Ерөнхий сайдын суудлын наймаа шинэ бондтойгоо гацлаа
УИХ-ын гишүүн Г.Уянгын санаачилсан Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслийг өчигдөр Төрийн байгуулалтын Байнгын хороогоор авч хэлэлцэх ёстой байсан. Гэвч 08.30 цагт товлогдсон Байнгын хорооны хуралдааны танхимд тогтоолын төсөл санаачлагч Г.Уянга гишүүн болон МАН-ын бүлгийнхэн ч харагдаагүй. Өөрөөр хэлбэл, тус Байнгын хороонд АН-ын бүлгээс харьяалагддаг найман гишүүн болон ИЗНН-аас С.Дэмбэрэл гишүүн л байв. Мөн МАН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Н.Энхболд танхимд орж, картаа уншуулсан ч удалгүй буцаад гарч одсон.

Ингээд өглөөний хуралдааны хувьд хэлэлцүүлэхээр тогтоолын төсөл өргөн мэдүүлсэн УИХ-ын гишүүн Г.Уянга болон МАН-ын бүлгээс түүнийг дэмжин Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг зурсан 13 гишүүний хэнбугай нь ч сүүдрээ тусгасангүй.

Харин тухайн хугацаанд УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийнхэн хуралдаж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулахыг дэмжихгүй гэдэгт байр сууриа нэгтгэсэн гэх мэдээллийг өгсөн юм. Тус бүлгээс Засгийн газрын тэргүүнийг огцруулах тогтоолд Г.Уянгаас гадна О.Баасанхүү гишүүн ч гарын үсэг зурчихаад байгаа. Эвслийн бүлэг хуралдсаны дараа МАХН дангаараа Шадар сайд Ц.Оюунбаатарын өрөөнд хэлэлцэх асуудалтай холбоотойгоор хуралдсан.

Нэгэнт ирц хүрээгүй учраас Байнгын хорооны хуралдааныг 13.30 цагт дахин товлосон. Гэвч мөн л энэхүү шийдвэрээ өөрчлөн 14.00 цагт УИХ-ын чуулганы хуралдааныг зарлаж, энэ үеэр “Шударга ёс” эвслийн бүлгийнхэн болон АН-ын гишүүд чуулганы хурлын танхимд цугларч байхад МАН-ынхан бүлгийнхэн даргынхаа өрөөнд яаралтай дуудагдаж байлаа. Өөрөөр хэлбэл чуулганы хуралдаанаар зарим Байнгын хорооны хуралдаанд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэх сургаар ийн бажгадаж эхэлсэн аж. Тэр ч байтугай энэ асуудал гишүүдийн хүрээнд нууцлагдаж чадаагүй учраас Төрийн ордны хамгаалалт ч нэмэлтээр үүд хаалгаа, хашлага төмрөөр баглах нь холгүй байв. Учир нь МАН-ынхан асуудлыг хурцатгаж, жагсаал, цуглаанаар сүрийг үзүүлж магадгүй гэдэг үүднээс тийн урьдчилсан байдалд шилжсэн бололтой юм билээ.

Богино хугацаанд бөөн асуудал дэгдээсэн чуулганы хуралдаан

Гэвч МАН-ынхан хуралдаж дуусаагүй шахам байхад чуулганы хуралдааныг эхлүүлсэн бөгөөд танхимд АН-ын 31, МАН-аас гурав, “Шударга ёс” эвслийн бүлгээс тав, ИЗНН-ын хоёр гишүүн ирсэн байв. Цагаасаа хоцорч эхэлсэн чуулганы хуралдаанаар Иргэний хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуультай холбоотой төслүүдийн эцсийн найруулгыг сонссон. Дараа нь зарим Байнгын хорооны бүрэлдхүүнд өөрчлөлт оруулах тухай буюу УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хорооны гишүүнээс УИХ-ын гишүүн Н.Батцэрэгийг, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн Байнгын хорооны гишүүнээс УИХ-ын гишүүн Г.Батхүүг чөлөөлж, тэднийг хооронд нь сольсон юм. Өөрөөр хэлбэл, Төрийн байгуулалтын Байнгын хорооны хуралдаанд ирц бүрдүүлэхийн тулд УИХ-ын Дэгийн тухай хуулийг “ашиглан” дээрх хоёр гишүүний харьяалагддаг Байнгын хороог өөрчилсөн хэрэг.

