Б.Цогтбаатар: Бөх тайлбарлахыг би авьяас гэж боддог, тиймдээ ч дуртай болгон нь тайлбарлаад байдаггүй юм
Энэ удаагийн “Чухал хүн” буландаа Монголын Үндэсний бөхийн холбооны Нарийн бичгийн дарга, бөх тайлбарлагч Б.Цогтбаатарыг урьж, ярилцлаа.

-Та бол бөхийн тайлбарлагч нарын дунд хамгийн туршлагатай, өмнө барих хүний нэг. Тэгвэл анх бөхийн тайлбар руу яаж оров. Эргээд нэг дурсвал?

-Яах вэ, О.Батмөнх ах бид хоёр тайлбарлагч нараас хамгийн ахмад нь учраас нэг талаараа тэгж дүгнэж болох л байх. Түүнээс биш нэг их өмнөө барих ганц тайлбарлагч нь би биш шүү дээ. Бид чинь дараагийнхаа үеийг бэлтгэх, халаагаа шилжүүлэх талаар ярьж эхэлж байна. Хуучин манайд ганц хоёрхон бөх тайлбарлагч л байлаа.

Ганц радио, телевизтэй учраас олон тайлбарлагчийн хэрэг байсангүй. Одоо болохоор олон телевиз ажиллаж байна. Бүгдээрээ л наадам, цагаан сарын барилдааныг дамжуулж байгаа болохоор тайлбарлагчийн хэрэгцээ их болчихлоо. Тийм болохоор олон тайлбарлагч нарын дундаас арай туршлагатай хэдийг нь илүү үнэлдэг л байх. Сонирхлын тухайд бол, би багаасаа л бөхөд дуртай байсан. Аав маань хөдөөний малчин. Бөхөд их дуртай. Радиогоор бөхийн барилдаан явахаар анхаарч сонсч, тэмдэглэж авдаг. Хотод ирэхээрээ бөхийн барилдаан үздэг хүн байсан. Энэ бүхэн надад хүүхэд байхаас л нөлөөлж, бөхөд их дуртай болсон. Бөхтэй холбоотой бүх мэдээг уншина. Радиогоор Ц.Бадамсэрээжид, Ш.Чанрав гуайн тайлбарыг их сонсоно.

Сүүлдээ “Анализ” А.Ганбаатар гэдэг хүний бөх тайлбарлахыг сонсч, ийм л хүн болох юмсан гэж мөрөөддөг байсан. Тэр мөрөөдөлдөө хөтлөгдөөд, өмнөө бидон бариад, ташуураар микрофон хийгээд, хадан дээр суучихаад баахан дэмий ярина. Тайлбарлагч нарын ярьсан зүйлийг тэмдэглэж, тогтоож аваад, түүнийгээ давтдаг байсан юм. Гэртээ ч гэсэн давтана. Гурван литрийн бидон бариад ярихаар цуурайтаад өөрт гоё сонсогддог байлаа. Ингэж л багаасаа тайлбарлагч болохыг мөрөөдөж, давтсаар л зорилгодоо хүрсэн дээ. Сүүлд Хөдөө аж ахуйн дээд сургуульд оюутан болоод ирэхэд биеийн тамирын багш Д.Амгаа заан байлаа. Харин Л.Сосорбурам арслан Иргэний хамгаалалт ордог байсан юм. Тэгээд л намайг бөхөд дуртай, сонирхолтой гэдгийг анзаараад А.Ганбаатар багшид дагуулж очиж, шавь оруулсан. Тэгээд л би чинь бөхийн тайлбарлагч болчихсон хүн шүү дээ.

-Тэр том бөхчүүдэд анзаарагдахаар л байж дээ?

