Огцруулах асуудлаар оноо авдаг цаг биш, "поп"-уудаа
Өс хонзонгийн сэдлээр төр засгаараа тоглож болдог дампуурсан тогтолцоогоо засахгүй гэж гүрийсний гай өнөөдөр гарч байна. Хэн нэг улстөрчийн баг зүүсэн нөхөр ард түмнээс “кок” үнэлгээ авахын тулд сайд огцруулж гүйдэг “гажиг” тогтолцоог Үндсэн хуулийн өөрчлөлтөөр халах тухай асуудал шинэ оны өмнөхөн яригдсан ч “эх оронч” популистуудын эсэргүүцэлтэй тулгараад чадаагүй юм. Чадуулахыг ч тэд хүсээгүй гэдгээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах асуудлыг өргөн мэдүүлж харууллаа. Тодруулбал, УИХ-ын гишүүн Г.Уянга тэргүүтэй 20 гишүүний өргөн мэдүүлсэн Ерөнхий сайдыг огцруулах асуудал улс төрийн хүрээнд анхаарал татах гэхээсээ илүүтэй шүүмжлэл дагуулж эхлэв.
 
Огцруулах төслийг өргөн барьсан даруйд цахим сайтууд огцруулахыг дэмжиж байгаа, эсвэл дэмжихгуй юу гэсэн санал асуулга явуулжээ. Санал асуулгад оролцсон иргэдийн дийлэнх нь “Улс төрийн тогтворгүй байдал сайн зүйл дагуулахгүй. Тиймээс огцруулахыг дэмжихгүй” гэдгээ мэдэгдсэн байгаа юм. Зарим эх сурвалжуудын хэлж байгаагаар МАН-ын гишүүд дотор ч ийм бодолтой гишүүд олон байсан учраас аргаа барсан намын дарга шантааж хийхийн тулд дөрвөн гишүүнийг шодож тогтоолын төсөлд гарын үсэг зуруулсан гэх. Эрхэм гишүүн Г.Уянга огцруулах шалтгаанаа Оюутолгойн далд уурхайн төсөлтэй холбон тайлбарлаж байгаа. Гэсэн ч үндсэн зорилго нь өөр байсан гэдэг нь улс төрийн хүрээнд өрнөж буй олон үйл явдлаас тодорхой байгаа юм.
 
Үндсэн хуулиа зөрчсөн, хүн амын тоондоо үндэслэж мандатыг нэмэх зарчим алдагдсан гэдгийг эрх баригч нам сүүлийн үед их ярьж буй. Тиймээс энэ асуудлыг  гарган тавьж иргэдийн дэмжлэгийг хүлээж эхэлсэн. Харин үүнийг тууштай эсэргүүцэгчид нь МАН- ынхан. Нөгөө талд, Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээс болж гацаанд ороод байсан барилгын салбарын ипотекийн зээлийг АН-ын гишүүд хэвийн үргэлжлуулэх гарцыг олж хуулийн төсөл санаачлан батлуулсан. Улмаар Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийг батлуулж ипотекийн зээлийг санхүүжүүлэх эх үүсвэр бий болгосноор урьдчилгаа төлбөрийг нь 20 хувь, зээлийн хүүг таван хувь хүртэл бууруулах боломж бий болно. Энэ мэт иргэдийн талархлыг хүлээсэн ажлыг эрх баригч нам шуурхай хэрэгжүүлж эхэлсэн нь Ардын намыг сандралд оруулсан хэрэг. Сандарч байгаа нь ч ил тод харагдаж эхэлсэн.
 
Ямар ч хамаагүй аргаар эдгээр бодлогын ажлыг гацааж, иргэдийн анхаарлыг сандал суудлын хэрүүл рүү чиглүүлэх гэсэн явуургүй улстөрдөө тэд Г.Уянга гишүүний тогтоолыг ашиглаж АН руу чиглэсэн шантаажаа эхлүүлсэн нь энэ юм. Цаг хугацааг ч тэд нарийн тооцож. Тогтоолд гарын үсэг зурсан бие даагч гишүүдийг бол ойлгоход ядах зүйлгүй. Тэдний хувьд сонгууль эхэлсэн нь чухал. Оюутолгой ярьчихвал оноо авах болов уу гэсэн ядмагхан улс төр хийж байгааг нь одоо хүн бүхэн мэддэг болсон. Огцруулах бичигт гарын үсэг зурсан 20 гишүүн гэхээс илүү АН-ын гишүүд энэ удаад эв нэгдлийг эрхэмлэж чадвал энэ тийм ч сүржигнэх тогтоол биш.
 
