Д.Ганхуяг: Энэ удаагийн айлчлал Монгол, Хятадын харилцааг бэхжүүлнэ
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И өнөөдрөөс энэ сарын 26-ны хооронд манай улсад айлчлах гэж байна. Уг айлчлалын талаар Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуягтай ярилцлаа.

-БНХАУ-ын Гадаад хэр­гийн сайд Ван И-гийн энэ удаагийн айлчлалын ач хол­богдлыг та хэрхэн дүг­нэж байна вэ. Айлч­лалын гол онцлог нь юу вэ?

-Монгол Улсын Гадаад ха­рилцааны сайд Л.Болдын урил­гаар БНХАУ-ын Га­даад хэргийн сайд Ван И өнөөдрөөс 26-ны өдрийг дуус­тал албан ёсны айлчлал хийх гэж байна. БНХАУ-ын Гадаад хэр­гийн сайдын айлч­лал нь энэ оны нэг­дүгээр сард Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын ха­риу айлчлал юм. Энэ удаагийн айлчлал нь Монгол Улс, БНХАУ-ын стратегийн түнш­­лэлийн ха­рилцаа, хамтын ажил­ла­гааг бүхий л салбарт өргө­жүүлэн хөгжүүлэх, харил­цан итгэлцэл, ойлголцлыг бэх­жүүлэх, олон улсын бо­лон бүс нутгийн хүрээн дэх хамтын ажил­лагааг идэвх­жүүлэхэд түл­хэц үзүү­лэхэд оршиж байна. Үүгээ­рээ энэ удаагийн айлчлал чухал ач холбогдолтой болох юм.

Гадаад харилцааны сайд Л.Болд Хятадын Гадаад хэр­гийн сайд Ван И-тэй албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын улстөр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн зэрэг олон сал­барын харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлуудаар санал солилцоно. Гадаад хэргийн яамд хоорондын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын төлвийн талаар хэлэлцэж, олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлуудаар хоёр талын баримталж буй бодлого, байр суурийн талаар нухацтай ярилцана.

Түүнчлэн Хятадын Гадаад хэргийн сайд Ван И Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Шадар сайд Д.Тэрбишдагвад тус тус бараалхаж, хоёр талын өргөн хүрээтэй асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна. Мөн ойрын хугацаанд хоёр талын хооронд хэрэгжүүлэх өндөр, дээд төвшний айлч­лалын бэлтгэлийг хангах, Га­даад харилцааны яамд хоо­рондын хамтын ажиллагааг гүнз­гийрүүлэн хөгжүүлэх, хоёр талын харилцааны болон бусад харилцан сонирхсон асуудлаар мэдээлэл, санал солилцож, нэгд­сэн ойлголтод хүрэхэд чухал ач холбогдолтой болно.

-Энэ онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож байгаа. Хоёр талын харилцааны хэтийн төлвийг та хэрхэн харж байна вэ?

-Монгол, Хятадын хооронд 1949 онд дипломат харилцаа тогтоосноос хойш 65 жил өн­гөрч байна. Тэгэхээр энэ он тэмдэглэлт ойн жил бөгөөд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65, Найрсаг харилцаа, хамтын ажил­­­лагааны тухай гэрээг ши­­нэч­лэн байгуулсны 20 жи­лийн ой мөн тохиож байгаа юм. Эдгээр тэмдэглэлт ойг хамтран тэмдэглэн өнгөрүүлэх зорилгоор хоёр тал энэ оныг Найрсаг солилцооны жил болгон зарлаж олон ажил, хамтран зохион явуулахаар тохиролцож шат дараатайгаар хэрэгжүүлж байна. Үүнд, харилцан соёлын өдрүүд зохиох, гэрэл зургийн үзэсгэлэн гаргах, урлагийн тоглолт хийх, кино өдрүүд зохиох, хүү­хэд, залуучуудын солилцоо хэрэгжүүлэх зэрэг баялаг арга хэмжээнүүд тусгагдсан байгаа. Эдгээр ажил арга хэмжээний дотор дээд, өндөр түвшний ха­рилцан айлчлал багтаж байна. Хятадын Гадаад хэргийн сайдын айлчлалын дараа БНХАУ-ын даргын хийх төрийн айлчлал, мөн оны сүүлчээр УИХ-ын дарга З.Энхболдын өмнөд хөршид хийх айлчлал төлөвлөгдөж байна.