-Оюутан байхад намрын ажилд их явна. Гоё шүү дээ. Төмс ногоо, будаа хураана. Тэгж явах үед амралтын цагаар цагаан хоолой бариад л оюутнууд дэмий ярина. Шүлэг бичдэг оюутнууд нь шүлгээ уншина. Дуулдаг нь дуулна. Би болохоор баахан бөх ярьдаг байсан. Тэр үед багш нар маань анзаарсан юм шиг байгаа юм. Тэгээд л А.Ганбаатар багшийн шавь болж, дагаж явж, олон зүйл сурсан даа. Тэгж байтал 1990 онд Монголын Үндэсний бөхийн холбоо байгуулагдсан.

1991 онд Ардын хувьсгалын 70 жилийн ойн наадмын үед бөх тайлбарлагч, гарын даа, засуулуудын сонгон шалгаруулалт явуулсан. Бүрэлдэхүүнийг нь шинэчлэх, олон болгох зорилготой сонгон шалгаруулалт байсан юм. Тэр үед хот, хөдөөнөөс 100 гаруй хүн бөх тайлбарлагчаар шалгуулж байлаа. Онолын шалгалт өгөөд, дадлага хийгээд, тэндээсээ шигшиж авч байсан юм. Тэгэхэд л би тайлбарлагч болон гарын даагийн үнэмлэх аваад, албан ёсоор бөх тайлбарлаж эхэлсэн.

-Тэр чадварлаг тайлбар­лагч­дын аль нь танд илүү нөлөөлсөн бэ?

-Би бага байсан учраас Ц.Бадамсэрээжид гуайн тайлбарыг тийм ч сайн санадаггүй юм. Ой тоонд их бага үлдсэн. Харин сүүлдээ 7, 8 дугаар ангид орж байх үед А.Ганбаатар багш бөх тайлбарладаг байсан юм. Говийн цэцэн мэргэн хүмүүс байдаг даа. Түүний нэг нь А.Ганбаатар гуай байлаа шүү дээ. Уран цэцэн үг нь аяндаа урсч гардаг. Маш гоё ярина, хүнийг өөртөө татах чадвартай. Донж маягийг нь олно. Тэр нь их гайхамшигтай. Тийм болохоор А.Ганбаатар багшийн тайлбар сэтгэлд их тод үлдсэн. Ёстой л амнаас нь гарсан өгүүлбэр болгоныг нь цээжилж авна. Заримыг нь тэмдэглэнэ.

Өөрөө их дуртай болохоор нэг сонсоод, эсвэл тэмдэглэсэн зүйлээ нэг хараад л цээжилчихдэг байсан юм. Түүнийгээ дуурайж яриад л давтана. Ёстой л нэг дуураймал байлаа шүү дээ. Харин яг өөрөө бие даагаад тайлбарлаад ирэхээр бусдыг дуурайж болдоггүй юм байна гэдгийг мэдэрсэн. Одоо тайлбарлагч нарт ч хүн дуурайж болохгүй гэж хэлдэг. Өөр өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой байх ёстой юм. Яах вэ, анх тайлбарлах гээд оролдож байх үед бол хүн дуурайж, суралцахаас өөр яах вэ дээ.

-Та А.Ганбаатар гуайн шавь байсан болохоор тэр хүний донж маяг илүү суусан байх уу, үгүй юу?

-Мэдээж тэр хүнийг дуурайж байсан. Дээрээс нь шавь нь байсан болохоор донж маяг нь бага сага суусан л байж таараа. Ер нь энэ том тайлбарлагч нар чинь бөхийн тайлбар гэдгийг үндэсний бөхийн нэг том салбар болгочихсон шүү дээ.   Монгол бөх гэдэг маш том өв соёл. Тэр дотор байгаа нэг томоохон соёл нь бөхийн тайлбар болчихсон юм. Тэгвэл бөхийн тайлбарыг соёлын, урлагийн төвшинд хүргэсэн нь Ц.Бадамсэрээжид, А.Ганбаатар, Ш.Чанрав багш шүү дээ.