Ингэснээр Н.Батцэрэг гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн Байнгын хороонд, УИХ-ын гишүүн Г.Батхүү Төрийн байгуулалтын Байнгын хороонд тус тус харьяалагдахаар болж байгаа юм. Үүний тулд УИХ-ын чуулганы хуралдаан ердөө л 15 минут зарцуулж буйгаас харахад АН-ынхан Ерөнхий сайдаа авч үлдэх, аль нэг нам, эвслийн шантааж, шахаанд орохгүйн тулд бүхий л чадлаараа зүтгэж буй нь илэрхий байлаа. Мэдээж чуулганы хуралдааны үеэр МАН-ын бүлгийн гишүүд танхимд орж очин горимын санал байгаагаа хэлээд ч спикер ойшоож үзсэнгүй алхаа тогшиж, Төрийн байгуулалтын Байнгын хороо хуралдахыг үүрэгдсэн юм.

Парламентын чуулганы энэхүү явцын дараа бухимдсан Н.Номтойбаяр гишүүн сэтгүүлчдэд мэдээлэл хийж, асуултад хариулав.

Н.Номтойбаяр:
УИХ-ын дарга дэг зөрчлөө


Тэрбээр “УИХ-ын дарга дэгийн хууль зөрчиж, хүч түрэн Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа. УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг гадаадад томилолтоор ажиллаж байгаа. Гэтэл УИХ-аас хүч түрэн УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдан УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж байна. УИХ-ын Дэгийн тухай хуулийн 14.1-ээр УИХ-ын гишүүн харьяа бүлэгтээ саналаа бичгээр гаргаж, бүлгийн шийдвэрээр УИХ-ын тогтоолын төсөл гаргадаг. Нэгэнтээ гадаадад ажиллаж байгаа хүн бичгээр саналаа гаргах боломжгүй байгаа. Гэтэл УИХ-аас саналыг нь авалгүйгээр Н.Батцэрэг гишүүнийг байнгын хорооноос нь хасч Г.Батхүү гишүүнийг оруулж ирлээ. Энэ нь УИХ-ын гишүүний бүрэн эрх, УИХ-ын дэгийн тухай хуулийг зөрчиж байна.

УИХ дахь намын бүлэг Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байгаа аливаа асуудлаар завсарлага авах эрхтэй. Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авах горимын санал гаргасан ч хүлээж авсангүй. Энэ нь УИХ-ын дарга УИХ-ын дэгийн тухай хуулийг зөрчиж байгаа юм. Ийм нөхцөл байдал үүсээд байна. УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хороо нь үдээс өмнөдөө ирц бүрдэхгүй өнжсөн. Гэтэл одоо хүчээр ирц бүрдүүлэх болж байна.

-Цаашид яах бол?

-Нэгэнтээ тогтоол батлагдсан. Тэгэхээр Н.Батцэрэг гишүүний оронд Г.Батхүү гишүүн Төрийн байгуулалтын Байнгын хорооны хуралдаанд оролцож байна. Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авна. Тэгэхээр дараагийн асуудлуудыг хэлэлцэхэд цөөнхийн бүлэг оролцоно.

Энэ нь УИХ-ын сонгуулийн товыг тогтоохоос гадна тойрог мандатыг тогтоох тухай төслүүд юм. Тойргийн мандаттай холбоотой асуудлаар МАН-ын бүлэг дараах саналыг дэвшүүлсэн. Улаанбаатар хот 1.4 сая иргэнтэй, тэдний төлөөлөл болж УИХ-д 14 гишүүн суудалтай байна гэдэг чамлалттай. Тэгэхээр намууд УИХ-ын тухай хуулийн дагуу пропорциональ 28-ын нэрсийн жагсаалтыг гаргахдаа намаасаа чиг үүргээ тодорхой болгож, нийслэлээ хариуцсан байдлаар гаргах. Нэг ёсны жагсаалтын 28 нь нийслэлээ хариуцах. Үүн дээр нийслэлийн зургаан тойргоос сонгогддог 14 гишүүнийг нэмэхээр нийтдээ 42 гишүүн Улаанбаатар хотыг хариуцна гэсэн үг. Энэ нь 76-гийн 53 хувьтай тэнцэнэ. Өөрөөр хэлбэл, орон нутгийн тойргийн гишүүдийн мандатыг ийм байдлаар хэвээр нь хадгалаад явах бүрэн боломжтой.

-Ерөнхий сайдыг огцруулах асуудалд бүлэг завсарлага авах болсон үндэслэл нь юу вэ?