Сүүлийн жилүүдэд БНХАУ, Монгол Улсын бүх талын харилцаа, хамтын ажиллагаа ам­жилттай хөгжиж ирлээ. Өндөр, дээд түвшний харилцан айлчлалууд тогтмолжиж, ху­далдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа идэвхтэй үргэлжилж байна. Хоёр тал бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааны механизмуудын хүрээнд ам­жилттай хамтран ажиллаж байна. Соёл, боловсрол, шинж­лэх ухаан, техник, эрүүл мэнд, хүмүүнлэг зэрэг салбарын хамтын ажиллагаа идэвхтэй өр­нөж байгаа нь хоёр улсын ир­гэдийн харилцан ойлголцол, найрамдлыг бэхжүүлэхэд чу­хал үүрэг гүйцэтгэж байна. Энэ бүхний үндсэн дээр 2014 онд Монгол Улс, БНХАУ-ын харилцаа, хамтын ажиллагаа улам эрчимжин гүнзгийрч, өндөр дээд түвшний харилцан айлчлал, салбар хоорондын, иргэд, хүүхэд залуучуудын ха­рилцаа, солилцоо идэвхтэй хэрэгжих сайхан төлөв бүрэлдээд байна.

Өнөөдөр Монгол, Хятадын харилцаа түүхэн дэх хамгийн таатай үедээ явж байна. Хя­тадын тал ч ингэж дүгнэдэг. Улс хоорондын харилцааны дээд түвшин болох стратегийн түнш­лэл хэрэгжиж байна. Улс­төрийн харилцаанд ямар нэгэн маргаантай асуудал байх­гүй, бүс нутаг, олон улсын асуудлаар үзэл бодол, байр сууриа тогтмол солилцож, дэл­хий дахин, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлын төлөө идэвхтэй хамтран ажиллаж байна. Газар нутаг, хилийн маргаантай асуудал байхгүй. Монгол, Хятадын хи­лийн зурвасыг хамтран бүрэн тодотгож тогтоосон.

Нэг үгээр хэлбэл энхийн хил болсон. БНХАУ олон жилийн туршид манай худалдааны хамгийн том түнш, хамгийн том гадаад хөрөнгө оруулагч байсаар ирлээ. Өнгөрсөн тавдугаар сард Шанхай хотод болсон Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын дээд түвшний уулзалтын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй уулзаж хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлуудаар санал солилцож ярилцсан. Энэ үеэр БНХАУ-ын дарга Си Зиньпин “БНХАУ нь Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, Монголын ард түмний сонгосон хөгжлийн замыг хүндэтгэнэ. Хоёр улс харилцан ашигтай харилцаж, хамтран хөгжиж, хамтдаа хожих ёстой” гэсэн БНХАУ-ын албан ёсны байр суурийг дахин нотолсон юм.

Түүнчлэн Монгол Улстай хамтран ажиллахдаа “Монголын талд илүү ашигтай байхаар хандана” гэсэн нь манай улсад хөгжлийн боломж, давуу талыг бий болгох таатай нөхцөлийг бүрдүүлж байна.

-БНХАУ бүс нутагтаа хам­гийн олон хөрштэй орон. Тус улс хөрш орнуудын бодлогоо дахин тодорхойлж, хамтдаа хөгжье гэдэг үзэл баримтлалыг гаргасан гэсэн. Энэ талаар тодруулж өгнө үү?