Ш.Чанрав гуайтай би Монголын Үндэсний телевизээр хамт ганц, хоёр удаа тайлбарлаж байсан. Ер нь тэгээд хүн бүр өөр өөрийн арга барилтай. Сүүлд Монгол Бөхийн холбоонд ажилласнаас хойш олон хүний тайлбарыг сонсоод, эргэцүүлж бодоод, тэрнээс үүнийг нь авах юм байна гэж мэдэрдэг болсон. Шүүж өөртөө авна гэсэн үг. Г.Баярцэнгэл гуай ч надад бөхийг ингэж тайлбарладаг юм гэж хэлж өгдөг байлаа. П.Дагвасүрэн арслан ч бөх тайлбарлахдаа ингэж ярих ёстой гэж хэлж өгдөг байсан. Бөхчүүд, тайлбарлагч нар дэмжинэ. Тэр бүхний дэмжлэгээр л өдий хүртэл бөх тайлбарлаж явна даа.

-Бөхийн тайлбарлагч нарын хоолойг сонсоод байхад ойролцоо сонсогддог. А.Ганбаатар гуай бөхийн тайлбарлагч хүний хоолой ийм байх ёстой гэсэн стандарт тогтоогоод өгчихсөн юм шиг л санагддаг. Тэгвэл таны хоолойны өнгө төрөлхийн ийм үү. Эсвэл багаасаа бөх тайлбарлагч нарыг дуурайж, дадлага хийсээр байгаад ийм болчихсон юм уу?

-Төрөлхийн л ийм өнгөтэй. Ер нь хүн болгоны хоолойн өнгө өөр өөр байдаг шүү дээ. Дуу хоолойгоор нь тэр ярьж байна, энэ ярьж байна гээд таньчихдаг биз дээ. Түүнтэй адил миний хоолой ч гэсэн төрөлхийн л ийм. Ер нь бол бөх тайлбарлагч хүнд хоолойны өнгө чухал уу гэвэл чухал. Гэхдээ заавал А.Ганбаатар багш шиг гоё ярих ёстой, түүн шиг хоолойны өнгөтэй хүн бөх тайлбарлана гэж ойлгож болохгүй. Өөрийн гэсэн өвөрмөц, ялгарах хоолойтой хүн байвал сайн. Мэдээж хэрэг жонгиносон дуутай, нарийхан хоолойтой  хүн бөх тайлбарлавал сонсч байгаа хүмүүсийн чихэнд ямар наалдацтай очих нь ойлгомжтой шүү дээ. Тэгэхээр аргил бүдүүн хоолойтой хүн бөхийн тайлбарлагч хийнэ. Ер нь би бөх тайлбарлахыг авьяас гэж боддог. Дуртай хүн болгон бөх тайлбарлахгүй. Радио, телевизийн нэвтрүүлэгч хүн болгон бөхийн тайлбар хийж чаддагүй шүү дээ. Дуулах, шүлэг бичих чинь авьяас биз дээ. Түүнтэй адил бөх тайлбарлана гэдэг чинь авьяас.
 
“Хүч” нийгэмлэгийн аварга шалгаруулах барилдааныг тайлбарлаад цоо шинэ 10 төгрөгөөр шагнуулж байлаа

-Хамгийн анх ямар барилдаанд албан ёсоор бөх тайлбарлагчаар ажиллаж байв. Эргээд нэг дурсаач?

-Оюутан болж ирээд, А.Ганбаатар багшид шавь орсон. Тэр үед н.Пүрэвдорж гэдэг хүн Бөхийн холбооны тэргүүлэгч байсан. Завхан аймгийн Отгон сумын хүн бил үү дээ. А.Ганбаатар багш, Г.Баярцэнгэл гуай, энэ гурав л бөхийн тайлбар хийдэг байлаа. Ш.Чанрав гуай бол наадам, цагаан сар гээд томоохон барилдаануудыг телевизээр дамжуулахад тайлбар хийнэ. Заал танхимын барилдааныг тайлбарладаггүй байсан. Тэр үед бид тайлбарлагч нарын хажууд суугаад, ганц нэг үг хэлээд л өнгөрдөг байлаа. Ингэж л эхний ганц, хоёр жил бөх тайлбарлахыг сурч, суралцаж явлаа. Харин яг бие даагаад, ганцаараа тайлбар хийсэн нь 1989 оны “Хүч” нийгэмлэгийн аварга шалгаруулах барилдаан байсан юм. Тэр барилдааныг би ганцаараа дагнаж тайлбарласан.

