Уулыг ухаж, туулыг сэндийчсэн барилгуудыг улсын орлого болгоно
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Зайсанд баригдаж ашиглалтанд орсон болон баригдаж байгаа барилгуудад шалгалт хийжээ. Энэхүү  шалгалтынхаа талаар өнгөрсөн баасан гаригт мэдээлэл хийсэн юм. Энэ талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга М.Баасандоржоос дараахь зүйлийг тодрууллаа.
 
-Зайсанд баригдаж байгаа барилгуудад шалгалт хийсэн. Энэхүү шалгалтанд хичнээн байгууллага хамрагдсан бэ?
 
-Хан Уул дүүргийн Зайсангийн аманд сүүлийн дөрвөн жил баригдаж ашиглалтанд орсон барилга байгууламжид шалгалт хийсэн. Энэхүү шалгалтанд нийтдээ 32 аж ахуйн нэгж, байгууллагын 256 барилга байгууламжийг хамруулсан. Үүнээс 18 аж ахуй нэгж, байгууллагын 169 барилга байгууламжийн үйл ажиллагааг шалгасан. Харин 13 нэгж байгууллага нь Монгол Улсын төрийн Хяналт шалгалтын тухай хууль болон мэргэжлийн хяналтын улсын байцаапндын хянаж шалгах ажиллагааг үл тоомсорлож шалгалтанд хамрагдаагүй. Эдгээр аж ахуйн нэгж, байгууллагуудыг нийслэлийн Цагдаагийн газар болон Прокурорын газарт хандаж дахин шалгахаар болсон.
 
-Шалгалтаар ямар зөрчил илэрсэн бэ?
 
-Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар болон Байгаль орчны яамнаас олгогдсон тусгай зөвшөөрлийг зориулалтын бусаар ашиглаж барилга байгууламж барьсан байсан. Тухайлбал, Тусгай хамгаалалттай газарт нутагт зөвхөн аялал жуучлалын чиглэлээр ба­рилга барих зөвшөөрөлтэй. Гэтэл уг зөвшөөрлөөр зориулалтын бус 11, 12 давхар орон сууцны барилга барьж байна. Ер нь тусгай хамгаалалттай газарт зориулалтын бусаар барилга баригдаж байгаа нь төрийн байгууллагуудын буруутай үйл ажиллагаанаас болж байгаа гэж үзэж болно. Иймээс төрийн байгууллагын тодорхой албан тушаалтнуудад хариуцлага тооцох хэрэгтэй. Мөн зөрчил гаргасан аж ахуйн нэгж байгууллагуудад Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд хариуцлага тооцно.
 
-Ямар хариуцлага тооцох вэ?

-Мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгалтын хууль тогтоомж зөрчсөн зарим аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажил­лагааг зогсоосон байгаа. Харин шалгалтанд хамрагдсан аж ахуйн нэгжүүдээс 31 обьектын 29-ийнх нь зурваст өөрчлөлт орсон зөрчил илэрсэн. Иймээс зөрчлийг арилгах хүртэл эрчим хүчний хязгаарлалтыг хийсэн.
 
-Ер нь Зайсангийн орчим ямар байдалтай байна вэ?
 
-Төвийн шугам сүлжээнд холбогдоогүй байгаа учраас бохир, цэвэр усны асуудал хүндрэлтэй бай­гаа. Иймээс аж ахуй нэгж байгууллагууд гүний худаг ашиглаж байна. Одоогийн байдлаар 280 гаруй гүний худаг гаргасан. Энэ нь Богд уул болон Туул голын ундаргын нөөцийг алдагдуулж, байгалийг нэлээд сүйтгэж байна. Мөн Зайсанд амьдарч байгаа иргэдэд замын асуудал нэлээд хүнд байна. Зарим байгууллага руу орох боломжгүй болчихсон. Үүнээс гадна Богд уулыг ухаж байгаа аж ахуй нэгж байгууллагууд ямар ч зөвшөөрөл аваагүй.
 
-Шалгалтаар нэлээдгүй зөрчил гарсан байна. Цаашид ямар арга хэмжээ авах вэ?
 
-Хууль хаяналтын байгууллагатай хамтарч шалгалтын ажиллагаа явуулна. Энэхүү шалгалтыг Зайсан болон Богд уулын аманд хийнэ.
 