-Өнгөрсөн 2013 оны арав­дугаар сард Хятадын төр засаг хөрш зэргэлдээ улс ор­нууддаа чиглэсэн гадаад бод­логынхоо асуудлаар хурал хийж, хөрш орнуудтайгаа тог­то­осон гадаад харилцаагаа ши­нэчлэн идэвхжүүлэх, онцгой анхаарах талаар тусгай шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийн дагуу он гарсаар хэдхэн сарын хугацаанд хөрш орнууддаа чиглэсэн Хятадын гадаад харилцаа ихээхэн эрчимжиж, хэд хэдэн оронтой чөлөөт худалдааны хэлэлцээр, чөлөөт бүсийн хэлэлцээр байгуулж, мөн өнөөгийн харилцааны түвшингээ дээшлүүлэх, шинэ алхам хийх зэргээр идэвхтэй харилцах боллоо.

БНХАУ-ын удирдлага хөрш орнууддаа “илүү дотно, илүү чин сэт­гэлээсээ, илүү нээлттэй, хүр­тээл­тэйгээр хандаж, хамтын ажиллагаанаас хөрш орнууддаа илүү ашиг тус хүртээх” гэсэн шинэ үзэл санаагаар хандаж буй нь Монгол-Хятадын харилцаа болон бүс нутгийн хамтын ажиллагаанд илүү таатай нөхцөл бүрдүүлж байна гэж Монголын тал үзэж байгаа. Үүнтэй холбогдуулан хэ­лэхэд Гадаад харилцааны сайд Л.Болдыг энэ оны нэгдүгээр сард Хятадад айлчлах үеэр БНХАУ-ын дэд дарга Ли Юаньчао хүлээн авч уулзан дээрх бодлогоо тайлбарлан танилцуулж, Хя­тадын хөгжлийн энэ таатай боломжийг хөрш зэргэлдээ улс орнууд онцгойлон анхаарч ашиглаж эхэлснийг дурьдаад Монгол Улс ч бас Хятадын хөгжлийн энэ боломжийг алдал­гүй ашиглаасай, хамтдаа хөгжье гэж хүсч байгаагаа илэрхийлсэн байдаг.

-Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа хэрхэн өр­нөж байна вэ. Тэр дундаа то­моохон төслүүдийн хамтын ажиллагаа ямар шатандаа явж байгаа вэ?

-Монгол Улс 2011 онд БНХАУ-тай стратегийн түнш­­­лэлийн ха­рилцаа тог­тоо­сон. 2013 онд Ерөнхий сайд Н.Алтанхуяг БНХАУ-д хий­сэн албан ёсны айлчлалын үеэр стратегийн түнш­лэлийг хөг­жүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөр байгуулсан. Энэ үндсэн дээр хоёр талын улстөр, эдийн засаг, худалдаа, соёл, боловсрол, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн зэрэг бүх салбарт харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байна.

Ялангуяа сүүлийн жилүүдэд эрчим хүч, уул уурхай, дэд бүтцийн томоохон төслүүд дээр хамтран ажиллаж, түрүүчээс нь зарим тодорхой үр дүнд хүрэх сайхан төлөв бий болж байна. Монгол, Хятадын стратегийн түншлэлийн харилцааны гол тулгуур нь худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа гэж талууд үздэг. Хоёр талын аж ахуйн нэгжүүд уул уурхай, барилга, зам, тээвэр, ХАА, банк, санхүүгийн салбарт эрчимтэй хамтран ажиллаж байна. БНХАУ нь Монгол Улсын гадаад худалдааны хамгийн том түнш, бас хамгийн том хөрөнгө оруулагч билээ. Манай улсын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтад БНХАУ сүүлийн 14 жилийн турш тэргүүлэх байр эзэлж ирснийг дурьдах нь зүйтэй.

Энэ удаагийн айлчлалын үеэр Монгол, Хятадын харил­цааны ойрын жилүүдийн явц байдлыг дүгнэж, цаашид улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэх хоёр талын сонирхлыг нотолж, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжуудын талаар санал солилцох юм. Өнгөрсөн онд хоёр улсын удирдагчдын хүрсэн чухал тохиролцоонууд болон “Мон­гол, Хятадын стратегийн түнш­лэлийн харилцааг хөг­жүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх тодорхой арга хэмжээнүүдийн талаар, тухайлбал эдийн зас­гийн хамтын ажиллагаа, түүний дотор нүүрс хийжүүлэх, төмөр замын бүтээн байгуулалт зэрэг томоохон төслүүдийн хамтын ажиллагааны талаар ярилцах болно.

Монгол Улс нийт 5600 км шинэ төмөр зам барихаар төлөв­лөсөн бөгөөд 2013 онд эхний ээлжинд баригдах 1800 км төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлсэн. Шинэ төмөр замын болон түүнтэй уял­даатай хөг­жүүлэх аж үйлдвэрийн бусад төслүүдэд Хятадын нэр хүнд бүхий томоохон аж ахуйн нэгжүүд, банк санхүүгийн бай­гууллагууд зах зээлийн зарчмын дагуу оролцох асуудал нээлттэй. Хамтын ажил­лагааг улам идэвхжүүлэх зорилгоор урьд нь ажиллаж байсан Монгол, Хятадын Эрдэс баялаг, эрчим хүчний зөвлөлийг өргөтгөн Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны зөвлөл болгохоор талууд тохиролцоод байна. Монгол Улсад нүүрсний уурхайг түшиглэн цахилгаан станц хамтран байгуулж, БНХАУ-д эрчим хүч экспортлох сонирхолтой байдаг. Энэ яриа хэлэлцээг үргэлжлүүлж өндөр, дээд хэмжээний айлчлалын үеэр ахиц гаргах боломж бий. Нүүрс хийжүүлэх төслийн хамтын ажиллагаа нэлээд ахицтай байгаа бөгөөд ойрын үед бодит үр дүнд хүрэхээр ажиллаж байна. Энэ төсөл нь хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааны түүхэнд хамгийн том төсөлд тооцогдох бөгөөд манай эдийн засгийн хөгжилд болон агаарын бохирдлыг бууруулахад маш чухал ач холбогдолтой юм.

-Олон нийт Монгол, Хя­тадын харилцаа, хамтын ажил­­лагааны талаар ойлголт, мэ­дээ­лэл багатай байдаг. Ялан­гуяа төмөр зам, уул уурхайн хамтын ажиллагааны талаар янз бү­рийн сэтгэгдэл, байр суурь илэрхийлэх нь бий. Үүнийг Та юу гэж үздэг вэ?

-Өнөөдөр дэлхийн улс орнууд маш түр­гэн хурдацтай хөгжин өөрчлөгдөж байна. Бүс нутгууд эрчимтэй хөгжин даяарч­лаг­даж, хөгжлийн боломжуудыг ал­далгүй ашиглахыг зорьж, хамтын хөгжлийн төлөө гадаад харилцаа, аюулгүй байдлын таатай, найдвартай орчныг бүрдүүлэхийн төлөө улам бүр идэвхтэй хамтран ажил­лах боллоо. Цаг ямагт өнгөрснийг эргэн харж, түүнтэй жишиж харьцуулах нь урагшлан хөг­жихөд төдийлөн эерэг үр нөлөө үзүүлэхгүй байх нь бий.

Өнөөдөр бид урагшаа харах, хөгжил цэцэглэлийн боломжийг алдахгүй ашиглах, хамтын аюулгүй байдлын найдвартай орчныг бий болгохыг илүү их анхаарах нь зүйтэй юм. Өнөөдөр шинээр тавих тө­мөр замыг өргөн, нарийн ца­ригаар тавих асуудлаар янз бүрийн хэлэлцүүлэг өрнөж байна. Энэ асуудлыг холбогдох байгууллагууд хамтран хэлэл­цэж УИХ, Засгийн газарт оруулж шийдүүлнэ.

Өөрөөр хэлбэл, монголчууд бид өөрсдөө л шийднэ. Шийдвэр гаргахад улстөрийн аюулгүй байдал, эдийн засгийн бодит үр өгөөж, бусад олон талын нөхцөл байд­лыг харгалзан үзэж шийдэх нь мэдээж. Үүнд гадны ямар нэгэн нөлөө байх боломжгүй.
Өглөөний сонин
М.Санчир
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.