Алтанбулагийн чөлөөт бүс нээлтээ хийв
Монголын эдийн засгийн хөгжилд томоохон байр суурь эзлэх Алтанбулагийн чөлөөт худалдааны бүс өчигдөр албан ёсоор нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн С.Баярцогт тэргүүтэй албаныхан, Алтанбулаг чөлөөт худалдааны бүсийн захирагч Ч.Чимэдсүрэн болон албаны бусад хүмүүс оролцов. Ази, Европыг холбосон эдийн зас­гийн коридор үүсгэх таатай газарзүйн байршлаараа ч, ОХУ болон БНХАУ-тай хил залгаа оршдог нь гуравдагч зах зээлд чөлөөтэй нэвтрэх чухал гарц гэдгээрээ Алтанбулаг чухал үүрэгтэйг албаныхан онцолж байгаа юм.
 
Монголын хойд хил дээр байрлах, Улаанбаатар хотоос 335 километрийн зайтай Алтанбулагийг Ази-Европыг холбосон худалдааны чөлөөт бүс болгох шийдвэр 2002 онд гарсан билээ. Уг бүсэд 15-20 мянган хүн байнга амьдрах боломжтой байхаар дэд бүтцээ шийдэж, эхний ээлжинд хоёр сарын хугацаатай туршилтын үйл ажиллагаа явуулах юм байна. Мөн 500 га талбайтай, 87 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулахаар газар эзэмших гэрээгээ байгуулжээ. Эдгээрээс урьдчилсан байдлаар 28 нь шаардлага хангасан гэж үзэж, гэрээ хийжээ. 24 тэрбум төгрөг зарцуулаад байгаа чөлөөт худал­дааны бүсийн зорилгын нэг бол ОХУ-ын нутаг дэвсгэрт амьдарч байгаа иргэдийн хэрэгцээг хангах, ОХУ-ын иргэд тус чөлөөт худалдааны төв рүү бүртгэлийн журмаар визгүй зорчих юм байна. Чөлөөт бүсэд үйл ажилла­гаа явуулах иргэн болон аж ахуйн нэгжид татварын болоод бусад дэмжлэг үзүүлэхээр төрөөс амлаад байгаа аж. Харин Алтанбулаг чөлөөт худалдааны бүсийн энэ жилийн төсвийн тухайд нэг тэрбум орчим хөрөнгө төсөвлөснийг цалин хөлс, тээвэр, цахилгаан, ус, засвар үйлчилгээ зэрэг дотоод үйл ажил­лагаанд зарцуулах юм байна.
Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.