-Баригдаад ашиглалтанд орчихсон барилгууд нэлээдгүй байгаа. Эдгээр барилгуудыг яах юм бэ?
 
-Баригдаж ашиглалтанд орсон барилгуудын зөвшөөрөл өгсөн албан тушаалтанд хуулийн хүрээнд хариуцлага тооцно. Бид энэ ажиллагаан дээр хууль хяналтын байгууллагатай хамтарч ажиллахаас өөр арга байхгүй байна. Туул голын хажууд барилга барьж байгаа болон Богд уулыг ухаж байгаа аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоож, улсын орлого болгоно.
 
-Туул голын орчимд болон Зайсанд олон барилга баригдсан байгаа. Баригдахаас нь өмнө хяналт тавьж болоогүй юм уу?
 
-Тусгай хамгаалалттай газар нутагт газар олголтыг Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас өгдөг. Байгаль орчны яам болон Богд хаан дархан цаазат газраас хяналт тавих ёстой. Иймээс эдгээр байгууллагуудын хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй. Харин манайд энэ оны хоёрдугаар сарын 1-нээс шалгалт явуулах зөвшөөрлийг шилжүүлсэн. Бид үүний дагуу шалгалт хийж байна.
 
-Шалгалтанд хамрагдсан ба­рилгууд ихэнхдээ ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй байна вэ?
 
-Ихэнх нь аялал жуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэж зөвшөөрлөө авсан хэрнээ зориулалтыг өөрчилдөг. Энэ нь төрийн албан тушаалтнуудын үйл ажиллагаатай холбоотой явдал юм.
 
-Одоо хичнээн шинэ газар барилга баригдах гэж байна. Үүнийг судалж, шалгаж үзсэн үү?
 
-Зайсанд үүссэн нөхцөл байдал олон жил яригдаж байгаа асуудал. Үүний гол буруутан Байгаль орчны яам болон Богдхаан уул дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны газраас эхэлж асуудлыг ярих хэрэгтэй. Мөн Ус суваг, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын нөхдүүдэд хариуцлага тооцох асуудлыг ярих шаардлагатай юм.
 
-Тусгай хамгаалалттай газар нутагт тусгай зөвшөөрөл өгдөг газруудад ямар нэгэн санал хүргүүлсэн үү?
 
-Байгаль орчны яаманд албан шаардлага, зөвлөмж хүргүүлсэн байгаа. Энэ асуудлаа цэгцлэх талаар зөвлөмж ч хүргүүлсэн . Мөн Ус суваг болон бусад газруудад гэсэн зөвлөмж хүргүүлсэн.
Нийслэл таймс
Н.Алтанцэцэг
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • tegjil baidii 2014-06-23 10:42:08
    naad huuli cin tsaasan deerel vlden deee heregjij amjixuu
  • Зочин 2014-06-23 08:14:29
    Худлаа ингэж сүржигнэж байгаад л зогсоно. МАНАН-гийн баяуудыг дийлэхийг нь харъя даа!
  • Ганхүү 2014-06-23 07:02:09
    Ёстой харж л байя. АН-ынхан ингэж шантаажлаад жижгүүдээс нь баахан хахууль аваад дуусна. Харин томчууд нь ийм юм яриад сууж байгаа нөхдүүдийг хаалгаараа ч шагайлгахгүй өшиглөнө. Тэгээд худалдчихсан байрыг яана гэж хураах уу, оронд нь байр өгөх үү, эсвэл т
  • иргэн 2014-06-23 05:15:00
    Зөв зөв
  • ИРГЭН 2014-06-23 03:56:34
    ЯГ ТЭГЖ ХАРАГДААЧ. ТЭДНЭЭС ХЭДЭН ХИРТЭЙ ТӨГРӨГ АВААД Л АМАА ТАГЛУУЛНА ДАА. ХАРЖ Л БАЙГААЦГААЯ...
  • mahan tolgoit 2014-06-23 03:24:19
    манайд энэ оны хоёрдугаар сарын 1-нээс шалгалт явуулах зөвшөөрлийг шилжүүлсэн. Бид үүний дагуу шалгалт хийж байна odoo heden sar ve malaa.
  • 122345 2014-06-23 03:19:04
    ГЭЖ ШАА-ГААД ЯАХ ВЭ