Цагаан захтнуудын авлига, албан тушаалын хэрэг он дамжиж байна
Өнгөрсөн 2015 онд авлига, албан тушаалын хэргээр хэд хэдэн цагаан захтан  хууль, шүүхийн байгууллагын үүдийг сахиж суулаа. Тэдгээр хэргүүдийн дотроос он дамжин өдгөө ч шийдэгдээгүй хэрэг байгаа юм. 

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг өнгөрсөн 2015 оны аравдугаар сарын 30-нд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс баривчлан 14 хоног саатуулаад батлан даалтаар  гаргасан ч прокурорын зүгээс баримт мэдээллийг устгаж болзошгүй хэмээн шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдсан бөгөөд шүүхээс түүнийг арваннэгдүгээр сарын 17-нд дахин хорихоор шийдвэрлэсэн. Энэ хэрэгт холбогдуулан Өмнөд Солонгосын “Самсунг СТ” компанийн захирлаас гадна Монголын гурван ч компанийн захирлыг  хорьсон гэх мэдээлэл хэвлэлээр цацагдаж байсан билээ. Б.Батзаяагийн хэрэг дээр Эрүүгийн цагдаагийн газар болон АТГ-аас хамтарсан баг ажиллаж байгаа аж.


Бусадтай нийлж их хэмжээний мөнгө угаасан гэх энэ хэрэгт  УИХ-ын гишүүд ч холбогдоод буй. Тодруулбал шинэ оны өмнөхөн УИХ-ын гишүүн Х.Баттулга, УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх нарыг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс байцааж буй гэх мэдээлэл байгаа.  Мөн тэднийг хил давахыг хориглоод байгаа юм. Ямартай ч тэднийг мөнгө угаасан гэх энэ хэрэгт албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн сэжиглэн, шалгаж байгаа хэмээн эх сурвалжууд хэлж байна. 




Харин авлига авч байгаад газар дээрээ баригдсан гэх Эрүүл мэнд спортын сайд асан Г.Шийлэгдамба хоёр сар хоригдсоны эцэст батлан даалтаар гараад байгаа.Түүнийг саатуулан шалгах хуулийн хугацаа арванхоёрдугаар сарын 31-нд дууссан байна. Г.Шийлэгдамбыг авлига авсан гэх мэдээллийг АТГ-т дотроос нь буюу МАХН-ын нөхөд нь  өгсөн гэсэн хардлага ч улс төрийн хүрээнд байсан.  Учир нь түүнийг хоригдсоны дараа намынхан нь  генсекийн албан тушаалыг нь хүчээр шахуу булааж авсан гэсэн яриа ч гарсан юм. Ямар ч байсан өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгч, үнэн зөвийг нь тогтоолгохоо илэрхийлж байсан Г.Шийлэгдамба батлан даалтаар суллагдаж, түүний оронд Н.Энхбаярыг Шийдлийн Засгийн газарт Шадараар ажлуулахаар намаас нь шийдсэн МАХН түүнийг нэгэнтээ “золигт” гаргахаар шийдэв үү гэлтэй.

Өнгөрсөн оны сүүлээр олны анхаарлыг татсан нь дээрх хоёр хэрэг байсан бол  энэ онд тэр чигтээ олны анхаарлыг татсан нэгэн хэрэг байсан нь нүүрс хөтөлбөртэй холбоотойгоор УИХ-ын гишүүн асан Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөх Л.Гансүийн хэрэг юм. Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх  явцдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад 3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэмээн үзсэн. Ингээд Прокурорын зүгээс Л.Гансүхэд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 166 дугаар зүйлийн 166.2-т заасан буюу төрийн албан тушаалтан албан тушаал, эрх мэдлээ урвуулсан, татвар төлөхөөс зайлсхийсэн гэх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн. Уг хэргийг есдүгээр сард Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүх дэнсэлж түүнд 4.6 жилийн хорих ял оноогоод байсан юм. Тэрбээр шүүх бүрэлдэхүүний шийдвэрийг эсэргүүцэн давж заалдсан. Ингээд өнгөрсөн арванхоёрдугаар сарын 21-нд нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Мөн Л.Гансүхийн төрийн албанд ажиллах эрхийг нь дөрвөн жилээр хассан байна. Л.Гансүхийн ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр зааж, цагдан хоригдсон хоногийг оноосон ялаас хасахаар болсон билээ.

Мөн энэ оны эхэнд олны анхаарлыг ихэд татаад байсан Саус Гоби Сэндс компанийн 35 тэрбум төгрөгийн татварын хэрэгтэй холбогдуулан МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уучлал үзүүлсэн асуудал байлаа. Жастин Капла нар нь бүлэглэн Монгол Улсын татварын хуулийг зөрчиж, хоёр удаагийн үйлдлээр 35 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийгээд байсан юм. Тэгвэл Анхан шатны шүүхээс тэднийг татвараас зайлсхийсэн хэрэгт буруутай хэмээн үзэж Жастин Каплад нэг сая төгрөгийн эд хөрөнгийг хураан авч таван жил 10 сарын хорих ялаар,   Хиларион В.Кажукомд нэг сая төгрөгийн эд хөрөнгийг хураан авч таван жил зургаан сарын хорих ялаар, Кристобэл Ж.Дэвидэд нэг сая төгрөгийн эд хөрөнгө хурааж таван жил 10 сарын  хорих ялаар тус тус шийтгээд байсан билээ. Харин улсад учруулсан хохирол болох 35 тэрбум төгрөгийг "Саусгоби Сэндс" компаниас гаргуулахаар шийдвэрлэсэн юм. 

Тэгвэл өнгөрсөн оны хоёрдугаар сарын 26-нд Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарим хүнд уучлал үзүүлж, эдлээгүй үлдсэн хорих ялаас бүрэн чөлөөлөв. Татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр ял эдэлж байсан АНУ-ын иргэн Жастин Капла, Бүгд найрамдах Филиппин улсын иргэн Кристобал Ж.Дэвид, мөн улсын иргэн Хилармон В.Кажуком ЖР нарт Монгол Улсын Ерөнхийлөгч уучлал үзүүлсэн билээ. Жастин Капла суллагдсан даруйдаа гэр бүлийн хамт эх орон руугаа буцсан бол "Саус Гоби Сэндс” компани өнөөдрийг хүртэл улсад учруулсан хохирлоо төлж, барагдуулсан исэх нь тодорхойгүй байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин  2016-01-16 00:13:44
    40 тэрбумын хохирлыг элбэгээс нэхэмжилж төлүүлэх ёстой монгол хүнд ийм татвар төлөөгүй бол шоронд сууж байгаа даа
    110.18.69.18
    Мэдэгдсэн Хариулах