16 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг буцаан татуулжээ

Мэргэжлийн хяналтын байгууллагаас хийсэн шалгалтаар 16 нэр төрлийн 219 ширхэг хүнсний бүтээгдэхүүнийг буцаан татуулжээ.

15 кг-аар савласан, шошгын зөрчилтэй бууз, 50 гр-аар савласан “Марио” цөцгийтэй тараг, “Нийслэл” нэрийн хэвийн боов, “Амин дэмийн бэлдмэл”, Өвөрхангай аймгийн “Маргад” цехийн үйлдвэрлэсэн дөрвөн нэр төрлийн бүтээгдэхүүн зэргийг шалгалтаар илрүүлэн, буцаан татуулжээ.

Мөн БНХАУ-аас импортлосон “Yogurt fruit taste” нэрийн 450 граммаар савласан цэлцэгнүүрээс мөөгөнцөр илэрсэн тул худалдахыг зогсоосон байна.

Шалгалтад хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч 300 аж ахуйн нэгж, байгууллага, 1244 иргэнийг шалган 1194 зөрчил илрүүлж, 67 хувийг газар дээр нь арилгуулан, албан шаардлага, дүгнэлт, акт өгөөд байгаа талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.

Урьдчилан сэргийлэх шалгалтын явцад 400 гаруй хүнийг хамруулсан сургалт зохион байгуулж, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч 570 хүнд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгсөн байна.

Сар шинийн баяртай холбоотойгоор хаяг, шошгын зөрчилтэй, хуурамч бүтээгдэхүүнийг дэлгүүрүүдээс гадна ил задгай худалдаалах нь ихэсдэг тул Мэргэжлийн хяналтын байгууллагаас урьдчилан сэргийлэх хяналт, шалгалт хийдэг байна.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Зөвлөгөө, мэдээллийн төвөөс сар шинийн баяртай холбоотойгоор иргэдэд хүнсний бүтээгдэхүүн авахдаа анхаарах зөвлөмжийг гаргажээ.

Үүнд:

  • Хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын хугацааг шалгах
  • Хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодлын бүрэн бүтэн эсэх
  • Хиам, өндөг, бялуу, зууш зэрэг түргэн мууддаг хүнсний бүтээгдэхүүнийг зориулалтын хөргүүрт хадгалан худалдаалж байгаа эсэх
  • Өндөгний хальс нимгэрч өнгө нь өөрчлөгдөөгүй, хагарч цуураагүй, гадна тал нь бохирдсон эсэх
  • Шилэн савтай бүтээгдэхүүнд булингар, тунадас, хөгц үүссэн эсэх
  • Лаазалсан бүтээгдэхүүний сав зэвэрсэн, хонхойж цохигдсон, хий дүүрч төвийсөн, дарахад хонхолзож байгаа эсэх
  • Хүнсний бүтээгдэхүүний хэвийн өнгө, үнэр, төлөв байдал өөрчлөгдөж муудсан шинж тэмдэг илэрсэн бол худалдан авахгүй байх зэрэг болно.

Хэрэв таны худалдан авах гэж буй бүтээгдэхүүнд ямар нэгэн зөрчил илэрсэн бол харьяа нутаг дэвсгэр дэх Мэргэжлийн хяналтын байгууллагад мэдэгдэхийг зөвлөж байна.

Б.Сансар
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.