Гэхдээ эрхэм популист, шантаажлагчдын энэ бичиг улс оронд ямар хорр хохирол учруулахыг бодоод үзэхэд гэмгүй юм. Энэ долоо хоногт Лондон, Нью-Йорк гээд олон улсын санхүүгийн төвүүд дээр Засгийн газрын төлөөлөл томоохон зээлийн гэрээнд гарын үсэг зурахаар байжээ. Харамсалтай нь огцруулах бичиг үүнд саад болж, гэрээ хойшлохоор болсон аж. Төрийн том ажилд тээг болсон эхний шалтгаан энэ.
 
Хоёрдугаар олон улсын хөрөнгийн бирж дээр Монгол Улсын гаргасан “Мазаалай” бондын үнэлгээ өсч байх үед огцруулах бичиг өргөн барьсан нь бондын үнэлгээг буурахад хүргэсэн байна. Энэ шийдвэр эх орноо боддог, иргэдийн эрх ашгийг өмнөө тавьдаг улстөрчдөөс гараагүй гэдэг нь илт. УИХ-ын чуулганаар хэлэлцэх түм буман хуулийн төсөл дарааллаа хүлээчихээд байхад “Энэ сайд таалагдахгүй байна. Эхнийх нь ч угаасаа таалагдаагүй. Дараагийнх нь бүүр таалагдахгүй” гэсэн хөгийн популизм хийсэн 20 гишүүний улстөржилт газар авахгүй өнгөрөөсэй.
 

...Байгалийн баялгаа ашиглаж баян тансаг амьдрал өгнө гэж амласан улстөрчид өнгөрсөн дөрвөн жил юу хийв. Тэд зөвхөн албан тушаалаар нэгнээ шантаажилж, телевизээр гоё харагдахын тулд аманд орсноо бурсан...

 
УИХ-д, улстөрчдөд одоо сандал ярьж хэрэлдэх цаг үлдсэн билүү. Намрын суулган завсарлахад хоёрхон долоо хоногийн хугацаа үлдчихээд байна. Хаврын чуулганы хугацаа байгаа ч сонгуулийн сезон эхэлчихсэн цаг үед тэдэнд хууль хэлэлцээд суух цаг зав байхгүй нь тодорхой. Бүтэн дөрвөн жил хэрэлдэж хэлэлцээд баталж чадаагүй түм буман хуулийн төслөө баталж чадаагүй байж дахиад л сандал суудал оруулж ирсэн нь С.Дэмбэрэл гишүүний хэлсэнчлэн цагаа олсонгүй. Улстөрч хүнд өөрийн гэсэн үнэ цэнэ, үзэл бодол байлгүй л яахав.
 
 Гэвч одоо цаг нь биш.”.... Ерөнхий сайд ирж л байдаг, явж л байдаг. Гэхдээ алдагдсан боломж ард түмний амьдралд эргэж олддоггүй. Сайханбилэг тийм ч чухал дүр биш боловч улс төр тогтвортой, Засгийн газарт хийх ажил их байна.  Оюутолгой бол одоо гучдугаар асуудал. Таны хэлж байгаа улс орны эрх ашиг бол өнөөдөр дэнслэх бус өчигдөр бодох зүйл байсан. Эх орондоо үнэхээр хайртай, бидний амьдралыг бодож, санаж байгаа бол өнөөдөр Оюутолгой-г явуулахаас өөр сонголт, хувилбар байна уу. Хүн маргаашаа харах боловч өнөөдөр өлсөхгүй байхыг хүснэ. Өвдөхгүй, гундахгүй явахыг бодно. Ер нь ам нээхэд улстөрчдийн гаргаж буй уйваагүй үйлдэл бүр тээр дор байгаа бидний амьдралд хүндрэл үүсгэж байна. Амьдрах хүслийг минь унтрааж байна. ......” Энэ бол өөрийн нүүр номын хуудаснаа сэтгэгдлээ бичиж үлдээсэн жирийн нэг залуугийн бодол. Түүн шиг бодолтой олон зуун залуус байгаа. Тэд ч үгээ хэлж эхэлсэн. Оюутолгойдоо ч асуудал биш. Тэр залуусын сонирхох асуудал биш. Амар тайван хотдоо ажиллаж амьдрах боломжийг бүрдүүлж, өөрийн гэсэн орон байртай сайхан амьдруулах боломжийг өгнө гэж амласан улстөрчид өнөөдөр түүнийгээ өгсөн бил үү.
 
