Викториагийн тайлагдаагүй өөр нууц
 Түрүүч нь:   http://olloo.mn/n/24702.html

Векснерийг сониуч зан нь анх жижиглэн худалдааны бизнест хөл тавихад хүргэсэн гэж хэлж болно. Охайо мужийн дээд сургуулиас бакалаврын зэргээ авсныхаа дараа хуулийн сургуулиас гарч, “Леслигийн” хэмээх гэр бүлийнхээ жижиг дэлгүүрт туслахаар эргэн иржээ. Тэрбээр аавыгаа амралтаа аван явсан хойгуур нь яагаад ингэж ажиллаж байгаа мөртлөө бараг ашиг хийхгүй байгаа шалтгааныг нь олох гэж оролдов. Орлого зарлагыг нь тэнцүүлэн гаргасан овоолсон нэхэмжлэлүүд дотроос ашиг гэх зүйл харагдсангүй. Хэдийгээр өндөр дүнтэй бараа болох даашинз, хүрэм зэрэг нь ихээхэн ашигтай харагдах боловч үнэндээ огт зарагдахгүй учраас ашиг бараг авч ирэхгүй байв. Дэлгүүрийн бүх ашиг илүү энгийн хэрэглээний бараа болох цамц, өмднөөс орж ирж байлаа. Аав ээж хоёроо эргэж ирэхэд ямар ч туршлагагүй Векснер дэлгүүрийг хоёр дахин ашигтай ажиллуулах боломжтой гээд хүрэм биш өмд зарахыг санал болгосон ч аав нь хариуд нь өөр ажил хайхыг санал болгожээ. Хэлснээр нь ч өөр ажил буюу аавынхаа дэлгүүртэй өрсөлдөх дэлгүүрийг авга эгчээсээ 5.000 долларын зээл авч, 1963 онд нээв.

Тэрбээр дэлгүүрээ лангуунаас хурдан зарагдах өмд болон цамц гэсэн цөөхөн сонголттой ажиллуулахаар The Limited хэмээн нэрлэжээ. Векснер эхний дэлгүүрээ нээхээсээ өмнө хоёр дахь дэлгүүрийнхээ түрээсийн гэрээнд гарын үсэг зурж байсан нь өөрийн санаанд бат итгэсэн хэрэг байлаа. Гэсэн ч ганц цамц зарж эхлээгүй байхдаа түрээслэгчдээ нэг сая долларын өртэй болжээ. Үүнээс болж шөнө болгон хар дарж зүүдлэн гэдэс нь өвддөг болов. Эмч түүнийг ходоодны шархтай болоход арай залуу байна гэсэн боловч рентгенээр үзүүлэхэд хэт айдас хэдийнээ ходоодонд нь нүх үүсгээд амжсан байжээ.

Эхний жилдээ тэр 20,000 долларын ашиг олсон боловч аавынхаа хамгийн ашигтай ажилласан жилээс хоёр дахин их байв. Түүний цөөн хэдхэн бараанд анхаарлаа хандуулсан нь тухайн үедээ ихээхэн шинэлэг санаа байсан бөгөөд нэг зүйлээр дагнах энэхүү аргаас нь олон хүн санаа авсны дотор Стив Жобс ч байсан болов уу хэмээн бодож явдгаа нуусангүй. Түүний сониуч зан дахин хөдөлж өөрийн санаагаа хэр хол амжилттай явахыг шалгахаар Америкийн газрын зураг дээр Колумбус хотоос өдрийн дотор очиж болох газруудыг радиусын тойргоор хэмжиж зурав. 1950-иад онд арилжааны нисэх онгоцууд идэвхжиж, Америк иргэдийг хүссэн газарт нь богино хугацаанд хүргэж өгч байсан тул үүнд түшиглэсэн Векснер дэлгүүрээ үндэсний сүлжээ дэлгүүр болгохоор шийджээ. 1973 он гэхэд Векснер 41 дэлгүүртээ 26 сая долларын өмд, бошинз, цамцнуудыг зарж байлаа.

Тэрбээр эмэгтэй худалдан авагчдад илүү сонголттой дэлгүүр таалагдагийг мэдэж аваад The Limimet дэлгүүрийнхээ аргачлалаар 1980 онд залуу охидуудад голлон чиглэсэн өнгөлөг хувцас зарах Express дэлгүүрээ нээв. Тэр үед түүний сониуч занг Сан Францискод байрлах эмэгтэй дотуур хувцасны Victorias Secret хэмээх жижиг сүлжээ дэлгүүр татаж, дампуурлын ирмэг дээр ирээд байхад нь нэг сая доллараар худалдан авчээ. Тэрбээр үнэндээ Америкийн анхны дотуур хувцасны сүлжээг бүтээх гэж мөрөөдөөгүй юм. Сониуч зандаа хөтлөгдсөн санаагаа туршиж үзсээр 1995 онд жижиг хэмжээний шоу зохион байгуулсан нь өнөөдрийн Victorias Secret шоу билээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглаж байсан туршилтууд нь тоогоо алдаад байсан бол өдгөө CBS телевиз өөрийн сувгаараа цацах эрхийг нэг сая доллараар худалдан авдаг болжээ. Өнгөрсөн жил гэхэд Тейлор Свифт тус загварын шоуны гялалзсан тайзан дээр дуулахыг үзэгчдийн урд суудлаас сагсан бөмбөгийн супер од Робинсон Кано, Maroon 5 хамтлагийн гоцлол дуучин Адам Лавин нар, мөн зурагтаар сая сая үзэгчид алмайран үзэж байлаа.

