Жаргал, зовлон бид гурав хамжаад энэ амьдралыг бүтээж явна
Монголын зохиолчдын эвлэлийн дэргэдэх Залуу зохиолчдын нэгдлийн тэргүүн, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Н.Минжинсайхан манай булангийн зочин.

-Залуу зохиолчдын нэгдэл, "Тамга" уран бүтээлийн нэгдэл, "Залуу нас" дугуйлан, "Зуун яруу найрагч-зуун хайрын шүлэг" ном гээд л тантай холбогддог зүйлс цөөнгүй юм. Чухам аль сэдвээр ярилцлагаа эхлэх нь зөв бэ?

-Хийж байгаа бүхэн маань “Тамга” уран бүтээлийн нэгдэлтэй нягт холбоотой. Р.Чойномын “ӨД” сангийн дэргэд “Тамга” нэртэй уран бүтээлийн нэгдэл байгуулагдаад нэг жил болж байна. Бид жилийн дотор утга уран зохиолд ч, нүүдэлчин ахуйн үнэт өв уламжлалаа авч үлдэх тал дээр ч багагүй ажил эхлүүллээ. Мянгат малчдын тухай "Монголын мянгат малчдын алтан цадиг оршвой" номынхоо тэргүүн дэд дэвтрийг өлгийдөн авлаа. Уран зохиолын ертөнцөд гэвэл Р.Чойномын нэрэмжит "Залуу нас" уран зохиолын дугуйлан хичээллүүлж, дугуйлангийнхаа нэрээр овоглосон, залуу уран бүтээлчдийн дуу хоолой болсон "Залуу нас" сониныхоо 14 дэх дугаарыг гаргаад байна. Дугуйлан хичээллүүлэх нь эхлэн бичиж, уншиж судлаж байгаа, уран зохиолд дуртай хайртай залууст өгөөжөө өгөх нь дамжиггүй. Бидний саналыг хүлээн авч хамтран ажиллаж, дугуйлангаа хичээллүүлэх боломж олгосон Хүүхдийн төв номын сангийн хамт олонд талархаж явдаг.

-Дугуйлан гэснээс нэгэн үе их сургууль бүр утга зохиолын дугуйлан хичээллүүлдэг байсан. Одоо дийлэнх нь сураггүй болжээ?

-Тийм. Ганц, хоёрхон сургууль л хичээллүүлж байгаа юм билээ. Бидний үеийн залуус дугуйлангаас л бие биеэ олж нөхөрлөсөн. Дугуйлангаас л анхны номоо түүж олсон шүү дээ. Уран зохиолын дугуйлан цаг ямагт байх ёстой, тэндээс л бие биенийхээ хэрхэн туурвиж, хэн нь ямар шүлэг бичиж байгааг олж мэддэг. Алдаа, оноогоо ч олж хардаг шүү дээ. Дугуйлан бол оюун ухааны, авьяас билгийн толь. Та энэ толинд өөрийгөө хаана явааг, хэрхэн бичиж байгааг олж харж болно гэсэн үг.

-Би гэж цээжээ дэлдсэн айхтар найрагчид хэт олширсон гэх энэ үед залуус дугуйланд хэр идэвхтэй хамрагдаж байгаа нь сонин байна?

-Ер нь идэвхтэй шүү. Би гэдэг биеэ тоох явдал нь уран бүтээлч бүрт бий. Бид эхэлж бичиж байхдаа л Ардын уран зохиолчид байдаг шүү дээ. Тэгээд уншиж мэдэх тусмаа Ардын уран зохиолчоос бууна. Буусаар байгаад яруу найрагч л болдог юм.

-Яруу найрагч гэдэг ч бас их өндөр хэргэм шүү дээ?

