиллагааны журмыг нарийвчлан  тогтоож, энэ явцад хүний эрхийг хууль бусаар хязгаарладаг байдлыг хориглох зохицуулалтыг тусгажээ. Мөн зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах процессыг тодорхой болгон, албадлага хэрэглэх журмыг нарийвчлан тогтоосон байна.

Хуулийн төслийг Монгол Улсын Үндсэн хууль, хүний эрхийн чиглэлээр нэгдэж орсон Монгол Улсын Олон улсын гэрээнд нийцүүлэхийн зэрэгцээ Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд  боловсруулагдсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга, Зөрчлийн тухай, Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн үзэл баримтлалтай тус тус уялдуулан боловсруулжээ  хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.