Байгалийн баялгаа ашиглаж баян тансаг амьдрал өгнө гэж амласан улстөрчид өнгөрсөн дөрвөн жил юу хийв. Тэд зөвхөн албан тушаалаар нэгнээ шантаажилж, телевизээр гоё харагдахын тулд аманд орсноо бурсан. Уул уурхайн том ордуудыг зөв явуулахын оронд тэндээс хэдэн төгрөг ахиухан авахын тулд тээг садаа тавьж шантаажилсан. Сайдыг огцруулах болохоор танхимдаа багтах зайгүй цуглаж, улсын хөгжил ярихаар өрөө өрөөндөө ороод нуугдаж суусан. Залуус бухимдаж байна. Нийгэм өөрчлөгдөж байна, улстөрчид өө.
 
Бидэнд тогтвортой төр, бодлоготой улстөрчид хэрэгтэй байна. Юу ярьж байгаагаа мэддэггүй, хэсэг бүлэг шоучид бидэнд хэрэггүй. Төр тогтворгүй байсан өнгөрсөн 25 жилийн хугацаанд хэн хожсон юм бэ. Хэн ч хожоогүй. Гуравхан сая хүнтэй Монгол Улс гуйлгачны дүрээр амьдарлаа. Баялгаа ашиглаад явах гэхэд эх орон ярьсан шантаажлагчид гацаадаг учраас энэ улс хөгжсөнгүй. Уянгын халилтай огцруулах бичиг бидний амьдралд огтхон ч хэрэггүй.
 
Бидэнд бодлого шийдвэр, зоригтой өөрчлөлт, хямралгүй сайхан амьдрал чухал. Сайдыг өөр хэн нэгнээр солиод сайжирдаг байсан бол Н.Алтанхуягийг огцруулахад амьдрал сайхан болох байсан биз дээ. Гэсэн ч тийм зүйл болоогүй. Цаашдаа ч болохгүй. Өргөдөл өгсөн нэг нь шударга дүртэй харагдаж мэдэх юм. Огцруулах бичгийг ашигласан МАН- ынхан хүссэнээ авч болно. Гэвч эцсийн дүнд ард түмэн л хохироод үлдэнэ. Эрх баригч нам өөрсдөө үүнийгээ ойлгож, Засгийн газраараа туг тахихгүй гэдэгт итгэе.
 
Чуулганы хуралдаан, байнгын хорооны хуралдаанаар тэд нэг нам шиг нэгдмэл байж ард түмний эрх ашгийг хүндлээсэй. ҮЗХ-ны хурлаараа эв нэгдлээ чухалчилна гэсэн хүлээлт ард түмэнд бий. 20 гишүүний огцруулах бичиг ганц л хангалттай баримт байсан ч хоёр гараа өргөөд дэмжихсэн. Харамсалтай ч энэ улс төрийн өчүүхэн шантааж, нэр алдрын төлөөх амбийц хөөсөн үйлдэл болсон нь харамсалтай. Засгийн газрыг өнөөдөр огцрууллаа гээд дахиад л албан тушаал хуваарилах, орны сайдуудыг томилох гэсээр хугацаа алдана. Дараагийн сонгуулиас өмнө сайдуудаа томилж чадахгүй, эмхэндээ орох гэж хугацаа алдсаар байгаад өнөөдөр хэрэгжүүлэхээр эхлүүлсэн бүх ажил нурж унана. Ийм сонголтыг мөрөг хүчнээс өөр хэн ч хүсэхгүй.
Монголын мэдээ
Б.Өнөртогтох
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-01-21 11:01:06
    бас юун зээл юун мазаалай бонд вэээээ
    27.123.214.84
    Мэдэгдсэн Хариулах
  • Балаг 2016-01-21 09:13:29
    Сайханбалагийг огцруулахад ямарч эсэргүүцэлтэй тулахгүй ээ, Ер нь зөв
    183.81.171.135
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-01-21 06:57:13
    засаг огцроход хэн ч хохирохгүй, тэгэхээр дуугүй л бай, хятадын эрлийзүүд хоорондоо хоолоо булаалдаж л байг, бид өөрсдөө ажлаа хийгээд үр хүүхдээ өсгөөд л явья
    183.177.101.158
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-01-21 05:48:26
    Засгийн газар огцроод , их хурал бас тарах хэрэгтэй.
    122.201.31.201
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-01-21 03:30:46
    Энэ засаг огцорвол таарна
    202.21.124.134
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-01-21 01:16:26
    Коллаборационистуудаа бусдыг худлаа популист гэж гоочилж байгаад ард тYмний толгойг эргYYлж чадна гэж бодож байгаа бол хол хэвтнээ.
    122.201.21.166
    Мэдэгдсэн Хариулах