-Тэгэлгүй яах вэ. Энэ нэрийг хайрладаг хүмүүс их цөөхөн шүү, цаагуур чинь. Сав л хийвэл би яруу найрагч гэх хүмүүс их болсон. Уг нь энэ нэрийг л хайрлаад сурчихвал, тийм үү. Алив юмнаас дандаа гэрэл гэгээтэйг олж харах гэж тэмүүлээд байхад л өнөөх "үргэлж хэрэглэдэг түлхүүр гялалздаг" гэдэг үг шиг нэг л мэдэх нь ээ, өрөөлийн сайхныг нь түрүүлж хараад байдаг болчихно. Хүн бүхэн өөнтөгч байдаг, магтуулах дуртай байдаг, хүн бүхэн мундаг гэж хэлүүлэх дуртай байдаг. Дан ганц эдгээр үгс түшиг болж чадахгүй. Хүн, цэцэг хоёр адилхан. "Урам"-луулж байж урагшилдаг тал бий. Гэхдээ хаа нэг хатуу үнэн үг сонсож байх нь мөн ч сайхан байдаг юм даа. Гол нь хатуу үнэнг хэлүүлэх хүнтэй байна гэдэг сайхан байдаг юм. Ерөөс бид нэг бол их сайхан бичсэн зүйлийг бүр сайхан болгох гэж энд тэндээс нь ярьдаг. Нэг бол маш муу бичсэн зүйлийг арай гайгүй болгох гэж хатуу үнэнг хэлдэг. Уран бүтээлч байна гэдэг магтуулснаа алгадуулсан шиг санаж явах. Зэмлэл, магтаал хоёрыг зэрэг сайхан өвөртлөөд явах л сайхан.

-Тэгвэл танд дээр дурдсан чанарууд бий юу?

-Чи юу гэж бодож байна. Би өөрийгөө дүгнэхээс илүү өрөөл дүгнэх нь илүү үнэнд ойр байх.

-Энэ ярилцлагаас л мэдэх санаатай сууна. Гэхдээ хүнийг бүрэн танихад цаг хугацаа их шаардана л даа?

-Тэгэлгүй яах вэ. Цөөрмийн усанд үймэх загасыг ажиж зогссон Жуанзы багшаас нэг хүн “Энэ загаснууд яаж байгаа бол” гэж асуув. “Эднүүс жаргаж байна” гэж Жуанзы хариулав. “Та эдний дотор орсон биш жаргаж ч байгаа юм уу, зовж ч байгаа юм уу яаж мэднэм?” гэхэд мэргэн өтгөс “Чи миний дотор ороогүй байж намайг мэдэхгүйг яаж мэднэм” гэж хариу асуужээ гэдэг шиг.

-Ингэхэд хайрлахад суралцдаг болов уу?

-Суралцана аа. Хэн нэгнийг гомдоохгүй байхад суралцана гэдэг хайрлахад л суралцаж байгаа утга агуулга юм болов уу даа.

-Хайр гэдэг үг амнаас чинь гармагц "Зуун яруу найрагч-Зуун хайрын шүлэг" номын талаар асуухаар хүлээж байлаа?

-Залуу зохиолчдын нэгдлээс 2013 оны зургадугаар сарын 31-нд "Зуун яруу найрагч-Зуун хайрын шүлэг" нэртэй задгай талбайн уншлага зохион явуулсан. Тэрхүү өдөрлөгийг зохион явуулсан нөхөд маань энэ сэдэв, нэрээрээ ном гаргах ажлыг надад даалгасан юм. Тэгээд анхны боть 2014 онд гарсан. Сая оны өмнөхөн буюу арванхоёрдугаар сарын 27-нд дэд дэвтрийг нь эрхлэн гаргалаа. “Тамга” уран бүтээлийн нэгдлийн залуус, эрхэм сайхан найрагч дүү Мө.Батбаяр, Б.Алтанхуяг нартайгаа зөвлөлдөж, хамтран гаргасан.

-Хоёр дахь түүвэрт хоёр зууны яруу найрагчдын шүлгийг багтаасан байна лээ. Үүнээс үүдээд энэ ном цааш үргэлжлэхгүй нь гэсэн бодол зарим хүнд төрсөн байхыг ч үгүйсгэхгүй?

-Яалаа гэж дээ. Анхны номонд ч мөн орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдээсээ эхлээд өнөө цагийн найрагчдын шүлгүүдийг багтаасан. Бүгдийг л багтаах гэж, гэхдээ юун түрүүнд их сайхан шүлгүүдийг нэг дор багтаах гэж зорьдог юм.