Тухайн үед “Хүч”  чинь Цагдаагийн газрыг харьяаны том нийгэмлэг байлаа.   Бөх ч сайтай байсан. Б.Бат-Эрдэнэ аварга, Р.Давааням, С.Сүхбаатар, Д.Мягмар заан гээд л. Д.Мөнх-Эрдэнэ арслан ч байсан шүү дээ. Тэр жилийн “Хүч” нийгэмлэгийн аварга шалгаруулах барилдаанд томчууд бүгд барилдаж байсан. Тэр барилдааныг анх тайлбарлаад, цалин хөлс гэж цоо шинэ 10 төгрөг авч байлаа. Тэр үед Д.Дашжамц начин “Хүч” нийгэмлэгийн багш, дасгалжуулагч байсан юм. Тэгээд намайг дуудаад, тайл­бар­лаж өгөөч гэж байсан юм. Тайлбарлагч олдоогүй юм уу, эсвэл нутгийн дүү гээд дэмж­сэн юм уу, бүү мэд. Ямар ч бай­сан бөхөө тайлбарлаад, 10 төгрө­гийн цалин авсан. Тэр 10 төгрөгөө одоо болтол хадгалж явдаг юм.

-Хэр зэрэг тэвдэж байв. Анх бие дааж тайлбар хийж байсан болохоор сандрах зүйл гарч байсан байх?

-Тэвдэнэ тэвдэнэ. Сандрах зүйл их гарна шүү дээ.   Тэр чинь бөх тайлбарлахыг сонирхдог л залуу хүүхэд байсан болохоор тэвдэнэ. 1991 онд би шалгаруулалтад ороод, тэр жилийнхээ улсын их сорилгын барилдаануудыг О.Батмөнх ах бид хоёр дагалдан тайлбарлаж байлаа. Шалгаруулалтад тэнцсэн хоёр гээд. Тэр үеийн барилдааны бичлэг фонтод байдаг юм билээ. Өнгөрсөн жил “Youtube” сайтад гарсан байсан. Сонссон чинь ичмээр л дамшиг байна билээ. Тэгж л тайлбар хийж эхэлж байсан юм даа.

Тэр жилдээ наадмын тайлбарыг радиогоор хийхээр болсон. О.Батмөнх ах бид хоёр шүү дээ. Ардын хувьсгалын тэгш ой байсан учраас нэлээд ач холбогдол өгч байсан. Яагаад гэвэл 1990 онд А.Ганбаатар багш начин болчихсон байсан. Шинэхэн начин сайн барилдах ёстой байлаа. Тэгээд барилдаж явах хугацаанд нь бид хоёр бөх тайлбарлах даалгавартай болохгүй юу. Наадмаар төв цэнгэлдэхийн тайлбар радиогийнхтой хамт явдаг юм.  Радиогийнхон тэр үед бид хоёрыг их голж байсан. Тэгш ой тохиож байсан болохоор сүртэй байлаа. Тэгээд ч орон даяар радиогоор шууд явна. Олон телевиз гэж байсангүй, ихэнх хүн л радиогоор бөх сонсоно шүү дээ.