-Ирэх даваа гарагт бүлгийн хурал болно. Бүлгийн зарим гишүүн гадаадад томилолттой, ар гэрийн гачигдал хүндэтгэн үзэх шалтгаантай байгаа учраас энэ долоо хоногт хуралдах боломжгүй.

Тэгэхээр ирэх долоо хоногт энэ асуудлыг хэлэлцэнэ. Нэр бүхий гишүүд өөрсдийн итгэл үнэмшлийн хүрээнд Оюутолгойн асуудал буюу Дубайн гэрээний хүрээнд огцруулах асуудлыг дэмжсэн.

Бүлэг дээр бол Ерөнхий сайдын анх томилогдохдоо эдийн засгаа сэргээнэ гэсэн амлалт, мөн өнгөрсөн хугацаанд Ерөнхий сайдаар ажилласан ажилд нь үнэлэлт дүгнэлт өгнө. Гишүүдийн үндэслэлийг нягталж үзэх зайлшгүй шаардлага бий.

-УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хороонд танай бүлгээс 5-6 гишүүн харьяалагддаг. Үдээс өмнөх хуралдаанд оролцоод суучихсан бол байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудал орж ирэхгүй байсан юм биш үү?

-Энэ асуудал дээр УИХ-д олуулаа болсон нөхөд ирцээ бүрдүүлэх, огцруулах санал гаргасан Г.Уянга гишүүн үндэслэл бүхий тайлбараа хийх нь зүйтэй гэж үзсэн.

-Эл тайлбараа та бүхэн Байнгын хорооны хуралдаанд албан ёсоор танилцуулж болоогүй юм уу. Танай бүлгийн гишүүд орж ирээд ирцээ бүртгүүлсэн нөхцөлд хурал эхлэх боломж байсан шүү дээ?

-Албан ёсоор тайлбарлая гэхээр ирц нь бүрдэхгүй байсан шүү дээ.

МАН-ынхан завсарлага авлаа

Ингээд УИХ-ын даргын үүрэгдсэний дагуу Төрийн байгуулалтын Байнгын хорооны хуралдаан болж, гишүүд бүгд цуглаж, хэрүүлийн алим болоод буй асуудлыг хэлэлцсэн. Энэ үеэр МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах үндэслэлийг намын бүлгээрээ хэлэлцэж, шийдвэрлэх ёстой хэмээн тав хоногийн завсарлага авлаа. Ингэснээр Ерөнхий сайдыг огцруулах асуудал ирэх долоо хоногт хэлэлцэгдэхээр хойшиллоо.

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Болор: Ерөнхий сайдын суудал зээлийн хүүнд сөргөөр нөлөөлнө

-Ерөнхий сайдыг огцруулах асуудлаас болоод олон улсын зах зээлээс хөрөнгө босгох тухай яригдаж байсан асуудал зогсчихсон гэв үү. Бондынх нь нэр Мазаалай гэсэн байх?

-Яг нэрийг нь бол тохироогүй. Ер нь бол тийм хөрөнгө босгох асуудал байсан. Бид тодорхой хэмжээгээр эдийн засагт эерэг нөлөө гарна гэж тооцоолсон. Жишээлбэл Оюутолгойн хоёрдахь шатны санхүүжилт, Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах зэрэг нь эдийн засагт маш их ач холбогдолтой. Тэгээд ч хуулиараа УИХ-аас Засгийн газарт тодорхой хэмжээнд өрийн хэмжээг нь тогтоогоод өгчихсөн. Энэ хүрээндээ л ажиллаж байсан.

-Япон улсаас гэсэн сурагтай байна уу даа. Одоо нэгэнт Ерөнхий сайдын асуудлыг хойшлуулчихсан болохоор дахиад тав хоног гацаанд байж л байна гэсэн үг үү?

-Тодорхой улсын нэр зааж хэлэх боломж алга. Дэлхийн зах зээлээс гэсэн учраас улс, орнуудтай яриа хэлэлцээр хийсэн. Яах вэ, Японтой ярьж л байгаа. Зах зээлийн нийгэм гэж мөнгө босгож, зах зээлээ тэлэхийг л хэлдэг. Ерөнхий сайдын суудалтай холбоотой асуудал манай улсын оруулж ирэх зээлийн хүүнд нөлөөлнө. Гадагшаа гарч буй энэ талын мэдээлэл бол тийм ч эерэг юм биш шүү дээ. Ер нь энэ асуудал өөрөө цагаа олсон, сайн зүйл биш. Дөрөвхөн сарын дараа сонгууль болох гэж байна шүү дээ. Тийм байтал ингэж, улс орныхоо эдийн засгийг хохироох, хорлох үйл ажиллагаа явуулж байна.

