XVII жарны "МУУ НҮҮРТ" хэмээх ГАЛ БИЧИН жилийн өнгө
Л.Тэрбиш: Ард зон амгалантай, хаад түшмэд өөр зуураа хямралдана
/Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Монголын Үндэсний ШУА-ийн академич, шинжлэх ухааны доктор (ScD), профессор, зурхайч/

-Шороон үхэр нь, амаа ангайн, сүүлээ зүүн тийш шарвасан, толгой нь улаан, омруу нь шар, ходоод нь улаан, эвэр, сүүл, чих нь улаан, дөрвөн шийр нь шар, цагаан биетэй. Үхэр хариулаач нь шар нүүртэй, ногоон дээлтэй, цагаан бүстэй, хоёр гутлaа барьсан, үсээ овоолон боосон, унгасан шилбүүртэй хүүхэд үхрийнхээ өмнө яаран гүйж явах юм.

Үхрийн зүсэнд улаан өнгө их бол гантай бөгөөд догшин мөндөр буун, халуун өвчин гарна. Толгой нь улаан тул их хүмүүний балгадад муу. Хавар болон улирлуудын эхээр хургүй. Эвэр, сүүл, чих нь улаан тул гантай. Омруу шар бол хаврын адаг, зуны эхээр ногоо сайтай. Биеийн зүс цагаан тул жилийн дундуур мөндөртэй. Дөрвөн шийр нь шар тул жилийн сүүлээр өвстэй байна. 

Үхэр хариулаач хүүхэд тул нялхас буюу ард иргэдэд амгалантай, өвгөд буюу өндөр суудалтнаа ширүүн, залуус буюу Дунд зэрэг дэвийнхэнд маш ширүүн болой. Унгасан шилбүүртэй тул ард зон амгалантай, хаад түшмэд өөр зуураа хямралдана. Үсээ овоолон боосон тул ард олноо дээд амгалантай.

“Муу нүүрт” хэмээх гал бичин жил эд малын гарлага үгүй, элдэв хилэнц арилна хэмээн зурхайн ухаанд номложээ. Зарим нутагт тариа төмс сайн бөгөөд зарим нутагт үр үл боловсорно. Элдэв өвчин эмгэггүй, хаан язгуур дэргэрнэ. Хорлол дарагдан жуулчилбал өлзийтэй болно. Худалдаа, арилжаа хийвэл эд, эрдэнэ дэлгэрнэ. Биед өвчингүй амгалан, жаргалантай болно. 

Галын хүч арвижих ба хүмүүн нүгүүд хоосормуй. Хулгайч нар үлэмж арвижиюу. Зарим газар оронд хур үлэмж тасарна. Заримд нь ган бээр энэлгэн үйлдэнэ. Үр нүгүүд арвижихын шалтгаан доройтно. Шар өвчин арвижин, хэрүүл тэмцэл дэлгэрнэ. Хаан улс орноо анхаарахаас огоорно.

Энэ жилийн хувьд наран Загас, Хонь, Хамтатгах, Жинлүүр, Хумхын ордонд байрлах үед хур ус цагтаа бууж, эд агуурс элбэгжин, ихэс дээдэс буянаар тэтгэх ба бүх зүйл тэгшрэх сайн. Үхэр, Мэлхий, Арслан, Охин, Хилэнц, Нум ордонд байрлах үед сайн, муугийн магадлал үгүй тул ажил үйлдээ анхааралтай байж, элдэв өвчнөөс болгоомжлууштай. Харин Матрын ордонд байрлах үед салхи шуурга гаран, хямрал болохын нигууртай тул сэрэмжтэй байгууштай. 

Ж.Гончигсүрэн: Мал сүрэгт ээлтэй боловч хямрал их болно
/Түвдэнпэлжээлин хийдийн хамба лам, гэвш, зурхайч/

-Хаврын амьсгал орсон өдөр болон тухайн жилийн амь, бие эрхтэн, махбодуудад үндэслэн гал бичин жилийн шороон үхрийг зураглавал цагаан биетэй, улаан толгойтой, шар омруутай, эвэр, чих, сүүл, ходоод нь улаан, шар шийртэй, амаа ангайсан, зүүн тийш сүүлээ шарвасан байна.
Үхрийн өмнө шар биетэй, ногоон дээл өмсч, цагаан бүс бүсэлсэн, үсээ толгой дээрээ тоорцоглон боосон хүү хоёр гутлаа бариад яаравчлан гүйж явна. Жилийн ерөнхий байдал нь гандуу, хүчтэй аадар бороо, мөндөр ихтэй, халуун өвчин гарна. Жилийн сүүлээр ургац арвин.

