Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг дээ
Үндсэн хуулийн цэцийн гишүүд ойрын үед тун ч барцадтай байна. Х.Тэмүүжин гишүүний санаачилсан Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Үндсэн хуулийн цэцийг 20 гаруй жил “базсан” хэд хэдэн гишүүн тэтгэвэрт гарахаар болсон. Тодруулбал, Х.Тэмүүжин гишүүн Цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулахдаа Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн тэтгэвэрт гарах насыг эрэгтэй 60, эмэгтэй 55 байхаар тусгасан билээ.

Гэвч хэлэлцүүлгийн шатанд тэтгэвэрт гарах насыг 65 байхаар тогтож баталсан юм. Ингэснээр, ҮХЦ-ийн гишүүн П.Очирбат /74 нас/, Н.Жанцан /68 нас/, Т.Лхагва /66 нас/ нар тэтгэвэртээ гарахаар болсон.

Цэцийн шийдвэр ил тод байхаар хуульчлагдсан. Гэтэл даарин дээр давс гэгчээр гишүүдийг нь тэтгэвэрт гаргаад зогсоогүй Үндсэн хуулийн цэцийн даргыг өчигдөр үүрэгт ажлаас нь чөлөөлөх байнгын хорооны шийдвэр гарчихлаа. Ойр ойрхон гарсан эдгээр гэнэтийн гэмээр шийдвэр Цэцэд хүчтэй нөлөөлжээ. Тэд өнөөдөр 11.30 цагаас Цэцийн байрандаа мэдээлэл хийхээр болсон байна. Цэцийн гишүүдтэй эхлүүлсэн Х.Тэмүүжин гишүүний “зарлаагүй дайн” дуусаагүй гэсэн үг.

Магадгүй эхэлж байж ч мэдэх юм. Ж.Амарсанаа даргыг чөлөөлөх  тухай шийдвэр  хэлэлцэх асуудалд гэнэтхэн л ороод ирснийг МАН-ын гишүүд хэлж буй. Асуудалтайгаа танилцаж ч амжаагүй, ангайж сууж байгаад тэд кнопдуулчихсан хэмээн тайлбарласан. Гэвч “Баяраа өөрөө уначихсан юм билээ” гэдэг шиг огцрох үндэслэлээ эрхэм дарга Ж.Амарсанаа өөрөө эхлүүлжээ.

Дээр дурьдсан, Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн тэтгэврийн насыг тогтоох, гаргасан шийдвэр нь ил тод байх зэрэг асуудлыг шийдсэн хуулийн төслийн өөрчлөлтийг Ерөнхийлөгч ёсчлоогүй, хориг тавих эсэхээ шийдээгүй байсан. Гэтэл яаран сандран хуулийн төсөлд иргэн Д.Ламжав гомдол гаргаж Үндсэн хуулийн холбогдох зүйл заалт зөрчсөн тухай маргаан үүсгэжээ. Өөрөөр хэлбэл, “Төрийн мэдээллийн эмхэтгэл”-д ч хэвлэгдээгүй хуульд иргэн гомдол гаргаж, Цэц түүгээр нь маргаан үүсгэсэн гэсэн үг. Улмаар энэ үйлдэл нь эргээд Үндсэн хуулиа зөрчсөн асуудал болсон учраас Улсын дээд шүүх үүрэгт ажлаас нь чөлөөлөх хүсэлт гаргасан байгаа юм.

Улсын дээд шүүх чөлөөлөх шалтгаанаа  “Монгол улсын Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд  нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай, хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг тус тус баталсан. Энэ хуулийн ёсчлохыг зөвшөөрч Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлээгүй, мөн хориг тавих эсэхээ шийдээгүй, “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтлээгүй байхад Үндсэн хуулийн Цэц нэр бүхий иргэдийн мэдээллийн дагуу маргаан үүсгэж албан ёсоор нийтлээгүй хуулийг хэрэглэж байгаа нь Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн тухай хууль, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг зөрчсөн” гэж үзжээ. Цэцийн даргын увайгүй үйлдэл үүгээр дуусахгүй. З.Энхболд даргад Х.Тэмүүжин гишүүний өргөн мэдүүлсэн энэ өөрчлөлт чинь Цэцийн хараат бус байдалд  нөлөөлж байна гэсэн утгатай албан бичиг явуулсан байгаа юм.