Тийм болохоор “Эх орон даяар бөх шууд явах гэж байхад ямар ч дадлага туршлагагүй, хоёр шинэ нөхөр өглөө” гээд л бөөн яриа гарсан. Харин Бөхийн холбооноос сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүсээ өгч байна гэж хэлж, тайлбарлаад л суулгаж байгаа юм. Тэгээд хос чихэвчийг нэг нэгээр нь чихэндээ зүүчихнэ. Одоогийн радио, телевизтэй харьцуулахад их дэгтэй ч байж. Найруулагч нар загнана ч гэж жигтэйхэн. Чихэвчээр удирдана, тэгж ярь, ингэж хэл гээд л. Одоогийнх шиг микрофон дууг нь хаачихдаг товчгүй байсан болохоор нусаа нийх, хөлсөө арчих, янз бүрийн чимээ гаргах ямар ч эрх байхгүй. Найруулагч дохио өгөөд, микрофоныг чинь хаалаа гээд команд өгөхөөр л хөлсөө арчина шүү дээ. Тэгээд л “Хүн шиг ярь” гээд загнана. Тэр үед СГЗ П.Цагаан гуай шууд нэвтрүүлгийн найруулагчаар ажиллаж байсан юм. Бид хоёр П.Цагаан гуайд их загнуулж, анх радиогоор бөх тайлбарлаж байсан юм.

Их ч сандарч байсан. Тэр жилд А.Ганбаатар багш дөрвийн даваанд өвдөг шороодож байлаа. Тэгээд өөрөө ирж суугаад, тайлбараа хийсэн. Тэр жилийн наадам сэтгэлд их тод үлдсэн дээ. О.Балжинням аварга түрүүлж, П.Сүхбат гарьд үзүүрлэж байсан юм. Хүн бүр л Б.Бат-Эрдэнэ аваргыг түрүүлнэ гэж байсан ч шөвгийн дөрөвт үлдсэн. Их түүхтэй наадмын тайлбарыг хийж байлаа. Үүнээс хойш албан ёсоор тайлбарлагч болсон.  

-Та ер нь Төв цэнгэлдэхэд яагаад тайлбар хийдэггүй юм бэ. Телевизээр л тайлбар хийгээд байдаг?

-Би чинь наадмаар телевизээр тайлбар хийдэг шүү дээ. 2000 онд “25 дугаар суваг” телевизээр ганцаараа тайлбар хийж эхэлсэн. Түүнээс өмнө Үндэсний телевизэд Ш.Чанрав багштай хамт тайлбар хийж байсан. 1995 онд хоёр Эрдэнэ удаан барилддаг жил би Үндэсний телевизээр Ш.Чанрав багштай хамтарч тайлбарлаж л байлаа. Харин сүүлд олон телевиз байгуулагдаж эхлэхэд 2000 онд “25 дугаар суваг” телевизээр ганцаараа тайлбарлаж эхэлсэн. Гурван жил тайлбарласан байх. Дараа нь “ТВ 5” телевизээр таван жил тайлбарласан. Харин сүүлийн жилүүдэд Үндэсний олон нийтийн телевизийн тайлбарлагчаар ажиллаж байна.

Ш.Чанрав багшийг нас барснаас хойш халааг нь аваад, наадам, цагаан сар, Үндсэн хуулийн барилдаан гээд томхон барилдаануудыг Үндэсний телевизээр дамжуулахад тайлбарыг нь хийж байгаа. Үндэсний олон нийтийн телевизийн уран бүтээлчид, зураглаачид чадвартай.  Барилдааныг мэдэрч гаргаж чаддаг. Тэгээд ч Үндэсний телевиз гэдэг утгаараа арай туршлагатай тайлбарлагч ажиллах ёстой гэж үзэж, надад санал тавьсан байх л даа. Арай олон жил тайлбарлаж байгаа нь  О.Батмөнх ах бид хоёр  л байна.

-Телевизээр тайлбарлах тийм ч амар биш байх.  Дэлгэцэнд орж байгаа л бөхчүүдийг хараад, таниад, тэр агшныг нь алдахгүй тайлбарлаад явна гэдэг хэцүү санагддаг?

