Яавал архинаас хамааралгүй Монгол Улс болох вэ...
Архи бол амьдралын дайсан. Энэ аюулт хар уснаас хэрхэн салж, архин далайд живсэн хүмүүсийг аварч гарах вэ гэж хүн болгон шаналдаг. Тиймээс ч үйл ажиллагаа явуулж буй архины төрлийн үйлдвэрүүдийг цөөлөх хэрэгтэй гэдэгтэй олон ч хүн санал нийлдэг билээ. Манай улсад архи хэтрүүлэн хэрэглэсэнээс үүдэлтэй элэгний өвчлөл 2003 онд 10000 хүн амд 2.09 байсан бол 2013 онд 12.21 болж 5.8 дахин, нойр булчирхайн цочмог болон бусад үрэвсэл 2003 онд 13.01 байсан бол 2013 онд 37.4 болж 2.9 дахин нэмэгдсэн байна. Сүүлийн жилүүдэд архины шалтгаант хордлогын улмаас нийтдээ 4801 орчим хүн буюу жилддунджаар 480 орчим хүн нас барж 1.8 дахин нэмэгджээ.

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс 2013 онд хийгдсэн “Халдварт бус өвчний нийтлэг эрсдэлт хүчин зүйлийн судалгаа”-аар 12-18 насны сурагчдын 26.5 хувь нь ууж үзсэн, 11.8 хувь нь согтотлоо хэрэглэж үзсэн байна. Харин насанд хүрэгсдийн хувьд архийг сүүлийн сард хэтрүүлэн хэрэглэсэн хүн амын эзлэх хувь 23.5 байна.

Энэ нь архийг хэтрүүлэн хэрэглэх хандлага сүүлийн жилүүдэд нэмэгдсэнийг харуулж байна. Гэр бүл, ахуйн хүрээнд архидан согтуурч, эцэг, эхчүүд нь хүүхэд багачуудад буруу үлгэр, дуурайлал үзүүлж байна. 2013 онд сургуульд суурилсан эрүүл мэндийн судалгаагаар сурагчдын эцэг эх, асран хамгаалагч нарын 35.8 хувь нь архи хэрэглэдэг байна. Согтуугаар үйлдэгдсэн гурван хэрэг тутмын нэг нь гэр, орон сууцанд үйлдэгджээ.

2014 онд Монгол улсад бүртгэгдсэн 27318 гэмт хэргийн 6683 (25.3 хувь ) нь согтуугаар үйлдэгдсэн байна. Нийт гэмт хэргийн 25.3 хувь буюу дөрвөн гэмт хэрэг тутмын нэг нь согтуугаар үйлдэгдсэн болох нь тогтоогдоод байна. Архи хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, гэмт хэрэгт холбогдсон хүний тоо 2013 онд 422 орчим болж 2009 онтой харьцуулахад 1.9 дахин өссөн байна. 2013 онд эрүүлжүүлэгдсэн хүний тоог нийт хүн амын тоотой харьцуулахад давхардсан тоогоор 24 хүн тутмын нэг нь эрүүлжүүлэгдсэн дүн гарч байна.

Сүүлийн үед манай улсад архи, спиртийн үйлдвэрийн тоо буурсан хэдий ч архины үйлдвэрлэл 1.4 дахин, шар айрагны үйлдвэрлэл бараг хоёр дахин нэмэгдсэн байна. Архи худалдаалдаг цэгийн тоо 2.3 дахин, архиар үйлчилдэг цэгийн тоо 1.6 дахин тус тус өcчээ. Архины хэрэглээг Монгол Улсад бууруулах чиглэлээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Архигүй Монголын төлөө” санаачилгыг дэвшүүлж, архидан согтуурахтай бүх нийтээрээ тэмцэх талаар ард иргэддээ уриалсан. Мөн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 69 дүгээр чуулганд “Архины хяналтын суурь конвенц”-ийн төсөл боловсруулж, олон улсад батлуулахаар санаачлага гаргасан билээ. Архины үйлдвэрлэл, импортын хэмжээ нэмэгдэж, архи худалдаалах маркетингийн арга, хэрэгсэл нь нарийсч байгаагийн хэрээр нэг хүнд ногдох архины хэрэглээ нэмэгдэж, улмаар согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчил, өвчлөл, нас баралтын түвшин нэмэгдэж байгаа зэрэг нь архинаас үүдэлтэй нийгэм дэх сөрөг үр дагаварыг бууруулах талаар төрийн зүгээс тавих хяналтыг сайжруулах шаардлагатай байна. Түүнчлэн монголчуудыг баталгаагүй архи хэрэглэдэг гэдгийг өнгөрсөн хугацаанд албаныхан хангалттай нотлож байсан.

Тодруулбал, өнгөрсөн онд 17 үйлдвэрийн 23 нэрийн дарс, 30 нэрийн архи, гурван нэрийн спирт, таван нэрийн шар айраг, нийт 61 нэрийн бэлэн бүтээгдэхүүн, 23 нэрийн түүхий эдээс дээж авч шалгалт хийхэд хүнсний нэмэлт, технологийн усыг шинжилгээнд хамруулаагүй чанар, аюулгүй байдлыг баталгаажуулаагүй зэрэг ноцтой зөрчил илэрч байсан юм.