Тухайн жил ямар болох нь хүн бүрээс хамаардаг. 

Мал сүрэгт ээлтэй боловч хямрал их болно. Залууст амгалан, нялхас, өвгөдөд ширүүн жил болно. Зурлагад улаан өнгө буюу гал мах бодь давамгайлахаар ган гачиг, цагаан өнгө нь цас, хяруу, мөндөр орохын дохио юм.

Үүнээс харахад, энэ жил ерөнхийдөө гантай жил болохоор байна. Үр тариа чухаг гэхээр газар тариаландаа анхаарах хэрэгтэй. Энэ жил “Муу нүүрт” хэмээх гал бичин жил гарах гэж байгаа болохоор хүмүүс энэ нэрэнд нь ач холбогдол өгөөд “муу жил болно” гэж ойлгоод байгаа юм. Гэтэл “Муу нүүрт” гэдэг нь ерөөсөө л гал бичин жилийн оноосон нэр болохоос биш онцгой, муу утга агуулаагүй.

Тухайн жил ямар болох нь хүн бүрээс хамаардаг. Тийм болохоор хүмүүсийн бие, хэл, сэтгэлээрээ хийсэн үйлээс бүх зүйл хамаарна гэсэн үг. Тэгэхээр бид эвтэй найрамдалтай, зөв бодолтой байх юм бол ямар ч бэрхшээлийг даваад гарна. Хүн бүр өөрөө хянамгай, ажил үйлсээ сайн төлөвлөх хэрэгтэй. Хүмүүс цас их орлоо, зуд болно гэж андуураад байна.

Хонь жил дуусаагүй байна шүү дээ. Харин ирэх жилийн өвөл ямар байх вэ гэдэгт анхаарах хэрэгтэй. Ирэх жилийн цагаан cap хоёрдугаар сарын 27-нд гарна гэхээр өвлийн cap орой гарна. Монголчууд бид түүхээрээ цаг улирлыг даваад ирсэн ард түмэн. Хамгийн түрүүнд эв эеэ хичээгээрэй. Монголчууддаа  өвчин зовлонгүй, барцад саадгүй, санасан хэрэг нь номын ёсчлон бүтэж байх, cap шинэдээ сайхан шинэлэх өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж байна.

Д.Цогтбаатар: Ихэс дээдсийн орд харшид галын аюул нүүрлэж болзошгүй
/Монголын бурхны шашинтны төв Ганданшэгчинлэн хийдийн зурхайч/

-Зурхайн зураглалаас харахад иргэд амгалан тайван, ажил үйлс нь бүтэмжтэй сайн байна. Гэвч, дээдэс бээр улс орноо анхаарахыг огоорох, үймээн самуун, хямрал тэмцэл гарч болзошгүй. Хулгай дээрэм идэвхжих, эдийн засгийн хувьд хямрах нигууртай. Залуу хүмүүсийн ажил үйлс бүтэмжтэй, үр ач дэлгэрэх машид сайн. Зун намрын улиралд хур бороо, мөндөр, цас орох магадлал ихтэй. Хэдийгээр хур цагтаа буух ч газрын шим дунд зэрэг байх нь. Ерөнхийдөө гандуувтар жил гарна. Яагаад гэхээр зурлагад дөрвөн шийр нь шар байгаа. Хаврын эхэн сард өвс ургамал, ногоо сайн гарна. 

Ялангуяа тал нутаг, хөндий, гуу жалга газрын ургац арвин байх шинжтэй. Зарим газарт халуун чанарын өвчин гарч мэдэх, салхи мөндөр, аянга, цахилгаан болох төлөвтэй. Галын хүч арвижиж, уул ус, өндөрлөг газар, ихэс дээдсийн орд харшид галын аюул нүүрлэж болзошгүй.

Нялхас буюу ард иргэдэд маш сайн, өвгөд буюу өндөр суудалтанд дунд зэрэг, залуус буюу дунд суудалтанд анхаарууштай. Жилийн ноён нурууг харвал амгалан жил болно. Гагцхүү ургац тааруу байж болзошгүй. Газар тариалан эрхлэгчид энэ тал дээр анхаарч, тариалалтаа эрт эхлүүлэх хэрэгтэй болов уу.
 
