НББСШУБХ таван асуудал хэлэлцлээ

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2016.02.02. Мягмар гараг/ хуралдаан 09 цаг 57 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхлэв. Байнгын хороо өнөөдөр таван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Хуралдааны эхэнд Хүүхдийн эрхийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн /Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн/ анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа танилцуулав. Танилцуулгатай холбогдуулан асуулттай гишүүд байгаагүй тул Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол болон найруулгын чанартай саналын томьёоллоор санал хураалт явуулав. Тухайлахад, “хүүхдийн санаачилсан шинэ бүтээлд болон урлаг, спортын чиглэлээр улс, олон улс, тив, дэлхийн чанартай уралдаан, тэмцээнд оролцох болзол хангасан болон амжилт гаргасан хүүхдэд дэмжлэг үзүүлэх, урамшуулал олгох журам баталж, хэрэгжүүлэх”, “хүүхдийн эрхийг хангахад чиглэсэн үйл ажиллагаа болон хүүхдийн хөгжил, хамгааллын хөтөлбөрт шаардагдах зардлыг жил бүрийн төсөвтөө тусгаж батлуулах” зэрэг саналууд дэмжигдсэн юм. Мөн хэлэлцүүлгийн үеэр хуулийн төслийг бусад хуультай уялдуулах талаарх Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явууллаа.

Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ

Мөн хуралдаанаар Хүүхэд хамгааллын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн /Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн/ анхны хэлэлцүүлгийг хийж, хуулийн төслийн талаарх Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёололоор нэгбүрчлэн санал хураалт явуулав. Санал хураалтын явцад “Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийн талаар, эсхүл эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн талаар ирүүлсэн мэдээ, мэдээллийг нийгмийн ажилтан, хүүхдийн эрхийн ажилтан, хууль сахиулагч хүлээн авч шалгах, эсхүл шаардлагатай арга хэмжээг хуульд заасны дагуу авна”, “Хүүхдийн эрхийн зөрчлийн талаар ирүүлсэн мэдээ, мэдээлэл нь гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу шалган шийдвэрлэх бөгөөд тухайн асуудлыг шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан нь хамтарсан баг, хүүхдийн эрхийн хууль зүйн хороо болон орон нутгийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн байгууллагад заавал мэдэгдэнэ” зэрэг саналууд дэмжигдлээ.

Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтээ холбогдох байнгын хороонд хүргүүлэхээр болов

Байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн /Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар, С.Бямбацогт, Н.Батцэрэг нарын 10 гишүүн 2016.01.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ/ анхны хэлэлцүүлгийг хийв. Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, тогтоолын төсөлд эдийн засаг, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, эрдэс баялаг, макро эдийн засгийн бодлого зэрэг 18 үзүүлэлтийг тусгасан ч боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн хөлсний үнэмлэмж зэрэг хүний хөгжил рүү чиглэсэн зорилтууд тодорхой бус байгаа талаар дурдаж энэ талаар тодотгосон юм. Мөн тэрээр улс орныг хэмжих хэмжүүр нь хүний хөгжлийн индексүүд байдаг бөгөөд хүртээмжтэй өсөлтийн зорилтуудыг чухалчилдаг болохыг хэлж, эрүүл мэнд, боловсролын салбарын зорилтууд хүртээмжтэй өсөлтийн түвшинд хүрэхгүй байна. Иймд зорилтод туссан 18 үзүүлэлтийг эргэж харах, ингэхдээ тодорхой томоохон үзүүлэлтийг тусгах хэрэгтэй гэв. Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал батлах тухай тогтоолын төсөлд нийгмийн салбарын тогтвортой хөгжлийн зорилтуудыг тусгасан. Ингэхдээ, нийгмийн тогтвортой хөгжлийн зорилт нь эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, иргэдийг эрүүл, аюулгүй орчинд амьдруулах, бүх нийтийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, иргэн бүрт хүртээмжтэй, чанартай боловсрол олгох, насан туршийн боловсролын үндэсний тогтолцоог бүрдүүлэх, ядуурлын бүх төрөл, хэлбэрийг эцэс болгох, нийгмийн дундаж давхаргын эзлэх хувийн жинг тууштай нэмэгдүүлэх чиглэл баримтална гэж туссан. Энэ хүрээнд тодорхой үзүүлэлтүүдийг авч үзсэн байгаа. Жишээ нь хөгжлийн үндсэн шалгуур үзүүлэлт бол хүний хөгжил байна гэж үзсэн. Энэ нь дэлхий даяар хүний хөгжлийн индекс буюу түүн дотор эрүүл мэнд, боловсрол зэрэг иж бүрэн үзүүлэлтийг шалгуур үзүүлэлт болгосон гэлээ.

Хүртээмжтэй өсөлт гэдэг бол чухал асуудал. Үзүүлэлтүүд дээр нэн тэргүүнд эдийн засгийн өсөлтийг тогтвортой байлгах зорилт тавьсан. Хүртээмжтэй өсөлтийн хувьд эдийн засгийн бүтцэд нэлээд анхаарсан. Нийгмийн салбарын хүрээнд ядуурлыг бууруулах, ядуурлыг эцэс болгох том зорилт тавьсан. Үүнтэй зэрэгцүүлээд нийгмийн тэгш байдлыг хангах үүдээс нийгмийн дундаж давхаргыг нэмэгдүүлж 80 хувьд хүргэх зорилтыг оруулсан гэсэн тайлбарыг ажлын хэсгээс өгөв.

Хэлэлцүүлгийн үеэр байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж, дэмжигдсэн саналуудыг нэгтгэн томьёолж, байнгын хорооны санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Ажлын хэсгийг өөрчлөв

Байнгын хорооны хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг өөрчлөх саналыг Улсын Их Хурлын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ гаргасан юм.

Учир нь Хүүхдийн эрхийн тухай болон Хүүхэд хамгааллын тухай хуулиуд нь Гэр бүлийн тухай хуультай салшгүй холбоотой. Гэр бүлийн тухай хуулийн шиэнчилсэн найруулгын төслийг өргөн бариад жил болж байгаа ч Ажлын хэсгийн үйл ажиллагаа удаашралтай байгаа аж. Ингээд Ажлын хэсгийг өөрчлөх нь зүйтэй гэсэн саналыг гишүүдийн олонх дэмжлээ. Ингэснээр Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл, А.Тлейхан, З.Баянсэлэнгэ, А.Бакей нарын бүрэлдэхүүнтэйгээр батлав.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Мөн хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл танилцуулав. Ажлын хэсэг 4 удаа хуралдаж, зарчмын зөрүүтэй 44, найруулгын чанартай 63 саналын томьёоллыг анхны хэлэлцүүлэгт хэлэлцүүлэхээр бэлтгэсэн байна. Хэлэлцүүлгийн үеэр Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн төслийн талаарх Ажлын хэсгийн саналын томьёолол болон найруулгын чанартай саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.