-Дүн нь хэд юм бэ. 800 саяас нэг тэрбум ам.долларын тухай яригдсан. Хүү нь 8-10 хувь гэсэн. Энэ асуудлаас болоод хүү нь нэмэгдэх болов уу?

-Хэмжээ нь ч яг тэд гэсэн зүйл байхгүй, тодорхойгүй. Анх бол хүүг 8-10 гэж байсан. Энэ нь дотоодын 17 хувийн хүүнээс хамаагүй бага л даа. Гэхдээ бид сүүлийн найман жил төсвийн алдагдлаа дотоодын бондоор хаагаад яваад байсан нь маш том алдаа. Яагаад гэвэл дотоодоос авсныгаа өр гэж тооцохгүй, гаднаас авснаа өрөнд тооцоод яриад байдаг. Үнэндээ дотоодоос босгосон нь хэд дахин өндөр хүүтэй, улсад ямар ч ашиггүй байдаг.
Сая бид судалж байхад мөнгө босгох ажлыг зүүн Европын 7-8 улс, Филиппин, Малайз зэрэг орнууд хийж байна. Тэдгээр улсуудыг харж байхад улстөрийн нам, нөхцөл байдал болон сөрөг хүчин нь ч энэ ажлыг нь дэмждэг. Яагаад гэвэл улс орныхоо төлөө хийж буй үйлдэл, ажил учраас тэр шүү дээ. Манай Монголд л улстөрийн шоу маягаар ашиглаж, эх орноо хорлох нөхцөл байдал үүсчихлээ. Яг Ерөнхий сайдыг огцруулах асуудлаас болоод энэ удаагийн хүү өчигдрийн байдлаар өсч байгаа байх гэж эмзэглэж байна.

-Гэхдээ АН-ынхан эх орноо хорлуулахгүй, Ерөнхий сайдыгаа авч үлдэнэ гэж зүтгээд Дэгийн тухай хуулийг зөрчин байж, хүчээр байнгын хорооны гишүүдийг сольчихож байгаа юм биш үү?

-Дэгийн тухай хууль зөрчсөн гээд байгаа. Гэхдээ хоёр бүлгээс бичиг өргөн мэдүүлээд байнгын хорооны гишүүдийг сольсон. Хамгийн хачин нь Ерөнхий сайдыг огцруулна гэж тогтоолын төсөл өргөн барьчихаад, түүнийг хэлэлцье гэхээр үгүй гээд суучихаж байгааг нь би ойлгохгүй байна. Энэ чинь өөрөө ямар учир холбогдолгүй байгаа биз дээ. Санаачилсан хүмүүс нь өөрсдөө хуралдаанд оролцохгүй, бухимдаад байх юм.

-Та бол ердөө л сонгуулийн өмнөх шоу гэж харж байна аа даа?

-Тийм шүү дээ. Аль болох тухайн асуудлыг удаахыг л хүсч байна.
Өглөөний сонин
Ж.Нарангэрэл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин  2016-01-22 17:42:27
    огцорно
    59.153.115.194
    Мэдэгдсэн Хариулах
  • 45 2016-01-22 08:47:56
    Эгэ нөхрийг түргэн огцоруул тэгэхгүй бол Гацууртийн ордыг бас гаднынхан өглөө.
    130.34.158.242
    Мэдэгдсэн Хариулах
  • Bataa 2016-01-22 01:42:08
    Пиздануудыг идэж уух, зээлийг зогсоосон бол болж л байна ш дээ.
    119.40.97.94
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-01-22 01:02:53
    Ёоо ЭНЭ УИХ ИЙН ХЭДЭН ГАЛЗУУ ЮМНУУД БОЛЬМООР ЮМ АА. МАН Ч ГЭСЭН ИЙМ ҮЕД ИНГЭЖ ХОРЛООД БАЙХДАА ЯАХАВ ДЭЭ ЕР НЬ БОЛ МАН ЗАСАГТ БАЙСАН БОЛ БИД ӨНӨӨДРӨӨС Ч ДОЛООН Д...
    202.72.245.122
    Мэдэгдсэн Хариулах