Ц. Элбэгдорж: Монгол Улс Давосын чуулганы үйл ажиллагаанд идэвхтэй оролцогч орон байх бодлого барьж ирсэн
Олон улсын макро эдийн засаг, хөгжлийн чиг хандлага, төлөв, глобал түвшинд тулгамдсан асуудлууд, түүнийг шийдвэрлэх боломж, санаачилга, цаашид авах арга хэмжээний талаарх хэлэлцүүлгийг нэр хүндтэй улс төрч, эрдэмтэн судлаачид, бизнес лидерүүдийн дунд өрнүүлэх зорилготой Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт “Үйлдвэржилтийн 4 дэх дэвшил” ерөнхий сэдвийн хүрээнд гурав дахь өдрөө чуулж байна.

Энэ удаагийн чуулга уулзалтаар эрүүл мэнд, санхүү, боловсролын салбарыг хэрхэн өөрчлөх, уур амьсгалын өөрчлөлт, бүх нийтийн эрүүл мэндийн асуудлуудыг шийдвэрлэхэд технологийн хөгжил дэвшил хэрхэн нөлөөлөх, тулгарч буй асуудал, сорилтууд урьд өмнөхөөс илүү ээдрээтэй, хурдацтай, харилцан хамааралтай болсон үед оновчтой зөв шийдвэр гаргах чадамжтай Төрийн байгууллагын тогтолцоог хэрхэн бүрдүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж байгаа юм.  

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж  Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцох үеэрээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Хелен Кларк, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын дарга Ангел Гурия, НҮБ-ын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны байгууллагын Ерөнхий захирал Ирина Георгиева Бокова, Дэлхийн банкны Ерөнхийлөгч Жим Ёонг Ким, ОУВС-ын гүйцэтгэх захирал Кристин Лагард, Олон Улсын Улаан Загалмайн Хорооны Ерөнхийлөгч Питер Маурер, Азийн Хөгжлийн банкны Ерөнхийлөгч Такехико Накао,НҮБ-ын БОХ-ийн гүйцэтгэх захирал Аким Штайнер, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Анан болон Лалын Бүгд Найрамдах Афганистан Улс, Бүгд Найрамдах Азербайжан Улс, Бүгд Найрамдах Финланд Улс, Бүгд Найрамдах Эстони Улс, Бүгд Найрамдах Литва улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Швейцарийн Холбооны Улс зэрэг улсуудын төрийн тэргүүн нар, Бельгийн Вант Улсын хаан, Израйл, Норвегийн Вант Улс, Исламын Бүгд Найрамдах Пакистан Улс, Нидерланд, Грек, Франц, Их Британи улсуудын Ерөнхий сайд нар,  АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри зэрэг гадаад орны төр, засгийн тэргүүнүүд  болон олон улсын байгууллагын тэргүүн нартай уулзаж хоёр талын  болон олон талт хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

Мөн өчигдөр /1-р сарын 21/ “Дэлхийн усны хомсдол, хүртээмж: Дэлхийн усны хөтөлбөрийн хэрэгжилтийг түргэсгэх нь” хэлэлцүүлэг,  “Уул уурхай, металлург: Бодлогын төлөв” уулзалтад оролцов. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж тус уулзалтуудад яригдсан асуудлаар сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.

-Дэлхийн эдийн засгийн энэ удаагийн чуулга уулзалтын ерөнхий сэдэв “Аж үйлдвэржилтийн дөрөв дэх дэвшил” гэсэн агуулгыг тодорхойлсон байна. Улс орнууд энэ асуудалд ямар байр сууринаас хандаж, ямар тодорхой асуудлуудыг дэвшүүлж байна вэ? Мөн манай улсын хувьд энэ талаар ямар бодлогоо эргэж харах, ямар чиглэлийн зохицуулалтуудыг хийх шаардлагатай болж байна вэ?
-Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал гэдгээ мэдээллийн технологитой холбож ярьж байгаа юм. Дэлхий дээр маш олон янзын арга хэмжээ явагдаж байдаг. Тэдгээрээс хоёрт нь Монгол Улсын хувьд их ач холбогдол өгч, идэвхтэй оролцъё гэсэн бодолтой байдаг юм. Нэг нь НҮБ-ын Ерөнхий ассамблей. Хоёр дахь нь Дэлхийн эдийн засгийн энэ чуулган юм. Энэ хоёрт идэвхтэй оролцох нь Монгол Улс өөрийгөө таниулах, бусадтай холбогдох, өөрийнхөө нүүр царайг дэлхийн тавцанд танилцуулах, мөн санаа зовж байгаа асуудлуудаа ярилцах боломжийг гаргаж өгч байгаа юм.