Энэ жилийн өвөл урьдын жилүүдтэй харьцуулахад урт, илүү сартай байгаа. Энэ жилийн хувьд жил нь орж байгаа бич жилтнүүд онцгойлох засалтай байна. 13, 25, 37, 49, 61, 73, 85, 97 настнуудын жил орж байгаа. Жил орно гэдэг нь тухайн хүний жил огторгуйд ургаж гарахыг хэлж байгаа юм. Эдгээр хүн жилийн засалтай гэсэн үг. Түүнээс гадна бар жилтэй хүмүүст дүнсгэр буюу их харш жил гарч байна. Тиймээс онцгойлон анхаарах засалтай.
Бага харш жилтэй могой, гахай жилтнүүд шиштэй засал хийлгэх ёстой. Үхэр, туулай, могой, хонь, тахиа, гахай жилтэй хүмүүс суудал өнцөгдөж байгаа учраас суудлын өнцгийн засал хийлгэх хэрэгтэй. Хулгана, луу, бич жилтэн дээлтэй. Төрсөн он нь хоёр, гурваар төгсч байгаа иргэдийн хувьд эдийн засгийн зарлагатай байж магадгүй. Тиймээс энэ тал дээр анхаарч, буян хишгийн даллага авахуулаарай.

З.Санждорж: Айхтар хатуу жил болж, зуд нүүрлэхгүй
/Монголын бурхны шашинтны шинэ төвийн тэргүүн, Их хүрээ хийдийн хамба, Нотун хан/

-Морилон ирж буй XVII жарны төвдөөр “Дон-ан” буюу гал бичин жилийг Монгол зурхайн ном судруудад “Эд малын гарзгүй, элдэв хилэнц нүгэл арилна” хэмээн номложээ. Зарим сударт “Үр тариа чухал” гэж заасан байна. Цаашилбал, “Салан дагцүл” буюу шороон үхрийн шинжээр үздэг монголчуудын арга бий. Түүнд “Нялхас, хүүхдэд маш сайн, өвгөд, өндөр настнуудад ширүүн, идэр залууст хатуу жил болно” гэж заасан байна.
Цаг улирлын хувьд зундаа бага зэрэг гандуу, хурц нартай, үе үе огцом халуун, хавартаа хур бороо багавтар, салхи шуурга ихтэй, намартаа үр тариа боловсроход сайн. Өвөлдөө өнтэй болно” гэжээ. Судар номд жилийн өнгийг маш тодорхой заасан байна. Хүмүүсийн хэлж байгаагаар бичин жил болгон зуд давтагдах боломжгүй.

Морилон ирж буй гал бичин жилийг эд малын гарзгүй гэж сударт тодорхой заасан байна шүү дээ. Тэгэхээр айхтар хатуу жил болж, зуд нүүрлэхгүй. Нүгэл хилэнц арилж, буян дэлгэрнэ. Харин хонь жилийн сүүлчээр цаг хүндэрч болзошгүй.

Бич жилтэй бүх хүн онцгой засалтай. Үүнтэй холбогдуулаад ярихад жилийн харш жил гэж байна. Бичин жилийн харш жил нь бар. Тэгэхээр бар жилтэй бүх хүн онцгой засалтай гэсэн үг. Давтамжаараа байгаа болохоос муу жил гэж огт байхгүй. Өөрөөр хэлбэл, бар жилтнүүдийн тухайд сөрөг давтамжтай жил гэж ойлгож болно.

Иймээс бүгдээрээ заслаа сайн хийлгээрэй. XVII жарны гал бич жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан байж, юу хүссэн есөн цагаан хүсэл нь сэтгэлчлэн бүтэх өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

Зурхайн номд нүгэл хилэнц арилна гэж заасныг дэлгэрүүлж ойлговоос энэ жил буян их хийх юм байна. Тэгвэл нүгэл хилэнц багасна. Номын цагаан буян, сэтгэлийн ариуслын буян, бүх л сайн сайхан, буяны сэтгэл гаргасан ажил хэрэг бүгд сэтгэлчлэн бүтэх өлзийтэй жил юм байна. Тиймээс энэ жилдээ машид хичээгээрэй гэж хэлэх байна. Хотол олон та бүхэн минь cap шинэдээ сайхан шинэлээрэй.

Н.Бизьяа: Энэ жил хүний сэтгэлээс үүссэн бусармаг зүйл их гарна
/Жуд дацангийн ловон лам/

-Бичин жилийн ерөнхий төөргийг шороон үхрийн шинжээр шинжиж үзвэл хавар цагтаа хур тунадас ихтэй, намар, зуны улиралд гандуу жил байх төлөвтэй байна. Мөн гал түймэр их гарах нигууртай. Үхэр хариулагчаас харвал нялхаст ээлтэй, залууст дунд зэрэг, өтгөст өвгөдөд ширүүн жил болно гэж буусан.

