"Алтанбулаг" иргэдийн хүлээлтээс доогуур байсан ч хөрсөнд буулаа
“Алтанбулаг” чөлөөт бүсийн нээлтэд оролцох машины цуваа Сэлэнгэ тийшээ урсаж байлаа. Өнгөрсөн ням гариг буюу зургадугаар сарын 22-нд Алтанбулагийн хил дээр Улсын их баяр наадмын үзэгчид Цэнгэлдэхээ тойрч буй мэт сэтгэгдэл төрүүлэхүйц байв. Харин тэнд очсон иргэд сэтгэл дундуур байгаа нь харагдсан юм. Олон жилийн туршид хүлээлттэй байсан хүмүүс огт өөр төсөөлөлтэй ирсэн биз. Харин үүнийг албаныхан олон жил тал газар, цаасан дээрх тоо баримтаас өөр юу ч байгаагүй газар ийм хэмжээний зүйлийг хийсэн нь ирээдүйн мөнгөний урсгалын эхлэл хэмээн тайлбарлав. Нээлтэд 1585 монгол, 25 хятад, 49 орос иргэн оролцсон байна.
 
Ийнхүү “Алтанбулаг” чөлөөт худалдааны бүс байнгын ажиллагааны горимд шилжлээ. Монголын эдийн засгийн хөгжилд томоохон түлхэц болох уг бүсэд нийтдээ 24.8 тэрбум төгрөг зарцуулсан байна. Өнгөрсөн амралтын өдөр болсон бүсийн нээлтэд УИХ-ын гишүүн С.Баярцогт, Ц.Цолмон, Ц.Оюунбаатар тэргүүтэй албаныхан болон “Алтан­булаг” чөлөөт худал­дааны бүсийн захирагч Ч.Чимэдсүрэн бусад хүмүүс оролцлоо. Мон­голын хойд хил дээр байрлах, Улаанбаатар хотоос 335 километрийн зайтай Алтанбулагийг Ази-Европыг холбосон худалдааны чөлөөт бүс болгох шийдвэр 2002 онд гарсан байдаг. Ийнхүү 10 гаруй жил цаасан дээр байсан ажлыг хөрсөнд буулгасан нь том ололт хэмээн албаныхан онцолж байлаа.
 
Уг бүсэд 15-20 мянган хүн байнга амьдрах боломжтой байхаар дэд бүтцээ шийдэж, эхний ээлжинд хоёр сарын хугацаатай туршилтын үйл ажиллагаа явуулах юм байна. Мөн 500 га талбайтай, 87 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулахаар газар эзэмших гэрээгээ байгуулжээ. Тус худалдааны бүс нь ОХУ- ын нутаг дэвсгэрт амьдарч байгаа иргэдийн хэрэгцээг хангах зорилготой. Түүнчлэн чөлөөт бүсийн худалдааны төв рүү  бүртгэлийн журмаар визгүй зорчих боломжтой юм. Чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулах иргэн болон аж ахуйн нэгжид татварын болоод бусад дэмжлэг үзүүлэхээр төрөөс амласан талаар эх сурвалж хэлсэн юм.
Чөлөөт бүсийн нээлтэд оролцож буй хүмүүсийн байр суурийг хүргэе.
 
УИХ-ын гишүүн С.Баярцогт: ГУРВАН УЛСЫГ ХОЛБОСОН АНХНЫ ЧӨЛӨӨТ БҮС
 
-Ер нь чөлөөт бүс байгуулах санаа гарснаас хойш гурван хууль хүчин төгөлдөр үйлчиллээ. Яг бодитоор ажил болж, даруухнаар эхэлж байна. Удаан хугацааны хүлээлт байсан. Яагаад гэвэл тодорхой хэмжээний хууль эрх зүйн зохицуулалт, хөрөнгө оруулалт гээд олон зүйлээс шалтгаалан цаг хугацаа алдсан. Бидний хувьд энэ бүс нээлтээ хийж байгаа нь тэмдэглэлт үйл явдал мөн. Гурван улсыг холбосон хамгийн анхны чөлөөт бүс юм. Удахгүй хурдны зам тавигдах болно.
 
УИХ-ын гишүүн Ц.Цолмон: ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ
 
-Олон жил ярьж байгаа чөлөөт бүсийн байнгын ажиллагаа эхэлж байгаад баяртай байна. Гурван хөршийн бараа чөлөөт бүсээр дамжина гэж итгэж байна. Эхний ээлжинд бараа худалдааны замаар явах байх. Тун удахгүй үйлдвэрлэл хөгжөөсэй гэж бодож байна. Энэ ажил арваад жилийн өмнө эхэлсэн боловч дөнгөж анхны алхмаа хийлээ. Сүүлийн үед манай улсыг тойрсон олон улсын байдал хувирч байгаа нь нэмэр болж байна. Эхний ээлжинд хоёр хөрштэйгээ тулж ажиллах хэрэгтэй юм. Мэдээж бэрхшээл байгаа. Гэхдээ таатай нөхцөл бүрдэж байгаа нь сайн хэрэг.
 
Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат: ОЛОН ШИНЭЧЛЭЛ ХИЙХ БОЛОМЖТОЙ
 
-Сэлэнгэчүүдийн хувьд хүсэн хүлээсэн үйл ажиллагаа болж байна. Учир нь олон хүнийг ажлын байртай болгох боломж бүрдэнэ. Түүнч­лэн чөлөөт худалдааны бүсээс 0.5 га газрын саналыг нутгийн иргэддээ өгүүлэхээр санал тавьсан байгаа. Бидний хувьд энэ бүсээр дамжуулан олон шинэчлэлийг хийх боломж бүрдэж байгаад баяртай байна.
 
Чөлөөт худалдааны бүсийн захирагч Ч.Чимидсүрэн: ХУДАЛДААНЫ ТАПБАЙН ХЭМЖЭЭ 200 AM МЕТР БАЙНА
 
-Бид бизнес эрхлэгчдэд хэдэн зуун сая ам .долларын ашиг олох боломжийг олгохыг зорилгоо болгосон. Энэ нь манай улсын эдийн засагг эерэгээр нөлөөлөх юм. Тиймээс байнгын ажиллагаанд шилжлүүлж байна. Чөлөөт бүсийн үйл ажиллагааг хөгжүүлэн, том хот болгохын тулд төсвийн хөрөнгийг хараад суух хэрэггүй. Учир нь биз­нес эрхлэгчдийнхээ гаргасан санаачлага, менежментийн бодлогод үндэслэн төрийн бодлоготой уялдуулан ажиллах бололцоо бүрдсэн. Газрын тухай хуульд заасны дагуу бид ажиллана. Нэг хүнд ногдох талбайг 200 ам.метр гэж тооцож байгаа. Ингэснээр олон хүнд хүртээмжтэй болно.
 
Мөн гадаадын иргэдийн хувьд газрыг эзэмшиж болно гэж хуульд заасны дагуу ажиллах юм.
 
Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Шинэбаатар: ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
 
-Монгол Улсад чөлөөт бүсийг хөгжүүлэх хууль эрх зүйн орчноо тодорхой болгох шаардлагатай байгаа. Тиймээс манай яамны зүгээс чөлөөт бүсийн хуулийн төслийг боловсруулан УИХ- д өргөн барьсан. Одоо хэлэлцэж байна. Бид Алтанбулаг чөлөөт бүсийг босгоход гарч буй сайн, муу саад бэрхшээлийг давж чадлаа.
 
Иргэн С.Баяржаргал: ЦЭВЭР, БОХИРЫН АСУУДЛЫГ ШИЙДЭЭГҮЙ
 
-Чөлөөт бүс нээлтээ хийж байгаа нь сайшаалтай. Гэвч тэд анх ярьж байснаас өөрөөр ажиллалаа. Учир нь бохир болон цэвэр усны асуудлыг шийдвэрлээгүй. Уг нь чөлөөт бүсийг барихтай зэрэгцэн Алтанбулагийн бохирын асуудлыг шийднэ гэж байсан. Мөн бид маш их хүлээлттэй байтал Нарантуулын гадуур зогсч байгаа мэт сэтгэгдэл төрлөө. Энд ирсэн хүмүүс иргэдийн үгийг сонсохгүй байна. Сум орон нутагт ямар хэмжээний хөрөнгө оруулалт хийх гэж байгаа нь тодорхой биш.
 
Иргэн Б.Эрдэнэхүү: ОГТ САНААНД ХҮЭРХГҮЙ БАЙНА
 
-Арай өөрөөр төсөөлж байсан ч нарантуул захад очсон мэт санагдлаа. Ядаж суух сандал ч алга, өдөржин холхисоор хүмүүс ядраад амрая гэхээр боломжгүй юм байна. Иймэрхүү маягаар ажиллана гэвэл хайран талбай ингэж сүйтгэж байхаар сургууль, цэцэрлэгээ барьсан нь дээр биз дээ. Огт санаанд хүрэхгүй байна. Учир нь нэг павилоныг өдөрт 100 мянга гээд найм хоногоор тооцоо хийсэн. Гэтл гүйлгээ хийх янз алга бололтой. Урам хугарч байна.
 
Иргэн Д.Дуламжав: ХОЙД ХӨРШӨӨС ХУДАЛДАН АВАГЧ ОРЖ ИРЭХ ХЭРЭГТЭЙ
 
-Хойноос худалдаа эрхлэгчид төдийлөн ирээгүй байна. Би зарим хүмүүсээс асуухад огт мэдээгүй гэж байх юм. Уг нь чөлөөт бүсийн захирагч маш том нээлт болно гээд их л сайхан ярьж байсан. Гэтэл түүний ярьсанаас өөр байгааг бүх хүн харлаа. Биднийг 10 гаруй жил хуурсан. Одоо дахиад л хуурах гээд байна уугэж санагдаж байна. Хэрэв энд байгаа хэдхэн хүн худалдаа хийнэ гэвэл худлаа. Хойноос хүмүүс орж ирж байж л гүйлгээ хийгдэнэ шүү дээ. Хойд хөршөөс худалдан авагч орж ирэх хэрэгтэй.
Зууны мэдээ
Д.Оюунчимэг
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine