Сонгуулийн санал авах өдрийг VI сарын 29-ний өдөр байхаар тогтлоо
Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар эхлээд “Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд танилцуулсан юм.

Сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт “Ээлжит сонгуулийн санал авах өдрийг санал авах өдрөөс 150-иас доошгүй хоногийн өмнө тогтооно." гэж, 16.4 дэх хэсэгт “Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь нэг өдөр байна." гэж, 16.6 дахь хэсэгт “Гадаад улсад суугаа иргэдээс санал авах өдөр /цаашид “гадаадад санал авах өдөр” гэх/-ийг Улсын Их Хурал тогтоох бөгөөд уг санал авах хугацаа нь гурав хүртэл өдөр байж болно.” гэж заажээ. Иймээс уг тогтоолын төсөлд Сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3, 16.4, 16.6 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр байхаар тогтоох, мөн Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн саналыг 2016 оны 6 дугаар сарын 17, 18, 19-ний өдрүүдэд авахаар тогтоох зохицуулалтыг тусгажээ.

Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа уг тогтоолын төслийг хэлэлцэх явцад гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүд тогтоолын төслийг санал нэгтэйгээр дэмжсэн юм.

Ингээд байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй тул тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаан оролцсон гишүүдийн 85.7 хувь нь дэмжин баталлаа.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.