Б.Хурцыг АТГ-ын дэд даргаар томилохдоо хууль зөрчсөн үү
Монгол Улсын Их Хурлын 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 52 тоот тогтоолоор Б.Хурцыг АТГ-ын дэд даргаар томилсон. Гэвч энэ томилгоог хийхдээ “Авлигын эсрэг хууль” болон Төрийн албанд тавих ерөнхий шаардлагуудыг хангаагүй гэж иргэн А.Гантамир үзсэн байна. Тиймээс дээрх асуудлыг тодруулахаар Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцэд хандаад байгаа аж. Энэ талаар түүнээс тодрууллаа.

-УИХ Б.Хурцыг АТГ-ын дэд даргаар томилохдоо яг ямар хуулийн заалтуудыг зөрчсөн гэж үзэж ҮХЦ-д хандсан бэ?
-УИХ-ын 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 52 тоот тогтоол нь Монгол Улсын үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна. Тодруулбал, АТГ-ын дэд даргаар Б.Хурц гэх хүнийг томилохдоо Авлигийн эсрэг хуулийн 19 зүйлийн 19.1 /Авлигатай тэмцэх газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаалд мэргэжлийн болон зохих нөхцөл, шалгуурыг хангасан, авлига, албан тушаалын хэргээр шалгагдаж сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй иргэнийг томилно/ болон тус хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.2-т / Авлигатай тэмцэх газрын дэд даргад нэр дэвшигч нь төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан, эрх зүйч мэргэжилтэй, гүйцэтгэх болон мөрдөн байцаах ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй./ тусгасан хуулийн заалтуудыг зөрчсөн байна. Мөн Б.Хурц нь Төрийн албанд тавигдах ерөнхий шаардлага болох албан тушаал эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвар эзэмшээгүй гэж үзсэн. Тухайлсан шаардлагад зааснаар иргэн Б.Хурц нь эрх зүйч мэргэжил эзэмшээгүй. Эдгээр болон бусад материалыг цуглуулж ҮХЦ-д хандаад байна.

- Б.Хурцыг эрх зүйч мэргэжил эзэмшээгүй гэлээ. Гэтэл өөрийнх нь намтар дээр хуульч, эрх зүйч мэргэжилтэй гэж бичсэн байдаг санагдах юм?
- Түүнийг эрх зүйч мэргэжилтэй гэж үзэж болохгүй. Учир нь Монгол Улсын Дээд боловсролын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т “Дээд боловсролын зэрэг нь багц цагаар/димломын, бакалаврын, магистрын, докторын/ хэмжигдэх шатлал байна” гэж заасан байдаг. Мөн хуулийн 8.7-т “Дээд боловсролын эзэмшүүлэх дипломын сургалт 90 багц цагаас доошгүй байх бөгөөд өмнөх түвшний сургалтын багц цагийг оруулан бакалаврын сургалт 120-оос, магистрын сургалт 150-аас, докторын сургалт 210 багц цагаас тус тус доошгүй байна" гэж тус тус заажээ.

Харин МУИХ-аас иргэн Б.Хурцыг эрх зүйч мэргэжлийг 1999-2000 онд ОХУ-ын Аюулгүй байдлын академид суралцаж эзэмшсэн гэж үзсэн нь Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийг зөрчиж байна. Өөрөөр тайлбарлавал, иргэн Б.Хурц эрх зүйч мэргэжлийг эзэмших хугацаа багц цагийн дагуу бус харин 10 сарын хугацаатай бидний хэлдгээр курсын сургалтаар эзэмшсэн байгаа юм.

-Б.Хурцыг Тагнуулын Ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын даргаар ажиллаж байгаад сахилгын зөрчил гаргаж чөлөөлөгдсөн гэлээ. Энэ талаар тайлбарлахгүй юу?
-Б.Хурц нь авилга, албан тушаалын хэргээр шалгагдаж байсан нь нотлогддог бөгөөд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр энэ талаар хангалттай мэдээлж байсан. Тэрээр Тагнуулын ерөнхий газарт ажиллаж байхдаа үйлдсэн гэмт хэрэг нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон гэх боловч 2006 оны Өршөөлийн хуульд хамрагдан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн байсан төдийгүй "Д.Энхбатыг хулгайлж ирсэн" гэх асуудалд эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын шатанд гэм буруутай эсэхэд шалгалт хийж эрүүгийн болон холбогдох бусад хариуцлага ногдуулах эсэх, эрх бүхий байгууллагын эцсийн шийдвэр гараагүй байхад УИХ-аас түүнийг АТГ-ын удирдах албан тушаалд томилсон нь гэмт хэргийг үнэн бодит байдлаар үргэлжлүүлэн шалгах ажиллагааг зогсоосон гэх үндэслэлтэй байна.

МУ-ын эрүүгийн хуулийн тусгай ангийн 14 дүгээр зүйлийн 14.1-д "Монгол улсын иргэн, тус улсад байнга оршин суух харъяалалгүй хүн гадаад улсад энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдэж, тухайн хэрэгтээ ял шийтгүүлээгүй бол энэ хуулиар эрүүгийн хариуцлага хүлгээлгэнэ” гэсэн байдал бүрэлдэж болох байсанд нарийн шалгалт хийгдээгүй байна.

- Энд 2011 онд хийгдсэн томилгооны тухай яригдаж байна. Яагаад тухайн үед нь ҮХЦ-д хандаж болоогүй юм бэ?
-Б.Хурцтай холбоотой асуудлыг хагас жилийн өмнөөс мэдэж, шалгаж эхэлсэн. Яг энэ томилгоотой холбоотой тухайн үеийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн маш их нийтлэл бичвэрүүд байсан юм билээ. Харамсалтай ҮХЦ-д хандсан нэг ч тохиолдол байгаагүй. Бид хуульчид учраас нотлох баримт дээр тулгуурлаж үйл ажиллагаагаа явуулна. Өнгөрөгч хугацаанд цуглуулсан бүх нотлох баримтууд бэлэн болсон гэж үзсэн учраас ҮХЦ-д хандаж байгаа юм.

- Улс төрийн зорилготой томилгоо юм шиг харагдаад байна. Ер нь таны гомдлыг ҮХЦ хэлэлцэх шаардлагагүй гэж үзвэл яах вэ?
-ҮХЦ хуулийн дагуу 14 хоногийн дотор хариугаа мэдэгдэх ёстой. Хэрвээ Улс төрийн зорилгоор хууль зөрчсөн байвал хуульчид, эрхзүйчид энэ буруу гаж тогтолцоог халах ажил тэргүүлэн оролцох ёстой юм. ҮХЦ-ийн шийвдэрээс үл хамааран цаашид хууль бус томилгоо хийгдсэн асуудлуудаар хуулийн дагуу байр сууриа илэрхийлсээр байх болно. Ингэснээр иргэн хууль бус үйлдлүүдийг илчилж, ҮХЦ-д хандаж болдог гэдэг ойлголтыг бусдад өгч байна. Энэ л манай байгууллагын гол зорилго юм.

Л.Тамир
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.