МСБХ ээлжит бус чуулган зарлалаа
Монголын сагсан бөмбөгийн холбооны тэргүүлэгчдийн саналаар ирэх сард ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахаар болжээ. Энэ талаар Сагсан бөмбөгийн холбооны тэргүүлэгч гишүүн Ц.Цэвэлбалаас тодрууллаа.

-Монголын сагсан бөмбөгийн холбооны ээлжит бус чуулганыг  зохион байгуулахаар болсон гэсэн. Энэ талаараа тодруулаач. Чухам ямар учраас ээлжит бус хурлыг хийхээр болов?

-Монголын сагсан бөмбөгийн холбооны 11 жилийн турш хуулийн хүрээнд зохион байгуулагдаагүй ээлжит бус чуулганыг зохион байгуулахаар төлөвлөж байна.  Хамгийн сүүлд МСБХ-ны албан ёсны ээлжит бус хурлыг 2005 онд хуралдуулж байсан түүхтэй. Энэ хурлаар Тэргүүлэгч гишүүд, Ерөнхийлөгч Ц.Мөнх-Оргил гэж хүн томилогдоод Улсын бүртгэлийн газарт бүртгэгдсэн байдаг. Үүнээс хойш Ч.Ганхуяг, Н.Тамир гэх мэт удирдлагууд томилогдсоныг хуулийн хүрээнд хүчин төгөлдөр бус гэдгийг Монгол Улсын шүүх байгууллага тогтоочихсон. МСБХ үндсэндээ сүүлийн хоёр, гурван жилийн турш гадаад дотоод арга хэмжээгээ зогсонги байдалд оруулчихаад байна. Өнгөрсөн есдүгээр сард л гэхэд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд түүхэндээ анх удаагаа эрэгтэй, эмэгтэй шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох боломж бүрдсэн ч, МСБХ-ны хууль бус удирдлагуудын идэвхигүй, хойрго, баг тамирчдаа дэмжих сэтгэлгүйгээс болоод манай тамирчид Азийн аваргыг өнжиж, дахин хоёр жил хүлээхээр болчихлоо.  Дараагийн Ази тивийн АШТ 2017 онд зохиогдоно. Энэ оноос шинэ системийг хэрэгжүүлж эхэлнэ. Азийн СБХ тус тэмцээний эрхийг нэг тэмцээнээс бус эзэн улс талбайдаа тоглолтыг зохион байгуулж, хариу тоглолтыг зочин улс зохион байгуулах зарчмаар тивийн аваргад оролцох эрхийг олгоно. Тиймээс яаралтай холбооныхоо удирдлага зохион байгуулалтыг шинэчлэн үйл ажиллагааг нь хэвийн болгохгүй бол ирэх оны Ази тивийн АШТ-ийг ч манай баг өнжих аюул тулгарч магадгүй байна. Олон улсын төвшинд, Азидаа хүлээн зөвшөөрөгдсөн холбоог байгуулах эрхэм зорилготой. Дотроо хэрэлдэж, уралдалгүйгээр спортоо цааш хөгжүүлэхийн төлөө эвлэлдэн нэгдэж, нэг холбоог байгуулъя гэсэн саналыг тавьж байгаа.

-Шүүхээс яг ямар шийдвэр гарсан юм бэ. Үндсэндээ 11 жил зохион байгуулагдаагүй  ээлжит бус чуулганыг МСБХ-ны дүрэмдээ ямар тохиолдолд зарлан хуралдуулж болдог юм бэ?

-МСБХ-ны удирдлага зохион байгуулалтын талаар хуулийн хүрээнд шийдвэрлүүлэхээр бид Монгол Улсын шүүх байгууллагад хандсан. Гурван шатны шүүхээр хэлэлцсэний дүнд Улсын дээд шүүхийн 2015 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдрийн 1125 тоот шийдвэр гарсан.  Ингээд шүүхээс МСБХ-ны дүрмийн 3.2 дахь заалт буюу “Холбооны эрх барих дээд байгууллага нь Бүх гишүүдийн хурал байна” болон 3.5 дахь заалт “Холбооны бүх гишүүдийн гуравны нэгийн саналаар эсвэл Ерөнхийлөгч, Тэргүүлэгчдийн хүсэлтээр ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж болно” гэсэн заалтуудын дагуу МСБХ-ны ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж, холбоогоо шинэчлэн, хууль ёсны удирдлагаа шударгаар сонгохоор болсон.  Бидний энэ санаачилгыг 1200 гаруй гишүүд тамирчид дэмжиж гарын үсгээ зурсан.

-Хугацааны хувьд хэзээ болох вэ?

-Ирэх хоёрдугаар сарын 6-ны өдөр хурлаа хийнэ.

-Сүүлийн үед Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийг МСБХ-ны Ерөнхийлөгч болж магадгүй гэсэн мэдээлэл байгаа. Энэ тал дээр хариулт өгөөч?

-Ийм цуу яриа байдаг. Энэ бол ташаа мэдээлэл гэдгийг албан ёсоор хэлье. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ ч гэсэн өөрөө МСБХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдох хүсэлгүй гэдгээ илэрхийлчихсэн байгаа. “Тэргүүлэгч гишүүдийг ээлжит бус чуулганаа зарлан хуралдуулаад Ерөнхийлөгч, тэргүүлэгчидээ сонго, миний хувьд нэр дэвшихгүй. Гагцхүү хоёр хуваагдчихаад байгаа холбоогоо нэгтгээд, олон улсын төвшинд сагсан бөмбөгийн спортоо хөгжүүлэх үйлсэд хамтран ажиллахад бэлэн” гэж хэлсэн. Ийм мэдэгдэл хийсэн шүү гэдгийг албан ёсоор хэлчихье.

-Зохион байгуулалтын хувьд хэрхэн анхаарч байгаа вэ?

-Ээлжит бус чуулганыг зохион байгуулах комиссыг байгуулсан. Залуучуудийн шигшээ, Үндэсний шигшээ, Эмэгтэйчүүдийн шигшээ, Ахмад тамирчид, спортын мастеруудын төлөөллийг багтааж,  заалныхаа багтаамжаар оролцуулна.

-Холбооны Ерөнхийлөгчид хэн хэн нэр дэвших бол?

-Ер нь яригдаж буй  хүмүүс бий. Тухайн үеийн чуулган дээр оролцогчдын сонголтоор сонгно. Тэр үед л тодорхой болох байх.
Монголын мэдээ
Б.Даваа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Шүүмжлэгч 2016-02-04 07:35:29
    Энэ архичин холбоог авч явна гэвэл үлгэр зүгээр л наад Эрдэнэ гэдэг улс төрчөө л зайлуул тэгээд л боллоо
    103.9.90.98
    Мэдэгдсэн Хариулах