-Таны хувьд жил бүрийн чуулга уулзалтад оролцохдоо байнга байр сууриа илэрхийлж оролцож байгаа нэг гол салбар хуралдаан бол усны чиглэлийн асуудал. Монгол Улсын хувьд энэ чиглэлээр бусад улс оронтой хэрхэн хамтарч ажиллах боломж байна вэ?
-Монгол Улсын эдийн засгийн гол асуудал нь уул уурхай, ус, мөн засаглалтай холбогдсон асуудал байдаг, хуулийн засаглал, авлигын эсрэг үйл ажиллагаа гээд. Энэ үйл ажиллагаануудад бид идэвхтэй оролцдог. Зохион байгуулагчдын зүгээс ч биднийг  энэ хуралдаануудад урьж оролцуулдаг. Тиймээс бид үүнд идэвхтэй байр сууриа илэрхийлж оролцох ёстой. Түүнээс гадна  Монгол Улс бүс нутагтаа энэ чиглэлээр яаж идэвхтэй ажиллах вэ. Жишээлбэл, усны асуудлаар энэ жил тавдугаар сард Ази, Номхон далайн бүс нутгийн усны чуулган Монгол Улсад болох гэж байгаа. Ус гэдэг бол бүх юмны эхлэл, бүх асуудлын. Дэлхий даяар хамгийн их санаа зовоож байгаа асуудал юу вэ гэж сүүлийн гурван жилд санал асуулга явуулахад дандаа ус гэж хариулж, усны хомсдол, устай холбогдсон асуудлууд ямагт нэгдүгээр асуудал болж гарч ирж байгаа. Тийм учраас устай холбогдсон асуудал манайд ч гэсэн их чухал. Хот суурин газрын ус, ашигт малтмал, хөдөө аж ахуйтай холбогдсон усны асуудал. Энэ сэдвээр маш өргөн хүрээтэй ярилцлага явагдаж байгаа. Ер нь энэ талаар цаашид Төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүн нарын оролцсон өндөр дээд түвшний зөвлөл бий болгоё. Бизнес, мөн нийгэм талаасаа олон нийтийн байгууллага, нөгөө талаас төрийн оролцоотой алтан гурвалжин механизмыг идэвхтэй ажиллуулах хэрэгтэй байна гэсэн ийм санаануудыг сая ярилаа л даа.Сая бүгдээрээ харсан байх, Дэлхийн банкны Ерөнхийлөгч энд хүрэлцэн ирсэн байна, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга өөрийн биеэр ирж энд асуудлаа танилцуулж байна. Эндээс усны асуудал бол дэлхий нийтийн маш том асуудал болсон нь харагдаж байгаа.

-Ер нь уул уурхайн чиглэлээр ямар тодорхой санал гаргаж байна вэ? Манай улс энэ чиглэлд онцгой ач холбогдол өгч, олон улсын тодорхой хурлуудыг зохион байгуулж байсан шүү дээ.
-Уул уурхайн хувьд ер нь хамгийн гол асуудал бол усаа эргэж ашиглахтай холбогдсон асуудал байгаа юм. Усаа ашиглаад, усны бассейныг бий болгоод, түүний 70-90 хувийг уул уурхайн үйлдвэрлэлдээ  эргүүлж ашигладаг. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэр асар том далан хийчихсэн, тэндээс усны хэрэглээнийхээ бараг 90 хувийг хангаад явдаг шүү дээ. Мөн говьд байгаа уул уурхайн компаниудад мөн тийм шаардлага тавьдаг. Дээрээс нь нэг шаардлага бол цэвэр ус ашиглаж байгаа бол өндөр хэмжээний татвар тавья. Цэвэр биш, ашиглачихсан, төв суурин газруудын саарал усыг ашиглаж байгаа бол татвараас чөлөөлье ч гэдэг юм уу энэ чиглэлийн санаачилга их чухал байгаа. Үүнийг бид цаашид төрийн бодлого болгож, татварын бодлогодоо тусгаж явбал их зөв байх гэж бодож байна.

-Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт байгууллагыг санаачлагч профессор Клаус Шваб өчигдөр Танд бараалхлаа. Энэ үеэр гаргасан нэг гол санал бол Зүүн Азийн эдийн засгийн чуулга уулзалтыг Монголд зохион байгуулах асуудлыг энэ үеэр хөндлөө. Түрүүнд нь ч энэ чиглэлээр Та санал гаргаж байсан. Энэ чуулга уулзалтыг Монголд зохион байгуулснаар ямар бодит боломж бий болно гэж Та үзэж байна вэ?
- Ер нь дэлхийн улс орнуудыг бүс нутгаар нь ангилаад, эдийн засгийн чуулганыг очиж зохион байгуулдаг. Дэлхийн эдийн засгийн чуулганы зүгээс өөрсдөө ч тавьсан санал байгаа, “Монгол Улсад жишээлбэл, Зүүн Азийн эдийн засгийн чуулганыг зохион байгуулж болох юм” гэж. Тэгэхээр үүнд хоёр асуудал бий. Нэгдүгээрт, дэд бүтэц. Хэрэв бид АСЕМ-ын чуулганыг энэ жил амжилттай зохион байгуулж чадвал бид энэ хэмжээний чуулганыг зохион байгуулах дэд бүтэцтэй болох юм. Хоёр дахь асуудал бол хамгийн гол нь тухайн орны эдийн засаг, хөрөнгө оруулалт энэ бүхэн бусдын сонирхлыг татахуйц байх ёстой. Тухайлбал, Монгол гэдэг бол сэдэв болох ёстой. Тиймээс Монгол  улс үнэхээр сэдэв болох чухал ач холбогдолтой орон болж харагдах уу, үгүй юү гэдэг асуудал бий. Манай өөрийн байршил, манай өөрийн боломж, бас нийтлэг үнэт зүйл байна. Ингээд үзвэл бас энэ талаар Монгол Улс давуу талтай л даа. Энэ утгаараа энэ чуулганыг 2017 оны тавдугаар сард зохион байгуулж болох юм гэж ярилцлаа. Хамгийн гол нь бэлтгэл ажлын асуудал чухал.

-Чуулганыг зохион байгуулснаараа манайх гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах гэдэг юм уу, эдийн засагт томоохон дэмжлэг бий болох боломж бүрдэх үү?
-Зүүн Азийн гэдэг бол зөвхөн Монголын асуудлыг ярихгүй. Зүүн Азид тулгамдаж байгаа эдийн засгийн болон бусад асуудлыг ярилцана. Гэхдээ нэгэнт хүлээж авч байгаа орны хувьд Монгол Улс өөрийн боломжийг, өөртөө тулгамдаж байгаа хүндрэлтэй асуудлыг яаж шийдэх гэж байгаагаа танилцуулах аятайхан боломж бүрдэж байгаа юм л даа. Энэ эрхийн төлөө улс орон бүр зүтгэж, санал тавьж байдаг. Тийм учраас Монгол Улс бол ер нь НҮБ, Дэлхийн эдийн засгийн чуулган гэдэг энэ хоёр байгууллагын үйл ажиллагаанд хамгийн идэвхтэй оролцогч орон байх чиглэлээр бид сүүлийн үед бодлого барьж байсан. Би хувьдаа энэ нь зөв бодлого гэж бодож байгаа.

-Сүүлийн үед Монголын улс төрийн хүрээнд Ерөнхий сайдыг огцруулах, эсэх асуудал анхаарал татаж яригдаж байна. УИХ-ын зарим гишүүн Ерөнхий сайдыг огцруулах саналаа албан ёсоор гаргалаа. Та ямар байр сууринаас хандаж байна вэ? Ер нь гишүүдийн гаргаж байгаа үндэслэлийг юу гэж үзэж байна вэ?
-Засгийн газар тогтвортой ажиллах хэрэгтэй. Ерөнхий сайд юм уу, Засгийн газрыг өөрчлөөд ямар нэгэн сайн зүйл авчрахгүй. Энэ огцруулна гэж ярьж байгаа ярианы эргэн тойронд дандаа л улс төрийн асуудал байгаа. Ирэх зургадугаар сард болох сонгуультай л холбож, ямар нэгэн байдлаар өөртөө улс төрийн оноо авах гэсэн ийм л үйл ажиллагаа явагдаж байгаа юм л даа. Хүмүүсийг дутуу үнэлж байна аа. Монголын ард түмэн бол улс төрийн шилжилт, доргилтон дундуур 25 жил явчихсан улсууд. Маш хэрсүү болсон. Тийм учраас энэ асуудлыг тавьж байгаа улстөрчид, хүмүүс дахин бодох л хэрэгтэй. Үнэхээр улс оронд ашигтай юм хийж байна уу, хортой юм хийж байна уу. Одоо цаг хугацаа маш чухал.Нөгөө талаас нь авч үзвэл, маш олон асуудлыг энэ Засгийн газрын үед, энэ УИХ-ын үед, болж өгвөл сонгуулиас өмнө шийдчихмээр байна шүү дээ. Жишээлбэл, төрийг хариуцлагатай болгоё гээд би Улс төрийн намын тухай хууль оруулсан. Түүнийг буцааж байна. Төрийн албаны тухай хуулиа бид янзалж авмаар байна. Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага тооцох тухай хуулийг бид батлуулж авмаар байна. Гэтэл яг энэ асуудлууд шахагдаад ороод ирэхээр анхаарлыг өөр тийш нь сарниулах гэсэн нэг арга. Нөгөө талаас, засгаараа оролдож байгаа энэ байдал нь өөрсдөд нь ямар нэгэн оноо болж ирнэ гэж тооцож байгаа байх. Энэ бол буруу тооцоо гэдгийг хэлмээр байна. Энэ ямар ч оноо авчрахгүй аль нэгэн улс төрийн хүчин дээр. Харин хасах авчирна. Нийт улс орны хувьд энэ бол хохиролтой зүйл. Тийм учраас ийм хямдхан улс төрөөр хөөцөлддөг энэ явдлаа, олон жилийн өмнө бид сургамж авсан энэ буруу үйл явдлаа дахин давтах хэрэггүй.