Хэдий загварын шоу гэхээс илүү дотуур хувцасны шоу ч гэлээ үзэгчдийн тоо нь бусад бүх загварын шоуг нийлүүлснээс ч илүү байх аж. Сошиал медиад дагагчид бүр илүү байдаг нь алдартай загвар өмсөгчдийн нь дагагчид маш олон байдагтай холбоотой. Твиттер дээр Victorias Secret 33 сая дагагчтай байдаг нь Твиттерийн өөрийн дагагчаас өндөр тоо юм. 51 жилийн өмнө анх бизнесээ эхэлж байсан үетэй харьцуулахад олон зүйл өөрчлөгдөсний дотор ба Векснер өөрөө ч их өөрчлөгджээ. Гараагаа эхэлж байхдаа тэрбээр долоо хоногт 90 цаг ажилладаг байсан нь түүнд өөр юунд ч гаргах цаг зав өгдөггүй байв. Түүнээс 60, 70-аад оны дуртай кино юм уу, хамтлагийг нь асуувал толгойгоо сэгсрэн сайн санахгүй юм даа гэнэ. 30 настайдаа маш их амжилтад хүрсэн тэрбээр их орлого олон сайн ажиллах тусам улам сэтгэл хангалуун бус, аз жаргалгүй болж байснаа дурсдаг. Компани томорч, эргэн тойрны хүмүүс нь түүний хичнээн сайн удирдагч болохыг гайхан шагширч байсан Векснер өөрөө ойлгож ядан байв. Тийм ч өндөр биш, хүмүүстэй сайн харилцаж чаддагүй, эзэмшсэн боловсролоор гавихгүй, удирдагч гэж чухам хэнийг хэлдэг болохыг ч мэдэхгүй хэмээн өөрийгөө голж байсан юм. Ийнхүү тэрбээр уншиж боловсорч эхэлсэн ба Америкийн суут болсон Жорж Вашингтон, Томас Жефферсон, Жон Рокфеллер зэрэг хүмүүсийн намтрыг ухаангүй судалж байв.

Түүний ойлгосон нэг зүйл бол агуу удирдагчид алсын хараатай, нийгмээ ойлгодог байсан ба долоо хоногт 90 цаг ажилладагүй хүмүүс байж. “Хэрвээ чи өөрийн биеийн төлөө цаг наргүй ажиллах бол эцэст нь бие ч үгүй болно шүү” хэмээн Векснер хэлж байв. Тэр тэрбумтаны төсвөөрөө цагийг зугаатай өнгөрөөх хобби хайж эхэлсэн юм. Илүү олон газар үзэхийг хүсэхдээ 200 сая доллараар том дарвуулт онгоц худалдан авч Limitless буюу хязгааргүй хэмээн нэрийдэв. Мөн урлагийн музей орох болж, Дегас, Де Коонинг, Пикассо зэрэг авьяаслаг зураачдын бүтээлд дурлан дэлхийн хамгийн шилдэгт тооцог­дох урлагийн бүтээлүүд­­ийг цуглуулж эхэлжээ. Цөөхөн нэр төрлийн бараа дагнан зардаг шигээ Векснер Пикассогийн уран бүтээлийг гол төлөв худалдан авдаг. (Форбесийн судалгаагаар түүний хувийн цуглуулга ойролцоогоор нэг тэрбум долларын үнэлгээтэй) Түүнчлэн Мерседес, Жагуарс, Феррари машин­­ууд­­­ад хорхой­­сож байгаад сүүлдээ зөвхөн 50, 60-аад оны дунд үеийн улаан Феррари машиныг цуглуулах болсон байна. “Би ер нь ингэж л сэтгэдэг. Эхлээд том зургаар хараад дараа нь нэг хэсэгт төвлөрдөг” хэмээн Векснер ярив. Гэхдээ Векснерийн хамгийн удаан үргэжилсэн эрэл хайгуул нь манлайлыг тодорхойлох явдал байлаа.

Тэрбээр жилдээ 100-аад баримтад, түүхэн ном болон намтар эргүүлэн уншдаг байв. Векснер Жорж Вашигтон талаар сүүлийн 100-аад жилд бичигдсэн бүх номыг уншсан гэдэг. 51 жилийн компанийхаа захирлаар ажилласан Векснер тэтгэвэртээ гарах болов уу Энэ асуултыг асуухыг мэдсэн тэрээр инээмсэглэн “Манай эхнэр болон хөрөнгө оруулагчид намайг арав гаруй жилийн өмнөөс тэтгэвэрт гарах төлөвлөгөөтэй байгаа эсэхийг минь асуусаар ирсэн” гэв. (Векснер дөрвөн хүүхэдтэй ба хамгийн отгон нь коллежид сурч байгаа тул бизнесийг удирдахад хэтэрхий залуу байгаа аж) Гэхдээ тэр дээрх асуултад бүрэн хариулсангүй. Харин оронд нь надад XX-р зуунд Самуэль Ульманы бичсэн “Залуу нас” хэмээх шүлгийн хуулбарыг өглөө. “Залуу нас бол цаг хугацаа биш, харин хүний ухаан бодол. Он жилүүд үрчлээ суулгах авч хэзээ ч битгий өөрийн сэтгэл хөдлөл, урам зоригыг унтрааж сэтгэлдээ үрчлээ суулгаарай. 60-тай ч бай, 16-тай ч бай хүн болгоны зүрх гайхширлаар, яг л үүрд хүүхдээрээ юм шиг дараа нь юу байх бол гэсэн догдлолоор, амьдрал хэмээх тоглоомын баяр хөөрөөр дүүрэн баялаг байдаг”, “Хэрвээ та өөрөө боломжуудаа хаагаад байвал амьдрал таньд боломж өгөхөө болино. Үргэлж дараагийн хийх зүйл байдаг гэдэгт би итгэдэг”, хэмээн Векснер инээмсэглэн хэлэв.
Эх сурвалж: Forbes Mongolia сэтгүүл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.