-Энэ номын нээлтийн дараа чамайг юу угтсан бэ?

-Зэмлэл, магтаал, хардалт, талархал дөрөв угтсан.

-Шалтгааныг нь та өөрөө тавьсан болохоор тэр дөрөвтэй баяртай л уулзсан байлгүй?

-Тэгэлгүй яах вэ. Энэ дөрөв байна гэдэг "Сайн ном" болсны л гэрч байх даа гэж ойлгосон. Бас өөрийн номоо энэ ондоо гаргахаар төлөвлөж байна. Тэгэхгүй бол “Өнөөх Минжээ чинь бусдын юмаар занималддаг боллоо шүү” гэсэн яриа гарна. Аль алийг нь зэрэг л авч явах санаатай байна даа.

-Аргагүй ээ, уншигчид дөрөв дэх номыг чинь хүлээж байгаа?

-Би ч бас өөрөөсөө хүлээж байна. Учир нь, миний мэдрэмжээс бусад нь Минжинсайханых шүү дээ. Би шинэ номоо барьж үзмээр л байна. Ингээд чинээд байгаа юм, энэ сэтгэл.
Оны сүүлээр шинэ ном гаргах дэмий юм байна лээ. Төд удалгүй л он гараад нэг нас хүрчихдэг. Тэгэхээр хамгийн сүүлийн хугацаа есдүгээр сар гэж бодож байна. Шүлгүүдээ эмхэтгээд л байна. Номынхоо нэрийг бол олчихсон. Номын нэрэн дээр их гацчихдаг хүн шүү дээ, би.

-Ажлынхаа хагасыг нугалчихжээ. Тэгээд номондоо ямар нэр хайрлав?

-Усанд хөвсөн намар.

-“Усанд хөвсөн намар”, есдүгээр сар... сайхан сонсогдож байна. Гэхдээ нэрээ хэрхэн, хаанаас олсон нь илүү сонин байна?

-Номоо хэвлэгдсэний дараа хэлье, тэгэх үү. Номоо гараад ирэхээр нь зүүн чихэнд нь гурвантаа шивнэчихээд, энэ асуултад хариулвал сонин байх.

-Шүлгүүд чинь ч, номын нэрс ч их зөөлөн уянгалаг сонсогддог. Та их зөөлөн хүн байх аа?

-Баярлалаа. Чиний хэлсэн бүхэн нийлээд алив нэгэн өнгийг бий болгож байгаа. Харин тэр өнгө миний зан чанартай төсөрхүү байвал тэгээд л болж байгаа нь тэр шүү дээ. “Энэ таны хүүхэд мөн үү” гэсэн чинь “Ээж нь л тэгж хэлсэн шүү дээ” гэж хариулсан тухай Шекспирийн жүжигт гардаг даа. Миний бүтээж байгаа зүйлс надтай адилхан бол тэгээд л болж байгаа нь тэр. Тэгэхээр би чиний асуултын дагуу зөөлөн талдаа хүн болчихлоо шүү. Магад магад, тийм үү. Тийм байхыг хүсдэг.

-Хүмүүс зөөлөн нь хатуугаа иддэг л гэдэг. Тэгвэл тэр зөөлөн уянгалаг найрагч хорвоогийн хатуу хөтүүг хэрхэн "иддэг" юм бол?

-Иднэ, иднэ. Бас идүүлнэ, идүүлнэ. Арга билэг чинь энэ шүү дээ.

-Таныг бүтээсэн, таны бүтээсэн хорвоогийн жаргал, зовлонгийн аль нь илүү хатуу санагддаг вэ?

-Хоёулаа л хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн. Тиймээс тэрийг нь гэж онцолмооргүй байна. Жаргалгүй зовлонгоор би яах юм. Бас зовлонгүй жаргалаар би яах юм. Зовлон, жаргал бид гурав хамжаад энэ амьдралыг бүтээж байгаа гэвэл ононо л доо.

-Хэдийгээр нэгэн хэсэг хүмүүст залуухан санагдах боловч энэ амьдралын хатуу, зөөлөн хүнийг насаар нь ялгаж харьцдаггүй. Таны хувьд амьдралынхаа ямар хатууг хамгийн сайн "идэж" чадсан бэ?