-Телевизээр, цэнгэлдэхэд, зааланд тайлбарлах бүгд ялгаатай. Хамгийн хэцүү нь телевизийн тайлбар. Дэлгэцэнд орж ирж байгаа дүрсээ л харж ярина шүү дээ. Улсын наадамд 1024 бөх барилдахад нэг, хоёрын давааг шууд дамжуулна. Тэр болгоныг тайлбарлана гэдэг амаргүй. Зарим телевиз ч яахав, нэгийн давааны эхлэл явж байхад тасалчихна. Үндэсний телевиз бол бүрэн бүтнээр дамжуулна шүү дээ. Тэр олон бөх зэрэг барилдаж байхад зурагтын дэлгэц хараад, тэр тэрэнтэй барилдаж байна гэж хэлэхэд хүндрэлтэй шүү. Гэхдээ оноолт нь ирнэ. Дүйз нь хүрээд ирдэг учраас түүнийгээ хараад, нэгийг нь таньж байхад нөгөөг оноолтноосоо хараад хэлээд явчихна. Наадам, цагаан сарын барилдаан тайлбарлахад дүйз ирнэ. Харин заалны барилдаан тайлбарлахад бол дүйз ирэхгүй шүү дээ. Тэр үед бол өөрийнхөө таньдгаар л тайлбарлана шүү дээ. Танхимын тайлбарлагч ам авсан байдлыг танилцуулахад сонсоод хэлнэ. Эсвэл барилдаж эхлэхээр нь тэр тэрнийг амлалаа гэж хэлэх болно. Маш их анхаарал хэрэгтэй. Тийм ч амар хялбар ажил биш.

-Олон жил тайлбар хийхээр бөхчүүдээ хаанаас нь ч харсан таньдаг болчихдог байх. Гэхдээ шинэ залуу бөхчүүд өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Гэхдээ л тайлбарлагч нар нь тэр болгоныг таниад, нэр алдар, нутаг усыг нь хэлээд л сууж байдаг.  Бүр ой тоонд орчихдог хэрэг үү?

-Би өөрөө Бөхийн холбоонд ажиллаж байна. Дээрээс нь Бөхийн өргөөнд болж байгаа барилдаан болгоныг тайлбарлаж байгаа учраас бөхчүүдээ илүү сайн танина. С.Гантөр бид хоёрын давуу тал энэ. Залуучуудыг бүгдийг нь танина. Сумын цолтой залуу бөхийн барилдаан. Нийтийн монгол бөхийн болоод өсвөрийн барилдаан гээд бүгдийг нь тайлбарлаж байгаа. Бөхчүүдийг бүр хүүхэд байхаас нь авахуулаад нүдэлж, таньдаг болчихсон. Тийм болохоор бөх таних тал дээр асуудал бараг гарахгүй. Яахав, байнга бөх үздэггүй зарим нэг тайлбарлагч шүүмжлэлд өртөж байгаа тохиолдол байдаг л юм.

“Бөхөө танихгүй  байна, учраа бөхтэйгээ барилдаж байна гэж хэллээ” гэх мэтээр шүүмжлэлд өртөх нь бий. Энэ бол өөрсдөө бөх үзэхгүй байгаатай л холбоотой. Байнга бөх үзээд байвал танина шүү дээ. Тэр байтугай гутлаар нь, зодог шуудгаар нь таньдаг болно. Бүр заримыг араас нь хараад таньдаг болчихож байгаа юм. Малд гярхай хүн шиг л болно шүү дээ.

-Аль нутгийн, ямар компанийн бөх гэдгийг нь цээжилдэг үү?

-Зориудаар цээжлэхгүй шүү дээ. Өөрөө үүндээ сонирхолтой болохоор аяндаа л цээжинд орчихно шүү. А.Ганбаатар багшаас, С.Гантөрөөс хүмүүс асууж байгаа харагддаг. Та нар зориудаар цээжилдэг үү гэж. Тийм биш шүү дээ. Өөрөө дуртай болохоор хэд сонсоод л аяндаа цээжилчихдэг. Мартагдахгүй.

-Олон жил телевиз гарч ирж байгаатай холбоотой тайлбарлагч нарын тоо нэмэгдэж байна. Тэр дундаас зарим нь жаахан гологдоод байдаг бололтой. Тэгвэл шинэ, залуу тайлбарлагч нараа яаж бэлтгэж байна. Таны шавь нар олон болж байгаа биз?

