Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг  эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2016.01.26.Мягмар гараг/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 25 минутад 51.3 хувийн ирцтэй эхэлж, чуулганы өнгөрсөн долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж амжаагүй асуудлуудыг үргэлжлүүлэн хэлэлцэхээр тогтов.

Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг

эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Эдгээр хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг чуулганы өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар эхэлж, байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж тодруулсан юм.

Хууль зүйн байнгын хороо хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад ажлын хэсэг болон гишүүдээс зарчмын зөрүүтэй 71, найруулгын чанартай 46 саналын томьёолол гаргасныг санал хурааж шийдвэрлэжээ. Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан ахалж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Д.Лүндээжанцан, Ц.Оюунгэрэл, Х.Тэмүүжин нар ажилласан байна.

Ингээд хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж шийдвэрлэв. Тухайлбал, хуулийн төслийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтын “хуульд тусгайлан заасан эрхийн дагуу нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд болон захиргааны байгууллагаас хууль бус захиргааны акт, хэм хэмжээний актыг” гэснийг “нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг” гэж өөрчлөх, төслийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсгийн эхний өгүүлбэрийг “Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан хууль байхгүй бол ерөнхийлөн зохицуулсан хуулийг хэрэглэнэ.” гэж өөрчлөн найруулах, төслийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.3 дахь хэсгийг нэгтгэн “16.2.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуулиар харьяалуулсан захиргааны хэргийг анхан шатны журмаар, анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн захиргааны хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж өөрчлөн найруулахаар болов.

Мөн төслийн 18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсгийг 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэг болгож “20.3.Нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргасан этгээд нь хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэлээсээ бүрэн болон хэсэгчлэн татгалзахыг хориглоно.” гэж, төслийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийг “37.1.Хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ.” гэж, төслийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсгийн хоёр дахь өгүүлбэрийг “37.3.Мэдүүлэг өгөхөөс татгалзах, зайлсхийх, эсхүл зориуд худал мэдүүлэг өгсөн бол хуульд заасан хариуцлага оногдуулна.” гэж, төслийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсгийг “37.6.Гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүн, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэй.” гэж тус тус өөрчлөн найруулахыг дэмжлээ.

Түүнчлэн төслийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсгийн “болон хуульд заасан бусад үндэслэл байвал шүүгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлнө” гэснийг “болон хуульд заасан бусад үндэслэл байвал Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасны дагуу шүүгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, захирамж гаргана” гэж өөрчлөх, төслийн 53 дугаар зүйлийн 53.2 дахь хэсгийг “53.2.Хэрэг, нэхэмжлэлийг шүүгчид хуваарилах журам нь урьдчилан мэдэх боломжгүй, тохиолдлоор хуваарилах нөхцөлийг хангасан байх бөгөөд тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс батална.” гэж, төслийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.3 дахь хэсгийг “58.1.Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх явцад захиргааны гэрээтэй холбоотой үндсэн нэхэмжлэлтэй хамтатган хянан шийдвэрлүүлэхийн тулд шүүх хуралдаанаар хэлэлцэхийн өмнө сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй”, “58.3.Сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тооцогдох, уг хэргийн оролцогчдын хүрээнд шийдвэрлэгдэхээр байна.” гэж өөрчлөн найруулахаар тогтлоо.

Мөн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад байнгын хорооноос гаргасан найруулгын чанартай 46 саналаар санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 48 гишүүний 64.6 хувь нь дэмжив.

Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёололтой холбоотой гишүүдийн асуултад ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, ажлын хэсгийн бусад гишүүд хариулт өгсөн юм.

Ингээд хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.