Ер нь Ерөнхий сайдтай, Засгийн газартай хариуцлага тооцох болбол бүтээлч байдлаар хариуцлага тооцох ёстой. Манай Үндсэн хуулинд зааж өгсөн үндсэн зарчим байгаа, “Дараагийн Ерөнхий сайдыг томилсноор өмнөх Ерөнхий сайдын бүрэн эрх дуусна” гэж. Энэ юу гэсэн үг вэ гэвэл Ерөнхий сайдтай хариуцлага тооцох гэж байгаа бол шууд л дараагийн Ерөнхий сайдынхаа нэрийг оруулж ирэх хэрэгтэй. Тэгэж байж л тогтвортой байдал бий болдог. Герман болон бусад улс оронд үүнийг бүтээлч хандлага, Засгийн газартай хариуцлага тооцож байгаа бүтээлч хэлбэр гэж үздэг. “Өмнө нь хэн ч байсан хамаагүй огцруулчихъя. Дараагийнхыг нь дараа нь ярья. Бид бол Засгийн газар, Ерөнхий сайдыг томилоход саад хийхгүй шүү дээ” гээд суудаг байдал бол улс оронд ямар ч сайн зүйл авчрахгүй. Одоо эдийн засгийн байдал хүнд байна, ард иргэдийн амьдралын байдал хүнд байна. Өнөөгийн энэ хүнд байгаа нь улстөржилтийн л үр дүн, улстөржилтийн л бүтээл. Нэг үгээр хэлбэл, популистуудын бүтээл шүү дээ. Өөрсдөө буруу гэрээ ч гэдэг юм уу, 34 хувь, янз бүрийн төрийн өмчийн оролцоо гэж хашгирч, хашгирчихаад, түүнийг бий болгочихоод, тэгээд тэр нь эргээд өр боллоо, тийм юм боллоо гээд байгаа популистуудын л бүтээл. Өнөөдөр хүмүүс цалингаа авч чадахгүй боллоо, амьдрал нь хэцүү байгаа, мөнгө төгрөг нь хүрэлцэж ядаж байгаа энэ бүх байдал бол өнөөдрийн утгагүй улстөржилтийн үр дагавар юм. Үүнд бид цэг тавих хэрэгтэй. Ер нь энэ чиглэлээр бид хууль, эрх зүйн тогтолцоогоо өөрчлөх хэрэгтэй гэдэг нь харагдаж байгаа. Ялангуяа энэ бүтээлч чиглэл рүү нь би хувьдаа хууль санаачилж, УИХ-д өргөн барья гэсэн бодолтой байна. Одоо бид сургамж авах цаг болсон. Цэг тавих цаг болсон. Цаашид энэ асуудалд бүтээлчээр хандах хэрэгтэй болсон гэдэг нь эндээс харагдаж байгаа юм.

-Танд баярлалаа.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-01-23 16:44:30
    Өөрийнхөө мэдлийн хүрээнд юм шийдэж чадахгүй байж бас санхүүгийн хүнд үед дэмий юманд явж байх юм.Ийм хэнд ч хэрэгүй аялалаа зогсоогоочээ.
    202.9.41.205
    Мэдэгдсэн Хариулах
  • Элбэгдорж гуайд 2016-01-23 14:13:25
    Тиймээ. Монгол улс тэнэглэлээрээ дэлхийд сэдэв болж байна. Үүнд таны оруулсан хувь нэмэр их.
    185.93.181.120
    Мэдэгдсэн Хариулах
  • Хулгайч Элбэгдоржид 2016-01-23 05:34:01
    Энэ хулгайч ТББ-ын хуралд явж улсын мэнгээр туйлахаа боль
    27.123.214.120
    Мэдэгдсэн Хариулах
  • bataa 2016-01-23 03:54:43
    Õ¿í õýðýýðýý ìàë õºëººðºº ãýæ íýã ¿ã áèéñýí Ìîíãîë äàìïóóð÷ áàéõàä Àñåì
    112.72.12.9
    Мэдэгдсэн Хариулах
  • Асем 2016-01-23 02:57:09
    Өө Асем ах
    59.153.112.56
    Мэдэгдсэн Хариулах