-Манай бөх тайлбарлагч нар өмнөх үеийнхээ бүхий л тайлбарлагч нараас үлгэр дуурайлал авч, багшаа гэж хүндэтгэдэг. Албан ёсоор багш шавийн барилдлагатай болоод явдаг нь ховор. Тэр дундаа манай ахмад үеийн тайлбарлагч нар нэг их олон шавьтай байгаагүй. Ц.Бадамсэрээжид гуай Ш.Чанрав багшийг дагуулаад, хамтдаа тайлбар­лаад, өөрөө халаагаа өгч байлаа. Би А.Ганбаатар багшид албан ёсоор шавь ороод явсан. Бусад нь албан ёсоор шавь ороод явсан юм байхгүй.

Тэгээд  А.Ганбаатар, Ш.Чанрав гээд тайлбарлагч нар өөрсдөө эд тайлбарлаж байсан үедээ нас барчихсан болохоор олон шавь бэлтгэж амжаагүй ч байж болох юм. Би өөрийгөө жаахан дөвийлгөөд ярихад, харьцангуй олон шавь бэлдсэн. Яг өөрийн гараар, дагалдуулаад, сургаад явсан шавь нар бий. Л.Эрдэнэбаатар, А.Ганболд, Ц.Батнасан, С.Гантөр, Х.Батмэнд гээд олон залуучууд байна. Би бүгдийг нь шалгаруулж аваад, дагуулж яваад, тайлбар хийх телевизтэй нь холбож өгөөд, гарааг нь эхлүүлж байсан. Би шавь нартаа хэлдэг. “Хүн болгоны тайлбарыг сонс. Ш.Чанрав гэдэг хүн яаж тайлбарлаж байв. А.Ганбаатар багш яаж тайлбарлаж байсан. Одоо Ц.Батнасан, Б.Цогтбаатар яаж тайлбарлаж байна. Тэр бүхнээс авах юмаа ав. Гэхдээ заавал өөрийн гэсэн өнгө төрхтэй бай.

Түүнээс биш нэг хүнийг дуурайгаад түүнээс илүү амжилт үзүүлнэ гэж байхгүй” гэж. Түүнээс гадна би Бөхийн холбоонд ажиллаж, бөхийн барилдаан, жаяг дэгийн багийг хариуцдаг хүний хувьд бөхийн тайлбарлагч бэлтгэх тал дээр анхаарахгүй бол болохгүй. Аймаг, сум болгонд бөхийн тайлбарлагч хэрэгтэй байгаа. Одоо сум болгон тайлбарлагчтай болчихсон. Тийм болохоор шавь оръё гэдэг хүн зөндөө байдаг.  Тиймдээ ч Бөхийн холбооноос шалгаруулалт зарлаад, шалгар­сан хүмүүст нь сургалт явуулаад, бодлогоор бэлтгэж байгаа. Би хэд хэдэн удаагийн шалгаруулалт явуулж, сургалт зохион байгуулж бай­лаа. Тэр шалгаруулалтад оролцож, сургалтад суусан залуучууд одоо телевизээр бөх тайлбарлаж байна шүү дээ.

-Хэдхэн хоногийн дараа сар шинийн барилдаан болох гэж байна. Та бөх тайлбарлагч хүний хувьд ямархуу таавар таамагтай сууж байна вэ?

-Надаас хүмүүс ингэж их асуудаг. Би тэр болгонд таавар дэвшүүлэхэд таатай биш гэж хариулдаг юм. Би чинь Бөхийн холбоонд ажилладаг. Тэгээд бөх тайлбарладаг хүн шүү дээ.  Тийм болохоор бөхчүүдээ ялгаад ч байгаа юм шиг. Эсвэл хэн нэгийг нь илт дэмжээд байгаа юм шиг хандлага цухалзаж байгаа юм шиг эвгүй байдаг юм. Тийм болохоор таавар дэвшүүлдэггүй. Яах вэ, найз нөхөдтэйгээ бооцоо тавиад ч юм уу таавар дэвшүүлвэл өөр шүү дээ. Хүүхэд байхдаа би бөхийн тааварт их оролцдог байлаа. Тэр үед их ч таавар явуулдаг байж. Аавтайгаа хоёулаа янз бүрийн хувилбар дэвшүүлээд явуулна. Тухайн үед тааврыг маань ганц эвддэг байсан бөх нь Б.Ганбаатар арслан. Нутгийн бөх байсан болохоор сайн барилдана гээд итгэнэ.