Товчхондоо энэ бүхэн монголчууд баталгаагүй архи хэрэглэдэг гэсэн үг. Тиймээс архины нөлөөллийг бууруулж, архи худалдаалдаг цэгийг багасгах зорилгоор олон хуулийг санаачилж байсан юм.

Нэгэн эмгэнэлтэй тоо баримтыг дурьдахад монголчуудын 40 хувь нь архины хамааралтай гэсэн байх юм. Өөрөөр хэлбэл нэг айл дунджаар таван ам бүлтэй гэж үзэхэд тэр айлд дор хаяж хоёр “архичин” байна гэсэн үг. Энэ нь хоёр мянган хүн тутамд нэг архины цэг байх ёстой гэж заасан статистик тоо судалгааг аль хэдийнэ булшилчихсан гэсэн үг юм.

Гэтэл нийслэлд архи худалдан борлуулдаг 3600 аж ахуйн нэгж байгаа нь нэг хүнд ногдох хэмжээнээс 11.3 дахин их байгаа юм. Бас болоогүй ээ, хуурамч архи үйлдвэрлэгч, нууц газруудыг нэмж тоолбол ихэнх монголчууд архинд живж байгааг харж болохоор байна. Түүнчлэн гадаадаас импортоор архи согтууруулах ундаа оруулж ирдэг 50-иад аж ахуй нэгж байдаг гээд бодохоор хүн амаасаа илүү архины хэрэглээг эрхэмлэдэг гэсэн үг юм.

Энэ бүх архин далайг урсгаж ашиг олж байгаа хүмүүс нь нэр нөлөө бүхий эрхмүүд байдаг гэдгийг хүн бүхэн мэднэ. Тэд юун түрүүн нийгмийн хариуцлага гэж ярих дуртай. Хамгийн гол нь эл хариуцлага юунаас яаж эхэлдгийг тэд мэддэггүй. Зөвхөн хэдий хэр ашиг орлого олох вэ гэдгийг л тооцоолдог. Харин ч нийгмийн хариуц¬лагаа ухамсарлаж өөрсдийн эрхэлж буй архины үйлд¬вэрээ цөөлбөл тэд нийгэмд хэрэгтэй гэдгийг ойлгох нь чухал юм. Хамгийн эмгэнэлтэй нь орой бүр архи пивоны реклам телевизээр гарч байна. Энэ нь өсвөр үеийнхэнд маш их нөлөөлж байгаа. Иймд эхлээд архи пиво үйлдвэрлэгчидтэйгээ, дараа нь согтууруулах ундаа сурталчилж байгаа телеви-зүүд тухайн рекламанд тоглож буй урлаг соёлын алдартнуудтай хатуу хариуцлага тооцох хэрэгтэй байна.

Өөрөөр хэлбэл архины хор уршгийн тухай суртал нэвтрүүлэг явж байгаад дундуур нь пивоны реклам гарч байхад хүмүүс архийг яаж жигших юм. Ерөнхийлөгч “Архигүй Монгол” гэж хоолойгоо цуцтал ярьдаг. Гэтэл ар хударгаар нь улстөрчид өөрсдийн бизнесээ дэмжиж элдэв янзын зар сурталчилгааг олон нийтэд хүргэж байгаа нь зар сурталчилгааны тухай хуулийг ч үйлдвэрлэгч, сурталчлагч хоёр алхам тутамдаа зөрчсөөр байгаа юм.
Гэтэл тэдэнд хариуцлага тооцсон нь үгүй. Товчхондоо энэ төрлийн хууль үйлчилдэггүй. Өнгөрсөн хоногуудад архинаас болж осгож амиа алдсан хэд хэдэн золгүй явдал цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн тоо баримт ч байх юм. Тиймээс архины үйлдвэрүүдийг цөөлж нийг­мээрээ, хамт олноороо, гэр бүлээрээ архинаас татгалзаж, архины хэрэглээгээ багасгах хэрэгтэй гэдгийг архинаас үүдэлтэй олон эмгэнэлт явдал хэлж анхааруулж байна. Цөөхөн монголчууд жилд хагас саяараа зөвхөн архинд хордож хорвоог орхиод байвал хүн ам улам л цөөрөх нь мэдээж.

Бидний бараг тал хувь нь архины хамааралтай юм бол энэ улсыг хэн хөгжилд хөтөлж, хэн нь ирээдүйн сайхан Монголыг бий болгох юм бол, архи пиво үйлдвэрлэдэг төрийн түшээдээ..
Өглөөний сонин
Р.Саруул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Гэрэл 2016-01-14 00:20:06
    Архигүй амьдралын хэв маягийг бүх хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сайн сурталчлах хэрэгтэй. Үүний зардлыг архины татвараас гаргахад болно. Залуу үед их хэрэгтэй
    103.26.194.8
    Мэдэгдсэн Хариулах
  • amar 2016-01-13 20:20:33
    MiniiMongoloos garsan gol shaltgaan arhi, heel hahuul ym Ene 2 mongold baisan tsagt Unen, saihan amidral ugui
    208.54.44.175
    Мэдэгдсэн Хариулах
  • Шалтгаантай нь тэмц. 2016-01-13 03:37:31
    Архины үзэгдэлтэй бус архи уух шалтгаан болсон баяр ёслол одон медалиа цөөлөөч ээ.
    202.126.89.199
    Мэдэгдсэн Хариулах