Тиймээс улс орныг удирдаж байгаа дээдсийн суудалтнууд их ёс жудагтай эв эеийг хичээж, ухаантай шийдвэр гаргахгүй бол шуналын сэтгэлээс үүдсэн хэрүүл тэмцэл их гарах, хоорондын хагарал, үл ойлголцол үүсэх болно. Энэ жил хүний сэтгэлээс үүссэн бусармаг зүйл их гарна. Тиймээс байгаль дэлхийтэйгээ шуналын сэтгэлээр хандахгүй байж, хайрлан хамгаалж байвал өлзийтэй сайн жил болно. Бичин жилийн харш жил нь хулгана юм.
Тиймээс харш жилтэй хүмүүс тухайн жилийнхээ засал номыг зөв сэтгэлээсээ ном ёсных нь дагуу сайн хийж чадвал гай барцад арилах болно. Энэ нь хувь хүний өөрөөс нь шалтгаалах зүйл юм. Мөн жил орсон хүмүүс шинээр төрсөн нялхас заслаа сайн хийлгэх хэрэгтэй. Бичин жил бүр зуд нь хүмүүсийн сэтгэлгээнээс л шалтгаалах зүйл юм.

Хэчнээн өвс ногоо муутай гандуухан жил болох төлөвтэй байгаа ч айл өрх бүр өөрсдийн бэлтгэлээ сайн хангаж, байгаль дэлхийтэйгээ зөөлөн харьцах аваас зуд болно гэсэн зурхайн буулт байхгүй. Мөн эв найрамдалтай байж чадвал улс орон ч мөн адил тайван амгалан байх болно.

Б.Тогоодой: Иргэд амгалан тайван, ажил үйлс бүтэмжтэй
/Монголын бурхны шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн Буддын гүн ухааны Дашчоймпэл хийдийн лам/

-Зурхайд тухайн жилийн өнгийг “хаан гараг”, “жилийн эзэн гарагийн үр”, “түшмэл гарагийн үр”, “цасан чихрийн амт”, “боовны үр”, “шороон үхэр”-ийн зурлага хэмээх арга, бэлгэдлээр шинжиж, дүрсэлдэг. Энэ дундаас “Шороон үхэр”-ийн зурлагыг тухайн жилийн өнгийг тодорхойлогч хэмээн авч үзэх нь түгээмэл юм. Энэ жил нялхаст маш сайн, өвгөдөд дунд, залууст муу байна.

Хааны язгуур дэлгэрнэ. Иргэд амгалан тайван, ажил үйлс бүтэмжтэй. Гэвч дээдэс бээр улс орноо анхаарахыг огоорох, үймээн самуун, хямрал, тэмцэл их, хулгай дээрэм идэвхжих буй. Залуу хүний үйлс бүтэмжтэй, үр ач дэлгэрэх машид сайн. Зун, намрын улиралд хур бороо, мөндөр, цас орох магадлал их.

Хур цагтаа буух ч дунд зэрэг, газрын шим өгөөж дунд, ерөнхийдөө гандуувтар жил болно. Эртдээ өвс ургамал, ногоо сайн гарна, ялангуяа тал нутаг, хөндий, гуу, жалга газар ургац арвин авах шинжтэй. Зарим газарт халуун чанарын өвчин гарч мэдэх, салхи, мөндөр, аянга цахилгаан болох.
Галын хүч арвижна. Өндөр газар, дээд ихсийн орд харшид галын аюул буй. Морь, үхэр хийгээд малд сайн, хүнд муу байх аж. Нийтийн үйлийн үрээс тухайн жил ямар болох вэ гэдэг нь шалтгаалдаг. Үйлийн үр гэдэг нь хүн сэтгэлдээ бодож байгаа бодол санаагаа хэрэгжүүлж байгаа үйлийг хэлж байгаа юм. Сайн үйлийн үрээр ирэх жил амар амгалан байна. Муу үйлээс ирэх жилдээ өвчин зовлонтой ган зудтай байна гэсэн үг. Түүнээс бичин жилд заавал зуд болно гэсэн үг биш юм.

Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-02-08 01:44:04
    Бичин жилийн харш жил хулгана гэнүү андуурсан байна бар биздээ
    202.21.118.98
    Мэдэгдсэн Хариулах