УИХ-ын гишүүн  М.Сономпилийг байнгын хорооны даргаар сонгохыг дэмжив

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2016.01.14/ хуралдаан 14 цаг 43 минутад 57.9 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр тогтов. Харин байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөөд байсан бусад асуудлыг ирэх долоо хоногийн хуралдаанаар хэлэлцэхээр тогтож хойшлуулав.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Ажлын хэсэг байгуулах тухай байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболдоор ахлуулан байгуулахааар шийдвэрлэлээ.

Дараа нь Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. Уг асуудалтай холбогдуулан Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг тус байнгын хорооны даргад эвслийн бүлгээс Улсын Их Хурлын гишүүн М.Сономпилийн нэрийг дэвшүүлж буйг танилцуулсан юм. М.Сономпил нь ардын армид байлдагчаас эхлээд Батлан хамгаалахын сайдаар дэвшин ажиллаж байсан, түүнчлэн Улсын Их Хурлын гишүүнээр хоёр удаа сонгогдож, Засгийн газрын гишүүнээр хоёр удаа томилогдон ажиллаж ирсэн туршлагатай улстөрч гэдгийг тэрбээр танилцуулгадаа дурдлаа.

Танилцуулгатай холбогдуулан үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд тус байнгын хороо нь улс орны үндэсний эрх ашиг, тусгааар тогтнол, аюулгүй байдалтай холбоотой нэн чухал асуудлыг хэлэлцэж шийдвэрлэдэг тул байнгын хорооны шийдвэр зөв оновчтой гарах, хэрэгжилт нь үр дүнтэй байхад улс төрөөс ангид байх явдал чухал нөлөөтэй. Иймээс өмнөх уламжлалын дагуу аливаа асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхдээ нэгдсэн ойлголцол, зөвшилцөл, үндэсний нэгдмэл эрх ашгийн үүднээс хандаж байхыг нэр дэвшигчид захив.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр нь тус байнгын хорооны даргаар богино хугацаанд ажиллахдаа төрийн бодлогын залгамж чанар, ирээдүйн зорилтыг иш үндэс болгон бодлогын чанартай хэд хэдэн чухал баримт бичгийг батлан гарахад санаачилгатай ажилласан гэж үзэж буйгаа хэлснийг байнгын хорооны гишүүд дэмжиж Ж.Энхбаяр гишүүнд талархал илэрхийллээ.

Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр энэ үеэр хэлэхдээ, өнгөрсөн хугацаанд тус байнгын хороо гурван гол асуудалд анхаарал хандуулж ажилласныг онцлов. Тухайлахад, гадаад бодлогын нэгдмэл байдлыг хангах эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлд анхаарч тодорхой шийдвэрүүд гаргасан. Мөн Батлан хамгаалах төрийн бодлогын баримт бичгийг баталж, үүнтэй холбоотой 4 багц хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан боловсруулж хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа. Түүнчлэн Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцүүлж батлуулсан, одоо хуулийн хэрэгжилтийг хангуулахад байнгын хороо анхаарах шаардлагатай байгаа гэдгийг хэлсэн юм.

Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувь нь Улсын Их Хурлын гишүүн М.Сономпилийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжсэн тул энэ тухай санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Барга 2016-01-14 07:35:04
    Лам олдохгүй юм чинь !
    202.9.41.137
    Мэдэгдсэн Хариулах