Гэсэн ч УИХ-ын дарга хүлээж аваагүй бөгөөд хэрэгжээгүй хуулийг хэрэглэж маргаан үүсгэж, улмаар хууль тогтоох байгууллагын эрхэнд халдаж байгаа таны үйлдэл өөрөө хууль зөрчиж байна хэмээн сануулсан.  Ийн хатуухан хариу барьсныхаа шанг ч УИХ-ын дарга авч байгаа гэхэд хэтийдэхгүй. Цэцийн дарга, хуулийг баталсан гишүүдийн хоорондох маргааны дундуур УИХ-ын даргыг Цэцэд өгөх асуудлыг МАН-ын гишүүд хөндөж, түүнийг нь Цэц уухайлан дэмжсэн нь зүгээр ч нэг тохиол биш байлтай.
 
Ж.Амарсанаа дарга сандрахын учир

Х.Тэмүүжин гишүүний өргөн мэдүүлсэн хуулиар Цэцийг тэгтлээ халж солиод өөрчлөөгүй. Мөн хүчээр тулгасан хууль бус шийдвэр ч байхгүй. Олон улсын жишгийн дагуу шүүх эрх мэдэлтэй байгууллага учраас гаргасан шийдвэрийн үндэслэлээ ил тод тайлбарладаг, хуралдааны тэмдэглэл нь УИХ-ын гишүүд болон ард иргэдэд нээлттэй байх тухай л асуудал. Мөн Цэцэд ажиллах хугацааг нь зааснаас биш тэтгэвэрт гарах насыг нь тогтоож өгөөгүйгээс 20 гаруй жил нэг газраа “хадагддаг” асуудлыг арилгасан хэрэг. Анхаарал татах хоёр өөрчлөлт нь энэ. Гэтэл Ж.Амарсанаа дарга юуны учир сандрах болов.

Хэрэгжиж эхлээгүй хуульд хориг тавихаар чармайсныг олон нийт буруугаар ойлгож эхэллээ. Цэцэд 20 гаруй жил ажиллахдаа тэд юу эсийг хийсэн бол. Гаргасан хаалттай шийдвэрүүдийнх нь ард юу байсан бол гэх хардлага бий болов. Үндсэн хуулийн цэцэд ажилласан УИХ-ын гишүүдийн ажлын хэсэг ямар том асуудлыг илрүүлсэн юм болоод халаа сэлгээ хийгдэв. Авлигаар авсан гэх 570 машин, хууль сурталчлах нэрээр авсан 300 гаруй сая төгрөг ямар замаар очив гэх мэтээр олон хардлагыг дагууллаа. Үндсэн хуулийн цэцийн хуулийн өөрчлөлтөөр зөвхөн гурван гишүүн тэтгэвэрт гарна. Мөн шийдвэр нь ил тод болно.

Харин үүнд Ж.Амарсанаа болон түүний нөхөд дургүйцэж байгаа нь Цэц хүнд суртал, авлига, албан тушаалаас амар буухгүй гэж тэмцэлдэж байгааг батлан харуулав. Үхэхдээ үхэр буугаа тавина гэдэг болж байна. Цэц авлигад идэгдсэн, хэн нэг улстөрчийн, эрх мэдэлтний захиалгаар ажилладаг нь үнэн юм биш биз гэх мэтээр хардах шалтгаан олон гарч ирэх нь. Хэрвээ тийм биш бол хуулийн хүрээнд өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөх ёстой бус уу. Хууль батлагдсаны дараа ном журмын дагуу маргаан үүсгэж хэлэлцэх учиртай. Гэтэл яаран сандран хэрэгжээгүй хуульд маргаан үүсгэж, УИХ-ын даргад дарамт учруулна гэдэг нь Цэц авлигаа нуухаар бүх талаар чармайж байгаа гэж харагдуулж байгаа юм.
 
Төртэй хутгалдсаны хар гай

Ингэж хэлэхээс өөр арга алга. Хууль шүүхийн байгууллага улс төрд хутгалдаж, улстөрчийн гар хөл болж эхэлснээр гардаг үр дүн ийм л байдаг. Үндсэн хуулийн цэц сүүлийн хоёр жилд тун “эрчимтэй” ажилласан. Хууль зөрчсөн тухай маргааныг байсхийгээд л ярьж, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт хэтэрхий ойрхон УИХ руу орж ирж байлаа.