-Бага насаа... бага насныхаа хатууг... яг ааруул шиг хүлхсэн.

-Энэ хариултаас таны хатууг ч бас олж харлаа. Тэгвэл амьдралын зөөлөнд хэрхэн ханддаг вэ?

-Охиныхоо унтаж байгааг харж зогсдог шиг ээ.

-Тэгэхээр амьдралын хамгийн зөөлөн нь хайранд оршдог байх нь?

-Тийм байх нь. Туйлын үнэн гэж байдаггүй болохоор ингэж хариуллаа шүү.

-Харин хайр сэтгэл танд хамгийн анх ямар мэдрэмж өгсөн бэ?

-Шүлэг бичих мэдрэмж өгсөн гэвэл яг онох юм байна.

-Эхнэр чинь таны анхны хайр мөн үү гээд асуучихвал буруудчихдаг юм болов уу?

-Харин яах бол.

-Та хариултыг нь өгвөл би тосоод л авна?

-Мэдэхгүй юмныхаа тухай хамаагүй ярих аюултай. Би хайр гэдэгт итгэдэг. Харин анхны хайр гэдэгт эргэлздэг. Харин хамгийн айхтар зүйл бол дасах. Дассан тэр сэтгэл. Миний хувьд шүү. Эхнэртээ тэгж их ээнэгшин дассанаа бол хэлнэ. Түүнээс биш сайн мэдэхгүй анхны эсвэл сүүлчийн хайраар өргөмжилж чадахгүй байна. Ямар ч байсан сайхан ханьтай... Сайхан гэхээс илүү сайн ханьтай...

-Танай ангийн Л.Ганчимэгийн дуулсан, өөрийн чинь тоглосон “Хайрын учрал” нэртэй сайхан дуу байдаг даа. Тэр клипнээс нэг их дэврүүн сэтгэл ханхалдаг. Өөрийнхөө шүлгээр, эсвэл Г.Баяр ахын шүлгээр ч юм уу, тийм нандин клип дахиж хийх үү?

-Үгүй л болов уу. Тэр дууны клипэнд зураач залуу болж тоглоод залуу насаа үлдээсэндээ баяртай байдаг. Харин сэтгэл нэвт шингэсэн нэг сайхан дууны шүлэг л бичмээр байна даа. Харин Г.Баярынхаа дууны болон шүлгийн хос цомгийг цагаан сараас өмнө гаргачих санаатай найзууд, гэр бүлийнхэнтэй нь хамтраад зүтгэж л байна. Шүлгийнх нь 21 шүлэгтэй, харин дууных нь 16-19 дуутай. Хүмүүс бид дурсан санах үүргээ мартах ёсгүй. Тэр тусмаа бид шүү дээ.

-Өөр ажлууд ч бас төлөвлөсөн л байлгүй?

-Тийм ээ. Гэхдээ хийгээгүй байж ярихгүй. Тэр хүнийг ямагт дурсах ёстой. Тэр тусмаа Мо бид хоёр.

-Хүмүүс хэр бодитоор дэмжиж байна. Түүнийг мартаагүй хүмүүс олон байгаа биз дээ?

-Шүлгийг Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Чулуунбат, Ж.Бямбаа, Гавьяат жүжигчин Г.Равдан нараар уншуулж байгаа. Энэ бол эхний ажил байх болно. Найзынхаа ботийг гаргана. Найзынхаа нэрэмжит яруу найргийн наадамтай ч болж магад. Өөр бодсон юмс ч бий.
Гэхдээ одоо би зүгээр л ярьж байна. Гол нь энэ бүх ажлыг хийхэд цаг хугацаа надад тусална. Туслахгүй байсан ч би заавал хийнэ. Түүнийг уран зохиол өөрөө мартах ёсгүй. Мартагдашгүй гэдэгт нь ч итгэдэг.

Г.Баяр гэдэг бол миний эмзэг сэдэв. Миний нандин залуу найз. Тиймээс чамтай ярилцаж дуусаад л найзынхаа цомогт багтах дууны шүлгүүдийг шивж хянах гээд яарч байна.
Өглөөний сонин
Б.Төрбат
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.