Цэцэрлэгийн барилга хоёроос дээшгүй давхар, нэг хүүхдэд 5.6 м2 талбай ногдож байх ёстой
Нийслэлийн Боловсролын газар, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хооронд байгууллагын дэргэдэх цэцэрлэгийг дэмжиж хамтран ажиллах санамж бичиг байгуулсан билээ. “ММ” энэ удаа байгууллагын дэргэд байгуулагдах цэцэрлэгийн байранд ямар шаардлага тавигддаг талаар Нийслэлийн боловсролын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн мэргэжилтэн Б.Нямдоржоос тодрууллаа.
 
-Нийслэлийн боловсролын газар хувийн хэвшлийн байгууллага дэргэдээ цэцэрлэггэй болох асууддыг дэмжин ажиллахаар болж, МҮХАҮТ-тай санамж бичиг байгуулсан. Үүнээс хойш хэдэн сарын хугацаа өнгөрлөө. Үр дүн гарч байна уу?
 
-Хувийн хэвшлийн байгууллагынхан дэргэдээ цэцэрлэг байгуулах сонирхлыг нэмэгдүүлэх үүднээс Нийслэ­лийн боловсролын газар, МҮХАҮТ-тай санамж бичиг байгуулаад багагүй хугацаа өнгөрлөө. Санамж бичиг байгуулснаас хойш хэчнээн байгууллага цэцэрлэг байгуулах хүсэлт гаргасан талаархи мэдээлэл одоогоор нэгтгэгдэж гараагүй байна. Манай хэлтэс цэцэрлэгийн барил­га байгууламжийг шалгаж үнэлгээ өгөх үүргийг хэрэгжүүлдэг юм. Ер нь бол сонирх­лыг нэмэгдүүлж чадсан гэж үзэж байгаа. Санамж бичиг байгуулахаас өмнө “Номин” холдинг, “Зүмбэр орд”, ‘Тэвхэн”, “Эвт” зэрэг компани, Отгонтэнгэр их сургууль гээд таван аж ахуйн нэгж дэргэдээ цэцэрлэг байгуулсан байсан. Эдгээр цэцэрлэгүүд тогтмол үйл ажиллагаа явуулж байна.
 
-Сургуулийн өмнөх боловс­ролын байгууллагын байранд ямар стандарт шаардлагыг Нийслэлийн боловсролын газраас тавьдаг вэ?
 
-“Хоёр хүртэлх давхар, нэг хүүхдэд дор хаяж 5.6 m2 талбай ногдох ёстой” гэсэн ерөнхий шаардлага тавьдаг. 1995 онд батлагдсан барилгын норм болон дүрэмд цэцэрлэгийн хүлээлгийн өрөө, тоглоомын өрөө, унтлагын өрөө, ариун цэврийн өрөө, гал тогоо гээд тус бүр дээр нь тэдэн m2 байх ёстой гэж нарийн зааж өгсөн байдаг. Гэвч сүүлийн үед цэцэрлэгийн хангамж муу байгаа учраас нэг хүүхдэд 5.6 m2 байх ёстой гэсэн ерөнхий шаардлагаа л тавиад явж байгаа. Энэ нь цэцэрлэг байгуулах гэж байгаа хувийн хэвшлийнхэнд маш том дэмжлэг болж байна гэж өөрсдөө ярьдаг. Барилга нь үүсгэн байгуулагчийн өмчлөлд байх ёстой. Энэ бол хувийн хэвшлийн цэцэрлэгт тавигддаг гол шаардлагын нэг юм.
 
-Гэр цэцэрлэг байгуулсан тухай мэдээлэл сонсогддог. Гэр хороололд цэцэрлэг байгуулж болох уу?
 
-Гэр хорооллын байшин буюу амины орон сууцанд цэцэрлэг байгуулж болно. Гэхдээ дээр өгүүлсэн ерөнхий шаардлагууд бүгд тавигдана. Бид заавал очиж үзнэ, орчныг нь харна. Газар хашаа, авто замаас хол байх гэх мэт ерөнхий шаардлагууд байдаг. Тоглоомын талбай гэхэд нэг хүүхдэд 10 m2 байх ёстой. Одоогийн нөхцөлд энэ шаардлагыг хангах хэцүү, гэх­дээ яг энэ хэмжээнд биш юм гэхэд зайлшгүй тоглоомын талбайтай байх ёстой.
 
Инженерийн төвлөрсөн шугам сүлжээнд заавал холбогдсон байх, цэцэрлэг нь өөр зориулалттай барилгад байрласан бол орж, гарах хаалга нь заавал тусдаа байх ёстой. Зөвхөн тэр цэцэрлэг рүү орох хаалгатай байх ёстой гэсэн үг. Эрүүл ахуйн талаасаа ийм шаардлагыг тавьдаг. Дээр дурьдсан шаардлагуудыг хангасан байранд цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулж болно гэж ойлгох хэрэгтэй.

Монголын мэдээ
Х.Сайхан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.