Эндээс л бүх асуудал эхэлсэн  хэрэг. Түүгээр явсан гайг үүгээр дуудав гэдэг л болсон. Цэц яагаад ойр ойрхон дүгнэлт гаргах болов. Баталсан хууль болгоныг яагаад хууль зөрчсөн шалтгаанаар буцаах болов гэх мэт асуулт гишүүдийн дунд гарч эхэлсэн. Улмаар өрийн босгыг өөрчлөх шийдвэрийг Цэц гаргаснаараа гишүүдийн хардлагыг улам лавшруулсан. Цагаан суварга дээр энэ хардлагыг улам батжуулж, хэн нэгэнд захиалгаар үйлчилдэг гэдгээ баталж байлаа.

Улмаар Засгийн газрын гишүүнийг дангаар нь огцруулах нь зохимжгүй гэсэн /О.Баасанхүү гишүүн С.Баярцогт сайдын асуудлыг өргөн барьсан үед/ шийдвэр гаргаснаараа тэд УИХ-ын гишүүдийн гэдэнг нэг мөсөн хөдөлгөж орхисон юм. Нам гүмхэн ажлаа хийгээд явахыг бус улстөрчдийн захиалгаар хөдөлж, үйл ажиллагаандаа улс төрийн нам эвсэл, аль нэг эрх мэдэлтнийг хутгалдуулж эхэлснээр өнөөдрийн энэ бүх үйл лайгаа тэд дууджээ. Хууль ёсны дагуу ажиллаж чадахгүй, улс төрд хутгалдвал юу болдгийг ээлж дараалан өрнөж буй Цэцийг тойрсон үйл явдал харуулж байна.

Гудамжинд эсэргүүцлээ илэрхийлж, ардчилсан нийгэмд үгээ шударгаар хэлсэн залуусыг Тагнуулын байгууллагад шалгуулахаар өгч, ардчилал биш дарангуйллыг хүсдэг гэдгээ харуулж байлаа. Шүүмжилсэн бүхний өөдөөс сөргөж, ард түмний амьдралд том саад учруулах зээл зогсоох шийдвэр гаргаснаар тэд “зөнөсөн” гэдгээ харуулж байсныг нуугаад яахав. Хатуу боловч үнэн. Цэцийн дээр зөвхөн хөх тэнгэр байдаг хэмээн пээдэлзэж, юу хүссэнээ хийж болдоггүй юм гэдгийг ийн  мэдрүүллээ.

Юманд хэмжээ бий. Бүх зүйлийг  хүчээр шийдэх албагүй. Ухаандаа бол, зарлаагүй дайныг Цэцийн гишүүд өөрсдөө л эхлүүлжээ. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдгийг мэдэх ухаантай гэж найдъя. Эзний суудал ээлжтэй, хааны суудал халаатай гэдэг дээ.
Монголын мэдээ
Б.Өнөртогтох 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ИРГЭН 2016-01-28 11:20:16
    КОММУНИСТ БОЛОВСРОЛООР ОДОО ЦАГИЙГ ЗАЛЖ ЧАДАХГҮЙ НЬ ИЛТ БОЛЖ БАЙНА.МӨН ДЭНДҮҮ ДАВАРЧ УИХ-ЫГ ДОРОМЖИЛЖ БАСАЖ БАЙГААГ ЗОГСООХ ЦАГ НЬ БОЛСОН.АРД НЬ МАН БАЙГАА БОЛО...
    203.194.114.45
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-01-28 09:08:56
    Пунсалмаагийн, Жүгнээгийн хүүхдүүд чинь АН-ынх байхаа
    183.177.101.158
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-01-28 02:17:24
    Тэтгэвэрт нь гаргах хэрэгтэй. Шуналтай улсын төлөө биш хүмүүсээс төрийг цэвэрлэх хэрэгтэй лидер залуу ажилтнуудаар засаг төрөө сэлбэх болжээ.
    183.177.109.37
    Мэдэгдсэн Хариулах
    • Ххх 2016-01-28 06:44:38
      Төрөө сэлбэх гээд 2-р ээлжийн өлсгөлөн залуусыг хоолонд оруулж улсаа идүүлэх вий.
      24.10.47.13
      Мэдэгдсэн Хариулах
      • yyyy 2016-01-28 20:47:19
        Yag tiim
        150.129.143.16
        Мэдэгдсэн Хариулах