1985, 1986 оны үеийн л юм яриад байна шүү дээ. Би дээгүүр барилдана гээд л таавар дэвшүүлнэ. Наадам, цагаан сараар мань хүн доор уначихаад, хамаг таавар будилуулдаг байлаа. Одоо хаа нэг таавар таалгаж л байна. Би бол тийм ч таашаалтай зүйл биш гэж ойлгодог. Тэгээд ч монгол бөх мэргэжлийн шинжтэй болж, бөхчүүд бэлтгэлээрээ барилддаг болчихсон. Өрсөлдөөн чанга болчихсон. Тийм болохоор одоо таавар таана гэдэг хэцүү. Сүүлийн жилүүдийн наадмыг хараад байхад таавар дэвшүүлэх боломжгүй л байна. Ноднин Э.Оюунболдыг, уржнан Н.Батсуурийг түрүүлнэ гэж таасан хүн бараг л байхгүй байх. Би лав сонсоогүй. Одоо хэн ч наадамд түрүүлж болно. Тийм болохоор таавар явахгүй.

-Гэхдээ л байнга бөхчүүд­тэй харьцаж байгаа боло­хоор багцаа байна биз дээ?

-Мэдээж байнга харьцаж, тайлбарлаж байгаа болохоор бэлтгэл сайтай, өнгөтэй байгаа бөх мэдрэгдэнэ. Өнгөрсөн жил Э.Оюунболд, Р.Пүрэвдагва гэх мэт бөхчүүд сайн байгаа нь мэдрэгдэж л байсан. Цагаан сараар сайн барилдаад, жилийн турш өнгөтэй байгаа бөх наадмаар заавал нэг юм дуулгана. Тэр багцаа бол байлгүй яахав. Энэ жил Ш.Мөнгөнбаатар сайхан өнгөтэй байна шүү дээ. Гэх мэтээр ерөнхийд нь багцаалдана. Түүнээс биш дээр үеийнх нь шиг О.Баянмөнх түрүүлнэ, Ж.Мөнхбат үзүүрлэнэ ч гэдэг юм уу. Б.Бат-Эрдэнэ түрүүлж, Д.Мөнх-Эрдэнэ үзүүрлэнэ. О.Балжиннямтай зургаан залуу зааны нэг нь шөвгийн дөрөвт үлдэнэ гэж таадагтай адилгүй болчихсон.
Монголын мэдээ
Н.Пунцагболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ы 2016-02-04 23:53:39
    Хөл бөмбөг, сагсан бөмбөг, хоккей, чөлөөт бөх, жүдо-гийн сайн тайлбарлагч нар Монголоор дүүрэн байна ш дээ. Авьяас гэхээсээ илүү мэдлэг, мэдрэмж 2 л байх
    216.123.206.82
    Мэдэгдсэн Хариулах
  • Co 2016-02-04 14:13:14
    zev daruuxan behed unen elegtey zaluu
    150.129.143.148
    Мэдэгдсэн Хариулах
  • haha 2016-02-04 11:54:24
    Durtai ni boh tailbarladiin tehuu. Manai sumd 2 hun boh saihan tailbarladag mongoliin buh aimag sumdad humuus tailbarlasaar irsen. Ene yahav hotiih l yum bgaaz....
    112.72.11.102
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2016-02-04 10:26:45
    Ganbaatar asan uneher gaihamshigtai.nas barsanaas ni hoish buh uzeh durgui bolson shu.kompyyutr shig l hun bsan shu um ma ni bod mi hum
    103.57.93.220
    Мэдэгдсэн Хариулах