Урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын тогтоол батлагдлаа
Чуулганы өнөөдрийн /2016-02-05/ нэгдсэн хуралдааны эхэнд Зөрчлийн тухай /Шинэчилсэн найруулга/  болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн найруулгыг сонсож, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхээр үргэлжиллээ. Манай орны газар тариалангийн салбарт техник, технологийн шинэчлэл бүрэн хийгдээгүй, үйл ажиллагаа нь тогтворжих энэ үед нь тариаланчид, үйлдвэрлэгчдэд татварын дарамт учруулахгүй байх үүднээс  “Импортоор оруулж байгаа болон дотооддоо худалдан борлуулсан хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, гурилын болон бордооны үйлдвэрийн тоног төхөөрөмж, усалгааны тоног төхөөрөмж, ойн аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодис”-ыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр энэ хуулийн төсөлд тусгагдсан байна.

Энэ салбарын техникийн шинэчлэлийг нэгдсэн нэг бодлогоор хэрэгжүүлдэг үү, бодлогоо хэрхэн хэрэгжүүлж байгаа, бодлогыг тогтсон аж ахуйн нэгжүүд  эсвэл тендерээр сонгон шалгарсан байгууллагууд хэрэгжүүлж байгаа эсэх талаарх асуултдаа  Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл хариулт авсаны  дараа тодорхой төсөл, бодлогоо гаргаж тодорхойлж байж татвараас чөлөөлж байх нь зүйтэй гэсэн саналыг тэрээр илэрхийллээ.
 
Хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжиж улмаар анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлэв.
 
Дараа нь  Улсын Их Хурлын гишүүд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
 
Хуулийн төсөлд, Сонгуулийн төв байгууллагаас Сонгуулийн тухай хуулийн 38.1-д заасан төсвийн хүрээнд сонгууль зохион байгуулахтай холбогдсон бараа, ажил, үйлчилгээ худалдан авах харилцааг энэ хуулиар зохицуулахгүй” гэсэн хэсэг нэмсэн байна.
 
Төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед гишүүд зарчмын санал гаргаагүй байна. Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Наранхүү төслийг анхны хэлэлцүүлгээр батлуулах горимын санал гаргажээ.
 
Байнгын хорооны горимын энэ саналын дагуу  хуулийн төслийг  баталлаа.
Чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.
 
Төслүүдийн анхны хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар хийх үед дэмжигдсэн Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөлтэй холбогдуулан гарсан зарчмын зөрүүтэй саналыг төсөлд нэмж тусган төслүүдийн эцсийн хувилбарыг бэлтгэн  Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхэд Улсын Их Хурлын гишүүд зарчмын зөрүүтэй санал гаргаагүй бөгөөд төслүүдийг нэгдсэн хуралдаанд оруулан батлуулах нь зүйтэй гэж үзсэн тухай УИХ-ын гишүүн Д.Оюунхорол  илтгэлээ.
 
Санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх эдгээр хуулийн төслүүдийг батлахыг дэмжлээ.
 
Дараа нь гишүүд Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг батлах тухай” Улсын Их Хурлын 1999 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
 
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг Байнгын хорооныхоо санал дүгнэлтийг танилцуулахдаа, Төслүүдийн анхны хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар хийх үед дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналуудыг нэмж тусган төслүүдийн эцсийн хувилбарыг бэлтгэн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхэд гишүүдийн зүгээс зарчмын зөрүүтэй санал гаргаагүй. Төслүүдийг нэгдсэн хуралдаанд оруулан батлуулах нь зүйтэй гэж Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзсэн гэв. Үүний дараа гишүүд дээрх хуулийн  болон тогтоолын төслийг баталлаа.Чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Ирээдүйн өв сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.
 
Мэргэжлийн судлаачдын зөвлөмж, бусад улс орны  Баялгийн сангийн хөгжлийн туршлага, хууль эрх зүйн зохицуулалтыг харьцуулан судлах замаар өөрийн орны онцлогт тохирсон суурь зохицуулалтыг бий болгож, уул уурхайн олборлолтоос орж буй орлогыг зөв менежментээр удирдах замаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан “үндэсний баялгийг хүн ам, нийгмийн бүлэг болон өнөө ба хойч үеийнхэнд шударга, тэнцвэртэй хуваарилах” зарчмыг хэрэгжүүлэх зорилгоор Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийг боловсруулсан байна.
Эдгээр хуулийн төслүүдийг баталсны дараа гишүүд Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.
 
Энэ төслийг Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар, С.Бямбацогт, Н.Батцэрэг нарын 10 гишүүн өргөн мэдүүлсэн билээ.
 
Монгол Улс урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг 2016-2020, 2021-2025, 2026-2030 он гэсэн 3 үндсэн үе шаттайгаар хэрэгжүүлэх  юм.  Үзэл баримтлалд, эдийн засгийн бодлогын, нийгмийн тогтвортой хөгжлийн , байгаль орчны тогтвортой хөгжлийн, тогтвортой хөгжлийн засаглалын гэсэн үндсэн 4 бүлгийн хүрээнд тодорхой  зорилтуудыг дэвшүүлж байгаа ажээ. Нийт 45 зорилт, 18 үндсэн үзүүлэлтийг тодорхойлон хэрэгжилтэд хяналт тавих бөгөөд Монгол Улс 2030 он гэхэд хөгжлийн ямар ахиц, дэвшилд хүрсэн байхыг энэ баримт бичгээр төсөөлсөн байна.
 
Гишүүдийн олонх дэмжсэнээр, Хавсралтын 2.2.1-ийн Зорилт 2-ын Үе шат 1-ийн  “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих,” гэсний дараа “хөдөлмөрийн насны хүн амын эдийн засгийн идэвхтэй байдлыг 66 хувьд хүргэх”, Үе шат 2-ын “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих,” гэсний дараа “Хөдөлмөрийн насны хүн амын эдийн засгийн идэвхтэй байдлыг 68 хувьд хүргэх”, Үе шат 3-ын “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих,” гэсний дараа “хөдөлмөрийн насны хүн амын эдийн засгийн идэвхтэй байдлыг 70 хувьд хүргэх” гэсэн зарчмын зөрүүтэй саналыг  тус тус нэмлээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.